Tuesday, May 14, 2013

Монголын шувуу ажиглагчдын клубынхан энэ жилийн Дэлхийн нүүдлийн шувууны өдрийг Эко сургуулиудын сурагчидтай хамт тэмдэглэлээ

Монголын шувуу ажиглагчдын клубынхэн энэ жилийн Дэлхийн нүүдлийн шувууны өдөр (ДНШӨ)- ийг Улаанбаатар хотын Эко сургуулиуд болох 79 болон 37 дугаар сургуулиудын сурагчидтай хамт тэмдэглэлээ. 
Талархал
Өдөрлөгт маань эко сургуулийн сурагчид, багш нар, шувуу ажиглагчдын клубынхэн, UBS телевизийн 2 ажилтан, өнөөдөр сониниы сэтгүүлч, Номадик экспэдишн компанийн жолооч зэрэг нийтдээ 32 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Энэхүү өдөрлөгийг маань Nomadic Expedition компани машин болон жолоочоо гарган санхүүжүүлж дэмжсэн явдалд шувуу ажиглагчдын клубын бүх гишүүдийнхэээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна. Ялангуяа энэ тал дээр санал санаачлагыг гарган дэмжсэн Nomadic Expedition компанийн аялал жуулчлал хариуцсан менежер Баатараа ахдаа баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн шувуудыг таних ном, хоёр нүдний болон яндан дуран зэрэг шувуу ажиглахад шаардагдах бүхий л багажаар байнга ханган, дэмждэг Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвд баярласанаа илэрхийлье. Та бүхний энэхүү дэмжлэг Монголын маань ирээдүй болсон багачуудын маань байгаль хамгаалах сэтгэлгээнд маш өндөр хувь нэмэр болж байгаа гэдгийг хэлмээр байна.
Дуран ба телескопны хэрэглээний талаарх сургалт
Энэ жил ДНШӨ маань “Нүүдлийн шувуудаа хамгаалах сүлжээг хамтдаа байгуулцгаая” уриан дор явагдаж байгаа бөгөөд нүүдлийн шувууд дайран өнгөрөх үедээ амарч хооллодог газруудаар ажиглалт хийж, тэдний нүүдлийн үедээ амарч, хооллодог газруудыг хамтдаа хамгаалах явдал олон улсын хэмжээнд чухал асуудал болоод байна.
Энэ өдөрлөгийн маань гол зорилго нь хүүхэд, багачуудад шувуу ажиглах гэж юу вэ? түүний ач холбогдол мөн ДНШӨ гэж юу вэ? энэ өдрийг яагаад олон оронд өргөн хүрээтэй тэмдэглэх болсон? мөн шувуудын нүүдлийг ажиглах зэрэг байв. Үүний тулд бид эхлээд хоёр нүдний болон яндан (телескоп) дурангийн хэрэглээ, шувуу ажиглагчдын мэдэж байх ёстой зүйлсүүд мөн бид яагаад Ногоон нуурыг нүүдлийн шувуудыг харахаар сонгов зэрэг сэдвээр сурагчдад семинар хийв.          
Бид 5 сарын 12 ны өглөө 8 цагт болзсон ёсоор 79 болон 37 дугаар сургуулиудаас багш сурагчидаа авч шууд Ногоон нуурыг зорин хөдлөсөн. Замдаа бид шувуу ажиглах хобби болон шувуудын талаар ярилцан шувуу ажиглагчдын клубын зүгээс сургуулийн сурагчдын дунд асуулт хариулт өрнүүлж, мөн сургууль тус бүрийн Байгаль орчны талаарх Эко уриануудыг ярилцав. Сурагчид шувуудын талаарх өөрсдийн мэдэж байгаа зүйлсийг бусад найз нартайгаа хуваалцсан. 
Сурагчид Ногоон нууранд ажиглалт хийж байгаа нь
Нууранд ажиглалт хийхэд телескоп бол хамгийн чухал багаж
Ногоон нуур:
Биднийг нуурандаа ирэхэд гадаа бүрхэг хэдий ч сайхан дулаахан өдөр байлаа. Нууранд өмнөх өдрүүдтэй адил олон тооны шувууд байгаагүй хэдий ч зүйлийн бүрэлдэхүүний хувьд чамлахааргүй байсан. Учир нь бидний өдөрлөгийн турш бүртгэгдсэн шувуудын маань зүйлийн тоо 30 давсан байсан. Бид нуурандаа ирж хоёр нүдний дуран болон яндан дурангийн хэрэглээний талаар сурагчидад яриа хийж, нууранд байгаа шувуудаа дурандаж, дадлага хийсэн. Хун, галуу болон нугаснуудын төрлийн хэмжээнд зайнаас хэрхэн ялгаж сурах болон бодгалийн түвшинд хэрхэн ялгаж сурах талаар сургалт хийв. Ногоон нууранд бид анхидал-3, ангир-4, зэрлэг нугас-13, ногоохон нугас-40 гаруй, отгот шунгуур-3, халтар шунгуур-3, халзан түнжүүр-2, гэзэгт нугас-60 гаруй, халбага нугас-36, зээрд нугас-30 гаруй, цагаанхөмсөг нугас-3, алаг ээтэн-2, эгэл хилэн жигүүр-6, хөх дэглий-1, хошуу галуу-4, эгэл хараалай12, азийн сүвээ цагаан-1, бор тодол-5, шөвгөн хараалж-1, нэг зүйл элсэг-25, цагаансүүлт хөгчүү-3, эгэл хайргийн хөгчүү-3, улаан хөлт хөгчүү-7, шугуйн хөгчүү-2 мөн нуур орчимд адууч болон бүжимч чогчого, дорнийн хүүрзгэнэ-2, үүрэн сүүлтзана-3, мэлзэн цэгцгий, шар цэгцгий, хөх цэгцгий-нүүд түгээмэл байв, борлог хөмрөг-5, мөн нуурын дээгүүр нүүж байсан 3 согсоот гоорбис, сохор элээ түгээмэл таарч таарсан.
Ногоон нуур-хүрэн толгойт цахлай

Сурагчид хос хун ажиглаж байгаа нь 
Хун нуур:
Бид Ногоон нуурнаас ажиглалтаа дуусгаад Хун нуур явж алсаас хос хунг ажиглав. Учир энэ хоёр хун маань энэ нууранд үрждэг бөгөөд энэ удаа өндөгөө дараад эхэлсэн байлаа. Бид хунгуудаа үргээж стрессд оруулахгүйн тулд нуурыг адсаан яндан дурангаар дурандав. Нууранд хунгаас гадна Ногоон нууранд бүртгэгдсэн отгот шунгуур, ногоохон нугас, гэзэгт нугас, зэрлэг нугас, ангир гэх мэт шувууд хамт байв. Ийнхүү бид энэ өдөр нүүдлийн 34 зүйлийн нийт 300 орчим шувуудыг ажиглаж, бүртгэлээ.      
Хос хун
Бид Хун нуурандаа ажиглалтаа дуусгаад буцан Ногоон нуурандаа ирж, энэ өдөр харсан шувуудынхаа талаарх ажиглалтаа баталгаажуулан ярилцав. Сурагчид маань Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүнээр элсэж, бүгд шувуу ажиглагчдын клубын гишүүний тэмдэгтэй болцгоов. Мөн энэ үеэр Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хоёр сургуулийн Эко клубд Монгол орны түгээмэл шувуудыг таних ном бэлэглэв.
Өдөрлөгийн төгсгөлд шувуу ажиглагчдын клубынхэн Эко сургуулийн багш нартай ярилцан цаашид шувуу ажиглах болон энэ чиглэлийн сурагчдын клубуудыг эко сургуулиуд дээр байгуулах талаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо. 
Өдөрлөгт оролцогчид
Өдөрлөгт оролцогчод:
79 дүгээр сургуулийн багш, сурагчид: Хими, биологийн багш Тунгалаг, сургачид: Д.Аравнайсүрэн, А.Барсүн, Г.Марал-Эрдэнэ, У.Мөнхцэцэг, С.Бүжинханд, Б.Хүслүүн, З.Очирхуяг, Б.Билгүүн, Б.Сүхбат, Г.Амартайван, Б.Мөнгөнчимэг, 37 дугаар сургууль, Хими-биологийн багш Эрдэнэзаяа, сурагчид: Б.Золбоо, Б.Сарангоо, М.Тэмүүлэн, Ч.Сэрээтэр, Г.Анударь, Т.Хүслэн, З.Болортуяа, С.Эрхэмбаяр, Л.Батзул, Т.Мөнхөө, О.Энхирээдүй, Г.Пүрэвбат, UBS телевизийн суравалжлагч Саруултуяа болон оператор Санчир, Өнөөдөр сонингийн сэтгүүлч Дарийжав, Nomadic Expedition компаний жолооч Хашаа ах, Монголын шувуу ажиглагчдын клубын: Амархүү, Баатархүү, Ганхуяг нар оролцов.
Монголын шувуу ажиглагчид маш олон болох болтугай!

4 comments:

  1. сайхан аялал хийсэн байна. мэдсэн бол хүүхдээ хамт явуулдаг байж дээ.

    ReplyDelete
    Replies
    1. bayarlalaa, irekh namraas bid bagachuudtaigaa shuwuunii alaliig hotoos jaakhan zaiduu nuurand namriin nuudel kharakhaar tolovloj bna, ter uyer holbogdood zaaval yavaarai

      Delete
  2. Дараа иймэрхүү аялал байгаа юу?

    ReplyDelete
    Replies
    1. zunii aylaliig khiikheer tolovloj bgaa bolovch odoogoor shiid garaagui bgaa, namraas namriin nuudliig urgun hureend temdeglekheer tolovoj bgaa, oroltsooroi

      Delete