Пүрэв-Очирын Ганхуяг, Гунгаагийн Амархүү
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб
Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг (ДНШӨ) угтан та бүхэндээ
энэхүү нийтлэлийг хүргэж байна, энэ жилийн ДНШӨ маань Нүүдлийн шувуудаа хамгаалах сүлжээг хамтдаа байгуулцгаая! УРИАН дор явагдаж байна.
Улаанбаатар хотод хэдэн зүйлийн шувуу байдаг вэ? Та мэддэг шувуудаасаа нэрлэнэ үү гэж асуувал хүн бүр л тагтаа, болжмор, хэрээ, шаазгай гэж нэрлэж эхлэх байх. Үнэндээ бол манай хотод жилийн аль ч улиралд дээрх суурин шувуудаас гадна өөр олон зүйлийн шувууд хамт амьдардаг. Бид тэднийг анзаарч ажигладаггүйд л учир байгаа юм. Хажуугаар ниссэн жижиг шувуу бүрийг болжмор, том шувууг нь тагтаа, эсвэл хэрээ гээд л бодох байх. Харин зогсоод сайтар ажиглаж чадвал өөр зүйлийн шувууд ч нисэж байдаг юм. Гэтэл гадны олон орны иргэд өөрсдийн амьдарч байгаа хотоос гадна өөр олон янзын амьдрах орчинд амьдардаг шувуудыг маш сайн мэддэг. Учир нь тэд багаасаа л байгаль орчноо таньж мэдэх ялангуяа шувуудыг ажиглаж, амралтын цагаа түүнд л зориулж, тэр нь өнөөдөр өөрсдийнх нь хобби болтлоо хөгжсөн байна. Энэ хобби маш олон талын ач холбогдолтой юм. Гэр бүлээрээ амралтын өдрөөр цэвэр агаарт гарангаа үзэсгэлэнт шувуудаа таньж, үүнээс таашаал аваад зогсохгүй, шувуудаар дамжин байгаль хамгаалах сэтгэлгээ нь улам их өсөж байдаг ба энэ нь байгаль хамгааллынхаа үүднээс их ач холбогдолтой юм. Энэ утгаараа шувуу ажиглах хоббинд багачуудаас эхлээд настан буурлууд хүртэл дурлаж, өнөөдөр бүх насны ямарч мэргэжлийн хүмүүс хошуурах болсон. Одоогоор дэлхийн олон оронд шувуу ажиглах клубууд байх ба зарим нь бүр нэг сая хүртэл гишүүнтэй байдаг.
Шувуу ажиглагчид |
Шувуу ажиглах хобби (birdwatching) өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад манай орны иргэдийн дунд энэ чиглэлийн хобби сайн хөгжөөгүй. Өнөөдөр манай орны хэмжээнд нийтдээ 476 зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь оршин байх статусын хувьд харилцан адилгүй амьдрах орчинд байдаг. Харилцан адилгүй амьдрах орчинд байдаг учираас тэдгээрийг бөөнөөр нэг дор харах боломжгүй.
Өвөгт тогоруу |
Тиймээс шувуу сонирхогчдын хувьд шувуудыг ажиглахаар байгалийн олон янзын амьдрах орчиноор аялаж шувуудыг хардаг бөгөөд энэ нь тэдгээрийн байгалийн талаарх мэдлэг болон байгальтайгаа зөв зохистой харьцах харьцааг нь хөгжүүлдэг байна. Жишээ нь ус намгархаг газар, ой, хадтай орчин эсвэл хээрт гэх мэт ялгаатай амьдрах орчинд амьдардаг шувууд тухайн газрын чухам яг хаагуур нь байршдаг талаар шувуу сонирхогчид мэдлэгтэй болох бөөгөөд энэ нь тэднийг тухайн байгальдаа зөв зохистой аялах мэдлэгийг олгодог. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шувууг харахыг хүссэн хүн хаашаа явбал тухайн шувуугаа олж харах боломжтой болон түүний амьдрах орчины талаар мэдээлэл цуглуулах шаардлагатай болно. Энэ утгаараа шувуу ажиглагчдын хобби хүмүүсийн экологийн талаарх мэдлэгийг маш хурдацтай нэмэгдүүлдэг. Мэдээж хэрэг үзэсгэлэнт хун шувууг харахыг хүссэн хүн гол, нууртай газрыг зорих хэрэгтэй, түүнээс биш хун харна гэж говь руу эсвэл ой руу явахгүй нь ойлгомжтой юм.
Эргийн шувууд |
Дээр дурьдсан бүх зүйлс нь энэхүү хобби байгаль хамгааллын талаасаа ямар их ач хобогдолтой болохыг харуулж байна. Түүнчлэн гадны орнуудад шувуу ажиглагчид олон жил өөрсдийн цуглуулсан мэдээгээ өөр хоорондоо мэдээллийн бүхий л сувгуудаар байнга солилцдог бөгөөд энэ нь тухайн улс орны шувуу судлалын шинжлэх ухаанд маш үнэ цэнэтэй мэдээ баримт болдог тул энэ утгаараа шинжлэх ухааны ач холбогдолтой юм. Тодруулбал шувуу ажиглах хобби өндөр хөгжсөн гадны олон орны шувуу судлалын шинжлэх ухаан нь мэдээлэл сайтай байдаг бөгөөд хэтрүүлэн хэлбэл тэд өөрийнх нь улсад хэдэн зүйл шувуу хэдэн ширхэг байгааг бараг л тоо ширхэгээр нь хэлж чаддаг. Учир нь тухайн улсад шувуу ажиглагчид маш олон байгаатай холбоотой юм.
Шувуудыг ажиглах маш сонирхолтой |
Тиймээс энэ төрлийн хоббиг дэмжин бодлого болгож хэрэгжүүлэх нь олон талын үр өгөөжтэй бөгөөд шувуудын мэдээ баримт дутмаг байгаа манай орны хувьд шинжлэх ухаанд ч төдийгүй байгаль хамгаалал болон аялал жуулчлалын салбарт үнэ цэнэтэй юм.
Манай улсад 1990 оноос хойш байгалийн аялал жуулчлалыг дагаад шувуу сонирхдог жуулчдын тоо өссөн. Ялангуяа 2000 он гарснаас хойш гадны жуулчдын аялалын групп дотор шувуу ажиглагчид олширсон бөгөөд энэ нь аялал жуулчлалын оператрууд өөрсдийн шувуу ажиглах маршрут болон хөтөлбөртэй болох нөхцлийг бүрдүүлэв. Үүнийг дагаад манай орны жуулчин хүлээж авдаг байгууллагуудын мэргэжлийн хөтчүүдэд шувуудын талаарх мэдлэгтэй болох шаардлагууд тавигдах болсон.
Манай улсад 1990 оноос хойш байгалийн аялал жуулчлалыг дагаад шувуу сонирхдог жуулчдын тоо өссөн. Ялангуяа 2000 он гарснаас хойш гадны жуулчдын аялалын групп дотор шувуу ажиглагчид олширсон бөгөөд энэ нь аялал жуулчлалын оператрууд өөрсдийн шувуу ажиглах маршрут болон хөтөлбөртэй болох нөхцлийг бүрдүүлэв. Үүнийг дагаад манай орны жуулчин хүлээж авдаг байгууллагуудын мэргэжлийн хөтчүүдэд шувуудын талаарх мэдлэгтэй болох шаардлагууд тавигдах болсон.
Телескоп бол нууранд буй шувуудыг ажиглахад хамгийн сайн багаж |
Манай оронд шувуу судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд залуу шувуу судлаачдыг ихээр бэлтгэж байгаа ба үүнтэй зэрэгцэн шувуу ажиглагчдын клуб сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж Монгол орны шувуудын талаарх мэдлэг, мэдээллийг иргэддээ хүргэж байна. Тэд шувуу ажиглах аялал, шувууны фото зургийн уралдаан гэх мэт олон нийтийг хамарсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь шувуу болон фото зураг сонирхогч залуучуудыг энэ хоббинд татан оруулах болсон.
Хотод маань олон зүйл жижиг шувууд өвөлждөг |
No comments:
Post a Comment