Tuesday, February 2, 2016

Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 4-р уулзалт амжилттай болж өнгөрлөө.

Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 4-р уулзалт 1 сарын 29-д Sweet кафе-д амжилттай болж өнгөрлөө. Уулзалтанд нийт 46 оролцогч ирж, 17:00 – 21:00 цагуудын хооронд үргэлжилсэн. Уулзалтын эхэнд зохион байгуулагчид уулзалтын гол зорилгыг танилцуулж, анх удаа оролцож буй хүмүүс “Монголын Шувуу Ажиглагчдын Клуб (МШАК)”-ын гишүүнээр бүртгүүлж, клубын тэмдэгээ хүлээн авлаа. 
Хөтөлбөр ёсоор “Зэрлэг амьтан судлах хамгаалах төв”-ийн захирал Б.Нямбаяр шувуудын нүүдлийн тухай сонирхолтой зүйлсийг ярисан ба Хималайн нурууг даван нүүж байгаа шувууд болон нүүдлийн замд тохиолдох аюул, бэрхшээлүүдийн талаар сонсох нь маш сонирхолтой байсан. 
Үүний дараа Шувуу ажиглагчдын клубын гишүүн Д.Батмөнх Бүгд Найрамдах Солонгос улсад гурван сарын хугацаанд туршлага солилцсон тухайгаа болон өөрийн бүртгэсэн шувуудын талаар, олон сайхан зургуудаасаа сонирхуулсан бөгөөд энэ дундаа 60000 Байгалийн нугас бөөгнөрөн нисэж буй (murmuration) бичлэг нь үнэхээр сэтгэл сэргээсэн мөч байлаа.
Жил бүрийн уулзалтын үеэр уламжлан зохиодог хөгжөөнт тэмцээнийг МШАК-ын гишүүн, шувуу судлаач Abu (Andreas Buchheim) “Энэ хэн бэ?” сэдэвт тэмцээнийг удирдан явуулсан бөгөөд тэмцээний дүрэм ёсоор нийт 25 зүйл шувуудын зургийг оролцогчдод харуулан зүйлийн түвшинд хэн хамгийн олон шувуудыг зөв нэрлэж бичсэн нь тэмцээний ялагч болохоор байв. 
Тэмцээнд Ц.Пүрэвсүрэн нийт 19 зүйл шувууны нэрийг зөв бичсэнээр ялагч болсон юм. Хөтөлбөрийн дараагийн арга хэмжээ  “Хүрээлэн төсөл”-ийг санаачлагч, гэрэл зурагчин У.Ганбаяр БНХАУ-ын Поянг нууранд өвөлжиж буй тогоруу болон бусад шувуудын талаар хийсэн сонирхолтой баримтат кино үзүүлж, хэрхэн хийгдсэн талаар бидэнд хуваалцав. Мөн шувуудын зургийг буулгах, бичлэг хийхэд тохиолдож байсан бэрхшээлүүд болон Поянг нуурын талаар сонирхолтой зүйлсийг ярилаа.
   Хөтөлбөрийн дараагийн илтгэлээр МШАК-ын гишүүн Ц.Пүрэвсүрэн Монгол оронд тохиолдох зарим зүйл эргийн шувуудыг хэрхэн тодорхойлох, мөн тэдгээрийн амьдрах орчин, үржил, зан төрхийн талаар сонирхолтой, мэдээлэлтэй сургалт хийсэн.
   Дараагийн нэг чухал, нэр хүндтэй хөтөлбөр бол 2015 оны “Монгол орны жигүүртэн амьтад” гэрэл зургийн уралдааны эздэд шагнал гардуулах үйл ажиллагаа байв. Энэ жилийн зургийн уралдаанд 40 оролцогчдын нийт 153 зураг ирсэн. Шилдэг зургуудыг 1 сарын 26-нд  шалгаруулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхан, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны УЗ-ийн дарга Л.Ганзориг, тус холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, шувуу судлаач Абу болон Гэрэл зурагчин Н.Гансүх нар ажилласан.
Шагнал гардуулах ажиллагааны өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнийг төлөөлж Л.Жаргалсайхан ах энэ жилийн зургийн уралдааны шалгаруулалтын талаар товч мэдээллийг өгсөн ба олон сайхан бүтээлүүд ирсэн тул шүүхэд тун хүндрэлтэй байсан тухайгаа хэлж, сэтгэгдэлээсээ хуваалцав.
 Уралдааны цомыг “Монголын Шувуулахуйн Холбоо” –ны зүгээс ивээн тэтгэн Идлэг шонхор болон Бүргэдийн баримал, мөн ‘’Жинхэнэ гишүүний эрхийн гэрчилгээ”-г "Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо"-ноос ивээн тэтгэж, байр эзэлсэн оролцогчиддоо гардууллаа.
Энэ жилийн уралдааны “Шилдэг зураг” тэргүүн байрыг Б.Отгонбаярын нууранд хөвж буй Гэзэгт нугасны зураг эзэлсэн бөгөөд шагналд Цом, Гэрчилгээ, өөрийн буулгасан Гэзэгт нугасны зураг, болон Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо (МГЗНХ)-ны ‘’Жинхэнэ гишүүний эрхийн гэрчилгээ” зэргээр шагнуулав.
Хоёрдугаар байрыг Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн шувуу судлаач Д.Батмөнхийн Начин шонхорын зураг эзэлжээ. Мөн Д.Батмөнхийн Өөдсөн хүүрзгэний зураг Ховор шувуу ангилалд түрүүлж энэ жил тэрээр 2 номинацын эзэн болж, Цом, Гэрчилгээ, Өөрийн буулгасан Өөдсөн хүүрзгэний зураг мөн Монгол орны түээмэл шувууд ном зэргээр шагнуулав.

Гуравдугаар байрыг С.Түвшинтөгсийн Халзан түнжүүрийн зураг эзэлж, Гэрчилгээ, Өөрийн буулгасан Халзан түнжүүрийн зураг, Азийн усны шувууд ном зэргээр урамшууллаа. 
         Энэ жилийн “Ховор агшин” номинацийн тэргүүн байрыг Б.Нямбаярын Гурван зүйл тогорууг (Цагаан тогоруу, Цэн тогоруу, Өвөгт тогоруу) нэг кадарт буулгасан зураг эзэлж, Гэрчилгээ, Өөрийн буулгасан гурван зүйл тогорууны зураг, Зүүн азийн шувууд ном зэргээр шагнуулав.
Ийнхүү 2015 оны “Монгол орны жигүүртэн амьтад” гэрэл зургийн уралдаан олон оролцогчидтой, олон сайхан зурагтай маш өрсөлдөөнтэй болж, 4-р уулзалтын эхний өдрийн буюу илтгэл, чөлөөт уулзалт өндөрлөсөн.
Энэ жилийн зургийн уралдааныг ивээн тэтгэсэн Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын Шувуулахуйн холбоо болон тус холбооны ерөнхийлөгч Д.Отгонсайхан, Sweet кафе-ны хамт олон, мөн  уралдаанд түрүүлсэн эзэд, зургаа ирүүлсэн бүх оролцогчид, уралдааны шалгаруулалтыг шүүн явуулсан шүүгчиддээ нийт зохион байгуулагчид, Монголын шувуу ажиглагчдынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье!

 Шувуу ажиглах аялал  
 Жил болгон уулзалтын дараагийн өдөр нь шувуу ажиглах аялалтай байдаг бөгөөд энэ жилийн хувьд 1 сарын 30-нд Богд уулын Зайсангийн ам өгсөж шувуу ажигласан.
Уг аялалд 27 хүн оролцсон бөгөөд өглөө 10 цагт Чингисийн өргөө амралтын газар цуглаж аялал эхэлсэн.  Шувуу судлаач П.Ганхуяг шувуу ажиглагчиддаа зориулж шувуу ажиглах хобби, түүний байгаль хамгааллын болон шинжлэх ухааны ач холбогдлын талаар ярилаа. 
Өглөөгүүр бага зэрэг жавартай байсан хэдий ч үдийн алдад нар ээсэн дулаахан сайхан өдөр байлаа.
Зайсангийн ам өгсөөд удаагүй байтал хоёр зүйл солибон хошууттай нэг дор тааралдаж энд тэндгүй жижиг шувууны дуу сонсогдож эхлэв. Модны орой хэсэгт нарлан суух Ногоовор ногоолзой болон солибон хошуут шинэхэн гишүүдийн сонирхолыг ихээр татаж байсан. Мөн төдийлөн элбэг таараад байдаггүй Хөвчийн бялзуумар нилээн олон таарч байсан.
Зайсангийн аманд байх шувуу хооллодог цэгүүд нь Их хөхбух, Хүрэнтолгойт хөхбух, Хартолгойт хөхбух, Өрнийн тоншголжин, Ятга шаазгай нарын очих дуртай газар хэдийнээ болжээ. Улаанбаатар хотын ойролцоо байдаг шувуу хооллох цэгүүдын нэг нь энэ юм. 
Аялаж, цэвэр агаарт алхаж яваа хүмүүс эдгээр шувуу хооллох цэгүүдэд боорцог талхны үүрмэг, будаа зэргийг тавьсан байна.
Уулын өөд өгсөх тусам илүү олон тооны Гацуурын солибонхошууттай таарж байсан бөгөөд солибон хошуугаараа шинэсний боргоцойг төвөггүй задлан үрээр нь хооллож байв.
Ингээд бид 2 цагийн алдад уулнаас бууж явах замдаа  3 эр Үүрэнсүүлт зана шувуу харсанаар энэ удаагийн шувуу ажиглах аялал өндөрлөсөн. 
Энэ өдөр нийт 18 зүйлийн шувууд харсан. Шувуу ажиглах аялалд оролцсон МШАК-ын гишүүд болон МУБИС-ийн биологийн ангийн багш, оюутнуудад талархсанаа илэрхийлье!
Монголын шувуу ажиглагчид, сонирхогчид бүр олон болох болтугай

Tuesday, January 19, 2016

Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын дөрөвдүгээр уулзалт

Сайн байцгаана уу,
Монголын шувуу ажиглагчдын клуб, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв хамтран Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын уулзалтыг 4 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтын зорилго нь Монголынхоо ард, иргэд, хүүхэд залуусыг шувуу таних хоббид татан оруулах, шувуудын талаарх мэдлэг мэдээллийг олгох, шувуудын байгаль дахь ач холбогдлыг ойлгуулах, шувуу ажиглагч, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх юм. Шувуудыг таньж мэдсэнээр шувуудаа хамгаалах, амьдрах орчныг хайрлах сэтгэлгээ хөгжих учиртай билээ. Иймд бид эннэхүү уулзалтыг 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ. Энэ жилийн уулзалтаа 2016 оны 1 сарын 29 ны өдрийн 17 цагт Sweet кафе-д (Admon хэвлэлийн газрын хажууд) зохион байгуулахаар боллоо. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй хөтөлбөрийг доорх зараас үзнэ үү
Мөн Монгол орны жигүүртэн фото зургийн уралдаанд ирсэн зурагуудыг доорх хаягаар орж үзэнэ үү! 
https://www.facebook.com/media/set/?set=a.1038957949483524.1073741835.173406369372024&type=3
Уулзалт маань ТАХ-гүй, харин идэх, уух зүйлсээ ороцогчид өөрсдөө худалдан авна.

Монголын маань шувуу ажиглагч, сонирхогчид маш олон болох болтугай!

Tuesday, January 5, 2016

"Монгол орны жигүүртэн" гэрэл зургийн уралдаан

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны жигүүртэн” фото зургийн уралдаанаа зургаа дахь жилдээ зарлаж байна.
Энэхүү уралдаан нь ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зарлагддаг билээ
Энэ жилийн уралдаан 2016 оны 1 сарын 5–ний өдөрөөс 2016 оны 1 сарын 25 –нийг хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа хугацаанаас өмнө mongolbirdclub@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна. Уралдааны дүнг 2016 оны 1 сарын 29-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 4 дүгээр уулзалтын үеэр олон нийтэд зарлана. 
Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж болно. Харин шувууны өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж болно.
Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-5 бүтээлээ явуулах ёстой. Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал сайн. Нягтшил хэт муутай зургийг оролцуулах боломжгүй. Зурганд засвар хийхийг хориглохгүй бөгөөд гэхдээ эвлүүлэг хийхийг хориглоно.
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас гадна, зурагчин өөрийн овог нэр, нас, мэргэжил, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой. Зурган дээр тамга байж болохгүй. Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчын эрх бүтээлээ ирүүлсэн зурагчинд хадгалагдах болно. 
Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн албан ёсны facebook хуудас дээр байрлуулах юм https://www.facebook.com/Wildlife-Science-and-Conservation-Center-of-Mongolia-173406369372024/?pnref=about.overview
Шилдэг 3 зургийг нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлэхээс гадна, ховор шувуудын болон ховорхон агшины номинаци тус бүрт нэг зургийг шалгаруулна. Байр эзэлсэн эздэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2016 оны 1 сарын 29-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 4 дүгээр уулзалтын үеэр зохион байгуулна.

Зохион байгуулагчид:
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Монголын шувуу ажиглагчдын клуб