Friday, November 8, 2013

Монгол орны жигүүртэн амьтад-2013 фото зургийн уралдааны зар

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол орны жигүүртэн фото зургийн уралдаанаа 4 дэх жилдээ дахин зарлаж байна.
Монгол орны жигүүртэн амьтад фото зургийн уралдаан нь Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих зорилгоор зохион байгуулагддаг.
Энэхүү уралдаан 2010 оноос эхлэн зохион байгуулагдаж байна. Дотоод, гадаадын олон оролцогсод жил бүр амжилттай оролцож хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд зургуудын чанар, шувуудын зүйлийн бүрдэл олширч байгаа нь бидэнд энэхүү уралдааныг үргэлжлүүлэх ихээхэн урам зориг өглөө.
Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгахаар зориулж доорх Facebook page-д байнга нийтлэх болно.
Энэ жилийн уралдаан уламжлал ёсоор 2013 оны 12 сарын 30 хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа энэ хугацаанаас өмнө info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү. Уралдааны дүрэм журам, ирүүлэх материалд тавигдах шаардлагуудыг эндээс татаж үзнэ үү. http://mongolbirdwatchclub.blogspot.com/2013/11/2013.html
Уралдааныг 1 сарын 5-нд шалгаруулах бөгөөд шилдэг зургийн эздэд шагналыг 1 сарын 10нд зохион байгуулагдах Шувуу ажиглагч, сонирхогчидын уулзалтын үеэр гардуулна.
Та бүхнийг Монгол орны жигүүртэн 2013 уралдаандаа амжилттай оролцоно гэдэгт бид найдаж байна.
Өмнөх жилүүдийн Монгол орны жигүүртэн фото зургийн уралдаанд ирүүлсэн болон шалгарсан зургуудыг доорх холбоосууд дээр дарж үзэж сонирхоно уу.
2010
2011
2012

Шилдэг зураг:
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс нэг зургийг шилдэгээр шалгаруулж тэргүүн байрны шагнал, гэрчилгээ олгох болно. Тэргүүн байр эзэлсэн оролцогчид гэрчилгээ, 2 нүдний дуран болон Монгол орны шувуудыг таних шинэ гарсан номнууд, мөн “Монгол дахь шувуудад чухал нутгууд” номыг бэлэглэх ба мөн удаах байранд орсон хоёр бүтээлийг шалгаруулж гэрчилгээ, Монгол орны шувуудыг таних шинэ гарсан номнууд, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” болон Монгол орны түгээмэл шувуудыг таних ном зэргийг бэлэглэх болно.
Ховор шувууны зураг:
2012 оны зургийн уралдааныг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж, ховор шувуудын зургийг шалгаруулж байр эзлүүлэх тухай шийдвэр гаргасан тул бид энэ жилээс уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс ховор шувуудын зургийг шүүж, нэг зургийг шилдэгээр шалгаруулж тэргүүн байрны шагнал, гэрчилгээ олгох болно.
Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчийн эрх бүтээлээ ирүүлсэн зурагчинд хадгалагдах болно.
Та бүхэнд амжилт хүсье! 
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Монголын шувуу ажиглагчдын клуб

Thursday, November 7, 2013

Монгол орны жигүүртэн амьтад-2013 фото зургийн уралдааны журам

Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж бас болно. Харин шувууны өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж болно. Шилдэг 3 зургийг шалгаруулахаас гадна, ховор шувуудын зургийг шүүж нэг зургийг шилдэгээр шалгаруулна.
Уралдаанд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа 2013 оны 12 дугаар сарын 30-ны дотор info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү. Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна. Тэргүүн байр эзэлсэн эздэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2014 оны 1 сарын 10 ны өдөр болох Монголын шувуу сонирхогч залуусын уулзалтын үеэр зохион байгуулна..  
Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-5 бүтээлээ явуулах ёстой. Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал сайн. Нягтшил хэт муутай зургийг оролцуулах боломжгүй. Мөн зурганд засвар хийхийг хориглохгүй бөгөөд тэгэхдээ зөвхөн өнгөнд нь засвар орсон байхыг хүлээн зөвшөөрнө.
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас гадна, зурагчин өөрийн овог нэр, нас, мэргэжил, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой.
Уралдаанд шалгарсан оролцогсодтой и-майлээр холбоо барих бөгөөд ЗАСХТ, МШАК-ын вебсайт дээр зарлах болно. Мөн шалгарсан бүтээлийг нийтийн хүртээл болгох үүднээс дээрх вебсайт дээр байрлуулж, сурталчилах болно. Үүнийг нэг тод жишээ нь бид 2013 оны намар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хананд манай уралдаанд оролцогчдынхоо шилдэг зургуудаас олны хүртээл болгон байршуулсан болно.

Танд амжилт хүсье!

Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб