Wednesday, April 23, 2008

BirdLife International манай Клубт сэтгvvлээ илгээлээ

BirdLife International нь жил бүр WorldBirdwatch сэтгүүлийг хэвлэн гаргаж 28$-аар худалддаг ба түүндээ дэлхийн олон орны шувуу ажиглагчид болон дэлхийн шувуудын амьдралын тухай олон сонирхолтой зүйлсийг хэвлэдэг.


BirdLife International нь Монголын шувуу ажиглагчдын үйл ажиллагааг дэмжин өөрсдийн энэхүү сэтгүүлийг бидэнд бэлэг болгон илгээлээ. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт сүүлийн жилүүдэд цаг агаарын нөлөөнөөс болж шувуудын амьдрах орчинд гарч буй өөрчлөлтүүдийн тухай болон судлаачдын хийж буй судалгаа, төслүүдийн талаар бичсэн байна.

Sunday, April 6, 2008

Азийн махчин шувуу судлаачдын 5-р симпозиум

Азийн махчин шувуу судлаачдын 5-р симпозиум Вьетнам улсын нийслэл Ханой хотоос баруун зүгт 70 км-т орших Там Дао үндэсний цогцолборт газарт 4 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өнгөрлөө. Симпозиум болж буй Там Дао цогцолборт газар уулын өндөрлөг хэсэгт байрлах ба эргэн тойрон битүү ой мөдоор бүрхэгдсэн, үргэлж л манантай байлаа.
Энэхүү хуралд Ази тивийн 10 гаруй орны судлаачид болон Америк, Орос, Англиас ирсэн нийт 80 гаруй судлаачид оролцож өөрсдийн судалгааны тайлан, илтгэлүүдийг тавьж, Ази төдийгүй дэлхийн хэмжээнд махчин шувуудын өнөөгийн төлөв байдал тэдгээрийн нүүдэл шилжилт зэрэг олон асуудлуудаар амжилттай хуралдлаа.

Уг симпозиум 2-3 жилд нэг удаа зохион байгуулагддаг ба симпозиумыг Азийн Махчин Шувуу Судлах Хамгаалах Сүлжээ (Asian Raptor Research Conservation Network) http://www.5b.iglob.ne.jp~raptor/index.htm зохион байгуулдаг. Хурлын эхний хоёр өдөр илтгэл хэлэлцүүлж, сүүлийн өдөр махчин шувуудын нүүдэл ажиглах аялал хийсэн.
Хурлын явц дунд Япон болон Тайванаас ирсэн оролцогсод залуу судлаачдын ажлыг дэмжиж буйгаа илэрхийлэн хурал зохион байгуулж буй Вьетнам улсад олон сайхан дуран, зургийн аппаратуудыг бэлэглэж хүмүүсийг баярлууллаа.

Азийн махчин шувуу судлаачдын 6-р симпозиум Монголд болно

Хурлын хоёр дахь өдрийн үдээс хойш Азийн махчин шувууны тодорхойлох бичиг хэвлэх, азийн махчин шувуу судлаачдын бүтээлүүдээр сэтгүүл хэвлэх зэрэг олон асуудлыг ярилцав, хурлын төгсгөлд дараагийн 6-р симпозиумыг хэзээ, хаана зохион байгуулахыг хэлэлцлээ. Дараагийн симпозиумыг хийх улсад Тайланд, Монгол хоёр саналаа өгч хүмүүс ярилцсаны эцэст 6-р симпозиумыг Монгол зохион байгуулах боллоо.

Махчин шувуудын нүүдэл ажиглах аялал
Сүүлийн өдөр бид өглөө эрт 7 цагт буудлаас хөдөлж, доош уруудан 5 км орчим явж зогсон шувуудын нүүдлийг ажиглалаа. Биднийг энд ирэхэд манантай хэвээрээ байсан.

Биднийг шувуу ажиглах дундуур Ханой хотын дунд сургуулийн сурагчид хүрэлцэн ирж шувуу ажиглах үйл явцтай танилцав. АМШСХС-ний ерөнхийлөгч Тору Ямазаки хүүхдүүдэд махчин шувуудын олон янз байдал, нүүдэл шилжилт, дэлхийн тархалт болон тэлгээрийн ач холбогдлын талаар тайлбарлаж өгөв. Бид ирснээсээ хойш шувуу харалгүй 30 минут орчим болсны дараа анхныхаа махчин шувууг олж харав. Энэ бол үүрсээ харцага байв. Төд удалгүй махчин шувуудын нүүдэл өмнөд, зүүн урд зүгээс хойт, баруун хойт зүгийг чиглэн цувж эхлэв.

Бид энэ их нүүдлийн хамгийн эхэнд загасч явлагыг харав. Там Дао цогцолборт газар махчин шувуудын нүүдлийг харахад хамгийн тохиромжтой байсан. Бид энд хагас өдөр ажиглалт хийж нийтдээ 16 зүйл махчин шувуу бүртгэлээ.