Wednesday, April 24, 2013

Цайныхаа цагаар Ногоон нууранд нүүдэл дурандсан тэмдэглэл (4 сарын 23)

Тэмдэглэл, зургийг: П.Ганхуяг, Г.Амархүү, Монголын шувуу ажиглагчдын клуб

Нүүдлийн үеэр өдөр бүр чухал шүү!
Энэ өдөр манай оффисийн тог тасраад оройн 17 цагаас нааш ирэхгүй гэхээр нь бид 2 цайнынхаа цагаар Ногоон нуур явж нүүдэл дурандахаар болов. Төв замаас Ногоон нуур руу салдаг дээр нүүж буй 1 ойн сартай Buteo buteo таарсан. Биднийг Ногоон нууранд ирэхэд нууранд маш олон зэрлэг Anas platyrhyncus нугас байв. Нуурын баруун хажуугийн утасны шон дээр 3 хар тодол Sturnus vulgaris, 1 бор тодол Sturnus cinereaus сууж байхтай таарч зургийг дарсан. Нууранд ойролцоогоор 400 орчим зэрлэг нугас Anas platyrhyncus, 20 орчим хүрэн толгойт цахлай Larus ridibundus, 3 үхэр цахлай Larus argentatus, 40 гаруй алаг шунгаач Aythya fulygula, 4 хос хумхин бохио Mergus merganser, 1 хос халбага нугас Anas clypeata, 1 эр цагаанхөмсөгт нугас Anas querquedula, 1 хос хүрэн толгойт шумбуур Aythya ferina, 5 зээрд нугас Anas penelope, 1 ногоохон нугас Anas crecca, 4 хос ангир Tadorna ferrugiena, 30 гаруй хөх дэглий Ardea cienrea байв.  
  Өвөгт тогируу Grus virgo, Хархираа тогоруу Grus grus (зургийг Ганхуяг)
 
Нуур өмнөхөөс харьцангуй сайн гэсч, мөстэй хэсэг нь багассан байсан учир зэрлэг нугаснууд Anas platyrhyncus их тархай байршсан байна. Бидний зогсож буй төмөр замын гармын дор 1 хар гүеэт хөөндэй Turdus atrogularis нуугдаж байхтай таарч Амархүү зургийг нь дарж амжсан.
Хар гүеэт хөөндэй Turdus atrogularis (зургийг Амархүү)
Мөн 1 хос адууч чогчого  Oenanthe oenanthe ч байв. Энэ гарам дээрээс нуурынхаа зүүн хэсгийг дурандаж дуусаад баруун хэсгийг шалгахад, 2 тогоруу зэрэгцэн идээшиж байв. 1 нь өвөгт тогируу Grus virgo, нөгөө нь хархираа тогоруу Grus grus байсан. Бид зургийг нь авах гэж яарсангүй, эхлээд шууд нуурынхаа урд хэсгээр тойроод зүүн талд байдаг жижиг нуурыг дурандаад дараа нь энэ 2 тогорууны зургийг буцахдаа даръяа гэж шийдсэн. Бид төмөр замаа даган алхсаар нуурын зүүн хэсэгт ирэхэд нэлээн залуувтар магадгүй 2-3 настай хээрийн бүргэд Aquila nipalensis эргэж байв, мөн түүний орчим сохор элээнүүд Milvus migrans ч түгээмэл байв. Биднийг зүүн талын том далан руу алхаж байхад 1 бахим бүргэд  Hieraaetus pennatus далангийн баруун энгэрт буув.
Бахим бүргэдэй Hieraaetus pennatus (зургийг Амархүү)
Энэ бүргэдийн зургийг дарахаар далан дээгүүр алхан дээрээс нь ганц хоёр зураг дарж амжсан боловч бүтэлтэй болоогүй, мөн эндээс маш холд нисэж буй идлэг шонхорыг Falco cherrug харсан. Тэгээд далангаа дагаад баруун хойш чигтээ алхаж байгаад эрэг орчмоос шөвгөн хараалж Gallinago gallinago нисэхтэй таарлаа, харамсалтай нь өндөр өвстэй хэсэг рүү орсон учир зургийг нь дарж чадаагүй, мөн нэгэн зүйл шийхнүүхэй харсан боловч зүйлийг нь тодорхойлж чадаагүй. Ийнхүү бид буцаад нуурынхаа зүүн талаар машин руугаа явсан. Замд нэг жижиг шувуу бургаснаас дуугарсан боловч бид 2 хэн гэдгийг нь таньж чадаагүй болохоор зургийг нь дарахаар хөөцөлдөж хөөцөлдөж ганц муухан зураг дарж чадсан. Ямар нэгэн зүйл дуучшувуу Phyloscopus байсан.
Phyloscopus sp? (зургийг Амархүү)
Ийнхүү бид 2 нөгөө 2 тогорууныхаа зургийг дарахаар нуурын баруун хэсэг рүү алхаж яваад 2 гадаадын шувуу ажиглагчтай таарсан юм. Нэг нь Brian (бид эртний танилууд, манайд олон жил шувуу дурандаж байгаа хүн, бид хамт энэ нууранд байнга ирдэг), харин  нөгөө нь хавар шинэхэн танилцсан найз Rober байсан. Тэр 2 нууранд дөнгөж ирж байсан харин бид нуураас буцах гэж байсан болохоор харсан шувуудынхаа талаар товчхон ярилцаад өнгөрөв. Ийнхүү бид 2 нөгөө 2 тогорууныхаа зургийг нисэж байх үед нь л дарж чадсан юм. Тэгээд буцаад гарам дээрээ ирэх үед улаан гүеэт хөөндэй Turdus ruficolis, хөх цэгцгийтэй Motacilla alba таарав.
Явлаг сар Pandion haliaetus (зургийг Амархүү)
Тэнд хэсэг зогсож байгаад нэг зүйл махчин шувуу нуурын дээгүүр эргэлдэж байхтай таарлаа, энэ бол алдарт явлаг сар Pandion haliaetus байлаа, Амархүү маань анх удаа загасаар хооллодог энэ зүйл сарыг харж байгаа болохоор бөөн баяр болж баахан зураг дарлаа, энд бас начин шонхортой Falco tinnunculus таарсан.
 Морин харцгай Accipiter nisus (зургийг Амархүү)
Бид харсан шувуудынхаа жагсаалтын тухай ярилцан, буцаж хотруу явж байтал Сонсголонгийн гүүрний хажуугийн Моносын ойролцоо хэсэг алагтуунууд Corvus dauuricus сүргээрээ үргэх шинжтэй хуйлран нисэж байхтай таарсан. Ямар нэгэн махчин шувуу л ойрхон байна гэж ярилцах зуур 1 морин харцгай Accipiter nisus нисэж байхтай таарлаа. Ийнхүү бид цайныхаа цагаар нийт нүүдлийн 31 зүйлийн шувуудын жагсаалттай энэ өдрийн аялалаа дуусгасан даа.         

No comments:

Post a Comment