Tuesday, March 19, 2013

Today is World Sparrow Day - Дэлхийн Боршувуу хамгаалах өдөр

Өнөөдөр Дэлхийн Боршувуу хамгаалах өдөр - World Sparrow Day
Манай Клуб, National Geographic Mongolia http://nationalgeographic.mn/mod-15/i-672/ -тай хамтран Дэлхийн Боршувуу хамгаалах өдрийг тохиолдуулан Монголынхоо ард иргэддээ Боршувуу хэмээх бидний хамгийн сайн мэддэг энэ зүйл шувууны талаар бяцхан мэдээлэл бэлдэн хүргэж байна.
Дэлхийн Боршувуу хамгаалах өдрийг хүмүүс 2010 оноос эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд энэ өдөр өөр өөрсдийн боршувууны талаарх мэдлэг, мэдээлээ солилцон, хамгааллын ажлыг ярилцан, маш өргөн хүрээтэй тэмдэглэн ирсэн http://www.worldsparrowday.org/whsd.html  
Дэлхий дээр 10,000 гаруй зүлийн шувуу байдаг бөгөөд тэд бүгд янз бүрийн овог, төрөлд хамаарагддаг ба тэдгээрээс хамгийн томоохонд тооцогддог нь Боршувуутан багийнхан байдаг. Энэ багийнхны шувуудад дэлхий дээрх хамгийн жижиг биетэй сонобялзуухай болон дуучшувуунууд ч багтдаг байна. Гэтэл энэ багийн шувуудад Хэрээнийхэн багтдаг нь нэн сонирхолтой. Учир нь тэд үүр засах зэрэг зан төрхийн  онцлогоороо жижиг шувуудтай төстэй учираас энэ багт хамаарагддаг байна. Манай оронд Боршувуутан (Passerines) багт хамаарах 24 овгийн 81 төрлийн 220 зүйл шувуу байдаг бөгөөд тэдгээрээс Гоошувууны овгийн Боршувуу (Sparrow) төрлийн 3 зүйл боршувуу (Оронгийн боршувуу, хээрийн боршувуу, загийн боршувуу) байдаг байна (зураг 1). Эдгээр 3 зүйл боршувуунаас хамгийн түгээмэл 2 зүйл нь (оронгийн боршувуу, хээрийн боршувуу) бидний хамгийн сайн мэдэх хотын маань бор өнгөтэй болжморууд юм. Харин үлдсэн 1 зүйл боршувуу (загийн боршувуу) нь хот суурин газарт бус манай орны зөвхөн говь, цөлийн нутагт амьдардаг байна. Хот суурин газар амьдраад сурсан шувууд хүнтэй маш дотно байдаг. Үнэндээ бол манай хотод байгаа жижиг шувуудыг болжмор биш боршувуу гэж нэрлэдэг. Жинхэнэ болжморууд хээрт амьдардаг байна. Тэдгээрээс манай орны хээрийн экосистемд тааралдах хамгийн түгээмэл 2 зүйл нь Монгол болжмор, Эвэртболжмор юм.
Зураг 1. Зүүн талаас: Оронгийн боршувуу, хээрийн боршувуу, загийн боршувуу

Манай хотод байдаг боршувуу нь дотроо 2 зүйл байгаа. Нэг нь Оронгийн боршувуу Passer domesticus, нөгөө нь Хээрийн боршувуу Passer montanus гэдэг. Энэ 2 боршувууны Оронгийн боршувуу нь жинхэнэ хот суурин газар амьдардаг бол Хээрийн боршувуу үндсэндээ хот суурин газраас илүүтэй хээрт амьдардаг байна. Гэтэл энэ 2 зүйл боршувуу Улаанбаатар хотод хамт амьдардаг бол харин Европын хотуудад бол зөвхөн Оронгийн боршувуу нь хот суурин газар амьдарч, хээрийн боршувуу нь хээрээр таардаг зүйл гэнэ. Манай орны хээрийн бүсд ч мөн хээрийн боршувуу амьдардаг. Тагтаа, шаазгай зэрэг шувуудтай хамт таарах энэ зүйл 2 боршувуу манай хотын аль ч хэсэгт түгээмэл таардаг. Хэдий тийм боловч сүүлийн жилүүдэд оронгийн боршувуу нь харагдах нь багассан талаар шувуу ажиглагч хүмүүс ярилцах болсон. Тэдний ярилцаж байгаагаар магадгүй хот өргөжихийн хэрээр оронгийн боршувууд хотын төв хэсгээс дайчиж зах хэсэг рүү нь шилжин байршиж байж болох юм гэжээ. Түүнчлэн манай хотод одоогоор эрүүл цэцэрлэг гэж бараг байхгүй болсон. Засгийн газрын ордны арын цэцэрлэг л ганцаараа эрүүл байж магадгүй. Ногоон байгууламж цөөрхийн хэрээр манай хотын шувуудад ч сөргөөр нөлөөлдөг учир хотынхоо ногоон үзэмжинд анхаарал хандуулах нэн хэрэгтэй байна. Учир нь хотод маань зөвхөн хүмүүс бид дангаараа амьдардаггүй, тиймээс шувуудынхаа гэр оронг сүйтгэхгүй байх хэрэгтэй байна. Боршувуунууд маань зуны улиралдаа шавж, үр зэргээр хооллож хотын ногоон байгууламжуудыг хамгаалахаас гадна, үр тарааж ургамалын ургалтын өргөжүүлж байдаг маш чухал ач холбогдолтой юм.     
Шувуудаа хайрлаж амьдаръя!

2 comments:

  1. I guess Rock Sparrow was not included because it is in different genera, Petronia.

    ReplyDelete