Wednesday, January 22, 2014

Өнгөт бөгж бүхий идлэг шонхорыг ажиглаарай!

Монголын байгаль орчны яам (хуучин нэрээр), Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Дабигийн Байгаль орчны агентлагийн хооронд 2010 онд махчин шувуу хамгаалах санамж бичгийг баталсан ба уг санамж бичгийн хүрээнд Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Английн олон улсын зэрлэг амьтны зөвлөх компани хамтран хэрэгжүүлж буй Монгол орны Идлэг шонхорын судалгаа ба хамгаалал төслийг хэрэгжүүлдэг билээ. Төслийн хүрээнд 2010 онд Монголын зүүн болон төвийн бүсийн хээрт 5000 хиймэл үүрийг байрлуулсан. 
5000 хиймэл үүр бүхий газрын байршил зураг
Эхний жил буюу 2011 оны үржлийн улиралд нийт хиймэл үүрний 12%-д идлэг шонхор, начин шонхор, шилийн сар, хон хэрээ үүрлэсэн.  Хиймэл үүрэнд үүрлэх шувуудын хувь тасралтгүй өссөөр 2013 онд нийт хиймэл үүрний 68%-д шувууд үүрлэв. 2013 онд хиймэл үүрэнд 1364 үржлийн хос начин шонхор, 383 үржлийн хос шилийн сар, 386 үржлийн хос хон хэрээ үүрлэв. Харин бидний төслийн зорилтот зүйл болох идлэг шонхорын 574 үржлийн хос үүрлэж 1707 ангаахай амжилттай нисэв. Үүрнээс ниссэн бүх ангаахайг өнгөт бөгжөөр тэмдэглэсэн. 
Хиймэл үүрэнд үүрлэсэн идлэг шонхор ангаахайнуудын хамт
Энэхүү өнгөт бөгжинд цагаан дэвсгэр өнгө дээр хараар бичсэн ба эхний тэмдэгт нь англи үсэг,  хоёр болон гуравдугаар тэмдэгт нь тоо байна. Бөгжний өндөр 25 мм. Бүх бөгжийг ангаахайн баруун хөлд зүүсэн ба бөгжинд дээрх мэдээллийг уншихдаа дээрээс доош нь уншина. Уг бөгж дээр Монгол, Англи, Хятад хэлээр “ олдвол мэдэгдэнэ үү” гэсэн өгүүлбэр байх ба хоёрдахь мөрөнд холбоо барих утасны дугаар: 94177341, цахим шуудангийн хаягийг (info@wscc.org.mn)  бичсэн.
Баруун хөлдөө бөгжтэй залуу идлэг шонхор
Энэхүү төслийн нэн тэргүүний  зорилго нь үржлийн мониторингийн мэдээлэлд түшиглэн тогтвортой ашиглах загварыг боловсруулах явдал хэдий ч бид шувуудын тархалт, нүүдэл шилжилтийг жилийн турш судлахыг мөн зорьж байна. Тийм учраас та бүхний бөгжтэй шувууг харсан мэдээлэл бидэнд маш их ач холбогдолтой. Идлэг шонхор ажигласан бүх ажиглагчид шувуу бөгжтэй байгаа эсэхийг шалгах, бөгжний дугаарыг уншихыг хичээгээрэй. Үүнийг дуран, гэрэл зургийн хэрэгсэл ашиглаж харах боломжтой юм.
Бөгжнүүдийн харагдах байдал
Та бөгжтэй идлэг шонхор ажигласан бол харсан газар (боломжтой бол GPS цэг), ажигласан он сар өдөр, харсан бөгжний дугаар болон холбогдох бусад мэдээллийг info@wscc.org.mn цахим шуудангаар эсвэл 94177341 дугаарын утасруу мессэж илгээн бидэнд мэдэгдэнэ үү.
Бөгжтэй шувууг ажиглагласан хүн тухайн шувууны гарал үүслийн талаарх мэдээллийг сонирхвол биднээс авч болох ба таны өгсөн мэдээлэл бидний судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Г.Батбаяр
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв

No comments:

Post a Comment