Monday, March 24, 2014

Саарал ордноос Сонгины булан руу "дүрвэгсэд"

Эх сурвалж: http://www.24tsag.mn/content/52479.shtml

“Хүрээлэн. Амьд ертөнцийн цуврал” Улаанбаатар орчимд өвөлждөг шувуудын талаар өгүүлэх гэж байна. Өмнө нь “Хүрээлэн” төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.ГАНБАЯР-ын бүтээлийг тус төслийн продюсер М.Буянбадрахын тайлбараар хүргэж байсан уламжлалаа энэ удаа ч үргэлжлүүлж байна.
Энхэт бялзуухай
Утаа униар, замын түгжрэл, ярайж чихэлдсэн байшин сав, яарч хөлхсөн хүн зоноос гадна үзэсгэлэнтэй сайхан шувууд нийслэл орчмоор маань элбэг. Бид шувуудыг өөртөө ойр байдаг болжмор, тагтаа, хэрээ төдийхнөөр төсөөлдөг. Харин өдөр болгон хардаг эдгээр шувуудаа яаж амьдардаг, юугаар хооллодог, хэрхэн үрждэгийг ч бид тэр бүр мэддэггүй. Шувуу ажиглах, гэрэл зургийг нь авах дуртай болсон хүн нэг л орсон бол харин энэ сайхан дуршлаасаа буцаж салахын аргагүй болдог гэж шувуу ажиглагч, сонирхогч олон хүн хэлдэг юм.  “Хүрээлэн” төслийн баг Монголын шувуу ажиглагчдын клубын залуустай зам нийлэн өвлийн жавартай өдөр Сонгины буланг зорилоо.
Энхэт бялзуухай
Сонгины буланд бидний хамгийн анх ажиглан харсан шувуу бол шивэр энхэт бялзуухай. Нэрнээсээ эхлээд өвөрмөц энэ зүйл бялзуухай манай хотод 1990-ээд оноос өмнөхөн харьцангуй олон тоогоор ирж өвөлждөг байсан тухай судлаачид ярьдаг. Учир нь тэр үед Улаанбаатар хотын маань цэцэрлэгт хүрээлэнгүүдэд жимсний мод ихтэй байсан байна. Харин өнөөдөр манай нийслэл хотод жимсний модтой цэцэрлэг байтугай эрүүл цэцэрлэг их л цөөхөн үлджээ. Тиймээс шивэр энхэт бялзуухай идэш тэжээлийнхээ хүрэлцээтэй газраа дагаад сүүлийн хэдэн жил Сонгинод их үзэгдэх болсон тухай Монголын шувуу ажиглагчдын клубынхэн ярьж байна. Одоо Улаанбаатарт төрийн ордны хойд талын цэцэрлэгийн баруун урд үзүүрт энхэт бялзуухай ирж өвөлждөг нь судлаач, сонирхогч нарын очиж ажиглах дуртай газрын нэг.
Хондон ангир
Хавар болж дулаан оронгуут бидний харж байгаа энэ гоёмсог бялзуухайнууд хойшоо Сибирь рүү буцдаг. Өвөлдөө жимсээр хооллодог бол зуны дулаан цагт энхэт бялзуухайны дуртай зоог шавж хорхой болно. Өвлийн сүүл, хаврын эхэн сард эр эм шувууд хосоо үүсгэн бие биендээ жимс дамжуулж өгсөнөөр үржлийн үе нь эхлэнэ. 2012 оны өвөл энхэт бялзуухай манай хот орчимд маш цөөн тоотой өвөлжжээ. Энэ нь тэр жил энхэт бялзуухайны өвлийн идэш болох үрэл жимс бага ургасантай холбооотой гэнэ.
Харин энэ бол ангир. Халуун дулаан орныг зорин сэрүүн намраар нүүгээд явчихсан гэж бодож байсан хондон ангир цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн хөлдөөгүй хаягдал усанд өвөлжиж байгаа нь энэ. Хондон ангир манай оронд түгээмэл тархалттай нугас юм. Улаанбаатар хотын орчим жилийн аль ч улиралд Туул голын дагуу харагдана. 

Өвөл бол Туул гол болон Ногоон нуур орчмын харзалсан хэсэгт 200-300 орчим тоотойгоор жил бүр өвөлждөг 6 зүйл нугасны нэг. Үржлийн үед хавар эрт хосууд үүрлэх орчноо хайж хад, орхигдсон худгийн дээвэр, айлын хуучин өвөлжөө болон тарваганы нүх зэрэг газар үүрлэж, 5-8 өндөг гаргана. Эр нь биеэр эмээсээ том бөгөөд үржлийн үедээ илүү улбар шаргал өнгөтэй болдог. 
Хондон ангир
Танилцагтун, энэ шувууг эгэл зана гэдэг. Энэ зүйл шаазгай нь манай хотын эргэн тойронд байх холимог ойд, бас Туул голын бургас, Их Тэнгэрийн ам хавьд таарна. Өвөлдөө энхэт бялзуухайтай адил жимсээр хооллоно. Эгэл зана бол эгэлгүй үзэсгэлэнтэй шувуудын нэг. Бас уянгалаг сайхан жиргэнэ. 4 м гаруй өндөр өргөн мод бутанд үүрээ засч, 4-7 өндөг гаргадаг энэ шувуу үржлээс бусад үед олноор сүрэглэхгүй, ихэвчлэн хосоор амьдардаг. Бидний харж буй энэхүү эгэл зана эм нь. Нас бие гүйцсэн эр нь цээж хэвлий хэсгээр улаан ба эмэгчин, залуу шувуу нь саарал цээжтэй ажээ. 
Харин энэ бол хар тоншуул. Манай оронд 7 зүйлийн тоншуул амьдардаг бөгөөд  “Ард түмний гавьяат” гэдэг шиг “Ойн эмч” хэмээх эрхэм алдрыг энэ шувуу хүртсэн юм. Эвэрт цох, төөлүүр зэрэг модны дайсан болох шавьжаар хооллодог учраас тоншуул гуай энэ эрхэм алдартайгаа дархан цаазат амьтдын жагсаалтад багтжээ. Энэ зүйл тоншуул нь нүүдэггүй бөгөөд манай хотын эргэн тойрон дахь холимог ойд амьдарна. Урт, том хошуутайгаас гадна хүзүүний бучин нь маш хүчтэй хөгжсөн хар тоншуул үргэлжилсэн хүчтэй тоншилтоор идэш тэжээлээ олж иднэ. Модны гол хэсгийг тоншиж нүхлэн, түүнийгээ доош ухаж, том хөндий нүхийг бий болгочихно. Хар тоншуулын хамаг хүчээ шавхан гаргасан энэхүү нүх нь ойд амьдрах бусад шувууд болон жижиг хөхтөн амьтдын үүрлэх орчин болдог юм.  
Хар тоншуул

Энэ өдрийн аяллаараа бид Сонгино орчимд 10 гаруй зүйлийн шувууд олж харлаа. Аз таарч ихэнхийг нь бас гэрэл зураг, дүрс бичлэгт үлдээн баталгаажуулж ч чадлаа. Шувуу бол ажигламаар, анзаармаар, хайрламаар, сайхан амьтад гэдгийг эцэст нь хэлье.

1 comment: