Saturday, January 4, 2014

“Монгол орны жигүүртэн амьтад-2013” гэрэл зургийн уралдааны шилдэг зургууд шалгарлаа

Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клубын хамтран зохион байгуулдаг “Монгол орны жигүүртэн амьтад-2013” гэрэл зургийн уралдаан амжилттай өндөрлөж байна.
Уг уралдаан нь Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтдыг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих, жигүүртэн амьтдын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Энэ жилийн гэрэл зургийн уралдааны шилдэг зургуудыг шалгаруулах үйл ажиллагаа өнөөдөр Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн оффисд явагдаж дууслаа. Нийт 42 оролцогчдын 74 зүйлийн 192 зураг энэ жилийн уралдаанд ирлээ. Нийт 192 зургаас 4 зургийг шилдэгээр шалгарууллаа. Үүнд: эхний 3 байрны “Шилдэг зургууд”-аас гадна “Ховор шувуу” гэсэн ангилалд 1 зургийг шалгаруулсан.
Жил бүр 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шилдэг зургуудыг шалгаруулах үйл ажиллагаа болдог. Энэ жилийн зургийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд:
1.    ШУА, Биологийн хүрээлэн, Шувуу судлалын лабораторийн эрхлэгч, Доктор Н.Цэвээнмядаг
2.    МУИС, Биологи-Биотехнологийн сургууль, Амьтан судлалын тэнхимийн багш Н.Батсайхан
3.    Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал, шувуу судлаач Доктор Б.Нямбаяр
4.    Шувууны гэрэл зурагчин, шувуу ажиглагч Л.Жаргалсайхан     
5.    Америкийн мэргэжлийн гэрэл зурагчдын холбооны гишүүн Н.Гансүх
6. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн захирал, гэрэл зурагчин  У.Ганбаяр нарын шүүгчид байлаа.
Бид бүхний урилгыг хүлээн авч, зав гарган энэ жилийн зургийн уралдааныг шүүж өгсөн бүх шүүгчиддээ Клубын бүх гишүүдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Ямар зургууд энэ жилийн уралдаанд шилдэгүүдээр шалгарсныг зарлахгүйгээр энэ удаа сюрприз болгон үлдээлээ. Энэ сюрпризээ 1 сарын 11-нд Sweet café-d болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 2 уулзалт дээр зарлана. Бүгдээрээ Sweet café-д уулзацгаая!


Жич: Энэ жилийн шувуу ажиглагчид, сонирхогчдын Sweet café-д болох уулзалт дахин тах-гүй болсон. Уулзалт болох газрын түрээсийн үнийг Зэрлэг амьтан судлах хамгаалах төв дахин санхүүжүүлэхээр боллоо. Sweet café хоолоор үйлчлэхгүй,тиймээс хоолоо сайн идээд ирээрэй, зөвхөн уух зүйсээр үйлчлэх тул Та бүхэн өөрсдийн уух юмныхаа мөнгөтэй ирээрэй. 

No comments:

Post a Comment