Monday, January 13, 2014

Монголын шувуу ажиглагчид, сонирхогчдын 2 дугаар уулзалт болон "Монгол орны жигүүртэн амьтад 2013" гэрэл зургийн уралдааны мэдээ

Монголын шувуу ажиглагчдын клуб, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн хамтран зохион байгуулсан Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 2014 оны уулзалт энэ сарын 11 нд Sweet cafe-д амжилттай болж өндөрлөлөө. Уулзалт хөтөлбөрийн дагуу ирсэн хүн бүрийн FB cover танилцуулгаар эхлэсэн. Энэхүү уулзалтыг зохион байгуулхад туслаж дэмжсэн Sweet cafe-ны хамт олондоо талархсанаа илэрхийлье.
Уулзалтын баннер
2014 оны Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 2-р уулзалтын хамт олон
Уулзалтанд нийтдээ 50 орчим хүн оролцсон. Хөтөлбөрийн дагуу Шувуу ажиглагчдын клубын танилцуулга, Шувуу ажиглах хобби ба байгаль хамгаалал илтгэл, “Монгол орны жигүүртэн амьтад-2013” гэрэл зургийн уралдааны шилдэг зургийн эздэд шагнал гардуулах үйл ажиллагаа, Зураг төрсөн түүх, Клубын шинэ web site-ын танилцуулга, Клубын гишүүдийн дэмжлэгээр бүрдэж буй Мэдээллийн сангийн танилцуулга,  Л.Жаргал ахын шинэ номын танилцуулга болон бүх хүмүүсийг хамруулсан Шувуудыг Монгол нэршлээр нь хэн сайн мэдэх вэ? хөгжөөнт тоглоом, чөлөөт ярилцлага зэрэг олон хөтөлбөртэй болж өндөрлөсөн.
Уулзалтын үеэр үзэсгэлэн худалдаанд гарсан номууд  
Уулзалтын үеэр Монгол орны шувуудын чиглэлээр хэвлэгдсэн сүүлийн үеийн шинэ номнуудаар үзэсгэлэн худалдаа гарсан, мөн Клубын гишүүн Ц.Пүрэвсүрэн өөрийн хэвлүүлсэн Хан богдын шувууд (120 зүйлийн шувуудын фото зурагтай) номыг хүн бүрт тараав.
Уулзалтын турш Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэтрүүлгийн хамт олон оролцож, бичлэг хийсэн. Мөн Монгол HD телевиз уулзалт болон зургийн уралдааны талаар нэвтрүүлж, зарим гишүүдээс ярилцлага авлаа. Хүрээлэн амьд ертөнцийн цуврал нэвтрүүлгийн уран бүтээлчдэд цаашдынх нь ажилд өндөрөөс өндөр амжилт хүсье.
Шувуу ажиглагч, сонирхогч нар
“Монгол орны жигүүрэн амьтад 2013” гэрэл зургийн уралдааны шилдэг зургийн Тэргүүн байрыг Б.Сүхболд Монгол хилэнжигүүрийн өндөгөө хамгаалан Монгол цахлай руу дайрч буй зургаараа эзэлсэн бол 2 дугаар байрыг Б.Отгонбаяр Ойн төгөлд модны мөчир дээр сууж буй Хув бэгбаатарын зургаараа, 3 дугаар байрыг П.Амартүвшин Хармаг дээр сууж буй Цөлийн зэржгэний зургаараа тус тус эзэллээ. Харин “Ховор шувуу” гэсэн ангилалд зөвхөн нэг зургийг шилдгээр шалгаруулсан бөгөөд энэ төрөлд Г.Амархүүгийн Халх гол орчимд дарсан Саарал зуунхургын зураг шилдгээр шалгарлаа.
Шилдэг зургийн Тэргүүн байрын эзэн Б.Сүхболд

Шилдэг зургийн 2-р байрын эзэн Б.Отгонбаяр 

Шилдэг зургийн 3-р байрны эзэн П.Амартүвшин

Ховор шувуу төрөлд Тэргүүн байр эзэлсэн Г.Амархүү
Энэ жилийн гэрэл зургийн уралдааныг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн нийт 192 зургуудаас хэд хэдэн нарийн шүүлтүүрүүдийг хийж, тунаж үлдсэн 9 зургаас 4 зургийг шилдгээр сонгосон бөгөөд үлдсэн 5 зургийн эздэд урамшуулал болгон Клубын гишүүн Л.Жаргал ахын саяхан хэвлүүлсэн “My birding collections 2012-2013 номыг өгөхөөр шийдвэрлэсэн.  Дээрх 4 шилдэг зургуудаас гадна, тунаж үлдсэн 5 зураг бол: Б.Батмөнхийн Холтсон гоётуул, Ц.Пүрэвсүрэнгийн Алтайн хойлог, Ц.Зулбаярын Цагаагчин халбагант, Т.Гансүхийн Нургийн сойр, Г.Ариунчулууны жаргаж буй нарны өмнө нисэж Гангар хун зэрэг зургууд байв.
Байр эзэлж чадаагүй ч шилдэг 9-т тунасан зургууд
2013 оны зургийн уралдаанд 42 оролцогчдын 74 зүйлийн шувуудын нийт 192 зураг өрсөлдсөн. 2013 оны шувууны гэрэл зургийн уралдаанд ирсэн бүх зургуудыг доорх линкээс үзээрэй. 
https://www.facebook.com/media/set/?set=a.628782737167716.1073741827.173406369372024&type=1
2013 оны уралдаанд зургаа ирүүлсэн бүх оролцогчиддоо баярласнаа илэрхийлж, 2014 оны Монгол орны жигүүртэн амьтад гэрэл зургийн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн ерөөе!.  
Зургийн уралдааны шагналын санд: Өргөмжлөл, Японд үйлдвэрлэсэн 10*42 өсгөлттэй Cabela’s брэндийн хоёр нүдний дуран, Монгол орны шувуудад чухал газар нутгууд ном, Монгол орны түгээмэл шувуудыг таних ном, Монгол орны идлэг шонхор ном, Европын шувууд ном, Шувууд Монголын нэг гайхамшиг цомог, My birding collections 2012-2013 цомог, Хан богдын шувууд ном, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн лого бүхий малгай зэрэг байлаа.
Шилдэг зургийн эзэд
Энэ жилийн зургийн уралдааны эздийн шагналын номнууд
Энэхүү шагналын санд өөрсдийн хэвлүүлсэн номоо хандивласан дээрх номын бүх зохиогчидод болон энэ жилийн уралдааныг дэмжсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яам-д баярласнаа илэрхийлье. Уулзалтын үеэр Монголын шувуу ажиглагчдын клубын үйл ажиллагааг үргэлж дэмжин, өөрийн үнэтэй зөвлөгөөг харамгүй хайрлаж байдаг явдалд талархан Л.Жаргал ахдаа Клубын хамт олноос Талархалын бичгийг хадгалуулав.
Уулзалтанд оролцсон бүх гишүүдийг хамруулан Шувуудын Монгол нэршлийг хэн сайн мэдэх вэ хөгжөөнт тоглоом зохион байгуулсан бөгөөд энэ тэмцээнд Ж.Болдбаатар түрүүлж My birding collections 2012-2013 цомогоор шагнуулав.           

Уулзалтын 2 дахь өдөр буюу Шувуу ажиглах аялал

Уулзалт болсны маргааш өдөр нь Сонгины хайрхан уул руу шувуу ажиглах аяллыг зохион байгуулсан. Хөтөлбөр ёсоор шувуу ажиглагчид Сүхбаатарын талбайн баруун талд Хөрөнгийн биржийн урд 09:00 цагт уулзацгаасан. Нийтдээ 20 гаруй хүн шувуу ажиглалтанд оролцсон. 
Шувуу ажиглах аяллын гишүүд
Энэ өглөө цаг агаар маш хүйтэн (-340с) байсан хэдий ч бид Сонгиныг зорьсон. Сонгинод биднийг ирэхэд цэнхэр цанцаахай, энхэт бялзуухай зэрэг шувууд эхний шувууд байв. Шувуу ажиглалт эхлэхийн өмнө хоёр нүдний дурангийн хэрэглээ болон дурангаа ашиглан бусаддаа харсан шувуугаа хэрхэн зөв, оновчтой зааж өгөх зэрэг шувуу ажиглагчдын мэдэж байх ёстой арга зүйн талаар яриа хийсэн. Үүний дараа гишүүдээ 5 багт хуваан 1 цагийн хугацаанд хэний баг хамгийн их шувуу олж, таних вэ? бяцхан тэмцээнийг зохион байгуулсан. Баг тус бүр 12-18 зүйлийн шувуудыг ажиглаж бүртгэсэн байсан.
Пүрэвсүрэн ахлагчтай шувуу ажиглагчдын баг
Абу ахлагчтай шувуу ажиглагчдын баг
Идэрээ ахлагчтай шувуу ажиглагчдын баг
Батбаяр ахлагчтай шувуу ажиглагчдын баг
Амархүү ахлагчтай шувуу ажиглагчдын баг
Аяллын турш ажиглагдсан шувууд: Хондон ангир, зэрлэг нугас, Цэнхэр шаазгай, алаг шаазгай, номин хөхбух, хүрэнтолгойт хөхбух, их хөхбух, үүрэн сүүлтзана, эгэл зана, бага алаг тоншуул, өрнийн тоншголжин, энхэт бялзуухай, банхар булжуухай, дөлөн цэгцүүхэй, шунхан цэгцүүхэй, хөхвөр тагтаа, хар хэрээ, хон хэрээ, хээрийн боршувуу, нөмрөг тас, шоорон эвэрт болжмор, 
Энхэт бялзуухай


Өрнийн тоншголжин

Эгэл зана

Дуулгат хөмрөг

Дөлөн цэгцүүхэй

1 comment: