Wednesday, January 16, 2013

Энэ өвөл Сонгины амралтын орчим цөөхөн шувууд өвөлжиж байна

Тэмдэглэл бичсэн: Хуягаа (Монголын шувуу ажиглагчдын клуб)


1 сарын 12 ны Улаанбаатар орчимд өвөлжиж буй шувуудын ажиглалт

Энэ удаагийн шувуу ажиглах аялал маань том бүрэлдэхүүнтэй явсан. Нийтдээ 15 хүн байсан бөгөөд үүнээс 2 нь дунд сургуулийн хүүхэд байв. Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүдээс эхлүүлээд, Биологийн хүрээлэнгийн шувуу судлалын лаборатори, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн гишүүд, номадик экспэдицийн хүмүүс зэрэг олуулаа байлаа. Бид тохирсон ёсоор 12-ны өглөө 09:30 цаг орчимд Сонсголонгийн гүүрний ойролцоо уулзсан. 2013 оны Улаанбаатар хот орчмын анхны шувуу ажиглалтаа бид Ногоон нуур, Сонгино хайрхан уул, Богд хан уулын Зайсангийн ам, Туул голын Маршалын гүүрний орчмын бургастай хэсэгт хийв. 
Шувуу ажиглагчдын бүрэлдэхүүн
Энэ өдөр харьцангуй дулаахан, цэлмэг сайхан байсан. Биднийг өглөө 10:00мин үед Ногоон нууранд ирэх үед нуур дээгүүр уур савсаад түүний орчимд шувуу байгаа эсэхийг харах тун хүндрэлтэй байсан учир бид ярилцаад цааш Сонгино хайрхан уул руу явж шувуугаа ажиглаад өдөр тийш буцан нуураа дурандъя гэж тохиров. Учир нь үдээс хойш нарны илч сайн тул уур алга болон нууранд буй шувуудыг олж харах боломжтой болсон байх учиртай гэж шийдэв. Биднийг нуур орчимд байх үед нуурын зүүн хойд хэсгээс хондон ангир Tadorna ferruginea дуугарч харин 1 ширхэг зэрлэг нугас Anas platyrhynchos нуураас нисэн баруун зүг явсан. Бид нуурыг орхин бүгд Сонгино хайрхан уул руу чиглэн хөдлөв. Сонгино явах замдаа 10 орчим тооны монгол болжмор Melanocoripha mongolica, мөн тооны эвэрт болжморыг Eremophila alpestres хээр орчимд харав. Монгол болжморуудтай хамт 1 хадны боршувуу Petronia petronia байхыг харсан. Мөн хээрийн боршувууд ч мэр сэр ажиглагдаж байв. Бид Сонгинод ирэх үед өмнөх жилүүдийнхээс харьцангуй нам гүм байгааг мэдсэн. Биднийг энд 2012 оны 10 сард ирэх үед мөн шувууд цөөхөн байсан (http://www.birdsmongolia.blogspot.com/2012_11_01_archive.html) төдийгүй өмнөх жилүүдийнхтэй харьцуулхад жимс ч бараг ургаагүй байв. Энэ жил Сонгины ойролцоо жимс ургаагүй учир шувууд ч маш цөөхөн байсан. Бид энэ орчимд 1 банхар булжуухай Coccothraustes coccothraustes, 12 цэнхэр цанцаахай Cyanopica cyanus, 1 их алаг тоншуул Dendrocopos major, 1 хондлой цагаан тоншуул Dendrocopos leucotos, 10+дөлөн цэгцүүхэй Carduelis flammea, 2 анхидал ангир Tadorna ferruginea, 1 залуу цагаансүүлт нөмрөг бүргэд Haliaeetus albicilla, 2 зэрлэг нугас Anas platyrhynchos,  болон суурин байдаг хээрийн Passer montanus болон оронгийн боршувууд Passer domesticus, улаанхушуут жунгаа Pyrrhocorax pyrrhocorax, хон хэрээ Corvus corax зэргийг бүртгэв. Үнэхээр шувууд цөөхөн байлаа. 
 Эр, эм 2 залуу нарсны шүршүүр Pinicola enucleator (зургийг Хуягаа)
Бид эндээс хөдөлж Сонгины гүүрээр гарч Биокамбинатаар дайрч нисэхийн замаараа явж Зайсангийн амны гүнд байдаг Богд хан нэрт жуулчны баазад ирсэн. Бид шувуудаа ажиглахаар явахаасаа өмнө үдийнхээ цайг ууцгаав. Бид Зайсангийн амаа өгсөж алхацгаав, хамгийн түрүүнд таарсан шувуу маань нарсны шүршүүр байв. 
 Эм нарсны шүршүүр Pinicola enucleator (зургийг Батмөнх)
Эр, эм 2 залуу нарсны шүршүүр Pinicola enucleator ойн зах орчимд байх сибирь шинэсний оройн хэсэгт хооллож байгаатай таарав. Хэсэг нөхөд маань түрүүлж явсан байсан учир цөөн хэд маань чадлынхаа хэрээр зургийг нь дарсан. Эр шувуу нь гайхалтай сайхан улбар өнгөтэй, эм нь ногоовор өнгөтэй болсон байв. Абу энэ аманд 2 хоногийн өмнө ирсэн учир тэр үед ажигласан шувуудынхаа талаар мэдээллийг бидэнд өгч түүний хэлснээр бид амаа жаахан өгсөж явган замны хажууд чулуун дээр шувуудад зориулж тавьсан хоолтой 2 ширхэг цэг рүү өгслөө. Замдаа 4-5 ятга шаазгай Garrulus glandarius, 2 самарч шаазгай Nucigraga caryococatactes, өрнийн тоншголжин Sitta europae, цөөн тооны хүрэн толгойт хөхбух Parus montanus, нэлээд олон тооны хар толгойт хөхбух Parus palustris, 1 өдөрч хөхбух Parus ater, 2 их хөхбух зэрэг Parus major зэргийг харав.
 Өрнийн тоншголжин Sitta europae (зургийг Батмөнх)
Бид шувуудад хоол тавьж өгдөг цэг дээр ирэх үед энд 2 зүйл хөхбух болон өрнийн тошголжин байнга хооллодог болсон байв. Энэ нь бидэнд тэдгээр шувуудын зургийг маш ойроос авах боломжийг олгож байсан нь маш гайхалтай байсан. 
Хооллож буй хөхбухууд (зургийг Хуягаа)
Бид энэ орчимд зураг авч нэлээд удсан учир нар жаргахаас өмнө ойгоос гарахыг зорилоо. Та бүхэн ойн жижиг шувуудыг ойроос харахыг зургийг нь авахыг хүсвэл Зайсангийн ам руу өгсөж эдгээр хооллох цэгүүдийг сонирхоорой. 
 Зураг дарах сайхан боломж (зургийг Батмөнх)
Харин шувуудынхаа хоолыг нь нэмж өгөхөө мартваа. Зайсангийн амнаас бууж цааш хөдлөн Туул голын Маршалын гүүрний зүг хөдлөв. 
 Хооллож буй хөхбухууд (зургийг Хуягаа)
Бид Маршалын гүүр явж байх замдаа их тэнгэрийн амны ойролцоо 14 орчим тоогоор сүрэглэсэн дөлөн цэгцүүхэй Carduelis flammea харав. Маршалын гүүрний зүүн хэсэгт ажиглалтаа хийсэн бөгөөд хамгийн эхэнд харсан шувууд бол 2 ширхэг ууль Asio spp? байсан. Биднийг бургас руу орох үед үргэн ниссэн ба бид араас нь харж амжив. Харамсалтай нь энэ ууль маань чухам ямар зүйл байсныг шууд хэлэх боломжгүй байсан. Хулгар гуйвангуу Asio flammeus эсвэл соотон гуйванга Asio otus уу гэдгийг нь тодорхойлж чадаагүй юм. Үндсэндээ бол энэ орчимд тийм ч олон зүйл харж чадаагүй юм. Туулын энэ орчимд бид ердөө нэг үүрэн сүүлтзана Uragus sibiricus болон номин хөхбух Parus cyanus зэргийг харж чадсан. 
Үүрэн сүүлтзана (зургийг Хуягаа)
Маршалын гүүрний яг зүүн доод талын бургастай хэсэгт хэн нэгэн жижиг шувуудад зориулж модоор үүр хийж өгсөн байв. Харамсалтай нь энэ үүрний ам нь буюу нүх нь дэнүү том байсан. 
Маршалын гүүрний хажууд байсан шувууны үүр (зургийг Хуягаа)
Учир нь ийм том амтай үүрэнд жижиг шувууд үүрлэх боломжгүй юм. Энэ орчимд дагуур ятуу Perdix dauurica байдагийг бид өмнөх жилүүдэд хэд хэдэн удаа харж байсан. Харин энэ удаагийн ажиглалтаар харж чадаагүй, хэдий тийм боловч тэдний хоноглодог газрыг олсон юм. 
Дагуур ятуу хоноглосон газар (зургийг Хуягаа)
Ийнхүү бидний энэ удаагийн аялал маань нэг өдөрт маш олон газрыг шалгаж, маш сонирхолтой боллоо. Дараагийн ажиглалтаар тэр 2 уулийг хэн байсныг олж мэдэх л үлдлээ дээ.      

No comments:

Post a Comment