Монгол
Улсын Засгийн газар 1994 оноос эхлэн улсын төсөв бүрдүүлэхэд тодорхой
хувь нэмэр болгох үүднээс жилд дунджаар 200 орчим толгой идлэг шонхорыг
арилжааны зорилгоор гадаадад гаргадаг болсон. Тухайлбал, Арабын
орнуудтай эдийн засаг, найрсаг хамтын ажиллагааны хүрээнд 2000-2012 онд
нийтдээ 3041 толгой идлэг шонхорыг гадаадад арилжааны чиглэлээр
гаргасан байна. Сүүлийн долоон жилд гадаадад гаргасан идлэг шонхорын
төлбөр, хураамжийн орлогоос улсын төсөвт нийт 14.2 сая ам. доллар орсон
байна.
Монгол
Улсын эдийн засгийн өсөлттэй өнөө үед Байгаль орчин, ногоон хөгжлийн
яам ан амьтдыг барьж, агнуулж, гадаадад худалдаалан ашиг олох бус харин
экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор ан амьтдыг хамгаалж,
тоо толгойг өсгөх бодлогыг баримталж байна. Амьтны тухай хуулийн дагуу
идлэг шонхорыг тусгай зориулалтаар гадаадын иргэдэд бариулж, экспортлох
зөвшөөрлийг БОНХЯ олгодог. Амьтны тухай хуулиар Засгийн газар тухайн
жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг
тогтоодог учраас Засгийн газрын хуралдаанд идлэг шонхорыг арилжааны
зорилгоор 2013 оноос эхлэн гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох
саналыг БОНХЯ Засгийн газрын хуралдаанд оруулж идлэг шонхорыг 5 хүртэл
жил арилжааны зорилгоор гадаадад гаргахыг түр хориглов.
Идлэг
шонхорыг арилжааны чиглэлээр гадаадад гаргахыг түр хугацаатайгаар
хязгаарлах энэ хугацаанд өндөр хүчдэлийн шугамыг шувуудад ээлтэй болгох
стандартыг хэрэгжүүлэх, тоо толгойн хэлбэлзлийг тогтоох урт болон дунд
хугацааны судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, идлэг шонхор бүхий аймаг,
сумдын ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, тал
хээрийн экосистемийн үнэт баялаг, үндэсний бахархал шувууг хамгаалахад
төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл
ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Идлэг
шонхор нь дэлхий дээр өргөн уудам нутагт нүүдэллэн амьдардаг, 1990-ээд
оноос тоо толгой нь 30-60 хувиар буурсан учраас 2011 онд манай улсаас
бусад 10 гаруй орны популяцийг “Нүүдлийн зүйлийг хамгаалах олон улсын
Конвенц”-ийн I хавсралтад бүртгэж агнаж, барихыг хориглосон. Манай орны
идлэг шонхорын тоо толгой 1990-ээд оноос 59 хувиар буурсан байна. Монгол
улс идлэг шонхорыг хуулийн дагуу барьж, экпортолдог цорын ганц орон
байхаар олон улсын конвенцийн дээрх шийдвэр гарсан нь идлэг шонхорыг
импортлогч буй хэрэглэгч Арабын улс орны ашиг, сонирхолтой шууд
холбоотой юм. Идлэг шонхор нь “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн
ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенц”-ийн дагуу
хатуу хяналтын дор худалдаалахыг зөвшөөрдөг боловч олон улсаас тухайн
улс орныг заавал худалдаалахыг шаарддаггүй.
Манай
оронд 2010 оны байдлаар ойролцоогоор 6800 гаруй толгой идлэг шонхор
өндөглөн зусдаг, нүүдлийн боловч маш цөөн тоогоор өвөлждөг. Цөөн
тоогоор өвөлждөг идлэг шонхорын тоо толгойг өсгөх шаардлагатай юм.
Монгол Улсын хувьд идлэг шонхорын тоо толгойн элбэг, ховор байх нь
үндсэн идэш тэжээл болдог үлийн цагаан оготоно, бусад жижиг мэрэгч
амьтдын тоо толгойн өсөлт, бууралтаас шууд хамаардаг. Идлэг шонхор нь
тал хээрийн экосистемд бэлчээрийн мэрэгч амьтад тухайлбал үлийн цагаан
оготоны тоо толгойг хэт олширохоос урьдчилан сэргийлж зохицуулж байдаг
ач холбогдолтой. Манай Улсад нэгдүгээрт гадаадад гаргах зорилгоор нэг
настай бодгалидыг барих, хоёрдугаарт өндөр хүчдэлийн шугам дахь үүрийг
хавар зориудаар цэвэрлэн буулгаж өндөгийг сүйтгэх мөн өндөр хүчдэлд
цохиулж энддэгээс идлэг шонхорын тоо толгой буурах нөхцөл бүрдэж байна.
Эрчим хүч дамжуулах өндөр хүчдлийн шугам ялангуяа 15 КВ-ын шугамд жилд
дунджаар хамгийн багаар 200 орчим идлэг шонхор өндөр хүчдэлд цохиулж
эндэж байна. Манай яамнаас 15 КВ-ын өндөр хүчдэлийн шугамыг шувуудад
ээлтэй болгох загвар, стандартыг боловсруулж эрчим хүчний яамтай хамтран
шувуудад ээлтэй өндөр хүчдэлийн шугамын стандартыг хэрэгжүүлэхээр
ажиллаж байна.
Соёл,
спорт, аялал жуулчлалын яамнаас санаачлан идлэг шонхорыг Монгол Улсын
бахархалт шувуу болгон зарлаж тунхагласан нь энэ амьтны экологийн үнэт
шинжийг олон нийтэд таниулахад өндөр ач холбогдолтой болсон.
No comments:
Post a Comment