Sunday, December 9, 2012

Оюу Толгой - Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг өргөн тэмдэглэв-2012 оны 5 сарын 06

ОТ-н вэб сайтаас татав: http://ot.mn/sites/default/files/Community_Update_May_2012.pdf


Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтэсээс 2012 оны тавдугаар сарын 06- нд Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр (ДНШӨ)-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийг 2006 оноос эхлэн дэлхий даяар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад олон нийтийн мэдлэг, ухамсрыг дээшлүүлж, татан оролцуулах зорилго тавьдаг.
Нүүдлийн шувууд олон мянган км замыг туулан аялахдаа тив дэлхий, хүн төрөлхтний түүх соёлыг холбож байдаг. Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр нь жил бүр тодорхой уриатай зохион байгуулагддаг. Энэ удаа "Нүүдлийн шувууд ба хүн төрөлхтөн - бүхий л цаг хугацаанд хамтдаа" гэсэн уриатай боллоо. 

ОТ-н ажилчид Дэлхийн нүүдлийн шувууны өдрийн үеэр (зургийг П.Ганхуяг)

Зорилго
Уурхайн ажилчдын нүүдлийн шувуудын талаарх мэдлэг, ухамсрыг дээшлүүлэх, үүгээр дамжуулан байгаль хамгаалах ажилд бүх нийтийг татан оролцуулах.
Хамрах хүрээ
Бид Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг нүүдлийн шувуудын талаарх илтгэл танилцуулах, шувуу ажиглах аялал гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулсан. Үйл ажиллагаанд 30 хүн хамрагдсан ба Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн шувуу судлаач нар, мөн ОУСК-ийн зочид оролцсоноороо онцлог болсон юм.
Дэлхийн нүүдлийн шувууны өдөрт зориулсан үйл ажиллагаа өглөө 08:00 цагт Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн Биологийн олон янз байдлын судалгааны ахлах ажилтан С.Дорждэрэм, Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн шувуу судлаач П. Ганхуяг нар нээж үг хэлснээр эхэлсэн. Үүний дараа Оюу Толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн амьтан судлаач Ц. Пүрэвсүрэн "Шувуу ажиглах гэж юу вэ?", судалгааны ажилтан Б.Дашням "Шувуудын нүүдэл" сэдвээр илтгэл тавилаа. 

ОТ-н судлаач Ц.Пүрэвсүрэн сонирхолтой илтгэл өгөв

Ингээд оролцогчид шувуу ажиглах аялалдаа гарсан юм. Эхний шувуу ажиглах газар төслийн талбайн зүүн хэсэгт байрлах Хаягдал усан сан байсан бөгөөд бид энд усны болон эргийн шувууд харах зорилготой байлаа. Энэ усан санд бидний 2011 оноос хийж буй ажиглалт судалгаагаар олон төрөл зүйлийн нүүдлийн шувууд ирдэг нь тогтоогдсон юм. Дараагийн шувуу ажиглах газар уурхайн талбайгаас урагш 20 орчим км зайтай хоёр голын бэлчир байсан. Тэндхийн хайлаас мод, задгай устай булаг орчмоор бид махчин, жижиг болон эргийн шувууд харахаар очив. Сүүлийн шувуу ажиглах газар бол Ханбогд сумын төвийн ойролцоох Их булагийн ам. Энэ ам нь хоёр талаараа хадан хавцалтай, сайрандаа хайлаас, бургас, задгай булагтай шувууд олноор цугладаг газар юм. 

Ханбогд уул нүүдлийн жижиг шувуудад маш чухад газар (зургийг Соёлболд)

Аяллын туршид нийт 40 зүйлийн шувуу ажигласны долоон зүйл нь Монгол оронд суурин байдаг, 33 зүйл нь нүүдлийн шувууд байв. Эдгээр нүүдлийн 33 зүйлийн зургаа нь Оюу Толгойн орчмоор ирж үрждэг шувууд. 

Нүүдлийн ховор Реликт цахлайнууд ОТ-н цэвэршүүлэх усан санд (зургийг Ц.Пүрэвсүрэн)

Хурган шунгуурыг Оюу Толгой орчимд анх удаа тэмдэглэлээ. Мөн нэгэн зүйл Шийхнүүхэй Anthus roseatus - г Монголд анх удаа Оюу Толгой уурхайд байрлах хаягдал усан сангаас тэмдэглэж Монгол Улсын шувуудын зүйлийн бүрдэл нэгээр нэмэгдлээ. 

 ОТ-н судлаач Ц.Пүрэвсүрэн нэгэн зүйл Шийхнүүхэй Anthus roseatus-г Монгод шинээр бүртгэв (зургийг Ц.Пүрэвсүрэн)


Шувуу ажиглах аяллын төгсгөлд оролцогчдын дунд аяллын турш харсан шувуудын нэрийг хэн хамгийн олноор нь хэлж чадах вэ гэсэн уралдаан зохиож, Баяжуулахын хэлтсийн ажилтан Г.Энхтуул түрүүлж Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс гаргасан "Монгол орны түгээмэл шувуудыг таних ном"-оор шагнууллаа.
Түүнчлэн энэ үеэр ОТ-н Шувуу ажиглагчдын клуб шинээр байгуулагдсанд Монголын шувуу ажиглагчдын клубын нийт гишүүдийнхээ өмнөөс баяр хүргэе! 

Монголын шувуу ажиглачдын Клубууд маш олон болох болтгуай!

No comments:

Post a Comment