Нийтлэл бичсэн: П.Ганхуяг, Д.Батмөнх
Монголын шувуу
сонирхогч залуусын анхдугаар уулзалт 2012 оны 12 дугаар сарын 15 ны өдөр
Улаанбаатар хотод Sweet cafe-д боллоо. Уулзалт шувуу сонирхогч гишүүдийнхээ бүрэн
дэмжлэгийг авсны үндсэн дээр амжилттай болж өнгөрлөө.
Юуны түрүүн Монголын шувуу ажиглагчдын клубыг үүсгэн
байгуулагч, манай улсын шувуу сонирхогчдын хөдөлгөөнийг дэмжиж санхүү болон
арга зүйгээр байнга туслан ажиллаж байдаг Монголын зэрлэг амьтан судлах
хамгаалах төвөөс энэхүү анхны уулзалтын үйл ажиллагааг дэмжиж уулзалт болох
газрын түрээсийн зардалыг гаргасанд нийт гишүүдийнхээ өмнөөс
талархасанаа илэрхийлье.
Уулзалт 4 цагийн
турш маш халуун яриа өрнөсөн, их ажил хэрэгч уулзалт болж бэлдсэн хөтөлбөрийн
дагуу амжилттай явагдлаа. Нийтдээ 36 хүн цуглаж уулзалтын эхэнд бүгд өөрсдийгөө
дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтанд мэргэжлийн шувуу судлаачид, шувуу сонирхогчид,
мэргэжлийн болон сонирхогч фото зурагчид, аялал жуулчлалын хөтөч, менежерүүд
мөн оюутнууд гээд олон төрлийн мэргэжилтэй хүмүүс цуглалаа.
Шувуу сонирхогчдын анхдугаар уулзалтад оролцогсод
Уулзалтын үеэр олон
шувуу сонирхогч залуучууд цуглаж манай улсад хөгжиж байгаа шувуу ажиглах
хоббины (birdwatching)
талаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцаж, цаашдийн хамтын
ажиллагаа, Монгол дахь шувуу ажиглах аялалыг хэрхэн хөгжүүлэх зэрэг сонирхолтой
сэдвүүдээр яриа өрнүүллээ.
Уулзалтын хөтөлбөрийн
дагуу Монголын шувуу ажиглагчдын клубын зохицуулагч П.Ганхуяг “Шувуу ажиглах
гэж юу вэ” сэдвээр илтгэл тавьж, түүний дараагаар Монголын шувуу судлалын
нийгэмлэгийн гишүүн Д.Батмөнх шувуу сонирхогч залуусын цаашдын хамтын үйл
ажиллагаа, шувуу сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд “Өндөр жил - Big
year” шувуу сонирхогчдын уралдаант
тэмцээнүүдийг зохион байгуулах зэрэг сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг хийв.
Энэхүү хэлэлцүүлэгт гишүүд маань маш идэвхитэй оролцож өөрсдийн үзэл бодлоо
чөлөөтэй солилцсон. Мөн клубын гишүүд өөрсдийн бэлдсэн бичлэг болох Т.Оюунгэрэл
“Сойр шувуу”-ны, Л.Ариунзул “Начин шонхор”-ын талаарх сонирхотой бичлэгийг
үзүүлсэн нь уулзалтыг улам сонирхолтой болгосон.
Мөн Монголын зэрлэг
амьтан судлах хамгаалах төв болон Монголын шувуу ажиглагчдын клубээс хамтран
жил бүр уламжлал болгон зохиогддог Монгол орны шувууны фото зургийн уралдааны
2012 оны шилдэгээр шалгарсан зургуудын эздэд шагнал гардуулах үйл ажиллагаа эхлэж,
уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан Х.Түмэндэлгэр ах уралдааны шүүлтийн явц
болон шалгарсан зургуудын талаар гишүүдэд танилцуулав. Дашрамд дурдахад
Х.Түмэндэлгэр ах маань энэхүү уралдааны анхны тэргүүн байрыг 2009 онд Алтайн
хойлогын зургаараа авч байсан юм. Энэ жилийн уралдааны тэргүүн байранд Оюу
толгойн амьтан судлаач Ц.Пүрэвсүрэнгийн авсан Жороо тоодог болон Реликт цахлайн
зургууд дараалан тэргүүн болон дэд байр эзлэв. Гуравдугаар байранд Б.Баярын
нисэж буй хос Цэн тогорууны зураг, тусгай байранд Т.Хүрэлбаатарын үүрэндээ
өндөгөө дарж буй Гангар хунгийн зураг тус тус орлоо. Эдгээр нөхдөдөө шувуу
сонирхогч бүх хүмүүсийн өмнөөс дахин баяр хүргье. Шагнал гардуулах үеэр зөвхөн
Ц.Пүрэвсүрэн байсан бөгөөд Б.Баяр, Т.Хүрэлбаатар нар чухал ажилтай байсан тул
хүрэлцэн ирж чадсангүй. Шагналыг жич гардуулах болно.
Монголын шувууны фото зургийн уралдааны тэргүүн болон дэд
байрын эзэн Ц.Пүрэвсүрэн
Мөн уралдаанд ирсэн
бүх зурагнуудаас сонгон авсан шилдэг 20 зураг, мөн зурагчин У.Ганбаяр болон
Л.Жаргалсайхан нарын авсан нийт 18 зураг гээд нийт 40 орчим шувуудын зураг
бүхий үзэсгэлэн гарсан нь хүрэлцэн ирсэн хүмүүст барьсан томоохон гэнэтийн
бэлэг болж уулзалтыг чимсэн юм. Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэнг гаргахад
санхүүгийн дэмжлэг үзүүлэн шилдэг 20 зургийг мэргэжилийн студид угаалгах,
жаазлах зардалыг хувиасаа гаргаж хандивласан Жаргалсайхан ахдаа гүн талархаж
байгаагаа нийт гишүүдийнхээ өмнөөс илэрхийлье.
Уулзалтын төгсгөлд
нийт оролцогчдын дунд “Шувуудын нэрсийг Монгол нэршлээр нь хэн сайн, алдаагүй
нэрлэж чалах вэ” сэдэвт тэмцээн болсон бөгөөд тэмцээн маань ирсэн бүх гишүүдийг
хамарч маш өрсөлдөөнтэй болж, тэмцээнд Г.Амархүү түрүүлж, удаахь байрыг
Т.Оюунаа эзэлсэн. Энэхүү уралдааны 1 болон 2 дугаар байрны эздэд Н.Гансүх ах
маань өөрийн зүгээс 1 дүгээр байранд орсон хүнд “Дэлхийн шувууд” нэртэй ном, 2
дугаар байрны эзэнд “Шувуудыг дуугаар нь хэрхэн таних вэ?” сэдэвт DVD-ийг бэлэглэв. Энэ уралдааны шагналын санг хувиасаа
гаргаж залуучуудынхаа урамыг сэргээж, дэмжсэн Н.Гансүх ахдаа баярласан талархсанаа илэрхийлж байна.
Шувуудын нэрсийг Монгол нэршлээр хэлэх тэмцээний тэргүүн
байрны шагналт Г.Амархүү, Т.Оюунаа, болон уг тэмцээний шагналыг хувиасаа гарган
санхүүжүүлсэн Н.Гансүх нар
Уулзалтад ирсэн
хүмүүс энэ уулзалтаа цаашид жилд 1-2 удаа буюу хавар, намартаа зохион байгуулж
болох талаар ярилцаж, энэ талаар өөрсдийн санаа бодлыг Facebook группээрээ хэлэлцхээр болсон. Мөн уулзалтын үеэр клубын
үйл ажиллагааг өргөжүүлэх, тогтмолжуулах, логог шинэчлэх, шувууны аялалыг
зохион байгуулах, гишүүнчлэлтэй болох, олон нийтэд ажлаа хүргэх гээд олон чухал
асуудлууд хөндөгдөв. Мөн шувууны фото зургийн уралдаантай холбогдуулаад ирэх
жилээс ховор шувууны зургийн номинацийг тусгайлан гаргах нь зүйтэй гэсэн санал
гарч дэмжигдэв.
Н.Гансүх ах
уулзалтын үр дүнг “Пуужин хөөртлөө түлшнийхээ 80%-ийг зарцуулаад, цааш нь
20%-аараа амархаан явчихдаг юм гэнэ лээ. Шувуу сонирхогчдын пуужин хөөрлөө”
хэмээн үнэлэсэн сэтгэлээ клубын facebook дээр бичсэн нь уулзалтын үр дүнг базан
хэлсэн үг гэж бодож байна. Эцэслэж хэлэхэд бараг түүхэн уулзалт гэж хэлж болохуйц
Монголын шувуу сонирхогч залуусын анхдугаар уулзалтанд хүрэлцэн ирсэн бүх
хүмүүстээ дахин баярласан талархсанаа илэрхийлж, та бүгдийнхээ цаашдын үйл
ажилд өндөрөөс өндөр амжилт хүсье.
No comments:
Post a Comment