Wednesday, December 31, 2014
Thursday, December 11, 2014
Монгол шувуу ажиглагч, сонирхогчдын Гуравдугаар уулзалт
Сайн байцгаана уу, манай сайт руу хандан бидний мэдээллийг байнга үзэж сонирходог та бүхэнд маш их баярлалаа.
Монголын шувуу ажиглагчдын клуб, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв хамтран Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын уулзалтыг 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтын зорилго нь Монголынхоо ард, иргэд, хүүхэд залуусыг шувуу таних хоббид татан оруулах, шувуудын талаарх мэдлэг мэдээллийг олгох, шувуудын байгаль дахь ач холбогдлыг ойлгуулах, шувуу ажиглагч, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх юм. Шувуудыг таньж мэдсэнээр шувуудаа хамгаалах, амьдрах орчныг хайрлах сэтгэлгээ хөгжих учиртай билээ. Иймд бид эннэхүү уулзалтыг 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ. Энэ жилийн уулзалтаа 2015 оны 1 сарын 10 ны өдрийн 15 цагт Урлаг кафе-д (Соёлын төв ордны хойд талаас ордог) зохион байгуулахаар боллоо. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй хөтөлбөрийг доорх зараас үзнэ үү. Уулзалт маань ТАХ-гүй, харин идэх, уух зүйлсээ ороцогчид өөрсдөө худалдан авна. Фэйсбүүк хаягтай хүмүүс доорх хаяг руу хандан бүртгүүлж болно. https://www.facebook.com/events/1504435666503752/
Мөн дараах утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой: 70157886, 99156619, 88077576. Мөн та өмнөх уулзалтын буюу 2 дугаар уулзалтын талаарх мэдээллийг сонирхохыг хүсвэл дараах хаягруу хандан үзэх боломжтой: http://mongolbirdwatchclub.blogspot.com/2014/01/2.html
Монголын маань шувуу ажиглагч, сонирхогчид маш олон болох болтугай!
Tuesday, November 25, 2014
Монгол орны шувууны гэрэл зургийн уралдаан 2014
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран 2010 оноос эхлэн жил бүр Монгол орны шувууны гэрэл зургийн уралдааныг зарладаг билээ. Гэрэл зураг сонирходог болон шувуу ажиглагч, сонирхогч залуус та бүхнийг энэхүү уралдаанд өргөнөөр оролцохыг хүсье!
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж сонирхоно уу. http://mongolbirdwatchclub.blogspot.com/2014/10/2014.htm
Уралдаанд ирж буй зургуудыг доорх линкээр орж сонирхоно уу. https://www.facebook.com/media/set/?set=a.837724742940180.1073741831.173406369372024&type=1
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж сонирхоно уу. http://mongolbirdwatchclub.blogspot.com/2014/10/2014.htm
Уралдаанд ирж буй зургуудыг доорх линкээр орж сонирхоно уу. https://www.facebook.com/media/set/?set=a.837724742940180.1073741831.173406369372024&type=1
Sunday, October 19, 2014
"Хунгийн өнөр бүлийн нэгэн өдөр" тэмдэглэлээс
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/147606
Үндэсний портал GoGo.mn сайт гэрэл зураг болон шувуу сонирхогч, Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн Л.Жаргалсайхантай хамтран ажиллаж, түүний хийсэн сонирхолтой фото тэмдэглэлүүдийг уншигчиддаа сонирхуулж байгаа билээ. Тэрээр шувуудын зургийг авахын тулд хэдэн цаг, өдөр, сарын хугацааг зарцуулдаг төдийгүй тэдний талаарх мэдээллийг цуглуулж, уншиж судална. Зургийг нь дарахаар хэдэн цаг ажиглан суухдаа юу эсийг мэдэж авах билээ. Тиймээс Л.Жаргалсайханы фото зургийн аяллаа хийх явцдаа тэрлэсэн тэмдэглэлүүд та бүхэнд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
Л.Жаргалсайхан: Хунгийн өнөр бүлийн нэгэн өдөр /2014.9.27/
Өнгөрөгч Бямба гаригт үүрээр Гүнгалуутайн нуурыг зорьлоо. Нууран дээр намрын өглөө нар мандах үест их л сэрүүхэн. Ийнхүү эртлэн нуурын эрэгт ирсэн маань өнгөрсөн жилийн өдийд харсан хунгийн сүргийн нэгэн сонирхолтой үзэгдлийн зургийг авчих санаатай.
Хун бол төгс үзэсгэлэн, ихэмсэг сүр, үнэнч хайрын билэгдэл болсон шувуу. Энэ гайхалтай шувууг ажиглан суухад нэн ухаалаг, сүргийн өндөр зохион байгуулалт, дохио харилцаатай болох нь мэдэгдэнэ.
Хунгийн жижиг сүрэг хэдийн сэрээд нүүрээ угааж, далавчаа дэвж, өд сөдөө цэвэрлэнэ.
Гангар хун ихэнх цагаа усны мандал дээр амгалан тайван хөвөж, идээшлэн өнгөрөөнө. Хүн амьтан ойртвол жаахан дөлөөд, нуурын нөгөө эрэг руу алгуурхан холдоод явчихна. Энэ шувуу 8-20 кг жинтэй, бие нь 140-160 см, далавчаа дэлгэхэд 205-275 см урт ажээ. Том шувууд ер нь хүнээс үргэж цочих нь бага. Тэр бүрт уулга алдаад нисч буугаад байх нь өөрт нь тээртэй ч байдаг биз.
Нуурын зүүн хэсэгт миний сонирхсон таван дэгдээхэйтэй өнөр бүлээс гадна гурван дэгдээхэйтэй нэг хос, бас нэг гоонь бодгаль хөвж, идээшлэнэ.
Зарим дэгдээхэй нь хоорондоо их ойр дотно харагдана.
Энэ хоёр найз хамтдаа төрсөн бууцаа нэг эргээд үнэрлэж харагдсан.
Таатай мөчийг хүлээн хоёр цаг гаруй суулаа, нар ч хөөрлөө.
Эргээр гүйх ганц нэг жижиг эргийн шувууны зураг дараад суутал, гэнэт пид пад хийх их чимээ гарахад нь харвал, эцэг нь бололтой нэг том хун дэгдээхэйгээ дагуулаад усны мандал дээгүүр гүйж байлаа. Жин ихтэй, том шувуу болохоор нилээд урт зайд гүйж, далавчаараа ус алгадан байж эрч аваад хөөрнө.
Том нь дэгдээхийнийхээ агаарт хөөрөхийг харан хурдаа хасан үлдлээ. Гэтэл дэгдээхий агаарт хөөрөөд удсангүй, ганц нэг тойроод буучихав. Ингээд хэрэг ч мандлаа даа.
Өнөөх дэгдээхийг эцэг нь залхуурлаа гэж дургуйцэв бололтой, тойруулж хөөгөөд, ар нуруунаас нь хазаж чимхээд байгаа нь харагдана.
Дэгдээхий ч орилж ганганаад, далавчаараа ус алгадаад сүйд боллоо.
Ингэж байтал эх нь бололтой нас бие гүйцсэн нөгөө хун юу юугүй нөгөө хоёрын дээрээс шуугиад бууж, дундуур нь дайрч орон салгах нь тэр. Өнөөх залхуу “нөхөр” ч цээрлэлээс нэг юм салаад цаашлав.
Гэвч эцгийн уцаар тийм ч амархан арилсангүй. Ингээд гэр бүлийн хоёр ам мурийж, аль аль нь санасан бодсоноо илэн далангүй хэлж авав бололтой. Чанга чанга дуугаран ганганалдан, ус алгадах нь сүртэй.
Энэ хэрэг үүгээр ч дууссангүй, дараа нь эцэг эх хоёул хүүхдүүдээ цуглуулж баахан юм үглээд л байлаа. Залуус бас чиг дуугүй байсангүй, лав хоёр нь тайлбар тавиад байгаа бололтой, өөдөөс нь ганганана.
Удалгүй танил болсон өнөр бүлийнхэн маань ч тайвширлаа, би ч дуран камераа хураалаа. Бүтэн жил энэ л үйл явдлын зургийг дарахаар санаж явсан би гэж хүн зургаа авч чадсан эсэхээ шалгахаар яаран буцсан юм.
Хунгийн өнөр бүлийн ийм нэгэн үзэгдэл надад маш сонирхолтой, хүмүүн бидний амьдралын аяг ааштай ижилхэн бодогдсон билээ. Гэр бүлийн энэ нэгэн явдал их удаан, эхлэл, өрнөлтэй болсон мэт санагдсан ч камерын цагаа эргээд харвал ердөө 38 секунд л үргэлжилсэн байлаа.
Хун шувууд тун удахгүй хүнд хэцүү холын нүүдэлд гарна. Энэ хүнд давааны өмнө нисч сурах урлагт суралцахад хойргошоод буй зарим залуустаа эцэг эх нь нь ийнхүү ташуур өгдөг байж болох юм. Хун шувууны намар цагийн энэ ааш араншингийн тайлбарыг цахим сүлжээгээр хайгаад олсонгүй. Харин нүүдлийн өмнө нас бие гүйцсэн хун бусад шувуундаа ганганаа болон толгой болон далавчийн хөдөлгөөнөөр олон дохио зангаа өгч, цуваагаа нисгэж чиглүүлж явдаг тухай судалгаа байдаг ажээ. Энэ бяцхан түүх нислэгийн өмнөх бэлтгэлтэй холбоотой байж болох талтай ч судлаач бус учир мэдэмхийрэн тайлбар өгөхөөс зайлсхийв. Учир иймд шувуу сонирхогчийн өөрийн сэтгэгдлийг л тэрлэлээ.
Wednesday, October 8, 2014
МОНГОЛ ОРНЫ ЖИГҮҮРТЭН - 2014 ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны жигүүртэн” фото зургийн уралдаанаа тав дахь жилдээ зарлаж байна. Энэхүү уралдаан нь ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зарлагддаг билээ. Хамгийн сүүлийн буюу өнгөрсөн оны уралдаанд нийт 42 оролцогчид 74 зүйлийн 192 зураг ирүүлсэнээс 4 зургийг шилдэгээр шалгаруулсан.
Энэ жилийн уралдаан 2015 оны 1 сарын 07 хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа хугацаанаас өмнө info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү. Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна. Уралдааны дүнг 2015 оны 1 сарын 10-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 3 дугаар уулзалтын үеэр олон нийтэд зарлана.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж болно. Харин шувууны өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж болно.
Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-5 бүтээлээ явуулах ёстой. Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал сайн. Нягтшил хэт муутай зургийг оролцуулах боломжгүй. Зурганд засвар хийхийг хориглохгүй бөгөөд тэгэхдээ эвлүүлэг хийхийг хориглоно.
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас гадна, зурагчин өөрийн овог нэр, нас, мэргэжил, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой. Зурган дээр тамга байж болохгүй. Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчын эрх бүтээлээ ирүүлсэн зурагчинд хадгалагдах болно.
Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн албан ёсны facebook дээр байрлуулах юм https://www.facebook.com/pages/Wildlife-Science-and-Conservation-Center-of-Мongolia/173406369372024.
Шилдэг 3 зургийг тэргүүн байр эзлүүлэхээс гадна, ховор шувуудын болон ховорхон агшины номинаци тус бүрт нэг зургийг шалгаруулна. Байр эзэлсэн эздэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2015 оны 1 сарын 10-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 3 дугаар уулзалтын үеэр зохион байгуулна.
Тэргүүн байр 1 – Цом, гэрчилгээ, mini ipad, “Зүүн Азийн шувууд”, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном
Хоёрдугаар байр – . Гэрчилгээ, “Canon брэндын шагнал”, “Төв Азийн шувууд”, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном
Гуравдугаар байр – Гэрчилгээ, “Celestron” хоёр нүдний дуран, "Европын шувууд-Collins", “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном
“Ховор шувуу” номинаци –Өнгөт принтер, гэрчилгээ, “Зүүн Азийн шувууд”, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном
“Ховор агшин” номинаци – Тусгай шагнал, гэрчилгээ, “Зүүн Азийн шувууд”, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном
Уралдаанд оролцогсодтой и-майлээр холбоо барих бөгөөд ЗАСХТ, МШАК-ын facebook болон вебсайт дээр зарлах болно. Шалгарсан бүтээлүүдийг жил бүр нийтийн хүртээл болгодог. Жишээ нь: бид 2013 оны намар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хананд манай уралдаанд оролцогчдынхоо шилдэг зургуудаас олны хүртээл болгосон билээ.
Энэ жилийн уралдааныг ЗАСХТ, Canon ITZone, Таван Богд группын Таван Богд Менежемент ХХК, Тунгалаг Дуран, ивээн тэтгэж, шагналын санг бүрдүүлж байгаа, мөн Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам дэмжин оролцож байна. Дээрх байгууллагуудад болон хувь хүмүүст зохион байгуулагчид болон нийт шувуу ажиглагчид, байгальд хайртай хүн бүрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна.
Танд амжилт хүсье!
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб
Thursday, August 21, 2014
Л.Жаргалсайхан: Хөдөлгөөнтэй юмыг онож авна гэдэг хэцүү
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/144769
Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр байгальтайгаа зүй зохисгүй харьцах
болсон нь эх болсон дэлхийн маань оршихуй баталгаагүй болж эхэллээ. Тиймээс бид
маргааш гэж хойшлуулалгүйгээр хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж амьд
байгалийнхаа ширхэг бүрийг хайрлах зайлшгүй шаардлага тулгарчээ. Бусдын төлөө
бус өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө байгалиа хайрлаж хамгаалж
явахыг хүсье. Ингээд олныг нуршилгүй ярилцлагаа хүргэе.
(МОНГОЛ УЛСАД 500 ШАХАМ, УЛААНБААТАРТ 150-200 ГАРУЙ ЗҮЙЛ
ШУВУУ БИЙ)
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг
Ламжавын Жаргалсайхан гэдэг. Би гадаад харилцааны албанд 15 жил, уул уурхайн
салбарт 17 жил ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө уул уурхайн компанид ажиллаж
байхдаа байгаль орчны хэлтсийг давхар хариуцаж байлаа. Манай компани нөхөн
сэргээлт нэлээн сайн хийдэг учир үр дүнг нь үзье гэж бодоод манай залуу
судлаачдаар ан амьтан, ургамлын чиглэлээр судалгаа хийлгэсэн юм. Нөхөн сэргээлт
хийсэн эхний нэг жилд зэрлэг ургамал их ургавал хөрс сайн бэхжиж, уугуул өвс ургамал
төлжиж эхэлдэг. Үүнийг дагаад бичил биетэн өсч үржээд, цааш нь шавьж хорхой, шувуу амьтад ирж
экосистем нөхөн сэргэнэ. Тэгээд судлаачдын авсан шувуу, амьтдын гэрэл зургийг
нь сонирхлоо. Надад тэр нь их таалагдсан. Ингээд 2011 оны сүүлчээс шувууны
зураг авч эхэлсэн. Сүүлдээ маш сонирхолтой санагдаад бүх чөлөөт цагаа зориулдаг
болсон. Баасан гарагийн оройноос бүтэн сайны орой болтол зөвхөн шувууны зураг
авах, боловсруулах гэж л явна. Товчхон хэлбэл шувууны гэрэл зураг
сонирхогч.
Л. Жаргалсайхан, Цэн бүрдийн нуурны шувуу ажиглалт |
-Яагаад заавал шувуу гэж?
-Дээгүүр
нисч л байдаг энэ амьтныг хүн бүхэн анзаараад байдаггүй. Монголчууд нүүдэлч
соёлтой болохоор байгалиа их сайн мэднэ. Гэхдээ хойноос нь хөөцөлдөж явдаггүй.
Европ зэрэг тариачны суурин соёлтой ард түмэн тариа ногоогоо хамгаалахын тулд
шувууг мэдэх зайлшгүй шаардлага гардаг бололтой. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл
англи, америкчууд шувуу их сонирхоно. Энгийн нэг хүн л 60-70 зүйлийн шувууг
шууд нэрлэнэ.
-Сонин юм аа. Шувуу сонирхогчдыг ямар нэгэн бүлэг ангид
хуваах уу?
-Нэгдүгээрт,
шувуу ажиглагч, сонирхогч гэж байдаг. Дурангаар л шувуу хараад тэмдэглээд байна.
Шувуу сонирхогчдын дийлэнх нь энэ төрөлд багтана. Хоёрдугаарт, шувууны гэрэл зураг
сонирхогчид.
Шувуу
тэнгэрийн амьтан болохоор эрх чөлөөний билэгдэл юм. Хүн бүгдийг чаддаг ч
ганцхан нисч л чадахгүй. Харин фото зургийн энэ төрөл нь спортын зургийн адил хамгийн
хүнд хэлбэр. Хөдөлж байгаа юмыг онож авна гэдэг хэцүү. Том биетэй болон махчин
шувуунууд бол бас цөөн хором саатаж сууна. Харин жижиг шувууд бол маш их
хөдөлгөөнтэй. Цөлийн зэржигэнэ гээд говь цөлийн бүсэд бутанд үүрлэж амьдардаг нэг
жижиг шувуу бий. Зүгээр сууна гэж байхгүй.
Цэцгэн дээр түр саатсан Эгэл шулганаа (Saxicola t. maurus) |
-Аль нутгаар ховор шувуу элбэг байдаг вэ?
-Эх
орныхоо баруун хязгаараас бусад газраар явлаа. Дорнодын Дагуур, Нөмрөг сум их
ховор шувуудтай. Канад, Герман, Тайланд гээд гадагшаа бас явна. Алаг тогорууны
зураг авах гэж Япон луу явж байлаа. Ер нь шувуу байгаа л гэвэл алба амины далим
гарахаар камераа үүрээд гараад явчихдаг.
Алаг тогоруу (Grus japonensis) |
-Та хэдэн төрлийн шувуу мэдэх вэ?
-Тэднийг
мэднэ гэж хэлэх хэцүү. Яагаад гэвэл нэрнээсээ эхлээд шувуу бүр дээр хаяж
зургаан үг тогтоох хэрэг гарна . Жишээ нь, энэ нисээд байгаа шувуу гэхэд л
хондлой цагаан ураацай гэдэг нэртэй. Дээр нь латин, англи нэршлүүд нэмэгдэнэ.
Хэдэн шувуу таньдаг болж байгаа. Харин надад бол 287 зүйл шувууны сайн муу зураг
бий.
Угалзан ууль (Strix nebulosa) |
-Тийм олон төрөл байх нээ?
-Монголд
гэхэд 500 шахам зүйл шувуу бий. Түүнээс 100-аад нь суурин амьдардаг, 200 орчим
нь нүүдлийн шувуу, 100 нь дайран өнгөрдөг. Үлдсэн 100-г нь бол би хэзээ ч үзэж
чадахгүй гэж бодоод байгаа юм. Яагаад гэхээр тэр нь Монгол оронд маш ховор буюу
тохиолдлын чанартай таардаг юм. Ер нь манайх их олон ховор шувуутай орон.
-Улаанбаатарт хэдэн зүйлийн шувуу байдаг бол?
-Нүүдлийн
шувуудаа оруулаад 150-200 орчим зүйлийн шувуу нийслэлд бий. Улаанбаатарын
шувуудын талаар судлаач залуус маань ном хийхээр төлөвлөж байгаа гэсэн.
Шивэр энхэтбялзуухай (Bombycilla garrulus) |
-Тэгвэл шувуу сонирхогч Улаанбаатарт хэр олон байдаг юм
бол?
-Шувуу
сонирхогч 70-80 хүн байдаг. Өвөл Сонгинын аманд -34 хэмийн хүйтэнд шувуу харах
гээд явахад 30-аад хүн цуглаж байсан. Ихэнх нь зүгээр л шувуу харах гэж, зарим
нь зургийг нь дарах гэж. Хоттой ойролцоо шувуу ихээр цугладаг газар бол Туулын
шугуй, Сонгинын булан дахь хотын цэвэрлэх байгууламжаас гарч буй дулаан урсгал
усанд дээр их цугладаг. Органик гаралтай арьсны ялзмагууд ихээр гардаг гэсэн
үг. Энийг дагаад ангир, энхэт бялзуухай, дөлөн цэгцүүхэй, тоншуул гэх мэт
арваад төрлийн шувуу цуглана.
ХОНДЛОЙ ЦАГААН УРААЦАЙН ЗУРГИЙГ АВАХЫН ТУЛД ТАГТАН ДЭЭРЭЭ
САРЫН ХУГАЦААНД ОРОЙ БҮР ЗОГССОН
-Зураг авахаар гарах боллоо гэхэд таны
үүргэвчинд юу юу ордог вэ?
-Дуран,
камер, батерей, запас батерей, гурав дөрвөн карт, дуран цэвэрлэдэг үлээгүүр,
жижиг багажнууд, камерын хөл. Хувцасны тухайд цагаан цамц болон тод өнгийн
зүйл, хүний арьсны өнгө, шулуун тэгш хэмтэй камерын хөл зэрэгт шувуу маш
дургүй. Байгаль дээр шугам шиг төгс шулуун мод байдаггүй учраас тэр л дээ.
Гэхдээ энэ мэт сонголтууд нь үнэндээ шувууг биш өөрийгөө л хуурч байгаа хэрэг.
Шувуу тэртэй тэргүй чамайг түрүүлж харна. Махчин шувуу гэхэд 1-2 км-ын зайд
хардаг. Хүн бүргэд шиг хурц хараатай байна гэвэл бидний нүд тавагны хэмжээтэй
байх ёстой гэсэн. Ойртуулахын тухайд гэвэл махчин шувуу 50-60 метр, жижиг
шувууд 20 орчим метрийн зайд өөрийн орон зайгаа хадгалдаг.
Ооч ёл (Gypaetus barbatus) |
Эгц
хойноос нь эсвэл эгц өөдөөс нь шууд чиглээд очвол байгалийн амьд амьтан
зөнгөөрөө үргэнэ. Тийм болохоор чиглэлээ олон удаа өөрчилж байж очдог. Хэрвээ
шувуу сэртэлзээд эхэлбэл хөдлөхгүй зогсоно. Ингэж явсаар байгаад аль болохоор ойртож
байж зургийг нь авдаг. Үргээж цочоохоос аль болох зайлсхийнэ. Мөн мэдээж гэрэл
хэрэглэхгүй.
-“Ийм шувууны зургийг авья даа” гэх санаагаа хаанаас
авдаг вэ?
-Судлаачдын
яриа, сайн зурагчдын зурагнаас л санаа авдаг. Манайд мэргэжлийн шувуу судлаач
их цөөхөн. Арав, хорь, гуч... илүү биш. “Монгол орны шувуудын улаан данс” гэх
мэт өмнө гарсан судалгааны ном бүтээлийг үзнэ. Энэ номонд шувууд аль аймгийн,
ямар байгалийн зүй тогтолтой газар амьдардаг талаар дэлгэрэнгүй заасан байдаг.
Сүүлийн гурван жил шувуудын тухай, зураг дарах техник аргын тухай, камер
дурангаа хэрхэн хэрэглэх вэ гэсэн гурван төрлөөр ном уншлаа. Бас интернэт ухна.
Ер нь зураг сонирхсон биш баахан юм л уншдаг ажилтай болсон /инээв/. Гэхдээ энэ
бүхнээс хамгийн зугаатай, хамгийн жаргалтай ажил нь зураг авах.
Бөөвөлжин өвөөлж (Upupa eopops) |
-Энд ийм шувуу байна гэх сургаар давхиад очно гэхээр шувуу
гэдэг нисээд явчихдаг амьтан юм чинь таныг очих гэсээр байтал нисээд явчихвал
яах вэ?
-Тийм
тохиолдол гаралгүй яах вэ.Нэг шувууны сураг дуулчихвал санаа амар сууж
чадахгүй. Байн байн цаг агаарын мэдээ хараад л, гараад явмаар санагдаад. Найзууд
маань “энд эргийн тийм шувуу байна” гээд хэлэхэд би судлана. Ойр ойрхон
нүүдэллээд явдаг шувуу юу эсвэл том нүүдэл эхэлж байна уу. Судлаач найз нараасаа асууж лавлана. Эргийн шувуу болон жижиг шувуудын
нүүдэл долдугаар сарын сүүлээс эхлээд есдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Хамгийн
сүүлд том махчин шувууд болон хун шувууд буцдаг.
-Нэг шувууны зургийг дарахын тулд хэдий хугацаа
зарцуулдаг вэ?
-Би
зураг авах цаг дууслаа гэдгийг нарны баримжаагаар л мэддэг. Зураг авч байтал
гэнэт гэрэл алга болчихоор юм уу, гэрэл хурц болох тэр үед л цагаа харж “өө тэд
болчихож” гэж мэднэ. Өдрийн хурц гэрэл эгц дээрээс нь тусахаар их муу бүрзгэр зураг
гардаг юм. Зурагчид нар мандасны дараа болон нар жаргахаас нэг хоёр цагийн
өмнөх цагийг “алтан цаг” гэж нэрлэдэг.
Жаргах нарны гэрэлд харсан Ухаа дунхай ( Lanius cristatus) |
-Кадраар бол хэчнээнийг дардаг вэ?
-Нэг
өдөр шувуунд 6-7 цаг явлаа гэхэд ойролцоогоор мянган кадр дарна. Камер дээрээ
300-400-г нь устгана. Гэртээ ирээд дахиад 300, 400-г нь устгана. Тэгээд 200
кадраас ихдээ таван арван кадр л авч үлдэнэ. Кадраар бодоход би 100-120 мянган
кадр сүүлийн хоёр гурван жилд дарсан байх. Сонирхогчийн камерын эдэлгээний
хугацаа нь 150 мянган кадр байдаг. Мэргэжлийн камер 300 мянга гэдэг.
-Хамгийн их хугацаа зарцуулж байсан авсан шувууны зураг
гэвэл?
-Цэвдгийн
ахууна гэдэг шувууны зургийг дарахын тулд Архангайн Цахир орж дөрвөн өдөр зарцуулж
байлаа.
-Тэр нь яадаг шувуу болохоор тэгж их хугацаа зарсан юм
бол?
Цэвдгийн ахууна (Lagopus muta) |
-Хадтай
өндөр ууланд байдаг хойлог, ятууны төрлийн шувуу. Өвөлдөө цав цагаан өнгөтэй
болчихдог. Архангай аймгийн Цахир, Чулуутын нутаг ерөнхийдөө далайн түвшнээс
дээш 2000-3000 метрийн өндөрт оршдог бөгөөд 2800 метрээс дээш мод ургадаггүй
гэсэн. Би цэвдгийн ахууны зургийг авах гэж тэр өндөрт гарсан байх. Бүсэлхийгээрээ
татсан цасан дунд гурав, дөрвөн цаг алхаж очих нь хүндрэлтэй байсан ч очсон
даруйдаа таарна гэж бас байхгүй. Дөрвөн өдөр хайсны сүүлийнхэд нь нөгөө шувуу
байж таарч зургийг нь авсан даа.
Хондлойцагаан ураацай - (Apus pacificus) |
Бас Хондлой
цагаан ураацайн зургийг авахын тулд би тагтан дээрээ нэг сар бараг орой бүр зогссон. Ураацайны дундаж хурд 28-35 км/цаг, их
хурдтай бол 55 км/цаг хүртэл хурдалж чаддаг. 35 км/цагийг метр секундэд
шилжүүлээд бодвол секундэд 8-9 метр явна гэсэн үг. Тэгэхээр нэлээн алсаас өөр
лүүгээ нисч магад гэснийг нь сонгож аваад дэргэдүүр өнгөрөх тэр мөчид 3-4 дарна.
“Кэнон 7Д” аппарат сонирхогчийн камер хэдий ч хамгийн өндөр хурдтай. Сайн зураг
зураг чадаагүй ч юм сурсан байхаа.
-План доторх зохиомжоо яаж гаргадаг вэ?
-Анх
бол хөдөлсөн шувуу болгоныг л авах гээд байсан болохоос зохиомж гэж
сонирхдоггүй, мэддэггүй байлаа. Тэгэхээр одоо би нөгөө уншдаг гурван төрлийн
номон дээрээ бас амьлах орчин, зохиомжийн талаар ном унших хэрэгтэй болчихоод
байгаа юм /инээв/. Хүнээр хэлвэл тухайн шувуу гэрийнхээ ойролцоо байгаа юм уу, хоол
ундаа идэж, ажлаа хийгээд явж байгаа юм уу, ууртай юу, баяртай юу гэдгийг нь
гаргаж өгөх хэрэгтэй.
Дөлөн цэгцүүхэйний (Carduelis flammea) |
Жишээ нь, Дөлөн
цэгцүүхэйний (Carduelis flammea) энэ зургийг дэлхий даяар 10 мянга гаруй хүн
үзсэн. Цаад дэвсгэр нь хар учраас наана байгаа шувууг их тодотгож өгөхөөс гадна
бас нэг өгүүлэмж өгдөг байхааХоёр адилхан зураг өлгөөстэй байхад хүн зөнгөөрөө аль
зохиомж сайтайг нь харж сонирхдог.
ЗАРИМ ШУВУУД ДЭГДЭЭХЭЙГЭЭ ХАРАМЛАХДАА ШАРХАДСАН БОЛЖ
ЖҮЖИГЛЭДЭГ
-Шувуу ямар ааштай вэ?
-Шувуунаасаа
шалтгаалаад янз бүр. Зарим нь их найрсаг, хүнээс цочихгүй найзархаг. Зарим нь
бүр хүнийг үзэхгүй маш их зугатна, айна. Барьсан идшээ харуулж байгаад идчихдэг
“нөхөд” байхад бүр нууж байгаад идэх нь ч байна. Зарим нь амьдрах орчноосоо
шалтгаална. Шунгуур гээд бүх амьдрал нь усан дээр өнгөрдөг шувуу байдаг. Энэ
шувуу дэгдээхэйгээ нуруун дээрээ тээж явдаг. Дөрвөн дэгдээхээтэй бол аав ээжийнхээ
нуруун дээр хоёр хоёроороо суучихна. Аав ээж нь жараахай зөөж аманд нь хийнэ. Энэ
шувуу дэрсэн дунд зассан үүр лүүгээ л гарахаас биш бусад үед хуурай газар дээр
гарахгүй. Биеийнх нь бүтэц их сонин. Хөл нь бүр хойноо учраас усны мандал дээр
гүйж чаддаг. Би энэ зургийг авахын тулд Багануур луу хоёр удаа явсан.
Халтар шунгуур (Podiceps nigricollis) |
Эхний
удаа явахдаа дөрөв таван цаг болсон бол сүүлийн удаа явахдаа хоёр өдөр, нэг
шөнө болсон. Хол байсан болохоор дуран хүрдэггүй. Тийм болохоор хоноод маргааш
өглөөнийх нь нарнаар завиа авч очсон. Завин дээрээ тор бүтээж байгаад хэдэн цаг
хөөцөлдөж байж зургийг нь авсан даа. Ганцхан кадрын төлөө. Гэхдээ тэр ганц
кадрыг авах мөч их гоё. Америкийн нэрт зурагчин Типлинг зөвхөн нар жаргахаар л
гарч ирдэг шар шувууны зургийг авах гэж 55 орой камераа үүрч гарсан байдаг. Ер
нь өөрийнхөө сонирхлоор л очиж байгаа болохоор хэдэн ч удаа очсон хамаагүй л
дээ.
Хун их
өрөвдмөөр шүү дээ. Намар орой болохоор нуур ус захаасаа мөстөж хайлмагтаад хун шувуудын
нисэх талбай багасдаг. Нэлээн хол гүйж, далавчаараа ус цохиж байж өндрөө авдаг
учраас тэр талбай нь байхгүй болсон үед хүн амьтан хунгийн дэргэд очиход
хэчнээн айж үргэмээр байсан ч нисч чадахгүй болохоор тэр хавьдаа хөвөөд л
байна.
Гангар хун (Cygnus Cygnus) |
Уран
шувуу гэхэд жишээ нь үүрээ бариад өндөгөө дараж байснаа эр эм хоёр гэнэт салаад
явчихна. Тэгээд өөр уран шувуутай нийлээд үүрээ барьчихдаг.
Бургасны ураншувуу (Remiz coronatus) |
-Тэгэхээр нөгөө өндөг нь яадаг бол?
-Тэгээд
л дуусаа байх. Өндөгийг тодорхой хугацаанд дарж дулааныг нь хадгалж байхгүй бол
үхчихнэ шүү дээ. Гэтэл зарим шувуу дэгдээхэйгээ учиргүй харамлана. Дэгдээхэйгээ
нуучихаад хүнийг холдуулах гээд янз бүрийн авир гаргана. Шархадчихсан болж
жүжиглээд далавчаа унжуулан навсаганаад урдуур гарч алхана. Өнгөрсөн баасан
гарагт нэг зэрлэг нугас усны зах дээр зогсож байсан чинь урдуур шуугиж орж
ирээд, нисч чадахгүй гэмтчихсэн гэсэн мэдээллийг надад өгч намайг холдуулж
байгаа юм. Би тэгээд араас нь зургийг нь дарах гээд дагаад явахаар нисчихэжж
байгаа юм. Ахууна, ангир, ээтэн бас тэгдэг.
ЯДАЖ Л ХОГ ТАРИХГҮЙ БАЙГАА БОЛ ШУВУУДЫГ ХАМГААЛЖ БАЙГАА
НЬ ТЭР
-Зарим хүн хойлогийн мах шарханд сайн, элээний элгийг
элгэнд сайн гээд алж иддэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тухайн
шувууны мах ямар нэгэн эрдэс бодис илүү агуулсан байж болзошгүй. Өвчтэй амьтан
идвэл яана. Эм тариа дутуу гуцуу үед хэрэглэж байсан байх. Харин өнөөдөр ардын
болон орчин үеийн эм эмчилгээ хангалттай болчихсон байхад амьтан алж иднэ гэдэг
хэрэггүй л зүйл. Өвчин эдгээнэ гэх шалтгаар цэвдггийн ахууна, шар шувуу, тоодог
гээд ховор сайхан шувуудыг алдаг нь маш харамсалтай. Өнгөрсөн 20 жилд манайхан
ан амьтан шувуугаа алаад дууслаа шд. Гэхдээ үүний цаана бас янз бүрийн
байгалийн гаралтай эд эсээр хийсэн болох гэж амьтан устгадаг хятадын том зах
зээл байна.
-Хятадууд их алдаг байх даа?
-Алж
байгаа нь монголчууд өөрсдөө. Буга, тарвагаа алаад дууслаа. Хярсыг гэхэд л
ёстой хүйс тэмтэрч байна. Их л хайран санагддаг. Хүн байгальд хүндэтгэлтэй
хандахгүй, үнэгүй юм гэж авч хэдэн
төгрөгний хожоо олох гэж байна.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Ярилцлагынхаа
төгсгөлд таньд манай уншигчдад хандаж хэлэх үг байгаа байх?
-Амьд
байгалийн төгс нэгэн бүтээл болох шувуу гэх гайхамшигтай амьтан энэ дэлхий дээр
10 мянга гаруй зүйл төрөл байна. Сүүлийн үед байгаль орчинтойгоо зохицож
амьдарья, ногоон хөгжил гэх мэтээр их ярьдаг болж. Энэ нь амьтдыг хашаад хүнийг
хүргэхгүй гэсэн үг биш. Хүн амьтантай ямар нэгэн байдлаар хамтарч зохицож
амьдарч л таарна. Тиймээс байгаль орчноо хайрлах сэтгэлгээ төрүүлэхийн тулд тэр
талаарх боловсрол мэдлэгийг олгох нь маш чухал. Хүн мэддэг таньдаг зүйлээ
хайрлана уу гэхээс мэдэхгүй зүйлдээ бол дайсан нь байдаг. Шувуу мэддэггүй хүн
бол дайраад гарах, дэгдээхэй нь гэмтсэн
байхад тоохгүй өнгөрөхийг юман чинээ бодохгүй. Харин мэддэг, сонирхдог бол
заавал хамгаална. Хамгаалахдаа бүр амьдрах орчинд нь хүртэл хор хохирол учруулахгүй юмсан
гэж бодно. Жишээ нь, гудамжинд, хээр явж байхдаа зажилж байгаа бохио хаяхгүй.
Хаясан тэр бохийг чинь жижиг шувуу идээд гэдэс доторх нь наалдаад үхчихдэг гэнэ.
Үхсэн шувууны гэдэснээс маш их хог хаягдал гардаг учир хог хаяхаа болино. Ийм
болохоор миний зүгээс шувууны тухай олсон мэдсэнээ аль болох олон хүнд хүргэж, хүүхэд
залууст харуулахсан гэж хүсдэг. Дунд сургуулийн биологийн хичээл дээр
хүүхдүүдэд энэ талаар ордог болоосой. Учиргүй үүрийг нь бариад тэжээгээд
байдаггүй юмаа гэхэд гай тараад байдаггүй л байвал болох нь тэр.
Thursday, May 29, 2014
ДЭЛХИЙН НҮҮДЛИЙН ШУВУУДЫН ӨДӨР 2014
Шувуудын нүүдлийн замууд: Нүүдлийн шувууд ба аялал жуулчлал
Дэлхий нүүдлийн шувуудын өдөр (ДНШӨ)-ийг 2006 оноос эхлэн жил бүрийн 5-р
сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн
бөгөөд энэ өдөр нь нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад
олон нийтийн мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг шувуудаар
дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалахад татан оролцуулах зорилготой юм.
ДНШӨ нь жил бүр тодорхой уриан дор дэлхийн олон улс оронд зохион
байгуулагддаг бөгөөд энэ жил “Шувуудын нүүдлийн замууд: Нүүдлийн шувууд ба
аялал жуулчлал” гэсэн уриатайгаар зохион байгуулагдлаа. Монгол орны
нутаг дэвсгэрээр шувуудын нүүдлийн гурван гол зам дайрдаг ба жил бүр гадаадын
шувуу ажиглах, тэдгээрийн гэрэл зургийг авах сонирхолтой олон жуулчид Монгол
оронд зөвхөн ажиглаж боломжтой шувуудыг харахаар ирдэг.
Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тэмдэглэсэн газруудын байршил |
Оюу Толгой ХХК, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб зэрэг байгууллагууд жил бүр ДНШӨ-ийг зохион байгуулан тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн өдөрлөгийг 5-р сарын 17-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ерөнхий боловсролын
сургуулийн сурагчид, иргэдтэй хамт тэмдэглэж өнгөрүүллээ. Өдөрлөгийг Оюу толгой ХХК, Монголын
зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Өмнөговь
аймгийн “Гайхамшиг говь” аялал жуулчлалын холбоо, Өмнөгоь аймгийн Байгаль орчны
алба, Байгальд эвсэг багачуудын холбоо байгууллагууд хамтран зохион байгуулж
оролцсон.
ДНШӨ-ийн үйл ажиллагаа нүүдлийн шувууд болон шувуудыг хэрхэн ажиглах, таниж
мэдэх талаарх танхимын сургалт, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт суурин
амьдардаг, зундаа нүүдэллэн ирж өндөглөн зусдаг болон нүүдлийн үедээ дамжин
өнгөрдөг зарим ховор шувуудын гэрэл зургийн үзэсгэлэн, нүүдлийн шувуудыг
ажиглах гэсэн хэсгүүдээс бүрдсэн. Өдөрлөгт Даланзадгад хотын ерөнхий
боловсролын I, II, III, IV сургуулийн байгаль хамгаалах клубын сурагчид, багш
нар, сонирхсон иргэд оролцсон юм.
ДНШӨ-ийн үйл ажиллаагааны эхний хэсэг Өмнөговь аймгийн Галакси кино театрын
танхимд болсон ба “Гайхамшигт Говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн, шувуу
сонирхогч, гэрэл зурагчин Х. Түмэндэлгэр үг хэлэн өдөрлөгийг эхлүүлээд “Шувууд
ба эко амьдрал” сэдвээр илтгэл танилцуулсан.
Үүний дараа Монголын зэрлэг амьтан
судлах хамгалах төвийн шувуу судлаач П. Ганхуяг “Шувуу ажиглах хобби ба байгаль
хамгаалал” гэсэн сэдвээр оролцогчдод мөн илтгэл танилцуулсан.
Танхимын сургалтын дараа “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны
тэргүүн Х. Түмэндэлгэр, Оюу толгой ХХК-ний байгаль орчны хэлтэсийн зэрлэг
амьтны судалгааны ахлах ажилтан Ц. Пүрэвсүрэн нарын Өмнөговийн шувууд гэрэл
зургийн үзэсгэлэн болж өнгөрсөн.
Үзэсгэлэнгийн үеэр Ц. Пүрэвсүрэнгийн
“Ханбогдын шувууд” номыг нийт оролцогчдод дурсгаж, мөн хүүхдүүдийн дунд “хэн
олон шувуу мэдэх вэ?” тэмцээн зохион явуулж ялагчаар III сургуулийн 10А ангийн
сурагч Г. Цэнгүн, 7А ангийн сурагч Түмэнцогт нар шалгарч шувуу сонирхогч, гэрэл
зурагчин Л. Жаргалсайханы “Миний шувууны гэрэл зургийн цомог 2012-2013” фото
альбом, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс гаргасан “Монгол дахь
шувуудад чухал газруудын лавлах”, “Миний нутаг” зэрлэг амьтдын зурмал зурагтай
номуудаар шагнагдсан.
Өдөрлөгийн үеэр Монголын шувуу ажиглагчдын клубын Өмнөговь аймаг дахь салбар клуб байгуулагдаж, багш сурагчидын бүрэлдэхүүнтэй байгаль хамгааллын шинэхэн клуб бий боллоо. Өмнөговь аймгийн Шувуу ажиглагчдын клубын хамт олонд амжилт хүсье!
Өдөрлөгийн сүүлийн хэсэг Даланзадгад хотын өмнө байрлах Далангийн цөөрөмд энэ нутгаар дайран өнгөрч буй нүүллийн шувуудыг ажиглах байлаа. Ажиглалт эхлэхийн өмнө шувуудыг хоёр нүдний болон яндан дуран хэрхэн ашиглаж ажиглах талаар заавар, зөвлөмжийг оролцогчдод танилцуулсан.
Өдөрлөгийн сүүлийн хэсэг Даланзадгад хотын өмнө байрлах Далангийн цөөрөмд энэ нутгаар дайран өнгөрч буй нүүллийн шувуудыг ажиглах байлаа. Ажиглалт эхлэхийн өмнө шувуудыг хоёр нүдний болон яндан дуран хэрхэн ашиглаж ажиглах талаар заавар, зөвлөмжийг оролцогчдод танилцуулсан.
Ингээд хүүхдүүд цөөрөм
дээрх нүүдлийн шувуудыг ажигласан ба энэ үеэр Халбаган хушуут, хондон ангир,
улаанхөлт хөгчүү, шартүрүүр цэгцгий, өвөгт тогоруу зэрэг олон нүүдлийн шувуудыг
ажиглагдав.
Friday, May 23, 2014
Гурван сайхан уул очмоор шувуу ажигласан аяллын тэмдэглэл (5 сарын 17-18 өдрүүд)
П.Ганхуяг, Ц.Пүрэвсүрэн, Б.Баатархүү, Х.Түмэндэлгэр
Монголын шувуу ажиглагчдын клуб
mongolbirdclub@yahoo.com
Бид
Өмнөговийн Говь Гурван Сайханы байгалийн цогцолборт газар руу шувуу ажиглахаар Ханбогд
сумаас 2014 оны 5 сарын 17-ны өдөр хөдлөсөн. Ханбогдоос хөдөлж Таван толгойгоос
Гашуун сухайт явдаг нүүрс тээврийн засмал замд нийлж Цогтцэций сумын чиглэлд 70
орчим км яваад Коксны үйлдвэр өнгөрөөд замаасаа Даланзадгад руу салсан. Шороон
замд ороод Даланзадгад хүртэл дийлэнх газрын ургамлын бүрхэц сийрэг, талархаг
газар байсан бөгөөд Зэвэн хиазат Charadrius leschenaultii болон Дорнын
хиазатыг Charadrius veredus харахад
тохиромжтой амьдрах орчин байв. Харамсалтай нь бид замдаа тэднийг олж харсангүй.
mongolbirdclub@yahoo.com
Зүүнгар талаас: Б.Баатархүү, Х.Түмэндэлгэр, П.Ганхуяг, Ц.Пүрэвсүрэн |
Бидний эхний
шувуу ажиглах цэг маань Даланзадгад хотоос зүүн өмнө зүгт 30км орчимд байрлах Балгасын
улаан нуур байв. Баруун хэсгээрээ таримал ургамлын талбайтай энэ нууранд 5
сарын эхээр зарим шувуу ажиглагч нөхөд маань Борцгор хотон Pelecanus crispus-ийг нүүдлийн үед нь харж, гэрэл зургийг нь авсан
байсан.
Цөлийн чогчиго Oenanthe deserti, зургийг Б.Баатархүү |
Далангийн нуур, зургийг П.Ганхуяг |
Хар ба Бор тодлууд, зургийг П.Ганхуяг |
Нууранд 6 теминскийн болон 3 савар
элсэг, улаанхөлт хөгчүү, шугуйн хөгчүү, эгэл хайргын хөгчүү, хос хондон ангир,
1 халбаган хушуут, 2 шөвгөн хараалж, шартүрүүт болон уулын цэгцгийнүүд байсан харин
таримал ургамал бүхий хашсан талбай орчимд 1 эр хөхтүрүүт хөмрөг Emberiza spodocephala, 3 хар тодол Sturnus vulgaris, 4 бор тодол Sturnus cineraceus, 1 дорнын хүүрзгэнэ Streptopelia orientalis, нэлээд хэдэн эр
цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi, 1
эр хурган намнаа Ficedula albicilla,
1 эр тольт дунхай Lanius isabellinus, 1
согсоот божирго Galerida cristata харав.
Тольт дунхай Lanius isabellinus, зургийг Ц.Пүрэвсүрэн |
1 талын сар Buteo rufinus талбай дээгүүр
эргэлдэж байгаад талбайд байх туулай руу хэд хэдэн удаа дайрав. Энэ үед нь
боломжын зураг дарж амжлаа.
Орой болж нэлээд бүрэнхий болсон хэдий ч шөвгөн
хараалж Gallinago gallinago агаарт шүхэрлэж
байсан, мөн 1 буурал хомноот Scolopax rusticola мод тарьсан хайсан дотор ажиглагдлаа.
Бид Түмээ ахынд хоноглоод өглөө эртлэн боссон боловч гадаа салхитай байсан.
Харин шөвгөн хараалж аль хэдийнээ шүхэрлээд эхэлсэн байв.
Бид дараа
өглөө нь Говь гурван сайхан уул руу алтайн хойлог, хэрмийн бялзуухай, козловын
хайруулдай зэрэг шувуудыг харахаар эртлэн боссон боловч цаг агаар өмнөх өдрийн
адил үүлэрхэг салхитай хэвээр байлаа. Бид цаг агаар гайгүй болно гэж найдан уул
руугаа явцгаав. Биднийг Ёлын амны хамгаалалтын хаалгаар оронгуут эр дагуур галсүүлт
Phoenicurus auroreus харагдав. Тэнгэр
үүлэрхэг бүрхэг хэвээр мөн бороо дуслаж эхлэж байсан. Хадны орчим бараан өнгийн
ойн сар сууж байв, нүүдлийн үедээ үүгээр дайран өнгөрч байгаа бололтой. Биднийг
уулын амаараа өгсөн явахад хамгийн эхэнд таарах хэсэг арцны орчмоос 2 козловын
хайруулдай Prunella kozlowi нисэн өнгөрөв, мөн идлэг шонхор уулын орой хэсгээр харагдсан бол
монгол алтанжигүүр Bucanetes mongolicus
болон мяраан чогчиго Oenanthe pleschanka
зэрэг жижиг шувууд борооноос хорогдон хадны нөмөр хэсэгт сууж байгаа харагдав.
Козловын хайруулдай Prunella kozlowi, зургийг Б.Баатархүү |
Ооч ёл Gypaetus barbatus, зургийг Ц.Пүрэвсүрэн |
Дорнын хиазат Charadrius veredus, зургийг Ц.Пүрэвсүрэн |
Жуулчин говь
- 1 жуулчны бааз
Ийнхүү бид
Жуулчин говь-1 баазад ирцгээлээ. Баазын таримал мод орчмоор морин Accipiter nisus болон шунгаач харцагууд Accipiter gularis нэлээд хэд харагдаж
байлаа.
Мөн науманны Turdus naumanni болон улаан гүеэт хөөндэй Turdus ruficolis, жирхэн Phylloscopus proregulus, бүхт Phylloscopus fuscatus болон борлог
дуучшувууд Phylloscopus inornatus түгээмэл
таарч байсан. Мөн хурган намнаа Ficedula
albicilla болон цагаанхэвэлт хөмрөг Emberiza
pallasi бол бидний аяллын турш байнга таарах түгээмэл шувууд байсан.
Бид
энд өмнө нь төвийн бүсээр ховор таарах Орхимжит хөмрөг Emberiza rutila-тэй таарсан ба 1 эр, 3 эм шувуу модны орой орчимд
харагдаад төд удалгүй хойш чиглэн нисэн одсон, бид дахин тэдгээр хөмрөгүүдийг
харж чадаагүй ба бараг бүх гишүүдийн маань хувьд эр Орхимжит хөмрөг сэтгэл
хөдөлгөсөн энэ өдрийн үзэсгэлэнт шувуудын нэг байв.
Шунгаач харцага Accipter gularis, зургийг Ц.Пүрэвсүрэн |
Цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi, зургийг П.Ганхуяг |
Орхимжит хөмрөг Emberiza rutila, зургийг Ц.Пүрэвсүрэн |
Даланзадгад дахь Одсүрэнгийн мод үржүүлгийн талбай
Бид жуулчин
говиос хөдлөж аймгийн төвийг зорьсон. Даланзадгадад Одсүрэнгийн таримал
ургамлын гэгдэх талбай байх бөгөөд нүүдлийн үеэр олон зүйлийн шувуудын дайран өнгөрөхдөө
сууж амрах, хооллох таатай орчин болдог гэж Түмээ ах хэлсэн учир бид тэрхүү
талбайд очсон.
Талбайд төрөл бүрийн модод байсан, хамгийн түрүүнд таарсан
шувууд бол маш олноор нүүж буй жирхэн дуучшувуу Phylloscopus proregulus байв.
Бараг талбай бүхэлдээ энэ зүйл
дуучшувуугаар дүүрсэн байлаа. Мөн бүхт дуучшувуу Phylloscopus fuscatus бутны ёроол хэсгээр их харагдаж байсан.
Мөн хөхтүрүүт
хөмрөг Emberiza spodocephala, цагаанхэвэлт
хөмрөг Emberiza pallasi, улаавар бужмар Carpodacus
erythrinus, холтсон гоётуул Jynx
torquilla, банхар булжуухай Coccothraustes
coccothraustes зэрэг шувууд байсан.
Мөн талбайн хойд хэсгийн жижиг бутны
ёроолоор нэгэн зүйлийн шатансүүлт (Locustella sp?) харагдсан боловч чухам ямар зүйл болохыг
тодорхойлж чадсангүй, энэ бутанд мөн эр өнгөлүүрт гургалдайн Luscinia calliope бутны ёроолоор гүйж байгаа
ажиглагдав.
Ийнхүү
бидний 2 өдрийн шувуу ажиглалт өндөрлөж, үдээс хойш нь Ханбогд сум руу буцацгаав.
Буцах замдаа Даланзадгадаас 40км орчим Хан уулын баруун энгэрт 1 эр зэвэн хиазатыг
замын хажууд харав.Даланзадгад хот дахь Одсүрэнгийн мод үржүүлгийн талбай, зургийг П.Ганхуяг |
Жирхэн дуучшувуу Phylloscopus proregulus, зургийг П.Ганхуяг |
Бүхт дуучшувуу Phylloscopus fuscatus, зургийг Ц.Пүрэвсүрэн |
Холтсон гоётуул Jynx torquilla, зургийг Б.Баатархүү |
Хөхтүрүүт хөмрөг Emberiza spodocephala, зургийг Ц.Пүрэвсүрэн |
Зэвэн хиазат Charadrius leschenaultii, зургийг Ц.Пүрэвсүрэн |
Согсоот гоорбис Pernis ptilyrincus, зургийг П.Ганхуяг |
Subscribe to:
Posts (Atom)