Friday, May 23, 2014

Гурван сайхан уул очмоор шувуу ажигласан аяллын тэмдэглэл (5 сарын 17-18 өдрүүд)

П.Ганхуяг, Ц.Пүрэвсүрэн, Б.Баатархүү, Х.Түмэндэлгэр
Монголын шувуу ажиглагчдын клуб
mongolbirdclub@yahoo.com
Зүүнгар талаас: Б.Баатархүү, Х.Түмэндэлгэр, П.Ганхуяг, Ц.Пүрэвсүрэн

Бид Өмнөговийн Говь Гурван Сайханы байгалийн цогцолборт газар руу шувуу ажиглахаар Ханбогд сумаас 2014 оны 5 сарын 17-ны өдөр хөдлөсөн. Ханбогдоос хөдөлж Таван толгойгоос Гашуун сухайт явдаг нүүрс тээврийн засмал замд нийлж Цогтцэций сумын чиглэлд 70 орчим км яваад Коксны үйлдвэр өнгөрөөд замаасаа Даланзадгад руу салсан. Шороон замд ороод Даланзадгад хүртэл дийлэнх газрын ургамлын бүрхэц сийрэг, талархаг газар байсан бөгөөд Зэвэн хиазат Charadrius leschenaultiболон Дорнын хиазатыг Charadrius veredus харахад тохиромжтой амьдрах орчин байв. Харамсалтай нь бид замдаа тэднийг олж харсангүй.
Балгасын улаан нуур, зургийг П.Ганхуяг
Бидний эхний шувуу ажиглах цэг маань Даланзадгад хотоос зүүн өмнө зүгт 30км орчимд байрлах Балгасын улаан нуур байв. Баруун хэсгээрээ таримал ургамлын талбайтай энэ нууранд 5 сарын эхээр зарим шувуу ажиглагч нөхөд маань Борцгор хотон Pelecanus crispus-ийг нүүдлийн үед нь харж, гэрэл зургийг нь авсан байсан.
Биднийг ирэхэд үүлэрхэг, мөн салхитай байсан нь шувуудын зураг авахад тохиромжгүй байлаа.
Цөлийн чогчиго Oenanthe deserti, зургийг Б.Баатархүү
Нуурын эргээр шартүрүүт цэгцгий Motacilla citreola, теминский элсэг Calidris temminckii болон эгэл хайргын хөгчүү Actitis hypoleucos олноор хооллож байв. Нуурын хойд хэсэгт 60 орчим тооны хүрэнтолгойт цахлай Larus ridibundus мөн 3 халбаган хушуут Platalea leucorodia, хос бор нугас Anas strepera, 5 халбага нугас Anas clypeata, хос зээрд нугас Anas penelope, 4 зэрлэг нугас Anas platyrhynchos, 6 Үхэр хөгчүү Tringa nebularia, 20 орчим алаг ээтэн Recurvirostra avosetta, эгэл хилэнжигүүр Himantopus himantopus, 10 гаруй эгэл хараалай Sterna hirundo, гэзэгт шумбуур Aythya fuligula, улаанхөлт хөгчүү Tringa totanus зэрэг байв. Нуурын зүүн өмнөд хэсгээрээ машинаар явж болох маш сайхан далантай. Нүүдлийн үед шувууд амарч хооллоход тун сайхан нуур байна лээ. Даланзадгад руу эртхэн орох байсан тул бид нуураас удалгүй хөдлөв. Даланзадгадад ирж Түмээ ахынд шууд очив.
Далангийн нуур, зургийг П.Ганхуяг
Түмээ ахынх аймгийнхаа зүүн хэсэгт далангийн нуураас 200м зайтай мөн гэр нь зэгс болон хайлаас, улиас зэрэг таримал ургамлын талбайд ойрхон тул нүүдлийн шувуудыг ажиглахад нэн тохиромжтой байрлалд байв. Бид Түмээ ахтай уулзаж, удалгүй тэдний урд талын далангийн нууранд ажиглалт хийв.
Хар ба Бор тодлууд, зургийг П.Ганхуяг
Нууранд 6 теминскийн болон 3 савар элсэг, улаанхөлт хөгчүү, шугуйн хөгчүү, эгэл хайргын хөгчүү, хос хондон ангир, 1 халбаган хушуут, 2 шөвгөн хараалж, шартүрүүт болон уулын цэгцгийнүүд байсан харин таримал ургамал бүхий хашсан талбай орчимд 1 эр хөхтүрүүт хөмрөг Emberiza spodocephala, 3 хар тодол Sturnus vulgaris, 4 бор тодол Sturnus cineraceus, 1 дорнын хүүрзгэнэ Streptopelia orientalis, нэлээд хэдэн эр цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi, 1 эр хурган намнаа Ficedula albicilla, 1 эр тольт дунхай Lanius isabellinus, 1 согсоот божирго Galerida cristata харав.
Тольт дунхай Lanius isabellinus, зургийг Ц.Пүрэвсүрэн
1 талын сар Buteo rufinus талбай дээгүүр эргэлдэж байгаад талбайд байх туулай руу хэд хэдэн удаа дайрав. Энэ үед нь боломжын зураг дарж амжлаа.
Орой болж нэлээд бүрэнхий болсон хэдий ч шөвгөн хараалж Gallinago gallinago агаарт шүхэрлэж байсан, мөн 1 буурал хомноот Scolopax rusticola мод тарьсан хайсан дотор ажиглагдлаа. Бид Түмээ ахынд хоноглоод өглөө эртлэн боссон боловч гадаа салхитай байсан. Харин шөвгөн хараалж аль хэдийнээ шүхэрлээд эхэлсэн байв.

Говь гурван сайхан уул
Дунд Сайхан Уул, өглөөний цасны дараа, зургийг П.Ганхуяг
Бид дараа өглөө нь Говь гурван сайхан уул руу алтайн хойлог, хэрмийн бялзуухай, козловын хайруулдай зэрэг шувуудыг харахаар эртлэн боссон боловч цаг агаар өмнөх өдрийн адил үүлэрхэг салхитай хэвээр байлаа. Бид цаг агаар гайгүй болно гэж найдан уул руугаа явцгаав. Биднийг Ёлын амны хамгаалалтын хаалгаар оронгуут эр дагуур галсүүлт Phoenicurus auroreus харагдав. Тэнгэр үүлэрхэг бүрхэг хэвээр мөн бороо дуслаж эхлэж байсан. Хадны орчим бараан өнгийн ойн сар сууж байв, нүүдлийн үедээ үүгээр дайран өнгөрч байгаа бололтой. Биднийг уулын амаараа өгсөн явахад хамгийн эхэнд таарах хэсэг арцны орчмоос 2 козловын хайруулдай Prunella kozlowi нисэн өнгөрөв, мөн идлэг шонхор уулын орой хэсгээр харагдсан бол монгол алтанжигүүр Bucanetes mongolicus болон мяраан чогчиго Oenanthe pleschanka зэрэг жижиг шувууд борооноос хорогдон хадны нөмөр хэсэгт сууж байгаа харагдав.
Козловын хайруулдай Prunella kozlowi, зургийг Б.Баатархүү
Харин Ёлын амны мөсөн голтой ам руу салдаг хэсгийн орой хэсгээр 2 цасны хажир, 4 нөмрөг тас эргэлдэж байв. Харин баруун талаас нь нэг бие гүйцсэн ёл нисэн гарч ирсэн. Бид тэр ёлыг ажиглаж байхад уулын зүүн энгэр дээр талын сар сууж байгаад нисэн урд уулыг даван одов. Тэнгэр бүр муухайрч нойтон цас орж эхлэсэн тул ердөө 30 мин орчим болоод л бид Ёлын амаас хөдөллөө.
Ооч ёл Gypaetus barbatus, зургийг Ц.Пүрэвсүрэн
Бид уулнаасаа хойшоо чигтэй буугаад Жуулчин говь 1 бааз руу чиглэн тэнд байдаг таримал моднуудад шувуу ажиглахаар явлаа. Жуулчин говь-1 бааз Даланзадгад хотоос баруун зүгт 35 км орчим байрлах бөгөөд бааз руу явах замдаа дорнын хиазатыг хайцгаалаа. Бид дорнын хиазатын Charadrius veredus бие гүйцсэн 2 эр шувууг замдаа олж харсан боловч зургийг сайн дарж чадаагүй байхад нисэн одов.
Дорнын хиазат Charadrius veredus, зургийг Ц.Пүрэвсүрэн
Энэ орчимд мөн бие гүйцсэн эм идлэг шонхортой таарч ганц хоёр зураг авлаа.
Жуулчин говь - 1 жуулчны бааз
Ийнхүү бид Жуулчин говь-1 баазад ирцгээлээ. Баазын таримал мод орчмоор морин Accipiter nisus болон шунгаач харцагууд Accipiter gularis нэлээд хэд харагдаж байлаа.
Шунгаач харцага Accipter gularis, зургийг Ц.Пүрэвсүрэн
Мөн науманны Turdus naumanni болон улаан гүеэт хөөндэй Turdus ruficolis, жирхэн Phylloscopus proregulus, бүхт Phylloscopus fuscatus болон борлог дуучшувууд Phylloscopus inornatus түгээмэл таарч байсан. Мөн хурган намнаа Ficedula albicilla болон цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi бол бидний аяллын турш байнга таарах түгээмэл шувууд байсан.
Цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi, зургийг П.Ганхуяг
Бид энд өмнө нь төвийн бүсээр ховор таарах Орхимжит хөмрөг Emberiza rutila-тэй таарсан ба 1 эр, 3 эм шувуу модны орой орчимд харагдаад төд удалгүй хойш чиглэн нисэн одсон, бид дахин тэдгээр хөмрөгүүдийг харж чадаагүй ба бараг бүх гишүүдийн маань хувьд эр Орхимжит хөмрөг сэтгэл хөдөлгөсөн энэ өдрийн үзэсгэлэнт шувуудын нэг байв.
Орхимжит хөмрөг Emberiza rutila, зургийг Ц.Пүрэвсүрэн
Даланзадгад дахь Одсүрэнгийн мод үржүүлгийн талбай
Бид жуулчин говиос хөдлөж аймгийн төвийг зорьсон. Даланзадгадад Одсүрэнгийн таримал ургамлын гэгдэх талбай байх бөгөөд нүүдлийн үеэр олон зүйлийн шувуудын дайран өнгөрөхдөө сууж амрах, хооллох таатай орчин болдог гэж Түмээ ах хэлсэн учир бид тэрхүү талбайд очсон.
Даланзадгад хот дахь Одсүрэнгийн мод үржүүлгийн талбай, зургийг П.Ганхуяг
Талбайд төрөл бүрийн модод байсан, хамгийн түрүүнд таарсан шувууд бол маш олноор нүүж буй жирхэн дуучшувуу Phylloscopus proregulus байв.
Жирхэн дуучшувуу Phylloscopus proregulus, зургийг П.Ганхуяг
Бараг талбай бүхэлдээ энэ зүйл дуучшувуугаар дүүрсэн байлаа. Мөн бүхт дуучшувуу Phylloscopus fuscatus бутны ёроол хэсгээр их харагдаж байсан.
Бүхт дуучшувуу Phylloscopus fuscatus, зургийг Ц.Пүрэвсүрэн
Мөн хөхтүрүүт хөмрөг Emberiza spodocephala, цагаанхэвэлт хөмрөг Emberiza pallasi, улаавар бужмар Carpodacus erythrinus, холтсон гоётуул Jynx torquilla, банхар булжуухай Coccothraustes coccothraustes зэрэг шувууд байсан.
Холтсон гоётуул Jynx torquilla, зургийг Б.Баатархүү
Мөн талбайн хойд хэсгийн жижиг бутны ёроолоор нэгэн зүйлийн шатансүүлт (Locustella sp?) харагдсан боловч чухам ямар зүйл болохыг тодорхойлж чадсангүй, энэ бутанд мөн эр өнгөлүүрт гургалдайн Luscinia calliope бутны ёроолоор гүйж байгаа ажиглагдав.
Хөхтүрүүт хөмрөг Emberiza spodocephala, зургийг Ц.Пүрэвсүрэн
Ийнхүү бидний 2 өдрийн шувуу ажиглалт өндөрлөж, үдээс хойш нь Ханбогд сум руу буцацгаав. Буцах замдаа Даланзадгадаас 40км орчим Хан уулын баруун энгэрт 1 эр зэвэн хиазатыг замын хажууд харав.
Зэвэн хиазат Charadrius leschenaultii, зургийг Ц.Пүрэвсүрэн
Таван толгойн засмал замд нийлэхийн өмнө нүүдлийн үедээ амарч буй эр, эм хоёр Согсоот гоорбистой Pernis ptilorhyncus таарч зургийг нь дарж амжив.
Согсоот гоорбис Pernis ptilyrincus, зургийг П.Ганхуяг
Ийнхүү бидний аялал 2 өдрийн турш нийт 70 гаруй зүйлийн шувуудын жагсаалттай өндөрлөлөө.  

No comments:

Post a Comment