Thursday, August 21, 2014

Л.Жаргалсайхан: Хөдөлгөөнтэй юмыг онож авна гэдэг хэцүү

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/144769

Хүн төрөлхтөн хөгжихийн хэрээр байгальтайгаа зүй зохисгүй харьцах болсон нь эх болсон дэлхийн маань оршихуй баталгаагүй болж эхэллээ. Тиймээс бид маргааш гэж хойшлуулалгүйгээр хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж амьд байгалийнхаа ширхэг бүрийг хайрлах зайлшгүй шаардлага тулгарчээ. Бусдын төлөө бус өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө байгалиа хайрлаж хамгаалж явахыг хүсье. Ингээд олныг нуршилгүй ярилцлагаа хүргэе.
(МОНГОЛ УЛСАД 500 ШАХАМ, УЛААНБААТАРТ 150-200 ГАРУЙ ЗҮЙЛ ШУВУУ БИЙ)
-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ламжавын Жаргалсайхан гэдэг. Би гадаад харилцааны албанд 15 жил, уул уурхайн салбарт 17 жил ажиллаж байна. Хэдэн жилийн өмнө уул уурхайн компанид ажиллаж байхдаа байгаль орчны хэлтсийг давхар хариуцаж байлаа. Манай компани нөхөн сэргээлт нэлээн сайн хийдэг учир үр дүнг нь үзье гэж бодоод манай залуу судлаачдаар ан амьтан, ургамлын чиглэлээр судалгаа хийлгэсэн юм. Нөхөн сэргээлт хийсэн эхний нэг жилд зэрлэг ургамал их ургавал хөрс сайн бэхжиж, уугуул өвс ургамал төлжиж эхэлдэг. Үүнийг дагаад бичил биетэн өсч үржээд, цааш нь шавьж хорхой, шувуу амьтад ирж экосистем нөхөн сэргэнэ. Тэгээд судлаачдын авсан шувуу, амьтдын гэрэл зургийг нь сонирхлоо. Надад тэр нь их таалагдсан. Ингээд 2011 оны сүүлчээс шувууны зураг авч эхэлсэн. Сүүлдээ маш сонирхолтой санагдаад бүх чөлөөт цагаа зориулдаг болсон. Баасан гарагийн оройноос бүтэн сайны орой болтол зөвхөн шувууны зураг авах, боловсруулах гэж л явна. Товчхон хэлбэл шувууны гэрэл зураг сонирхогч.
Л. Жаргалсайхан, Цэн бүрдийн нуурны шувуу ажиглалт 
-Яагаад заавал шувуу гэж?
-Дээгүүр нисч л байдаг энэ амьтныг хүн бүхэн анзаараад байдаггүй. Монголчууд нүүдэлч соёлтой болохоор байгалиа их сайн мэднэ. Гэхдээ хойноос нь хөөцөлдөж явдаггүй. Европ зэрэг тариачны суурин соёлтой ард түмэн тариа ногоогоо хамгаалахын тулд шувууг мэдэх зайлшгүй шаардлага гардаг бололтой. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл англи, америкчууд шувуу их сонирхоно. Энгийн нэг хүн л 60-70 зүйлийн шувууг шууд нэрлэнэ.
-Сонин юм аа. Шувуу сонирхогчдыг ямар нэгэн бүлэг ангид хуваах уу?
-Нэгдүгээрт, шувуу ажиглагч, сонирхогч гэж байдаг. Дурангаар л шувуу хараад тэмдэглээд байна. Шувуу сонирхогчдын дийлэнх нь энэ төрөлд багтана. Хоёрдугаарт, шувууны гэрэл зураг сонирхогчид.
Шувуу тэнгэрийн амьтан болохоор эрх чөлөөний билэгдэл юм. Хүн бүгдийг чаддаг ч ганцхан нисч л чадахгүй. Харин фото зургийн энэ төрөл нь спортын зургийн адил хамгийн хүнд хэлбэр. Хөдөлж байгаа юмыг онож авна гэдэг хэцүү. Том биетэй болон махчин шувуунууд бол бас цөөн хором саатаж сууна. Харин жижиг шувууд бол маш их хөдөлгөөнтэй. Цөлийн зэржигэнэ гээд говь цөлийн бүсэд бутанд үүрлэж амьдардаг нэг жижиг шувуу бий. Зүгээр сууна гэж байхгүй.
Цэцгэн дээр түр саатсан Эгэл шулганаа (Saxicola t. maurus)
-Аль нутгаар ховор шувуу элбэг байдаг вэ?
-Эх орныхоо баруун хязгаараас бусад газраар явлаа. Дорнодын Дагуур, Нөмрөг сум их ховор шувуудтай. Канад, Герман, Тайланд гээд гадагшаа бас явна. Алаг тогорууны зураг авах гэж Япон луу явж байлаа. Ер нь шувуу байгаа л гэвэл алба амины далим гарахаар камераа үүрээд гараад явчихдаг.

Алаг тогоруу  (Grus japonensis)
-Та хэдэн төрлийн шувуу мэдэх вэ?
-Тэднийг мэднэ гэж хэлэх хэцүү. Яагаад гэвэл нэрнээсээ эхлээд шувуу бүр дээр хаяж зургаан үг тогтоох хэрэг гарна . Жишээ нь, энэ нисээд байгаа шувуу гэхэд л хондлой цагаан ураацай гэдэг нэртэй. Дээр нь латин, англи нэршлүүд нэмэгдэнэ. Хэдэн шувуу таньдаг болж байгаа. Харин надад бол 287 зүйл шувууны сайн муу зураг бий.
Угалзан ууль  (Strix nebulosa)
-Тийм олон төрөл байх нээ?
-Монголд гэхэд 500 шахам зүйл шувуу бий. Түүнээс 100-аад нь суурин амьдардаг, 200 орчим нь нүүдлийн шувуу, 100 нь дайран өнгөрдөг. Үлдсэн 100-г нь бол би хэзээ ч үзэж чадахгүй гэж бодоод байгаа юм. Яагаад гэхээр тэр нь Монгол оронд маш ховор буюу тохиолдлын чанартай таардаг юм. Ер нь манайх их олон ховор шувуутай орон.
-Улаанбаатарт хэдэн зүйлийн шувуу байдаг бол?
-Нүүдлийн шувуудаа оруулаад 150-200 орчим зүйлийн шувуу нийслэлд бий. Улаанбаатарын шувуудын талаар судлаач залуус маань ном хийхээр төлөвлөж байгаа гэсэн.

Шивэр энхэтбялзуухай (Bombycilla garrulus)
-Тэгвэл шувуу сонирхогч Улаанбаатарт хэр олон байдаг юм бол?
-Шувуу сонирхогч 70-80 хүн байдаг. Өвөл Сонгинын аманд -34 хэмийн хүйтэнд шувуу харах гээд явахад 30-аад хүн цуглаж байсан. Ихэнх нь зүгээр л шувуу харах гэж, зарим нь зургийг нь дарах гэж. Хоттой ойролцоо шувуу ихээр цугладаг газар бол Туулын шугуй, Сонгинын булан дахь хотын цэвэрлэх байгууламжаас гарч буй дулаан урсгал усанд дээр их цугладаг. Органик гаралтай арьсны ялзмагууд ихээр гардаг гэсэн үг. Энийг дагаад ангир, энхэт бялзуухай, дөлөн цэгцүүхэй, тоншуул гэх мэт арваад төрлийн шувуу цуглана.
ХОНДЛОЙ ЦАГААН УРААЦАЙН ЗУРГИЙГ АВАХЫН ТУЛД ТАГТАН ДЭЭРЭЭ САРЫН ХУГАЦААНД ОРОЙ БҮР ЗОГССОН
-Зураг авахаар гарах боллоо гэхэд таны үүргэвчинд юу юу ордог вэ?
-Дуран, камер, батерей, запас батерей, гурав дөрвөн карт, дуран цэвэрлэдэг үлээгүүр, жижиг багажнууд, камерын хөл. Хувцасны тухайд цагаан цамц болон тод өнгийн зүйл, хүний арьсны өнгө, шулуун тэгш хэмтэй камерын хөл зэрэгт шувуу маш дургүй. Байгаль дээр шугам шиг төгс шулуун мод байдаггүй учраас тэр л дээ. Гэхдээ энэ мэт сонголтууд нь үнэндээ шувууг биш өөрийгөө л хуурч байгаа хэрэг. Шувуу тэртэй тэргүй чамайг түрүүлж харна. Махчин шувуу гэхэд 1-2 км-ын зайд хардаг. Хүн бүргэд шиг хурц хараатай байна гэвэл бидний нүд тавагны хэмжээтэй байх ёстой гэсэн. Ойртуулахын тухайд гэвэл махчин шувуу 50-60 метр, жижиг шувууд 20 орчим метрийн зайд өөрийн орон зайгаа хадгалдаг.
Ооч ёл (Gypaetus barbatus)
Эгц хойноос нь эсвэл эгц өөдөөс нь шууд чиглээд очвол байгалийн амьд амьтан зөнгөөрөө үргэнэ. Тийм болохоор чиглэлээ олон удаа өөрчилж байж очдог. Хэрвээ шувуу сэртэлзээд эхэлбэл хөдлөхгүй зогсоно. Ингэж явсаар байгаад аль болохоор ойртож байж зургийг нь авдаг. Үргээж цочоохоос аль болох зайлсхийнэ. Мөн мэдээж гэрэл хэрэглэхгүй.
-“Ийм шувууны зургийг авья даа” гэх санаагаа хаанаас авдаг вэ?
-Судлаачдын яриа, сайн зурагчдын зурагнаас л санаа авдаг. Манайд мэргэжлийн шувуу судлаач их цөөхөн. Арав, хорь, гуч... илүү биш. “Монгол орны шувуудын улаан данс” гэх мэт өмнө гарсан судалгааны ном бүтээлийг үзнэ. Энэ номонд шувууд аль аймгийн, ямар байгалийн зүй тогтолтой газар амьдардаг талаар дэлгэрэнгүй заасан байдаг. Сүүлийн гурван жил шувуудын тухай, зураг дарах техник аргын тухай, камер дурангаа хэрхэн хэрэглэх вэ гэсэн гурван төрлөөр ном уншлаа. Бас интернэт ухна. Ер нь зураг сонирхсон биш баахан юм л уншдаг ажилтай болсон /инээв/. Гэхдээ энэ бүхнээс хамгийн зугаатай, хамгийн жаргалтай ажил нь зураг авах.
Бөөвөлжин өвөөлж (Upupa eopops)
-Энд ийм шувуу байна гэх сургаар давхиад очно гэхээр шувуу гэдэг нисээд явчихдаг амьтан юм чинь таныг очих гэсээр байтал нисээд явчихвал яах вэ?
-Тийм тохиолдол гаралгүй яах вэ.Нэг шувууны сураг дуулчихвал санаа амар сууж чадахгүй. Байн байн цаг агаарын мэдээ хараад л, гараад явмаар санагдаад. Найзууд маань “энд эргийн тийм шувуу байна” гээд хэлэхэд би судлана. Ойр ойрхон нүүдэллээд явдаг шувуу юу эсвэл том нүүдэл эхэлж байна уу. Судлаач найз нараасаа асууж лавлана. Эргийн шувуу болон жижиг шувуудын нүүдэл долдугаар сарын сүүлээс эхлээд есдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилдэг. Хамгийн сүүлд том махчин шувууд болон хун шувууд буцдаг.
-Нэг шувууны зургийг дарахын тулд хэдий хугацаа зарцуулдаг вэ?
-Би зураг авах цаг дууслаа гэдгийг нарны баримжаагаар л мэддэг. Зураг авч байтал гэнэт гэрэл алга болчихоор юм уу, гэрэл хурц болох тэр үед л цагаа харж “өө тэд болчихож” гэж мэднэ. Өдрийн хурц гэрэл эгц дээрээс нь тусахаар их муу бүрзгэр зураг гардаг юм. Зурагчид нар мандасны дараа болон нар жаргахаас нэг хоёр цагийн өмнөх цагийг “алтан цаг” гэж нэрлэдэг.
Жаргах нарны гэрэлд харсан Ухаа дунхай ( Lanius cristatus)
-Кадраар бол хэчнээнийг дардаг вэ?
-Нэг өдөр шувуунд 6-7 цаг явлаа гэхэд ойролцоогоор мянган кадр дарна. Камер дээрээ 300-400-г нь устгана. Гэртээ ирээд дахиад 300, 400-г нь устгана. Тэгээд 200 кадраас ихдээ таван арван кадр л авч үлдэнэ. Кадраар бодоход би 100-120 мянган кадр сүүлийн хоёр гурван жилд дарсан байх. Сонирхогчийн камерын эдэлгээний хугацаа нь 150 мянган кадр байдаг. Мэргэжлийн камер 300 мянга гэдэг.
-Хамгийн их хугацаа зарцуулж байсан авсан шувууны зураг гэвэл?
-Цэвдгийн ахууна гэдэг шувууны зургийг дарахын тулд Архангайн Цахир орж дөрвөн өдөр зарцуулж байлаа.
-Тэр нь яадаг шувуу болохоор тэгж их хугацаа зарсан юм бол?
Цэвдгийн ахууна (Lagopus muta)
-Хадтай өндөр ууланд байдаг хойлог, ятууны төрлийн шувуу. Өвөлдөө цав цагаан өнгөтэй болчихдог. Архангай аймгийн Цахир, Чулуутын нутаг ерөнхийдөө далайн түвшнээс дээш 2000-3000 метрийн өндөрт оршдог бөгөөд 2800 метрээс дээш мод ургадаггүй гэсэн. Би цэвдгийн ахууны зургийг авах гэж тэр өндөрт гарсан байх. Бүсэлхийгээрээ татсан цасан дунд гурав, дөрвөн цаг алхаж очих нь хүндрэлтэй байсан ч очсон даруйдаа таарна гэж бас байхгүй. Дөрвөн өдөр хайсны сүүлийнхэд нь нөгөө шувуу байж таарч зургийг нь авсан даа.
Хондлойцагаан ураацай  - (Apus pacificus)
Бас Хондлой цагаан ураацайн зургийг авахын тулд би тагтан дээрээ нэг сар бараг орой бүр зогссон. Ураацайны дундаж хурд 28-35 км/цаг, их хурдтай бол 55 км/цаг хүртэл хурдалж чаддаг. 35 км/цагийг метр секундэд шилжүүлээд бодвол секундэд 8-9 метр явна гэсэн үг. Тэгэхээр нэлээн алсаас өөр лүүгээ нисч магад гэснийг нь сонгож аваад дэргэдүүр өнгөрөх тэр мөчид 3-4 дарна. “Кэнон 7Д” аппарат сонирхогчийн камер хэдий ч хамгийн өндөр хурдтай. Сайн зураг зураг чадаагүй ч юм сурсан байхаа.
-План доторх зохиомжоо яаж гаргадаг вэ?
-Анх бол хөдөлсөн шувуу болгоныг л авах гээд байсан болохоос зохиомж гэж сонирхдоггүй, мэддэггүй байлаа. Тэгэхээр одоо би нөгөө уншдаг гурван төрлийн номон дээрээ бас амьлах орчин,  зохиомжийн талаар ном унших хэрэгтэй болчихоод байгаа юм /инээв/. Хүнээр хэлвэл тухайн шувуу гэрийнхээ ойролцоо байгаа юм уу, хоол ундаа идэж, ажлаа хийгээд явж байгаа юм уу, ууртай юу, баяртай юу гэдгийг нь гаргаж өгөх хэрэгтэй.
Дөлөн цэгцүүхэйний (Carduelis flammea) 
Жишээ нь, Дөлөн цэгцүүхэйний (Carduelis flammea) энэ зургийг дэлхий даяар 10 мянга гаруй хүн үзсэн. Цаад дэвсгэр нь хар учраас наана байгаа шувууг их тодотгож өгөхөөс гадна бас нэг өгүүлэмж өгдөг байхааХоёр адилхан зураг өлгөөстэй байхад хүн зөнгөөрөө аль зохиомж сайтайг нь харж сонирхдог.
ЗАРИМ ШУВУУД ДЭГДЭЭХЭЙГЭЭ ХАРАМЛАХДАА ШАРХАДСАН БОЛЖ ЖҮЖИГЛЭДЭГ
-Шувуу ямар ааштай вэ?
-Шувуунаасаа шалтгаалаад янз бүр. Зарим нь их найрсаг, хүнээс цочихгүй найзархаг. Зарим нь бүр хүнийг үзэхгүй маш их зугатна, айна. Барьсан идшээ харуулж байгаад идчихдэг “нөхөд” байхад бүр нууж байгаад идэх нь ч байна. Зарим нь амьдрах орчноосоо шалтгаална. Шунгуур гээд бүх амьдрал нь усан дээр өнгөрдөг шувуу байдаг. Энэ шувуу дэгдээхэйгээ нуруун дээрээ тээж явдаг. Дөрвөн дэгдээхээтэй бол аав ээжийнхээ нуруун дээр хоёр хоёроороо суучихна. Аав ээж нь жараахай зөөж аманд нь хийнэ. Энэ шувуу дэрсэн дунд зассан үүр лүүгээ л гарахаас биш бусад үед хуурай газар дээр гарахгүй. Биеийнх нь бүтэц их сонин. Хөл нь бүр хойноо учраас усны мандал дээр гүйж чаддаг. Би энэ зургийг авахын тулд Багануур луу хоёр удаа явсан.
Халтар шунгуур (Podiceps nigricollis)
Эхний удаа явахдаа дөрөв таван цаг болсон бол сүүлийн удаа явахдаа хоёр өдөр, нэг шөнө болсон. Хол байсан болохоор дуран хүрдэггүй. Тийм болохоор хоноод маргааш өглөөнийх нь нарнаар завиа авч очсон. Завин дээрээ тор бүтээж байгаад хэдэн цаг хөөцөлдөж байж зургийг нь авсан даа. Ганцхан кадрын төлөө. Гэхдээ тэр ганц кадрыг авах мөч их гоё. Америкийн нэрт зурагчин Типлинг зөвхөн нар жаргахаар л гарч ирдэг шар шувууны зургийг авах гэж 55 орой камераа үүрч гарсан байдаг. Ер нь өөрийнхөө сонирхлоор л очиж байгаа болохоор хэдэн ч удаа очсон хамаагүй л дээ.
Хун их өрөвдмөөр шүү дээ. Намар орой болохоор нуур ус захаасаа мөстөж хайлмагтаад хун шувуудын нисэх талбай багасдаг. Нэлээн хол гүйж, далавчаараа ус цохиж байж өндрөө авдаг учраас тэр талбай нь байхгүй болсон үед хүн амьтан хунгийн дэргэд очиход хэчнээн айж үргэмээр байсан ч нисч чадахгүй болохоор тэр хавьдаа хөвөөд л байна.
Гангар хун (Cygnus Cygnus)
Уран шувуу гэхэд жишээ нь үүрээ бариад өндөгөө дараж байснаа эр эм хоёр гэнэт салаад явчихна. Тэгээд өөр уран шувуутай нийлээд үүрээ барьчихдаг. 

Бургасны ураншувуу (Remiz coronatus)
-Тэгэхээр нөгөө өндөг нь яадаг бол?
-Тэгээд л дуусаа байх. Өндөгийг тодорхой хугацаанд дарж дулааныг нь хадгалж байхгүй бол үхчихнэ шүү дээ. Гэтэл зарим шувуу дэгдээхэйгээ учиргүй харамлана. Дэгдээхэйгээ нуучихаад хүнийг холдуулах гээд янз бүрийн авир гаргана. Шархадчихсан болж жүжиглээд далавчаа унжуулан навсаганаад урдуур гарч алхана. Өнгөрсөн баасан гарагт нэг зэрлэг нугас усны зах дээр зогсож байсан чинь урдуур шуугиж орж ирээд, нисч чадахгүй гэмтчихсэн гэсэн мэдээллийг надад өгч намайг холдуулж байгаа юм. Би тэгээд араас нь зургийг нь дарах гээд дагаад явахаар нисчихэжж байгаа юм. Ахууна, ангир, ээтэн бас тэгдэг.

ЯДАЖ Л ХОГ ТАРИХГҮЙ БАЙГАА БОЛ ШУВУУДЫГ ХАМГААЛЖ БАЙГАА НЬ ТЭР
-Зарим хүн хойлогийн мах шарханд сайн, элээний элгийг элгэнд сайн гээд алж иддэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Тухайн шувууны мах ямар нэгэн эрдэс бодис илүү агуулсан байж болзошгүй. Өвчтэй амьтан идвэл яана. Эм тариа дутуу гуцуу үед хэрэглэж байсан байх. Харин өнөөдөр ардын болон орчин үеийн эм эмчилгээ хангалттай болчихсон байхад амьтан алж иднэ гэдэг хэрэггүй л зүйл. Өвчин эдгээнэ гэх шалтгаар цэвдггийн ахууна, шар шувуу, тоодог гээд ховор сайхан шувуудыг алдаг нь маш харамсалтай. Өнгөрсөн 20 жилд манайхан ан амьтан шувуугаа алаад дууслаа шд. Гэхдээ үүний цаана бас янз бүрийн байгалийн гаралтай эд эсээр хийсэн болох гэж амьтан устгадаг хятадын том зах зээл байна.
-Хятадууд их алдаг байх даа?
-Алж байгаа нь монголчууд өөрсдөө. Буга, тарвагаа алаад дууслаа. Хярсыг гэхэд л ёстой хүйс тэмтэрч байна. Их л хайран санагддаг. Хүн байгальд хүндэтгэлтэй хандахгүй, үнэгүй юм гэж авч  хэдэн төгрөгний хожоо олох гэж байна.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд таньд манай уншигчдад хандаж хэлэх үг байгаа байх?

-Амьд байгалийн төгс нэгэн бүтээл болох шувуу гэх гайхамшигтай амьтан энэ дэлхий дээр 10 мянга гаруй зүйл төрөл байна. Сүүлийн үед байгаль орчинтойгоо зохицож амьдарья, ногоон хөгжил гэх мэтээр их ярьдаг болж. Энэ нь амьтдыг хашаад хүнийг хүргэхгүй гэсэн үг биш. Хүн амьтантай ямар нэгэн байдлаар хамтарч зохицож амьдарч л таарна. Тиймээс байгаль орчноо хайрлах сэтгэлгээ төрүүлэхийн тулд тэр талаарх боловсрол мэдлэгийг олгох нь маш чухал. Хүн мэддэг таньдаг зүйлээ хайрлана уу гэхээс мэдэхгүй зүйлдээ бол дайсан нь байдаг. Шувуу мэддэггүй хүн бол  дайраад гарах, дэгдээхэй нь гэмтсэн байхад тоохгүй өнгөрөхийг юман чинээ бодохгүй. Харин мэддэг, сонирхдог бол заавал хамгаална. Хамгаалахдаа бүр амьдрах  орчинд нь хүртэл хор хохирол учруулахгүй юмсан гэж бодно. Жишээ нь, гудамжинд, хээр явж байхдаа зажилж байгаа бохио хаяхгүй. Хаясан тэр бохийг чинь жижиг шувуу идээд гэдэс доторх нь наалдаад үхчихдэг гэнэ. Үхсэн шувууны гэдэснээс маш их хог хаягдал гардаг учир хог хаяхаа болино. Ийм болохоор миний зүгээс шувууны тухай олсон мэдсэнээ аль болох олон хүнд хүргэж, хүүхэд залууст харуулахсан гэж хүсдэг. Дунд сургуулийн биологийн хичээл дээр хүүхдүүдэд энэ талаар ордог болоосой. Учиргүй үүрийг нь бариад тэжээгээд байдаггүй юмаа гэхэд гай тараад байдаггүй л байвал болох нь тэр.

No comments:

Post a Comment