Wednesday, October 8, 2014

МОНГОЛ ОРНЫ ЖИГҮҮРТЭН - 2014 ФОТО ЗУРГИЙН УРАЛДААН

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны жигүүртэн” фото зургийн уралдаанаа тав дахь жилдээ зарлаж байна. Энэхүү уралдаан нь ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зарлагддаг билээ. Хамгийн сүүлийн буюу өнгөрсөн оны уралдаанд нийт 42 оролцогчид 74 зүйлийн 192 зураг ирүүлсэнээс 4 зургийг шилдэгээр шалгаруулсан.
Энэ жилийн уралдаан 2015 оны 1 сарын 07 хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа хугацаанаас өмнө info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү. Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна. Уралдааны дүнг 2015 оны 1 сарын 10-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 3 дугаар уулзалтын үеэр олон нийтэд зарлана. 
Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж болно. Харин шувууны өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж болно.
Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-5 бүтээлээ явуулах ёстой. Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал сайн. Нягтшил хэт муутай зургийг оролцуулах боломжгүй. Зурганд засвар хийхийг хориглохгүй бөгөөд тэгэхдээ эвлүүлэг хийхийг хориглоно.
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас гадна, зурагчин өөрийн овог нэр, нас, мэргэжил, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой. Зурган дээр тамга байж болохгүй. Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчын эрх бүтээлээ ирүүлсэн зурагчинд хадгалагдах болно. 
Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн албан ёсны facebook дээр байрлуулах юм https://www.facebook.com/pages/Wildlife-Science-and-Conservation-Center-of-Мongolia/173406369372024.
Шилдэг 3 зургийг тэргүүн байр эзлүүлэхээс гадна, ховор шувуудын болон ховорхон агшины номинаци тус бүрт нэг зургийг шалгаруулна. Байр эзэлсэн эздэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2015 оны 1 сарын 10-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 3 дугаар уулзалтын үеэр зохион байгуулна.

Тэргүүн байр 1 Цом, гэрчилгээ, mini ipad, “Зүүн Азийн шувууд”, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном
Хоёрдугаар байр – . Гэрчилгээ, “Canon брэндын шагнал”, “Төв Азийн шувууд”, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном
Гуравдугаар байр Гэрчилгээ, “Celestron” хоёр нүдний дуран, "Европын шувууд-Collins", “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном
“Ховор шувуу” номинаци –Өнгөт принтер, гэрчилгээ, “Зүүн Азийн шувууд”, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном
“Ховор агшин” номинаци – Тусгай шагнал, гэрчилгээ, “Зүүн Азийн шувууд”, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” ном

Уралдаанд оролцогсодтой и-майлээр холбоо барих бөгөөд ЗАСХТ, МШАК-ын facebook болон вебсайт дээр зарлах болно. Шалгарсан бүтээлүүдийг жил бүр нийтийн хүртээл болгодог. Жишээ нь: бид 2013 оны намар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хананд манай уралдаанд оролцогчдынхоо шилдэг зургуудаас олны хүртээл болгосон билээ.
Энэ жилийн уралдааныг ЗАСХТ, Canon ITZone, Таван Богд группын Таван Богд Менежемент ХХК, Тунгалаг Дуран, ивээн тэтгэж, шагналын санг бүрдүүлж байгаа, мөн Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам дэмжин оролцож байна. Дээрх байгууллагуудад болон хувь хүмүүст зохион байгуулагчид болон нийт шувуу ажиглагчид, байгальд хайртай хүн бүрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна.

Танд амжилт хүсье!
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб

No comments:

Post a Comment