Friday, March 5, 2010

Шувуудад хиймэл үүр хийж өгье

Урин дулаан хаврын улирал айсуй. Усны шувууд нүүдэллэн ирж асуй.

Нээрээ дулааны улирал ойртож нүүдлийн шувуудын түрүүч хаяанд ирлээ. Тун удахгүй анхны нүүдлийн шувууд үзэгдэж эхлэх тул дурангаа бэлдэж байгаарай гэж зөвлөе.

Монголчууд бидний хувьд өнгөрсөн хэдэн арван жил эдийн засагийн хувьд маш хүнд үе байлаа. Хэдийгээр одоо нийгмийн хөгжил, эдийн засгийн хувьд бүрэн сэхээгүй байгаа боловч хүмүүсийн амьдрал нэг үеээ бодвол харьцангуй дээрдэж байна. Өнгөрсөн хугацаанд бид хүрээлэн буй орчиндоо даанч дээ гэмээр их хэмжээний сүйтгэл учрууллаа. Гэхдээ хүмүүсийн сэтгэхүйд эх орныхоо байгаль орчноо хамгаалах гэсэн сэтгэл урьдын адил байсаар байгаа бөгөөд энэ нандин чанараа хараахан бүрэн алдчихаагүй байгаа нь сайн хэрэг боловч үлдсэн энэ сайхан чанараа хөгжүүлэхийн төлөө хийх зүйл их байна. Үүнтэй холбогдуулаад бид та бүхэнд суурийн газрын шувууддаа хиймэл үүр хийж өгөөч хэмээн уриалах гэсэн юм. Учир нь суурин газар амьдарч сурсан олон зүйл шувууд үүрлэх орчиноор хомс болж байгаа тул тэдэнд туслах хэрэгтэй байна.

Жил бүрийн хавар аймаг, сум, хот, дүүргийн захиргаа мод тарих компанит ажил өрнүүлж олон мянган мод тарьдаг боловч модны ургалт, бие гүйцэлт шаардлага огт хангахгүй байна. Мөн байшин барилга барих зорилгоор хуучин тарьсан мод бүхий талбайнуудыг ихээр сүйтгэдэг. Үүнээс болж хот суурин газрын ногоон цэцэрлэгийн эзлэх талбай жилээс жилд хэмжээ хумигдсаар байна. Ялангуяа шувуу үүрлэхэд шаардлагтай бие гүйцсэн эрүүл мод асар цөөн болж суурин газрын шувууд үүрлэх нь эрс багаслаа.

Шувуудад хиймэл үүр хийж өгөх ажил манайд нилээн дээр үеэс хийгдэж байсан. Жил бүрийн хавар улсын хэмжээнд арван жилийн сургуулиудын дунд шувууны үүр хийж хотын цэцэрлэг гудамж, уулын модонд аваачиж тавьдаг уламжлал саяханыг хүртэл байлаа. Энэ заншилийг сэргээх хэрэгтэй байна.


Хавар амьтдын үржил эхлэх үед өндөгөө гаргах тохиромжтой газрын эрэлд шувуу бүхэн гардаг. Энэ үед хиймэл үүр хийж өгөх нь зүйтэй. Та бүхний барьсан үүр шувуудад үр төлөө асрах, өвлийн хүйтэн шөнө, эсвэл зуны халуун нар, хүйтэн бороонд шувуудад орогнох байр болно. Хиймэл үүр хийх нь амархан бөгөөд зугаатай ажил. Та бүхнийг доор тавьсан Англи, Америкийн шувуу хамгаалах байгууллагуудын веб хуудсуудыг анхааралтай судлахыг уриалая. Эдгээр хуудсуудад шувууны үүр барих загвар, анхаарах чухал зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий.

The Royal Society for the Protection of Birds
http://www.rspb.org.uk/advice/helpingbirds/nestboxes/smallbirds/index.asp

Hawk and Owl Trust
http://www.hawkandowl.org/SculthorpeHome/Nestboxes4Sale/

The Bat Conservation Trust
http://www.bats.org.uk/publications_detail.php/285/bat_box_design_the_kent_bat_box

The Audubon Society
http://audubonmagazine.org/backyard/backyard0201.html


Манайд шувуудад хиймэл үүр хэрхэн барьж өгөх талаар Монгол хэл дээр бичигдсэн гарын авлага хомс байна. Энэ тал дээр сайн дураар хамтран ажиллах хүмүүс байвал бидэнтэй санал солилцож холбоо барина уу.

Б.Нямбаяр
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв
nyambayar@wscc.org.mn

П.Ганхуяг
Монголын шувуу ажиглагчдын клуб
mongolbirdclub@yahoo.com

2 comments:

  1. Bi negdey. oyutnuudaaraa hiilgeh sanaa turluu. hiinee. zaagaad uguurei

    ReplyDelete
  2. Uur khiikh zaavar deerkh website-uud deer baigaa. Tuuniig kharaad khiigeerei. Kharin orchuulaj Mongol khel deer khevlekh kheregtei baina. ter tal deer tuslakh bolomj baina uu.
    Nyambayar

    ReplyDelete