Tuesday, March 16, 2010

Монгол дахь Шувуудад Чухал Газрууд

БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ТҮШИЦ НУТГУУД: Монгол дахь Шувуудад Чухал Газрууд ном хэвлэгдлээд нэг жил боллоо.

Шувуудад чухал газар /ШЧГ/ гэж юу вэ? ШЧГ гэж тусгай хамгаалалттай газрууд уу? Шувуудад чухал газруудыг хэрхэн сонгодог вэ? Монголд хэдэн ШЧГ, хаана байдаг юм бэ? ШЧГ-д аялал жуулчлал хөгжүүлж болох уу? ШЧГ-ын ач холбогдол? Манай дэлхийд ховордож буй шувууд хэд байдаг юм бэ? Дэлхийд ховорож байгаа реликт цахлайг би хаана харж болох вэ? мэт асуултуудад уг лавлах хариулах болно.


2007 онд Байгаль орчны яам болон Дэлхийн банк хамтран Шувуудад чухал газруудын тухай зөвлөлгөөнийг Улаабаатар хотод зохион байгуулсан юм. Энэ зөвлөлгөөнд их дээд сургуулиуд, ШУА-ийн хүрээлэнгүүд, ДБХС, ЗАХН, ГТХАН-ийг төлөөлсөн 40 гаруй мэргэжилтнүүд оролцсон. Оролцогсод Монгол дахь ШЧГ-ын жагсаалтыг хэлэлцэн тогтсон бөгөөд номыг эцэёлэх ажил нь олон тооны байгууллага, судлаачид, хувь хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүн болсон юм.

ШЧГ-ууд нь BirdLife International байгууллагын боловсруулсан доорх шалгууруудад тэнцэж байгаа газар нутгууд ордог. Шалгууруудыг дэлгэрүүлж үзвэл:

A1. Дэлхийн хэмжээнд устах аюулд орж байгаа зүйлүүд: Тухайн нутагт дэлхийн хэмжээнд ховордсон зүйлүүд тогтмол, тоо толгойн хувьд дэлхийн эсвэл бүс нутгийн популяцид чухал нөлөөтэй байхаар тоотой байдаг эсвэл байгаа гэж үздэг газар
A2. Тархац нутаг хязгаарлагдмал зүйлүүд: Үржлийн тархац нутгийнх нь дийлэнх хэсэг Эндемик шувууны нутаг дэвсгэр (ЭШН) эсвэл Хоёрдогч нутаг дэвсгэр (ХН) болдог зүйлүүд уг нутагт тогтмол, тоо толгойн хувьд дэлхийн эсвэл бүс нутгийн популяцид чухал нөлөөтэй байхаар тоотой үзэгддэг эсвэл байгаа гэж үздэг газар
A3. Биом хязгаарлагдмал зүйлүүд: Энд популяцийн тархцын дийлэнх хэсэг эсвэл бүхлээрээ нэг биомд багтах зүйлүүд байгаа нь тогтоогдсон эсвэл байгаа гэж үздэг газар
A4. Цугларалт: Олноор цуглардаг усны шувууны зүйлийн газарзүйн популяцийн 1% болон түүнээс дээш хувь, эсвэл нэг ба хэд хэдэн зүйл шувууны 20,000-аас дээш тооны бодгаль тогтмол цуглардаг эсвэл байгаа гэж үздэг газар

Одоогоор манай улсад нийт нутаг дэвсгэрийн 5%-тай тэнцэх хэмжээний буюу 8.4 га талбайг хамарсан нийт 70 ШЧГ олж тогтоогдоод байна.

Нийт 105 хуудастай, 145 зурагтай энэхүү лавлахыг байгаль орчныг хамгаалах салбарын бүх байгууллагууд, Дэлхийн Банк, бусад олон улсын банк санхүүгийн байгууллага, корпорациуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, дотоодын болон олон улсын байгаль орчны салбарын байгууллагууд, судлаачид, аянчин жуулчид, ард иргэдэд зориулагдав.

Дэлгэрэнгүйг www.wscc.org.mn/iba.html сайтаас үзнэ үү. Мөн хотын төвийн нромын сангуудаар зарагдаж буй тул сонирхосон хүн худалдан авах боломжтой.

Б.Нямбаяр
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв

1 comment:

  1. Шувууг хамгаалах нь үнэхээр чухал байна. Тэр америкийн заавраар хийсэн үүрний нүхний хэмжээ манай шувуудад таарах юм уу. Бас шувуудын нэрийг англи-монголоор бичиж өгөөч, вэб-ээс юм харахаар чухам манайд байдаг эсэхийг нь мэдэхгүй будилаад байна

    ReplyDelete