Академич, профессор Осорын Шагдарсүрэн
(1929-2010)
(1929-2010)
Монгол улсын гавъяат багш, академич, профессор, биологийн шинжлэх ухааны доктор Осорын Шагдарсүрэн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Академич, профессор О.Шагдарсүрэн 1929 онд Дорнод аймгийн Матад сумын нутагт малчин ард Осорын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр бага насаа эцэг эхийн хамт өнгөрөөж, 1948 онд тус сумын дунд сургуулийн 7-р ангийг төгсгөж улмаар МУИС-ийн бэлтгэл анги, хими-биологийн ангид суралцаж, 1955 онд хими-биологийн багшийн мэргэжил эзэмшин, төрөлх сургуульдаа багшаар томилогджээ.
Энэ үеэс Монгол орны амьтны аймгийг судлан шинжлэх ажлаа эхэлж, 1961-1964 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн аспирантурт суралцаж, нэрт эрдэмтэн проф. Г.П.Дементьевийн удирдлагаар “Монгол орны төв ба өмнөд нутгийн махчин шувууд, тэдгээрийн практик ач холбогдол” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалжээ. Ийнхүү манай улсын анхны шувуу судлаач эрдэмтэн болж, цаашид өөрийн судалгаагаа хөхтөн амьтад болон бэлчээрийн малын биологи, экологи, эволюцийн чиглэлээр өргөжүүлэн гүнзгийрүүлжээ. Тэрбээр 1972 оноос Москвагийн их сургуулийн докторантурт суралцаж, 1975 онд “Монгол орны агнуурын амьтад, агнуурын аж ахуйн өнөөгийн байдал, түүний хэтийн төлөв” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан юм.
Академич, профессор О.Шагдарсүрэн 1964-1982 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэн, Биологийн хүрээлэнгийн захирлаар, 1982-1983 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар, 1983-1989 онд МУИС-ийн захирлаар ажиллаж байсан ба өнөөг хүртэл тус сургуулийн Амьтан судлалын тэнхимд багшилж байв. 1990-ээд оныг хүртэл Монгол-Зөвлөлт, Монгол-Германы хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Монголын талын удирдагч, эрдэм шинжилгээний цуврал бүтээлийн ерөнхий редактороор ажиллаж байсан ба биологийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар олон жил хариуцлагатай ажилласан юм.
Академич, профессор О.Шагдарсүрэн өөрийн судалгааны үр дүнгээр “БНМАУ-ын ховор хөхтөн амьтад”, “Хангайн нурууны хөхтөн амьтдын судалгаанд”, “Монгол орны ан амьтныг хамгаалах, үржүүлэх асуудал”, “Агнуурын амьтад ба ан хамгаалал”, “Байгалийн шалгарал ба бэлчээрийн мал аж ахуй”, “Бэлчээрийн мал аж ахуй ба онолын биологийн зарим асуудал”, “Монголын бэлчээрийн мал аж ахуй” зэрэг 20 гаруй нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэл туурвисан, Монгол орноос шинжлэх ухаанд шинээр нээгдсэн хэд хэдэн зүйлийн амьтан түүний нэрээр нэрлэгдсэн нэрт эрдэмтэн хүмүүн байлаа. Тэрээр судалгааны ажлын дүнгээ хэрэглээнд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч, Хар-Ус нууранд заарт харх, Хомын талд цагаан зээр нутагшуулах ажлыг удирдан гүйцэтгэсэн билээ.
Академич, профессор О.Шагдарсүрэн багшлах хугацаандаа олон арван оюутан, магистрын судалгааны ажил, 20 гаруй докторын зэрэг горилсон диссертаци удирдсан нэрт сурган хүмүүжүүлэгч байв. Их, дээд сургуулийн оюутанд зориулан “Амьтан судлал” I ба II, “Бэлчээрийн мал аж ахуйн биологийн үндэс”, “Экологийн танин мэдэхүйн үндэс” зэрэг сурах бичиг зохиож, биологи, экологи, эволюци, бэлчээрийн малын биологи, мал аж ахуйн үйлдвэрлэл зэрэг чиглэлээр олон арван нийтлэл, сурталчилгааны өгүүлэл бичиж төвийн сонин сэтгүүлд хэвлүүлсэн нэртэй нийтлэлч байлаа.
Академич, профессор О.Шагдарсүрэн манай улсын шинжлэх ухаан, дээд боловсролын гол байгууллагуудын удирдлагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, шинжлэх ухааны чадавхийг олон улсын түвшинд хүргэх, Монгол улсад биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, авъяаслаг зохион байгуулагч, бусдыг үлгэрлэгч эрдэмтэн байлаа.
Академич, профессор О.Шагдарсүрэн нь АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдож, ЭЗХТЗ-ийн Биофизикийн төвийн Монголын бүрэн эрхт төлөөлөгч, МЭТНБХолбооны тэргүүлэгч гишүүн, Монгол-Энэтхэгийн найрамдлын нийгэмлэгийн дарга зэрэг сонгуулт ажлуудыг гүйцэтгэж байсан нийгмийн нэрт зүтгэлтэн байв. О.Шагдарсүрэн 1982 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд жинхэн гишүүн (академич)-ээр сонгогдон 1984 онд профессор цол хүртсэн ба төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын гавьяат багш цол олгож, Алтан Гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Засгийн Газрын хүндэт өргөмжлөл, Боловсрол, Шинжлэх ухаан, Байгаль орчин, ХАА-н тэргүүний ажилтан цолоор шагнажээ.
Академич, профессор О.Шагдарсүрэнгийн хөдөлмөрч хичээнгүй, төлөв даруу, эрдэмлэг шударга зан чанар, шинжлэх ухааны гүн гүнзгий мэдлэг, сэтгэлгээний өргөн чадвар, сурган хүмүүжүүлэх авъяас билэг, үлгэр дууриалал нь хамт олон, номын садан анд нөхөд, мянга мянган шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
Монгол Улсын Их Сургууль
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи
Монгол Улсын Их Сургууль
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи
No comments:
Post a Comment