Tuesday, May 5, 2015

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр -2015

Эрчим хүч- Түүнийг шувуудад ээлтэй байлгая!

Дэлхий нүүдлийн шувуудын өдөр (ДНШӨ)-ийг 2006 оноос эхлэн жил бүр дэлхийн олон улс орон өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн бөгөөд энэ өдөр нь нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад олон нийтийн мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг шувуудаар дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалахад татан оролцуулах зорилготой юм.


ДНШӨ нь жил бүр тодорхой уриан дор дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил “Эрчим хүч-Түүнийг шувуудад ээлтэй байлгая” гэсэн уриатайгаар зохион байгуулагдлаа.
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Оюу Толгой ХХК-ний Байгаль орчны хэлтэс, зэрэг байгууллагууд жил бүр ДНШӨ-ийг зохион байгуулан тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн өдөрлөгийг 5-р сарын 1-2ы өдрүүдэд Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдтэй хамт тэмдэглэж өнгөрүүллээ.
 Энэ жилийн өдөрлөгийг Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Оюу толгой ХХК-ний Байгаль орчны хэлтэс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж оролцсон. Мөн Nomadic Expeditions компани болон Экологийн боловсролын төв  дэмжиж оролцсонд гүн талархал илэрхийлэе. 
Уг өдөрлөгт Эрдэмтөгс бүрэн дунд сургуулийн 7-р ангийн хүүхдүүд мөн МУИС-ын харяа Байгал эх лицей сургуулийн 10-р ангийн хүүхдүүд оролцсон бөгөөд мөн шувуу сонирхогчид, ард иргэд идэвхтэй оролцсон.
Эхний өдөр буюу 5 сарын 1-нд тамхимын сургалт Экологийн боловсролын төвд болсон бөгөөд нүүдлийн шувууд болон дэлхийн шувуудын нүүдлийн томоохон замууд мөн Монгол орны нүүдлийн шувууд гэсэн сэдвээр МШУА-ын ЕСБХ-ийн Шувуу судлалын лаброторын эрхлэгч Доктор Н.Цэвээнмядаг илтгэл танилцуулсан. 

Үүний дараа Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Доктор Б.Нямбаяр Эрчим хүч түүний шувуудад үзүүлж буй сөрөг нөлөө ба хамгааллын асуудлууд гэсэн сонирхолтой  илтгэл танилцуулсан.
Мөн Өвөгт тогорууны амьдрах орчин ба нүүлийн замын талаар Японы NHK телевизийн хийсэн баримтат киног сонирхуулсан.

Танхимын сургалтын дараа Оюу толгой ХХК-ний байгаль орчны хэлтэсийн зэрлэг амьтны судалгааны ахлах ажилтан Ц. Пүрэвсүрэнгийн ‘’Ханбогдын шувууд номыг оролцогчдод дурсгасан. Мөн энэ үеэр Монгол орны нүүдлийн шувууд фото зургийн үзэсгэлэн болж өнгөрсөн.

Өдөрлөгийн 2 дахь өдөр буюу 5 сарын 2-нд Улаанбаатар хотод байх Ногоон нууранд очиж шувуу ажигласан бөгөөд энэ үеэр Хүүхдүүдэд хоёр нүдний дуран, Яндан дуран хэрхэн ашиглах мөн шувуу ажиглахад анхаарах зүйлс зэрэг сургалт болсон.
Нийт 70 орчим зүйлийн шувууд бүртгэсэн бөгөөд Хүүхдүүдийн хамгийн сонирхож байсан шувууд нь Өвөгт тогоруу болон Хошуу галуу байв. 
Энэ өдрийн цаг агаар шувуу ажиглахад таатай бус байсан ч өдөрлөгт оролцогчид олон зүйл шувуу харсандаа сэтгэл хангалуун байв.

ДНШӨ-ийг  тохиолдуулан нүүдлийн шувууны зурагтай богино цамц хийж оролцсон бүх хүмүүсд өгсөн.

Sunday, April 26, 2015

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр

Эрчим хүч- Түүнийг шувуудад ээлтэй байлгая!
 Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб болон Оюу толгой ХХК-ийн Байгаль орчны хэлтэс хамтран Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг (ДНШӨ) жил бүр тэмдэглэн ирсэн билээ. Энэ жил Номадик экспедишн болон МУИС-ийн Экологийн боловсролын төв хамтран оролцож байна. 2015 оны ДНШӨ нь ''Эрчим хүч- Түүнийг шувуудад ээлтэй байлгая'' гэсэн уриан дор явагдаж байгаа бөгөөд  бид уг өдрийг тохиолдуулан дунд сургуулийн хүүхдүүд, оюутан мөн нийт ард иргэдэд нүүдлийн шувуудын амьдрах орчин, нүүдлийн талаар болон тэдгээрт сөргөөр нөлөөлж байгаа эрчим хүчний зарим асуудлаар илтгэл танилцуулах болно. Мөн дараа өдөр нь Гүн галуут нууранд нүүдлийн шувууд ажиглах аялал зохион байгуулах гэж байна.

  ‘’Дэлхийн нүүдлийн шувууны өдөр’’ Хөтөлбөр
2015 оны 5 дугаар сарын 1-2
Зохион байгуулагчид:  Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв
                                               Монголын шувуу ажиглагчдын клуб
                                               Оюу толгой ХХК Байгаль Орчны Хэлтэс            
Ивээн тэтгэгчид:             Nomadic Expeditions
                                                Экологийн боловсролын төв

Хэзээ: 2015 оны 5 сарын 1
Хаана: Экологийн боловсролын төвд
15:00  Дэлхийн нүүдлийн шувууны өдрийн нээлт
15:10  Монгол орны нүүдлийн шувууд, тэдгээрийн амьдрах орчны хамгаалал
Илтгэгч: Доктор Н. Цэвээнмядаг (ШУА-ийн ЕСБХ-гийн Шувуу судлалын лаборатори)
15:40 Эрчим хүч түүний шувуудад үзүүлж буй сөрөг нөлөө ба хамгааллын асуудал
Илтгэгч: Доктор Б.Нямбаяр (Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал)
16:10 ‘’Өвөгт тогорууны амьдрал’’ баримтат кино
16:50  ‘’Монгол орны нүүдлийн шувууд’’ гэрэл зургийн үзэсгэлэн
17:30   Хаалт болон маргааш нь болох шувуу ажиглах аялалд явах хүмүүсийг бүртгэх
Хэзээ: 2015 оны 5 сарын 2
Хаана: Гүн галуут нуур
                9:00   Автобус офицеруудын ордны буудлаас хөдлөх
                11:30 Гүн галуутай нууранд шувуу ажиглах
                11:30 Шувуу хэрхэн ажиглах мөн шувуу ажиглахад хэрэглэгдэх багаж хэрэгсэл
                13:00 Өдрийн хоолны завсарлага
                13:30 Хөгжөөнт тоглоом
                14:30 Аягийн нуур болон түүний орчим алхаж шувуу ажиглах
                17:00 Хаалт
                17:30 Автобус хотруу буцна

Tuesday, March 31, 2015

Volunteers needed to find endangered yellow-breasted buntings in Mongolia

Populations of Yellow-breasted Bunting, Emberiza aureola, are rapidly declining across their range and have recently been classified as endangered by IUCN. They were common in the northern Palearctic from Finland and Belarus, eastwards to northeast Asia. Mainly due to excessive hunting in China and several other reasons, the species which once was a common bird has declined across its range and become quite rare. However, ecological aspects of the decline remain unclear.


Male yellow-breasted bunting Emberiza aureola near Ulaanbaatar, Mongolia. photo by G.Amarkhuu

It is vital to understand breeding ecology and migratory behaviour of this species to help identifying conservation actions in future. During the breeding season (June) in 2015, we want to find and identify locations suitable for deploying geo-locators next year and establishing a long-term population study and monit
oring for this species.

We are looking for volunteers who can help us to find breeding localities of Yellow-breasted Bunting in north-eastern Mongolia. However, due to lack of funding and urgency of the issue, Mongolian biologists cannot do this on their own. We need volunteers who are able and willing to pay for costs related to their travel and their participation in field surveys in Mongolia in June 2015. We can help arrange the logistical support you will need while you are in Mongolia. The field survey will last four weeks in June, as we would appreciate volunteers willing to contribute their time and resources during this period.

If you are interested, please contact:
Dr. Nyambayar Batbayar at Wildlife Science and Conservation Center of Mongolia, nyambayar@wscc.org.mn, or
Dr. Samuel Temidayo Osinubi at BirdLife International, temidayo.osinubi@birdlife.org

Monday, March 30, 2015

Улаанбаатар хот орчимд нүүдлийн шувуудын түрүүч иржээ

Тэмдэглэлийг Г.Амархүү, Д.Батмөнх
Улаанбаатар хотын ойролцоо шувуу ажиглах цэгүүд цөөнгүй байдаг. Нүүдлийн шувууд дайран өнгөрдөг Сонгины булан болон Ногоон нуур зэрэг газруудаар өнгөрсөн амралтын өдрүүдээр шувуу ажиглагчдын клубын хэсэг нөхөд нүүдлийн шувуудын түрүүчийг ажиглахаар явсан.
Бид өглөө эртхэн сонгинд очиж шувуу ажигласан боловч энэ орчимд нүүдлийн шувууд хараахан ирээгүй байсан. Харин өвөлждөг шувуудаас Шивэрэнхэт бялзуухай-50 орчим (Bombycilla garrulus), Дуулгат бужирга-2 (Fringilla coelebs), Сибирийн хайруулдай-10 орчим (Prunella montanella), Банхар булжуухай-9 (Coccothraustes coccorhraustes) , Дөлөн цэгцүүхэй-2 (Acanthis flammea), харагдав. 
Шивэрэнхэт бялзуухай (Bombycilla garrulus). Зургийг Г.Амархүү

Бидний өмнөх аялалуудаар дөлөн цэгцүүхэй олон тоологдож байсан бол энэ удаад маш цөөн харагдаж байв. Ихэнх нь үржлийн газарлуугаа явсан бололтой.
Дөлөн цэгцүүхэй (Acanthis flammea). Зургийг Г.Амархүү

Суурин шувуудын хувьд Цэнхэр цанцаахайн (Cyanopica cyanus) маш том бүл голын ойролцоо нааш цааш нисэлдэн байв.
Цэнхэр цанцаахайн (Cyanopica cyanus). Зургийг Г.Амархүү

Мөн Алаг тоншуур-4 (Dendrocopos major), Цоохор тоншуур-2 (Dendrocopos minor), Их хөхбух-10 орчим (Parus major), Номин хөхбух-6 (Parus cyanus), Дуулгат хөөндөй-1 (Turdus pilaris), Ягаан бужмар-2 (Caprodacus roseus), Үүрэн сүүлтзана-10 (Uragus sibiricus) орчим ажиглагдав.
Цоохор тоншуур (Dendrocopos minor), Зургийг Г.Амархүү.

Алаг тоншуур (Dendrocopos major), Зургийг Г.Амархүү

Үдийн алдад Сонгиноос хөдлөж ногоон нуурийг зорисон бөгөөд замдаа Монгол цахлай-2, мөн Алагтуу хэрээ -1 (Corvus dauurica) харсан. 
Алагтуу хэрээ (Corvus dauurica). Зургийг Г.Амархүү

Гангар хун үрждэг Хун нууранд очиход нуур хөлдүү байсан боловч энэ нуураас Туул голд цутгадаг гол нь урсаж байв.
Биднийг очиход Шовтгор алаг нугас-7 (Anas acuta) ниссэн бөгөөд энэ жилийн нүүдлийн нугасны түрүүч нь байлаа.
Шовтгор алаг нугас (Anas acuta). Зургийг Г.Амархүү

Мөн Зэрлэг нугас-30 орчим (Anas platyrhynchos) Хондон ангир-30 (Tadorna ferruginea орчим Алаг шунгаач-10 (Bucephala clangula) байв. Эдгээр зүйл шувууд энэ орчим өвөлждөг боловч энэ удаагийн аялалаар илүү олон болсон мэт санагдаж байсан.

 Хондон ангир (Tadorna ferruginea ). Зургийг Г.Амархүү

Нуурийн эрэг дээр нугасны зураг авахаар хэвтэж байхад эрэг даган Хөх цэгцгий-2 (Motacilla alba) харагдав. Энэ жил харсан анхны цэгцгий байлаа.
Хөх цэгцгий (Motacilla alba). Зургийг Г.Амархүү

Бидний зарим нөхөд эндээс буцсан бөгөөд үлдсэн шувуу ажиглагчид цааш Ногоон нуурыг зорилоо. Ногоон нуур орох замд 30 орчим Боролзой богширго (Alauda arvensis)зам дээр идээшилж байсан бөгөөд мөн ногоон нуурийн орчим маш олноор харагдаж байв.
Боролзой богширго (Alauda arvensis). Зургийг Г.Амархүү

Биднийг ногоон нууранд ирхэд бидний дээгүүр нүүдлийн махчин шувуудын түрүүч болох Сохор элээ-1 (Milvus migrans) эргэлдэж байсан.
Сохор элээ (Milvus migrans). Зургийг Г.Амархүү
Ногоон нуурын ус хайлаад нилээн том болсон байсан бөгөөд нүүдлийн шувуудаас цөөнгүй хэдэн зүйл ирсэн байлаа. Нуурын дунд байх эрэг дээр Хөх дэглий-4 (Ardea cinerea) , Хар тодол-20 орчим (Sturnus vulgarius) байсан бөгөөд эдгээр шувууд мөн нүүдлийн шувуудын түрүүч юм.
Хөх дэглий (Ardea cinerea). Зургийг Г.Амархүү

 Ногоон нуурын зүүн талд байх далангийн энгэр, нар ээсэн дулаан газраар Цагааншанаат хөмрөг (Emberiza leucocephala) олон тоотойгоор ирсэн байв. Харин зураг даруулахгүй маш үргэмтгий байлаа. Мөн Цагаанхүзүүт  хөмрөг-2 (Emberiza schoeniclus) харагдаж байсан.
Цагааншанаат хөмрөг (Emberiza leucocephala). Зургийг Г.Амархүү

Ногоон нуур нь нүүдлийн болон усны шувуудын хувьд чухал газруудын нэг бөгөөд Улаанбаатар хотод хамгийн ойр байгаа усны шувуу ажиглах тохиромжтой газар юм. Мөн энэ газраар Монгол орны улаан номонд орсон 7 зүйл шувууд дайран өнгөрдөг бөгөөд эдгээрээс олон улс болон бүс нутгийн хэмжээнд нэн ховор гэсэн ангилалтай Шарэлэгт хөмрөг үрждэг. Өнгөрсөн жилээс эхлэн золибон нохой нуурын арал, бургасаар үүрлэн маш олон болсон байна. Энэ нохойнууд нүүдлээс ядарч сулидаж ирсэн шувуудыг болон үүрлэж байгаа шувуудыг барих, мөн өндөг ангаахайг идэх аюултай юм. Мөн ганц нэгээрээ шувуу ажиглаж яваа хүн рүү дайрах боргоох аюул улам ихэссээр байна. 

Thursday, January 15, 2015

Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 3-р уулзалтын мэдээ


Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 3-р уулзалт энэ сарын 11-д Урлаг кафе-д амжилттай болж өнгөрлөө. Нийтдээ 100 гаруй шувуу ажиглагч, сонирхогч оролцоно гэж бүртгүүлснээс 46 оролцогч уулзалтанд ирлээ. Уулзалт 15:40 минутад оролцогчдын фэйсбүүк танилцуулгаар эхэллээ.
Уулзалтын эхэнд зохион байгуулагчид ирсэн гишүүдэд хандан уулзалтын гол зорилгыг танилцуулсан. Мөн уулзалтанд анх удаа оролцож байгаа гишүүд Шувуу ажиглагчдын клубын гишүүнээр бүртгүүлж, клубын гишүүний тэмдэгээ авлаа. 
Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 3-р уулзалтын оролцогчид
Хөтөлбөр ёсоор ШУА, Биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийн эрхлэгч, шувуу судлаач Доктор Н.Цэвээнмядагын “Монголын шувуу судлалын түүх ба өнөө үе” гэсэн маш сонирхолтой яриагаар уулзалт эхлэв. 
Шувуу судлаач, Доктор Н.Цэвээнмядаг
30-40 жилийн өмнө аппарат байтугай сайн дуран байдаггүй үед шувуу судлах ажиглах талаар хэрхэн яаж шувуу судлаж байсан талаар маш сонирхолтой зүйлсийг ярьлаа. Дараагийн сонирхолтой яриаг шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхан гишүүддээ өглөө. 
МШАК-ын гишүүн, шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхан
Шувууны гэрэл зургийн талаар өөрийн туршлагаасаа хуваалцаж, зургаа хэрхэн яаж засдаг өөрийн аргынхаа талаар хуваалцаж үнэхээр мэдэх ёстой зүйлсийг оролцогчидод хэлсэн юм. Мөн Клубын гишүүн Ц.Пүрэвсүрэн “Шувууны гэрэл зураг ба шувуу хамгаалал” сэдвээр ярив. 
МШАК-ын гишүүн Ц.Пүрэвсүрэн
Энэ яриагаар шувууны зураг авах үед анхаарах зүйл ялангуяа шувуудыг үүрэндээ өндөг, ангаахайгаа дарж байх үед нь ойртохгүй байх, зураг дарахдаа шувуудаа стрессд оруулахгүй, сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зэрэг зүйлсийн талаар ярьсан. Ийнхүү дараагийн арга хэмжээ маань 2014 оны “Монгол орны жигүүртэн амьтад” гэрэл зургийн уралдааны эздэд шагнал гардуулах үйл ажиллагаа байв. Шагнал гардуулах ажиллагааны өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнийг төлөөлж Ц.Пүрэвсүрэн энэ жилийн зургийн уралдааны шалгаруулалтын талаар товч мэдээллийг өгсөн. Энэ жилийн зургийн уралдаанд 54 оролцогчдын 17 баг, 123 төрөлд багтах нийт 244 зураг ирсэн байна. Шалгаруулалтыг хийхэд тун хүндрэлтэй байсан талаар уулзалтын үеэр шүүгчид хэллээ. Энэ жилийн уралдааны “Шилдэг зураг” тэргүүн байрыг П.Жаргалбатын үржлийн үеэр ноцолдож буй хоёр эр Бүжимч чогчогоны зураг эзэлсэн байна. Тэргүүн байрын шагналыг Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв ивээн тэтгэж - Шилэн цом, гэрчилгээ, Mini iPad, Зүүн азийн шувууд ном, Монгол орны түгээмэл шувууд ном, Монгол орны Шувуудад чухал газрууд ном, Ханбогдын шувууд ном зэргээр шагнав.
Шилдэг зургийн эзэн П.Жаргалбат (баруун талд)
Хоёрдугаар байрыг “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал төслийн гэрэл зурагчин У.Ганбаярын Ахууна агнаад сарвуундаа атган нисэж буй Үлэг харцаганы зураг эзэлжээ. Хоёрдугаар байрыг Канон төв ивээн тэтгэж - Гэрчилгээ, 500.000 төгрөгний эрхийн бичиг, Төв азийн шувууд ном, Монгол орны түгээмэл шувууд ном, Монгол орны Шувуудад чухал газрууд ном, Ханбогдын шувууд ном зэргээр шагнав. Зургийн эзэн маань уулзалтанд ирж амжаагүй тул Н.Гансүх ах Канон төвийг төлөөлж үг хэллээ.
Шилдэг зургийн 2-р байрын эзний шагналыг Н.Гансүх ах гардуулах гэж байна
Гуравдугаар байрыг Б.Отгонбаярын Халгайч урагчингийн зураг эзэлсэн байна. Гуравдугаар байрыг Тунгалаг дурангийн дэлгүүр ивээн тэтгэж - Гэрчилгээ, Celestron брэндийн хоёр нүдний дуран, Европын шувууд ном, Монгол орны түгээмэл шувууд ном, Монгол орны Шувуудад чухал газрууд ном, Ханбогдын шувууд ном зэргээр шагнав.
Шилдэг зургийн 3-р байрын эзэн Б.Отгонбаяр
Энэ жилийн “Ховор шувуу” номинацийн тэргүүн байрыг С.Түвшинтөгсийн Хурган шунгуурын зураг эзэлжээ. “Ховор шувуу” номинацийн шагналыг Таван Богд Менежемент ХХК ивээн тэтгэж - Гэрчилгээ, Xerox брэндийн өнгөт принтер, Зүүн азийн шувууд ном, Монгол орны түгээмэл шувууд ном, Монгол орны Шувуудад чухал газрууд ном, Ханбогдын шувууд ном зэргээр шагнав.
Ховор шувуу зургийн тэргүүн байрын эзэн С.Түвшинтөгс

Мөн энэ жил “Ховор агшин” гэсэн номинацийг түрүү жилийн шүүгчдийн бүрэлдэхүүн санал болгож шинээр оруулсан ба энэ номинацид П.Ганхуягын ялаа зуусан Жирхэн дуучшувууны зураг эзэлсэн байна. “Ховор агшин” номинацийн байрыг Зэрлэг амьтан судлах хамгаалах төв ивээн тэтгэж - Гэрчилгээ, Төв азийн шувууд ном, Монгол орны түгээмэл шувууд ном, Монгол орны Шувуудад чухал газрууд ном, Ханбогдын шувууд ном зэргээр шагнав.
Ховор агшин зургийн эзэн П.Ганхуяг 
Ийнхүү 2014 оны “Монгол орны жигүүртэн амьтад” гэрэл зургийн уралдаан олон оролцогчидтой, олон сайхан зурагтай маш өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Зургийн уралдаанд түрүүлсэн эзэд болон уралдаанд зургаа ирүүлсэн бүх оролцогчиддоо, мөн зургийн уралдааны шалгаруулалтыг хийсэн шүүгчиддээ баярласан талархсанаа нийт зохион байгуулагчдын өмнөөс илэрхийлье! Мөн энэ жилийн зургийн уралдааныг ивээн тэтгэсэн Монголын зэрлэг амьтан судлах хамгаалалх төв, Канон төв, Таван Богд Менежемент ХХК, Тунгалаг дурангийн дэлгүүр болон уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Урлаг кафе-ны хамт олонд зохион байгуулагчид болон Монголын шувуу ажиглагчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье!
Уулзалтын дараагийн сонирхолтой илтгэл бол Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн Э.Очирхандын “Монгол орны шувуудын гэрэл зураг” шинэ вэб сайтын танилцуулга байв. Энэ сайтын талаар өмнөх 2-р уулзалтын үеэр шинээр нээж байгаа хэмээн танилцуулсан бол энэ удаа вэб сайт маань ашиглалтанд ороод одоогоор 12 зурагчны 160 гаруй зүйлийн нийт 306 зураг ороод байгаа гэнэ. 
Энд хүссэн хүн бүр зургаа оруулах боломжтой бөгөөд ингэснээр Монгол орны шувуудын гэрэл зургаар баяжсан мэдээллийн сан бүхий томоохон мэдээллийн сангийн суурь тавигдаж байна. Сайтын хамгийн сайхан зүйл нь энд байгаа шувуудын хаана авсан мэдээлэл нь сайтын нүүрэнд байрлах Монгол орны газрын зураг дээр тархалтаар нь харагдах боломжтой юм байна. 
Мөн энэ сайтад зургаа өгсөн шувуу ажиглагч, зурагчдын өөрсдийнх нь зураг болон намтар давхар байршдаг юм байна. Уулзалтын төгсгөлд уулзалтанд оролцогчдын дунд “Шувуудын нэрийг Монголоор хэн сайн мэдэх вэ?” уралдаант тоглоом зохион байгууллаа. 
Энэ тоглоомыг өмнөх уулзалтуудаар мөн зохион байгуулж байсан. Тоглоомонд оролцож байгаа хүмүүс шувуудын нэрийг нь Монголоор давхардуулахгүйгээр хэлэх ёстой. Буруу хэлсэн, гацсан оролцогчдыг хасах журмаар тоглоом маань явагдсан.
Оролцогчид шувуудын монгол нэрийг алдахгүйгээр маш сайн хэлж нийт 300 орчим зүйлийг шувуудын нэрийг хэлсэн байна. Энэ тэмцээнд И.Сарангэрэл, Ж.Энхбаяр нар тунаж үлдсэн ба И.Сарангэрэл тэмцээнд түрүүллээ. Дараагийн тэмцээн маань “Шувуудыг зургаар нь хэн сайн таних вэ?” тоглоом байлаа. Энэ тэмцээнд бүх оролцогчид идэвхитэй оролцож шувуудыг маш сайн таньж байсан.
Ийнхүү уулзалт маань өндөрлөсөн ба уулзалтын төгсгөлд уулзалтанд ирсэн бүх хүмүүст Шувуу ажиглагчдын клубын гишүүн Б.Гантулгын хэвлүүлсэн “Шувууд Монголын нэг гайхамшиг” альбом мөн Клубын гишүүн Ц.Пүрэвсүрэнгийн “Ханбогдын шувууд” зэрэг номыг өгсөн. Өөрсдийн ном, бүтээлүүдээ уулзалтанд ирсэн хүмүүст өгсөн Номын эзэд болох Б.Гантулга, Ц.Пүрэвсүрэн нарт нийт гишүүдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Монголын шувуу ажиглагчид, сонирхогчид бүр олон болох болтугай!