Tuesday, September 24, 2013

“Photo Guide to Birds of Mongolia” номын дэлгэрэнгүй танилцуулга

Номын зохиогчдын бичиж олны хүртээл болгож байгаа “Photo Guide to Birds of Mongolia” буюу Монгол орны шувууны фото лавлах ном нь шувууны аялал жуулчлал, шувуу сонирхдог жуулчид, өргөн олон уншигчид болон оюутан залууст гарын авлага болгох зорилгоор бүтээгдсэн юм.

Энэхүү ном нь зохиогчдын 2008 онд нийтлүүлэн олны хүртээл болгосон, одоо ч эрэлт хэрэгцээ ихтэй байгаа “Монгол орны шувууны фото лавлах” (125 зүйл) хэмээх олны дунд “хар ном” гэж нэршсэн номын шинэ хувилбар билээ. Тэрхүү ном нь монголд анх удаа гарсан фото лавлах төдийгүй шувуу таних анхны гарын авлага болсон бөгөөд тухайн үедээ БСШУЯ-ны шилдэг бүтээлд шалгарч байсан юм.
Гэхдээ энэ удаагийн номоо зохиогчид олон улсын жишигт тохирохуйц хэмжээнд хийж, асар их өөрчлөн бичсэн байна. Тус номонд Монгол орны нутгаар явахад олонтой тохиолдох болон гадаадын жуулчид үзэж сонирхох хүсэлтэй байдаг 175 зүйл шувууг багтаасан ба түүнтэй холбоотой 525 фото зураг оруулжээ.

Номыг орчин үеийн байгалийн аялал жуулчлалын хэрэглээг хангахад чиглүүлэн, манай орны шувуудыг гадаадын жуулчид төдийгүй шувуу сонирхдог хүмүүс таньж, судлахад дөхөм, барьцтай байх үүднээс англи ба монгол хэл дээр бичсэн байна.
Тус номонд өмнөхөөсөө 50 зүйл шувуу нэмж оруулсан ба шувуу тус бүрийг аль болох олон талаас нь харуулахаар буюу өөрөөр хэлбэл шувуу бүрийн онцлогтой холбогдуулан зүйл тус бүрт 3 зураг оруулсан байна. Мөн тухайн зүйл шувууд ангилал зүйн хувьд ямар багт хамаарах хамаарлыг харуулж 18 багийн онцлогийг бичиж оруулсан болно.

Шувууны бичлэгийг хялбаршуулан товчилж, биеийн гадаад шинж ба тархац, амьдралын онцлогийг англи, монгол хэл дээр манай орны шувууны нэр томъёо, бусад улс оронд хэрэглэж заншсан хэллэгт тохируулан бичиж нийтлүүллээ.
Энэ номонд шувууны зүйл тус бүрийн тархац, үүрлэх нутгийг харуулсан тойм газрын зураг, манай оронд оршин байх хэлбэр, байх цаг хугацааг зааж өгснөөс гадна тэр зүйл шувууны биеийн хэмжээг хүмүүс сайн таньж мэдэх нугас, болжморын биеийн хэмжээтэй жиших маягаар хараар дүрслэн зураглагдсан. Түүнээс гадна лавлахад номонд орсон 175 зүйл шувууны хамгаалалтанд өртсөн байдлыг харуулсан зүйлийн жагсаалт гарган хавсаргасан байна.
Энэхүү номыг “Мөнхийн үсэг” хэвлэлийн компани ивээн тэтгэж, түүнийг сурталчлан олны хүртээл болгоход Соёл, спорт, аялал жуулчлалын яам ихээхэн туслаж, дэмжлэг үзүүлжээ.
Энэхүү номыг сонирхсон хүмүүс номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой бөгөөд 39000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна.


Монголын шувуу ажиглагчид маш олон болох болтугай!

No comments:

Post a Comment