Thursday, September 26, 2013

Монгол орны зүүн хэсэг Халх гол, Нөмрөгийн голыг шувуу харахаар зорьсон аялалын тэмдэглэл (8 сарын 23-29)

Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн Г.Амархүү

Шувуудын нүүдлийн үеийг дайруулан ажиглалт болон зураг авхаар Л. Жаргалсайхан, П. Жаргалбат ахтай хамт Халх гол, Нөмрөг хүртэл аяласан тэмдэглэлээ та бүхэнд хүргэж байна.
Юуны өмнө уг аялалыг зохион байгуулж, санхүүжүүлсэн Жаргалсайхан ах болон жолооч Жаргалбат ах нартаа талархлаа илэрхийлье.
Бид Улаанбаатар хотоос 8-р сарын 23-ны өглөө эрт хөдөлж, замдаа Хэнтий аймгийн Мөрөн сумын дэргэд байрлах цэцэрлэгжүүлсэн талбайд хэсэг зогсож шувуу ажигласан. Энд Шивэр намнаахай Muscicapa sibirica, Дагуур намнаахай Muscicapa latirostris маш олон тоотойгоор нүүдэллэж байсан бол Ногоовор дуучшувуу Phylloscopus trochiloides, цөөн харагдсан.
Харин махчин шувуудаас Хээрийн бүргэд Aquila nipalensis, Нөмрөг тас-3 Aegypius monachus , Шилийн сар Buteo hemilasius, Сохор элээ Milvus migrans, Начин шонхор Falco tinnunculus , Амарын шонхор-1 Falco amurensis, Морин харцага-1 Accipiter nisus зэрэг байсан. Мөн Ойн сар Buteo buteo, Идлэг шонхорын Falco cherrug үүрлэсэн үүрийг олсон бөгөөд үүрний ойролцоо нисгэл ангаахайнууд байсан. Энэ өдөртөө бид Дорнодын Чойбалсан хотод хоноглохоор явах замдаа хээрийн түгээмэл шувууд болох Монгол болжмор Melanocorypha mongolica, Эвэрт болжмор Eremophila alpestris, Боролзой богшрого Alauda arvensis, Хээрийн шийхнүүхэй Anthus richardi, Дэрсний жиргэмэл Calandrella cheleensis зэрэг шувуудыг  тэмдэглэсэн.      
Бид 8 сарын 24-нд Чойбалсан хотоос гарч Буйр нуурыг зорихдоо машин зам дээр тогтсон борооны усанд Хөх цэгцгий Motacilla alba, Шар цэгцгий Motocilla citreola, Шартүрүүт цэгцгий Motocilla cinerea Хурган намнаахай Ficedula albicilla болон хээрийн жижиг шувууд олон тоотой, мөн Наран бөднө Coturnix japonica цөөн тоотойгоор таарлаа.
Үдээс хойш нь “Баян Нуур”-нд очиж Хуруут хун Cygnus olor, Гангар хун-2 Cygnus cygnus, Тураг гогой Phalacrocorax carbo, Хурган хараалай Sterna albifrons, Монгол цахлай Larus mongolicus, Хошуу галуу Anser cygnoides, Эгэл хараалай Sterna hirundo, Халзан түнжүүр Fulica atra, Реликт цахлай Larus relictus, Улаанхүзүү шумбуур Aythya ferina, Дорнын хиазат Caradius veredus, Алаг ээтэн Recurvirostra avosetta, Умардын хавтгаалж Vanellus vanellus, Отгот шунгуур Podiceps cristatus, Дорнын сахиа Circus spinolotus, Начин шонхор Falco tinnunculus, Шилийн сар Buteo hemilasius шувуудыг харсан. Махчин шувууд харьцангуй түгээмэл таарч байгаа нь Хэнтий болон Дорнод руу явах замд жижиг мэрэгч болон Үлийн цагаан оготно элбэг байгаатай холбоотой гэж бодлоо.

Шилийн сар Buteo hemilasius
Харин Буйр нууранд шувууд ерөнхийдөө цөөн тоотой ажиглагдсан бөгөөд Монгол цахлай Larus mongolicus, Хүрэнтолгойт цахлай Larus ridibundus, Отгот шунгуур Podiceps cristatus, Тураг гогой Phalacrocorax carbo зэрэг бусад нуураадаар ч түгээмэл таарах нэлээд их харагдаж байлаа.
 Мөн тус нуурын зүүн талаар тогтсон жижиг нууруудад Азийн сүвээцагаан Pluvialis fulva, Нарийн хиазат Chardrius dubius, Тэнгисийн хиазат Chradrius alexandrinus, Үүлэн цахлай Larus canus, Алаг хайргач Arenira interpres, Шугуйн хөгчүү Tringa glareola, Үхэр хөгчүү Tringa nebularia, Саваг элсэг Caridris subminuta, Сүүл элсэг Calidris acuminata, Хадуур элсэг Calidris ferruginea, Тэмминский элсэг Calidris temminckii холилдсон байсан ба Хүрэнтолгойт цахлай маш олноор цугласан байлаа.
Эргийн шувууд нүүдлийн үеэр

8 сарын 25-нд  Буйр нуураас Халх гол баг орох замдаа олноор сүрэглэсэн Умардын хавтгаалж Vanellus Vanellus,  Монгол болжмортой Melanacoripha mongolica таарахын зэрэгцээ цахилгааны утсан дээр сууж буй олон залуу Амарын шонхоруудыг Falco amurensis харав. Бид Халх гол багийн цэцэрлэгт Хайргуун шонхор-1 Falco columbarius, Начин шонхор Falco tinnumculus, Амарын шонхор Falco amurensis, Морин харцага- 1 Accipiter nisus, Дорнын хүүрзгэнэ-1 Streptopelia orientalis, Шар элэгт хөмрөг-6 Emberiza aureola , Жирхэн дуучшувуу-1, Phylloscopus proregulus тус тус харлаа.
Саарал зуун хурга-  Vanellus cinereus

Халх гол багаас Сүмбэр сум орох замд дайралдах хөшөө дурсгалт газрууд мөн ганцаар ургасан модонд нүүдлийн үедээ дайран өнгөрч байгаа Лагс эргүүбор Caprimulgus indicus, Эгэл шулганаа Saxicola torquata, Ногоовор дуучшувуу Phylloscopus trochiloides, Бухт дуучшувуу Phylloscopus fucata, Борлог дуучшувуу Phylloscopus fuscatus, Хурган намнаахай Ficedula sibirica зэрэг жижиг шувууд тааралдаж байв. 
Сүмбэр суманд ирэхэд үед орой болсон хэдий ч Жагаа ах Халх голыг дагаж үзий гэж санал гаргаж, бид цааш яван сумын төвийн дөнгөж зүүн захад Саарал зуун хурга- 2 Vanellus cinereus анх удаагаа харж мөн зургийг нь их сайн авч амжсандаа их сэтгэл хангалуун баярлаж байтал Халх голын бургасан дээр Номин шогшир-1 Alcedo atthis харлаа. Ингээд энэ орой бид 2 шувууг шинээр харсандаа их баярлан өөрсдийн харсан шувуудын жагсаалтанд нэмж бичэхийн зэрэгцээ маргаашийн аялалыг тэсэн ядан ярилцаж байв. 
Номин шогшир- Alcedo atthis
8 сарын 26-нд Сүмбэр сумаас гарч нөмрөгийн заставыг зорих замдаа Амарын шонхор Falco amurensis, Начин шонхор Falco tinnunculus, Морин харцага Accipiter nisus, Дорнын хулд Circus spinolotus, Дагуур гал сүүлт Phoenicurus auroreus, Алаг хөөндэй Zoothera dauma харж, зургийг нь авлаа. Мөн хэдийгээр Эгэл бөднө Coturnix coturnix элбэг тохиолдож байсан боловч зургийг нь дархад төвөгтөй байсан учир чадсангүй.
Морин харцага Accipiter nisus

Төлөвлөгөө ёсоор Хавирга уул бидний аялалын хамгийн захийн цэг байсан боловч Нөмрөгийн гол үерлэж ямарч машин гарч чадахгүй байсан болохоор голынхоо хойд эргийг даган шувуу хайсан. Энд бид дахин нэг Номин шогшир Alcedo atthis харсан ч хол зайтай байсан тул зургийг нь авч чадсангүй. Харин Жагаа ах Хошуу галуу Anser cignoids, Эгэл шулганаагийн Saxicola troquita зургийг аппаратандаа сайхан буулгаж чадсан. Үдээс хойш тэнгэр бүрхэн бороо орж эхлэсэн болохоор бид буцаж, Ташгайн таван нуур орохоор шийдсэн. Тус нууранд ирэхэд бороо орж, хүчтэй салхитай байсан нь шувуу харж, ямар нэгэн зураг авах нөхцлийг минь хязгаарлав.
Эгэл шулганаагийн Saxicola troquita
Жагар хөхөө Cuculus micropterus
Бид орой нь Сүмбэр сумд хоноод 27-ны өглөө эрт 90 баатарын хөшөөний цэцэрлэгт очтол хоёр Жагар хөхөө Cuculus micropterus мод дамжин нисэж байхыг харав. Энэ шувуу нөмрөгийн орчимд цөөн тэмдэглэгдсэн баримт бий харин бидний хувьд анхны удаа харсан тохиолдол байв.
Ерэн баатарын хөшөөнөөс хөдлөөд удаагүй байтал Жаргалбат ах нэг сахиа довны цаагуур орлоо гэсэн нь Алаг сахиа Circus melanoleucos байсан бөгөөд мөн л бид анх удаагаа харж, зургийн дарж амжив. Мөн энэ өдөр Чойбалсан хот орох замд Дорнын сахиа Circus spinolotus, Идлэг шонхор Falco cherrug, Хээрийн бүргэд Aquila nepalensis, Буйр нуураас зүүн урд байх Цагаан нууранд Хээрийн галуу-3 Anser indicus, Хошуу галуу Anser cygnoides , Бор галуу-9 Anser anser, Цагаагчин халбагант-1 Platalea leucorodia, Хөх дэглий Ardea cinerea зэрэг шувуудыг харав.
Алаг сахиа Circus melanoleucos

Дорнын сахиа Circus spinolotus

8 сарын 28-нд өдөржингөө бороотой, зам хальтиргаатай байсан учир Чойбалсан хотоос Хэнтийн Баян-Адарга сум хүртэл нэг өдрийг зарцуулж, замдаа хээрийн түгээмэл шувуудаас өөр шувуу харсангүй.
Харин 8 сарын 29-нд тэнгэр цэлмэг сайхан өдөр байлаа. Баян-Адаргаас Биндэр орох замд Ононгийн бургасанд Хар хур Lyrurus tetrix, Борлог хөмрөг Emberiza pusilla, Дагуур гал сүүлт Phoenicurus auroreus, харсан бол Онон голд Гангар хун Cygnus cygnus, Умардын хавтгаалж Vanellus Vanellus байсан. Биндэр сумын нутгийн хүн Баян голын урд Хонин тоодог жил бүр байдаг гэсэн сургаар очиход 15 Хонин тоодог Otis tarda байв. Тоодог нь зан төрхийн хувьд их үргэмтгий шувуу тул бид зургийг нь сайн авч чадахгүй байлаа.
Аялалын төгсгөл хэсэгт Биндэр сумаас хот явах замд Хурхын хөндийд Цэн тогоруу Grus vipio, Өвөгт тогоруу Grus virgo харсан ба зарим зүйл эргийн шувууд маш олноор сүрэглэн нүүж байв.
Ийнхүү бид 6 өдрийн аялалаар нийт 160 гаруй зүйлийн шувуу тэмдэглэсэн.   

1 comment:

  1. Ikh saikhan aylal bojee. Amjilt husey :). Uur gazruudaar yuvsan aylal baival bas oruulaarai.

    ReplyDelete