Saturday, December 21, 2013

Шувуу сонирхогч залуусын 2014 оны уулзалтын хөтөлбөр

Шувуунд хайртай хүн бүхний уулзах өдөр!
Эхний өдөр
Зохион байгуулагч: Монголын шувуу ажиглагчдын клуб, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Хаана: Sweet Café (Шинжлэх ухаан мэдээллийн төвийн урд, Интэр номын их дэлгүүрийн ард, Biobeer зохион байгуулагддаг газар)
Хэзээ: 2014 оны 01 сарын 11 ны өдөр, 14:30 цагаас
 
15:00 цагт: Уулзалтын нээлт
15:10-15:30 цаг: Оролцогчдын FB танилцуулга (Д.Батмөнх)
15:30-15:50 цаг: “Монголын шувуу ажиглагчдын клубын товч танилцуулга” (П.Ганхуяг)
15:50-16:10 цаг: Шувуу ажиглах хобби ба байгаль хамгаалал- илтгэл(Б.Нямбаяр)
16:10-16:50 цаг: Монгол орны жигүүртэн амьтад 2013 гэрэл зургийн уралдааны эздэд шагнал гардуулах үйл ажиллагаа
16:50-17:10 цаг: “Зураг төрсөн түүх” зургийн уралдааны эзэд
17:10-17:40 цаг: Монголын шувуу ажиглагчдын клубын шинэ вебсайтын нээлт, танилцуулга (Амархүү, Ганхуяг)
17:40-18:00 цаг: Монголын шувуу ажиглагчдын клубын мэдээллийн сан (Б.Баатархүү)
18:00-18:20 цаг: Л. Жаргалсайхан өөрийн шинэ шувууны фото албомаа танилцуулна
18:30-20:00 цаг: Чөлөөт цаг—Монгол орны шувууд – Хөгжөөнт тоглоом(шагналтай)
 Жич: зарим зүйл шувуудын фото зургаар үзэсгэлэн гарахаас гадна маргааш нь болох шувуу ажиглах аялалд оролцохыг урьж байна.
 Хоёр дахь өдөр
  Шувуу ажиглах аяллын үеэр Шувууг хэрхэн ажиглах талаар сургалт хийхээс гадна, хоёр нүдний дуран болон яндан дурангийн хэрэглээний талаар ярилцана.
2014 оны 1 сарын 12 ны өглөө 09.00 цагт Сүхбаатарын талбайн баруун талд Хөрөнгийн биржийн үүдэнд уулзацгаана.
Аяллын маршрут: Сүхбаатарын талбай-Ногоон нуур-Сонгино-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлээр явагдана. Ногоон нууранд өвөлжиж буй усны шувуудыг харж, бүртгэнэ. Сонгинод жимсээр хооллохоор ирсэн өвөлжиж буй жижг шувуудыг харна.
Аяллаар харах зарим шувуудын нэрс:
Хот орчмын суурин шувуудаас гадна,  Хондон ангир, Алаг шунгаач, Энхэт бялзуухай, Цэнхэр цанцаахай, Дөлөн цэгцүүхэй, Науманны хөөндэй, Улаангүеэт хөөндэй, Хар гүеэт хөөндэй, Их хөхбух, Номин хөхбух, Хар толгойт хөхбух, Хүрэн толгойт хөхбух, зарим зүйл тоншуул гэх мэт....


Friday, November 8, 2013

Монгол орны жигүүртэн амьтад-2013 фото зургийн уралдааны зар

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол орны жигүүртэн фото зургийн уралдаанаа 4 дэх жилдээ дахин зарлаж байна.
Монгол орны жигүүртэн амьтад фото зургийн уралдаан нь Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих зорилгоор зохион байгуулагддаг.
Энэхүү уралдаан 2010 оноос эхлэн зохион байгуулагдаж байна. Дотоод, гадаадын олон оролцогсод жил бүр амжилттай оролцож хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд зургуудын чанар, шувуудын зүйлийн бүрдэл олширч байгаа нь бидэнд энэхүү уралдааныг үргэлжлүүлэх ихээхэн урам зориг өглөө.
Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгахаар зориулж доорх Facebook page-д байнга нийтлэх болно.
Энэ жилийн уралдаан уламжлал ёсоор 2013 оны 12 сарын 30 хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа энэ хугацаанаас өмнө info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү. Уралдааны дүрэм журам, ирүүлэх материалд тавигдах шаардлагуудыг эндээс татаж үзнэ үү. http://mongolbirdwatchclub.blogspot.com/2013/11/2013.html
Уралдааныг 1 сарын 5-нд шалгаруулах бөгөөд шилдэг зургийн эздэд шагналыг 1 сарын 10нд зохион байгуулагдах Шувуу ажиглагч, сонирхогчидын уулзалтын үеэр гардуулна.
Та бүхнийг Монгол орны жигүүртэн 2013 уралдаандаа амжилттай оролцоно гэдэгт бид найдаж байна.
Өмнөх жилүүдийн Монгол орны жигүүртэн фото зургийн уралдаанд ирүүлсэн болон шалгарсан зургуудыг доорх холбоосууд дээр дарж үзэж сонирхоно уу.
2010
2011
2012

Шилдэг зураг:
Уралдаанд ирүүлсэн бүтээлээс нэг зургийг шилдэгээр шалгаруулж тэргүүн байрны шагнал, гэрчилгээ олгох болно. Тэргүүн байр эзэлсэн оролцогчид гэрчилгээ, 2 нүдний дуран болон Монгол орны шувуудыг таних шинэ гарсан номнууд, мөн “Монгол дахь шувуудад чухал нутгууд” номыг бэлэглэх ба мөн удаах байранд орсон хоёр бүтээлийг шалгаруулж гэрчилгээ, Монгол орны шувуудыг таних шинэ гарсан номнууд, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” болон Монгол орны түгээмэл шувуудыг таних ном зэргийг бэлэглэх болно.
Ховор шувууны зураг:
2012 оны зургийн уралдааныг шүүсэн шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж, ховор шувуудын зургийг шалгаруулж байр эзлүүлэх тухай шийдвэр гаргасан тул бид энэ жилээс уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс ховор шувуудын зургийг шүүж, нэг зургийг шилдэгээр шалгаруулж тэргүүн байрны шагнал, гэрчилгээ олгох болно.
Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчийн эрх бүтээлээ ирүүлсэн зурагчинд хадгалагдах болно.
Та бүхэнд амжилт хүсье! 
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Монголын шувуу ажиглагчдын клуб

Thursday, November 7, 2013

Монгол орны жигүүртэн амьтад-2013 фото зургийн уралдааны журам

Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж бас болно. Харин шувууны өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж болно. Шилдэг 3 зургийг шалгаруулахаас гадна, ховор шувуудын зургийг шүүж нэг зургийг шилдэгээр шалгаруулна.
Уралдаанд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа 2013 оны 12 дугаар сарын 30-ны дотор info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү. Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна. Тэргүүн байр эзэлсэн эздэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2014 оны 1 сарын 10 ны өдөр болох Монголын шувуу сонирхогч залуусын уулзалтын үеэр зохион байгуулна..  
Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-5 бүтээлээ явуулах ёстой. Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал сайн. Нягтшил хэт муутай зургийг оролцуулах боломжгүй. Мөн зурганд засвар хийхийг хориглохгүй бөгөөд тэгэхдээ зөвхөн өнгөнд нь засвар орсон байхыг хүлээн зөвшөөрнө.
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас гадна, зурагчин өөрийн овог нэр, нас, мэргэжил, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой.
Уралдаанд шалгарсан оролцогсодтой и-майлээр холбоо барих бөгөөд ЗАСХТ, МШАК-ын вебсайт дээр зарлах болно. Мөн шалгарсан бүтээлийг нийтийн хүртээл болгох үүднээс дээрх вебсайт дээр байрлуулж, сурталчилах болно. Үүнийг нэг тод жишээ нь бид 2013 оны намар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хананд манай уралдаанд оролцогчдынхоо шилдэг зургуудаас олны хүртээл болгон байршуулсан болно.

Танд амжилт хүсье!

Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб

Thursday, September 26, 2013

Монгол орны зүүн хэсэг Халх гол, Нөмрөгийн голыг шувуу харахаар зорьсон аялалын тэмдэглэл (8 сарын 23-29)

Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн Г.Амархүү

Шувуудын нүүдлийн үеийг дайруулан ажиглалт болон зураг авхаар Л. Жаргалсайхан, П. Жаргалбат ахтай хамт Халх гол, Нөмрөг хүртэл аяласан тэмдэглэлээ та бүхэнд хүргэж байна.
Юуны өмнө уг аялалыг зохион байгуулж, санхүүжүүлсэн Жаргалсайхан ах болон жолооч Жаргалбат ах нартаа талархлаа илэрхийлье.
Бид Улаанбаатар хотоос 8-р сарын 23-ны өглөө эрт хөдөлж, замдаа Хэнтий аймгийн Мөрөн сумын дэргэд байрлах цэцэрлэгжүүлсэн талбайд хэсэг зогсож шувуу ажигласан. Энд Шивэр намнаахай Muscicapa sibirica, Дагуур намнаахай Muscicapa latirostris маш олон тоотойгоор нүүдэллэж байсан бол Ногоовор дуучшувуу Phylloscopus trochiloides, цөөн харагдсан.
Харин махчин шувуудаас Хээрийн бүргэд Aquila nipalensis, Нөмрөг тас-3 Aegypius monachus , Шилийн сар Buteo hemilasius, Сохор элээ Milvus migrans, Начин шонхор Falco tinnunculus , Амарын шонхор-1 Falco amurensis, Морин харцага-1 Accipiter nisus зэрэг байсан. Мөн Ойн сар Buteo buteo, Идлэг шонхорын Falco cherrug үүрлэсэн үүрийг олсон бөгөөд үүрний ойролцоо нисгэл ангаахайнууд байсан. Энэ өдөртөө бид Дорнодын Чойбалсан хотод хоноглохоор явах замдаа хээрийн түгээмэл шувууд болох Монгол болжмор Melanocorypha mongolica, Эвэрт болжмор Eremophila alpestris, Боролзой богшрого Alauda arvensis, Хээрийн шийхнүүхэй Anthus richardi, Дэрсний жиргэмэл Calandrella cheleensis зэрэг шувуудыг  тэмдэглэсэн.      
Бид 8 сарын 24-нд Чойбалсан хотоос гарч Буйр нуурыг зорихдоо машин зам дээр тогтсон борооны усанд Хөх цэгцгий Motacilla alba, Шар цэгцгий Motocilla citreola, Шартүрүүт цэгцгий Motocilla cinerea Хурган намнаахай Ficedula albicilla болон хээрийн жижиг шувууд олон тоотой, мөн Наран бөднө Coturnix japonica цөөн тоотойгоор таарлаа.
Үдээс хойш нь “Баян Нуур”-нд очиж Хуруут хун Cygnus olor, Гангар хун-2 Cygnus cygnus, Тураг гогой Phalacrocorax carbo, Хурган хараалай Sterna albifrons, Монгол цахлай Larus mongolicus, Хошуу галуу Anser cygnoides, Эгэл хараалай Sterna hirundo, Халзан түнжүүр Fulica atra, Реликт цахлай Larus relictus, Улаанхүзүү шумбуур Aythya ferina, Дорнын хиазат Caradius veredus, Алаг ээтэн Recurvirostra avosetta, Умардын хавтгаалж Vanellus vanellus, Отгот шунгуур Podiceps cristatus, Дорнын сахиа Circus spinolotus, Начин шонхор Falco tinnunculus, Шилийн сар Buteo hemilasius шувуудыг харсан. Махчин шувууд харьцангуй түгээмэл таарч байгаа нь Хэнтий болон Дорнод руу явах замд жижиг мэрэгч болон Үлийн цагаан оготно элбэг байгаатай холбоотой гэж бодлоо.

Шилийн сар Buteo hemilasius
Харин Буйр нууранд шувууд ерөнхийдөө цөөн тоотой ажиглагдсан бөгөөд Монгол цахлай Larus mongolicus, Хүрэнтолгойт цахлай Larus ridibundus, Отгот шунгуур Podiceps cristatus, Тураг гогой Phalacrocorax carbo зэрэг бусад нуураадаар ч түгээмэл таарах нэлээд их харагдаж байлаа.
 Мөн тус нуурын зүүн талаар тогтсон жижиг нууруудад Азийн сүвээцагаан Pluvialis fulva, Нарийн хиазат Chardrius dubius, Тэнгисийн хиазат Chradrius alexandrinus, Үүлэн цахлай Larus canus, Алаг хайргач Arenira interpres, Шугуйн хөгчүү Tringa glareola, Үхэр хөгчүү Tringa nebularia, Саваг элсэг Caridris subminuta, Сүүл элсэг Calidris acuminata, Хадуур элсэг Calidris ferruginea, Тэмминский элсэг Calidris temminckii холилдсон байсан ба Хүрэнтолгойт цахлай маш олноор цугласан байлаа.
Эргийн шувууд нүүдлийн үеэр

8 сарын 25-нд  Буйр нуураас Халх гол баг орох замдаа олноор сүрэглэсэн Умардын хавтгаалж Vanellus Vanellus,  Монгол болжмортой Melanacoripha mongolica таарахын зэрэгцээ цахилгааны утсан дээр сууж буй олон залуу Амарын шонхоруудыг Falco amurensis харав. Бид Халх гол багийн цэцэрлэгт Хайргуун шонхор-1 Falco columbarius, Начин шонхор Falco tinnumculus, Амарын шонхор Falco amurensis, Морин харцага- 1 Accipiter nisus, Дорнын хүүрзгэнэ-1 Streptopelia orientalis, Шар элэгт хөмрөг-6 Emberiza aureola , Жирхэн дуучшувуу-1, Phylloscopus proregulus тус тус харлаа.
Саарал зуун хурга-  Vanellus cinereus

Халх гол багаас Сүмбэр сум орох замд дайралдах хөшөө дурсгалт газрууд мөн ганцаар ургасан модонд нүүдлийн үедээ дайран өнгөрч байгаа Лагс эргүүбор Caprimulgus indicus, Эгэл шулганаа Saxicola torquata, Ногоовор дуучшувуу Phylloscopus trochiloides, Бухт дуучшувуу Phylloscopus fucata, Борлог дуучшувуу Phylloscopus fuscatus, Хурган намнаахай Ficedula sibirica зэрэг жижиг шувууд тааралдаж байв. 
Сүмбэр суманд ирэхэд үед орой болсон хэдий ч Жагаа ах Халх голыг дагаж үзий гэж санал гаргаж, бид цааш яван сумын төвийн дөнгөж зүүн захад Саарал зуун хурга- 2 Vanellus cinereus анх удаагаа харж мөн зургийг нь их сайн авч амжсандаа их сэтгэл хангалуун баярлаж байтал Халх голын бургасан дээр Номин шогшир-1 Alcedo atthis харлаа. Ингээд энэ орой бид 2 шувууг шинээр харсандаа их баярлан өөрсдийн харсан шувуудын жагсаалтанд нэмж бичэхийн зэрэгцээ маргаашийн аялалыг тэсэн ядан ярилцаж байв. 
Номин шогшир- Alcedo atthis
8 сарын 26-нд Сүмбэр сумаас гарч нөмрөгийн заставыг зорих замдаа Амарын шонхор Falco amurensis, Начин шонхор Falco tinnunculus, Морин харцага Accipiter nisus, Дорнын хулд Circus spinolotus, Дагуур гал сүүлт Phoenicurus auroreus, Алаг хөөндэй Zoothera dauma харж, зургийг нь авлаа. Мөн хэдийгээр Эгэл бөднө Coturnix coturnix элбэг тохиолдож байсан боловч зургийг нь дархад төвөгтөй байсан учир чадсангүй.
Морин харцага Accipiter nisus

Төлөвлөгөө ёсоор Хавирга уул бидний аялалын хамгийн захийн цэг байсан боловч Нөмрөгийн гол үерлэж ямарч машин гарч чадахгүй байсан болохоор голынхоо хойд эргийг даган шувуу хайсан. Энд бид дахин нэг Номин шогшир Alcedo atthis харсан ч хол зайтай байсан тул зургийг нь авч чадсангүй. Харин Жагаа ах Хошуу галуу Anser cignoids, Эгэл шулганаагийн Saxicola troquita зургийг аппаратандаа сайхан буулгаж чадсан. Үдээс хойш тэнгэр бүрхэн бороо орж эхлэсэн болохоор бид буцаж, Ташгайн таван нуур орохоор шийдсэн. Тус нууранд ирэхэд бороо орж, хүчтэй салхитай байсан нь шувуу харж, ямар нэгэн зураг авах нөхцлийг минь хязгаарлав.
Эгэл шулганаагийн Saxicola troquita
Жагар хөхөө Cuculus micropterus
Бид орой нь Сүмбэр сумд хоноод 27-ны өглөө эрт 90 баатарын хөшөөний цэцэрлэгт очтол хоёр Жагар хөхөө Cuculus micropterus мод дамжин нисэж байхыг харав. Энэ шувуу нөмрөгийн орчимд цөөн тэмдэглэгдсэн баримт бий харин бидний хувьд анхны удаа харсан тохиолдол байв.
Ерэн баатарын хөшөөнөөс хөдлөөд удаагүй байтал Жаргалбат ах нэг сахиа довны цаагуур орлоо гэсэн нь Алаг сахиа Circus melanoleucos байсан бөгөөд мөн л бид анх удаагаа харж, зургийн дарж амжив. Мөн энэ өдөр Чойбалсан хот орох замд Дорнын сахиа Circus spinolotus, Идлэг шонхор Falco cherrug, Хээрийн бүргэд Aquila nepalensis, Буйр нуураас зүүн урд байх Цагаан нууранд Хээрийн галуу-3 Anser indicus, Хошуу галуу Anser cygnoides , Бор галуу-9 Anser anser, Цагаагчин халбагант-1 Platalea leucorodia, Хөх дэглий Ardea cinerea зэрэг шувуудыг харав.
Алаг сахиа Circus melanoleucos

Дорнын сахиа Circus spinolotus

8 сарын 28-нд өдөржингөө бороотой, зам хальтиргаатай байсан учир Чойбалсан хотоос Хэнтийн Баян-Адарга сум хүртэл нэг өдрийг зарцуулж, замдаа хээрийн түгээмэл шувуудаас өөр шувуу харсангүй.
Харин 8 сарын 29-нд тэнгэр цэлмэг сайхан өдөр байлаа. Баян-Адаргаас Биндэр орох замд Ононгийн бургасанд Хар хур Lyrurus tetrix, Борлог хөмрөг Emberiza pusilla, Дагуур гал сүүлт Phoenicurus auroreus, харсан бол Онон голд Гангар хун Cygnus cygnus, Умардын хавтгаалж Vanellus Vanellus байсан. Биндэр сумын нутгийн хүн Баян голын урд Хонин тоодог жил бүр байдаг гэсэн сургаар очиход 15 Хонин тоодог Otis tarda байв. Тоодог нь зан төрхийн хувьд их үргэмтгий шувуу тул бид зургийг нь сайн авч чадахгүй байлаа.
Аялалын төгсгөл хэсэгт Биндэр сумаас хот явах замд Хурхын хөндийд Цэн тогоруу Grus vipio, Өвөгт тогоруу Grus virgo харсан ба зарим зүйл эргийн шувууд маш олноор сүрэглэн нүүж байв.
Ийнхүү бид 6 өдрийн аялалаар нийт 160 гаруй зүйлийн шувуу тэмдэглэсэн.   

Tuesday, September 24, 2013

“Photo Guide to Birds of Mongolia” номын дэлгэрэнгүй танилцуулга

Номын зохиогчдын бичиж олны хүртээл болгож байгаа “Photo Guide to Birds of Mongolia” буюу Монгол орны шувууны фото лавлах ном нь шувууны аялал жуулчлал, шувуу сонирхдог жуулчид, өргөн олон уншигчид болон оюутан залууст гарын авлага болгох зорилгоор бүтээгдсэн юм.

Энэхүү ном нь зохиогчдын 2008 онд нийтлүүлэн олны хүртээл болгосон, одоо ч эрэлт хэрэгцээ ихтэй байгаа “Монгол орны шувууны фото лавлах” (125 зүйл) хэмээх олны дунд “хар ном” гэж нэршсэн номын шинэ хувилбар билээ. Тэрхүү ном нь монголд анх удаа гарсан фото лавлах төдийгүй шувуу таних анхны гарын авлага болсон бөгөөд тухайн үедээ БСШУЯ-ны шилдэг бүтээлд шалгарч байсан юм.
Гэхдээ энэ удаагийн номоо зохиогчид олон улсын жишигт тохирохуйц хэмжээнд хийж, асар их өөрчлөн бичсэн байна. Тус номонд Монгол орны нутгаар явахад олонтой тохиолдох болон гадаадын жуулчид үзэж сонирхох хүсэлтэй байдаг 175 зүйл шувууг багтаасан ба түүнтэй холбоотой 525 фото зураг оруулжээ.

Номыг орчин үеийн байгалийн аялал жуулчлалын хэрэглээг хангахад чиглүүлэн, манай орны шувуудыг гадаадын жуулчид төдийгүй шувуу сонирхдог хүмүүс таньж, судлахад дөхөм, барьцтай байх үүднээс англи ба монгол хэл дээр бичсэн байна.
Тус номонд өмнөхөөсөө 50 зүйл шувуу нэмж оруулсан ба шувуу тус бүрийг аль болох олон талаас нь харуулахаар буюу өөрөөр хэлбэл шувуу бүрийн онцлогтой холбогдуулан зүйл тус бүрт 3 зураг оруулсан байна. Мөн тухайн зүйл шувууд ангилал зүйн хувьд ямар багт хамаарах хамаарлыг харуулж 18 багийн онцлогийг бичиж оруулсан болно.

Шувууны бичлэгийг хялбаршуулан товчилж, биеийн гадаад шинж ба тархац, амьдралын онцлогийг англи, монгол хэл дээр манай орны шувууны нэр томъёо, бусад улс оронд хэрэглэж заншсан хэллэгт тохируулан бичиж нийтлүүллээ.
Энэ номонд шувууны зүйл тус бүрийн тархац, үүрлэх нутгийг харуулсан тойм газрын зураг, манай оронд оршин байх хэлбэр, байх цаг хугацааг зааж өгснөөс гадна тэр зүйл шувууны биеийн хэмжээг хүмүүс сайн таньж мэдэх нугас, болжморын биеийн хэмжээтэй жиших маягаар хараар дүрслэн зураглагдсан. Түүнээс гадна лавлахад номонд орсон 175 зүйл шувууны хамгаалалтанд өртсөн байдлыг харуулсан зүйлийн жагсаалт гарган хавсаргасан байна.
Энэхүү номыг “Мөнхийн үсэг” хэвлэлийн компани ивээн тэтгэж, түүнийг сурталчлан олны хүртээл болгоход Соёл, спорт, аялал жуулчлалын яам ихээхэн туслаж, дэмжлэг үзүүлжээ.
Энэхүү номыг сонирхсон хүмүүс номын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой бөгөөд 39000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байгаа юм байна.


Монголын шувуу ажиглагчид маш олон болох болтугай!

Tuesday, July 23, 2013

Шувуу ажиглагчидын авсан Монгол орны үзэсгэлэнт шувуудын зургуудыг БОНХ Яамны маань хананд байршууллаа

МОНГОЛ ОРНЫ ҮЗЭСГЭЛЭНТ ШУВУУД
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Монголын шувуу ажиглагчидын клуб хамтран 2010 оноос эхлэн Монгол орны шувууны гэрэл зургийн уралдааныг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү уралдааны гол зорилго нь Монголынхоо хүүхэд залуучуудын шувуудын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, байгаль хамгаалах сэтгэлгээг нь шувуудаар дамжуулан хөгжүүлэх, Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын тоог өсгөх билээ. Манай уралдаанд ирдэг үзэсгэлэнт шувуудын маань шилдэг зургууд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хананд байрлаж байгаад бид их баяртай байна. Ингэснээр төр засгийн бодлого шийдвэрт жигүүртэн амьтдыг хамгаалах асуудал бодлого хэрэгжилтийн шинэ төвшинд гарна гэж найдаж байна. Энэхүү бүтээлүүдийг олон нийтэд хүргэхэд дэмжсэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хамт олонд болон гэрэл зургаа илгээсэн шувуу ажиглагч нартаа баярласан талархсанаа Монголын шувуу ажиглагч нийт залуусынхаа өмнөөс илэрхийлье.

Монголын шувуу ажиглагчид маш олон болох болтугай!  
Зургийн үзүүлэнгийн хаяг, талархал
Зургууд
Зургууд

Шувуу ажиглагч, сонирхогч залуусын уулзалт

Шувуу ажиглагч, сонирхогч залуус 8 дугаар сарын 2-ны өдрийн Баасан гарагийн 14:00 цагт  Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн оффисд уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уулзалтын үеэр Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн Л.Жаргалсайхан ах маань шувуу ажиглагч, сонирхогч залуустайгаа уулзаж, өөрийн гэрэл зургаасаа сонирхуулж, туршлагаасаа хуваалцаж, аппаратны тохиуулгын талаар ярилцаж, залуучуудтайгаа санал бодлоо солилцох тул сонирхсон хүн бүрт энэ уулзалт нээлттэй шүү, уулзалт 2 цаг орчим үргэлжлэнэ. Та бүхэн ирэхдээ өөрсдийн аппарадтайгаа ирээрэй. Шувуудын намрын нүүдлийг угтан зохион байгуулж буй энэхүү уулзалт маань бид бүхэнд үр өгөөжтэй уулзалт болно гэдэгт манай клубынхэн итгэж байна. Холбоо барих утас: 99029830, 88620704, 99156619

Monday, June 3, 2013

Ховор шувуудтай таарсан сайхан аялал боллоо (5 сарын 30)

Тэмдэглэлийг: Э.Болормөнх, Монголын шувуу ажиглагчдын клуб

Энэ өдөр нартай сайхан өглөө таарлаа. Хуягаа ах, Амархүү  бид 3 Ногоон нуур явж шувуу харахаар болов. Өглөө 7 цаг өнгөрөөгөөд нуурандаа ирсэн. Машинаа Төмөр замын гүүрний хажууд тавиад, шууд жижиг шувуудыг харахаар төмөр зам даган нуурын  зүүн талд хүрэхээр алхлаа. Биднийг төмөр замын гарамаас хөдлөх үед 1 ухаа дунхай Lanius cristatus хажуугийн шонгийн утас дээр сууж байгаатай таарав. Суурин жижиг шувууд энэ дунхааг өөрсдийнх нь эзэмшил орчимд байгаад их дургуй янзтай ийш тийш нисэлдэж байна. 
Ухаа дунхай Lanius cristatus (зургийг Г.Амархүү)
 үхэр цахлай Larus argentatus, зэрлэг нугас Anas platyrhynchos, хондон ангир Taodrna ferrugine, гэзэгт шумбуур Aythya fuligula, Эгэл хараалай Sterna hirundo зэрэг  шувуудыг олж харсан хэдий ч энэ удаа хэд байгааг нь тоолсонгүй шууд нуурын зүүн талын бургастай хэсэг рүү явсан. Нуурын урд хэсгээр тойрч яваад ганц хошуу галуу эргийн орчим байхтай таарсан, хэрвээ хосоороо бол нэг нь чухам хаана байгааг нь мэдэж чадаагүй, магадгүй хаана нэгтээ өндөгөө дараад хэвтэж байж мэдэх юм. Учир нь ноднин энд энэ зүйл галуу үүрлэж, 5 дэгдээхэйгээ амжилттай бойжуулсан юм. Бид нууранд байгаа энэ галууны талаар ярилцан явж байх зуур нуурын зүүн хэсэг дэх бургасан дундаас хос намгийн хулд Circus aeruginosus нисэв, энэ үед нууранд буй шувууд үргэн бужигнаж гарав. 
Намгийн хулд Circus aeruginosus (зургийг Г.Амархүү)
Эр нь их залуу шувуу байсан, нурууны дээд хэсэг, ялангуяа дал орчмын өнгө нь дөнгөж цайрч байгаа харагдсан, бие гүйцэхээрэээ эд нар ямар сайхан болдог гээч, сайхан шувуу даа. Ийнхүү биднийг нуурын зүүн талд ирэхэд Улаанхөлт хөгчүү Tringa totanus чанга чанга дуугарч, биднийг тойрон нисэж байв. Энэ нь шувууд үржлийн үедээ үүр, өндгөө мөн эзэмшил нутгаа хамгаалж байгаа зан төрх юм. Хөгчүүтэй нэгдэж шөвгөн хараалж Gallinago gallinago тэнгэрт маш өндөрөөс доош сунган онцгой содон дуу гарган шүхэрлэж эхлэв. 
Улаанхөлт хөгчүү Tringa totanus (зургийг Г.Амархүү)
Шөвгөн хараалж Gallinago gallinago (зургийг Г.Амархүү)
Бид голын жижиг гарам орчимд 1 эр шар элэгт хөмрөгтэй Emberiza aureola таарсан юм. Энэ зүйл хөмрөг бол Дэлхийн хэмжээнд ховордож байгаа зүйл. Нүүдлийн үед нь шар элэгттэй таарсандаа бид ч бөөн баяр болж зургийг нь гайгүй сайн дарсан шүү, үнэндээ бидний зүүн талд буюу наран талд маань гарчаад тун хэцүү байсан. 
Шар элэгт хөмрөг Emberiza aureola (зургийг Г.Амархүү)
Би утсандаа бараг л манай орны бүх л шувуудын дууг хураагаад авчихсан байсан учир шар элэгт хөмрөгийн дууг утаснаасаа дуугаруулж хөмрөгийг өөрсдийнхөө эргэн тойрноос холдуулахгүй байлгаж чадсан юм. Энэ завшаанаа ашиглаад хэд хэдэн гайгүй зургийг дарсан юм. Харин удалгүй нэмэгдэж 1 эр шувуу ирсэн боловч дахин харагдсангүй. Амархүү нуурын урд хэсгийг даган харирн Хуягаа ах бид 2 нуурын зүүн хэсгийг даган буцаж алхав. Гэтэл нуурын зүүн урд хэсэгт Бургасны уран шувууны Remiz pendulinus үүр харагдав. 
Бургасны уран шувууны Remiz pendulinus (зургийг Э.Болормөнх)
Хуягаа ах нэлээд ажиглаж байснаа, энд өмнө нь үүр байгаагүй, энэ үүрний амсар хэсэг нь дутуу байхыг бодоход энэ 2 үүрээ барьж хараахан дуусаагүй байна гэлээ. Бид 2 үүрний зураг болон шувуудын зургийг авчихаад удалгүй энэ орчмоос холдсон юм. Шувуудынхаа үүрлэж байхад саад болохыг хүссэнгүй. Ногоон нуураас хөдлөөд замаараа Хун нуураар оров. Хун нууранд хос хунгаас маань гадна отгот шунгуур, бор нугас, зэрлэг нугас, эгэл хараалай зэрэг шувууд цөм үүрлээд эхэлсэн, бүгд өндөгөө дараад завгүй байцгаасан. Бид нууранд хэдэн зураг дарчаад удалгүй Сонгино руу чиглэсэн юм. Сонгины зүүн энгэрт Туулын орчим 2 хар өрөвтастай Ciconia nigra таарсан. Их л үргэмтгий байсан, бас л олон улсад ховордож байгаа шувуу даа, манайд бас статус нь ховор ангилалд байдаг юм. Ховор шувуудтай таарах ч сайхан шүү. Бид Сонгино орчим нэлээд хэдэн сонирхолтой шувуудтай таарсан, нэг зүйл дуучшувуутай таарсан боловч хэн гэдгийг нь тодорхойлж чадахгүй байсаар алдсан даа. Модны оройд суучихаад харагдахгүй байсаар байгаад нисээд явчихсан. Энэ шувуунаас бусдыг нь таньж чадсан юм. 
Банхар булжуухай Cocothrausthes Cocothrausthes 
За Сонгины шувуудын талаар дараа блог дээр дэлгэрэнгүй нийтэлнээ, за амжилт манайхаан, шувуудын ид улирал нь болохоор хаашаа ч шувуу харахаар явсан сайхан болж дээ, миний тэмдэглэлийг уншсан таньд баярлалаа.