Өнөөдөр нэг найз маань надруу Английн BBC компаний хийсэн манай Баян-Өлгий аймгийн бүргэдтэй казак анчдын тухай их сонихолтой видеог Youtube-ээс олсоноо явуулсныг би та бүхэнтэй хувуулцахыг хүслээ. Би өөрөө махчин шувуу судалдаг болоод тэрүү махчин шувуугаар ан хийдэг эртний уламжлалыг ихэд сонирхон судалдаг. Иймээс зүгээр нэг видео бичлаг тавихыг хүссэнгүй, махчин шувуугаар ан агнах талаар маш товч мэдээлэл өгөхөөр хүсэв.
BBC One хийсэн богино хэмжээний баримтад кино
Монголчууд эрт дээр үеэс эхлэн махчин шувуу барьж гаршуулан улмаар ан хийж ахуй амьдралдаа нэмэр болгодог байжээ. Монголын нууц товчооны “Тэмүүжиний уг гарал ба бага насны үе” буюу Нэгдүгээр бүлэгт Бодончарын харцагаар ан хийж буй ахуй үйлийн талаар ийн өгүүлсэн байхуй.
“ 24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шинхул морио унаж үхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув.
25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орог морины хялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.
26. Бодончар, идэх юмгүй тул чонын гууд хорьсон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав.
27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж үл барах тул,
Мөчир бүрээс
Мөч гуя өлгөж
Хожуул бүрээс
Хоёр гурван
шувуу олгосон нь ялзрахад хүрчээ.
28. Битүү модот уулын хяраас нэгэн бүлэг иргэн, Түнхэлэг горхин уруу нүүж ирэв. Бодончар, харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ.
29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв. “
Дэлхийн хүн төрөлхтөний түүхэн чухал баримт бичиг болох Монголын Нууц Товчоонд бичиж үлдээсэн энэхүү өгүүлэмж бол Монголд махчин шувуугаар ан хийх уламжлал үүссэнийг батлах баримт болох учиртай.
Харин тэдгээр махчин шувуугаар ав гөрөө хийдэг анчдад тохирсон оноосон нэрийг би олсонгүй. Гадаадын улсуудад шонхор шувууг их хэрэглэдэг тул шонхорчид (falconer, сокольник), Төв Азийн цармын бүргэдээр ан хийдэг хүмүүсийг бүргэдчид (berkutchi) гэх нь бий. Манайд бүргэдтэй казак анчдаа бүргэдчид хэмээдэг.
Судлаач доктор профессор Л.Дашням махчин шувуугаар ан хийх зан үйлийг “шувуулах эрдэм” хэмээн сайхан нэрлэсэн байдаг. Мөн шувуугаар ан хийхийг түүх уламжлалыг сонирхон судалсан эрдэмтэн У.Эрдэнэбат махчин шувуугаар ан хийх энэ эртний аргыг “шувуулахуй” хэмээн нэрлэсэн байгаа (У.Эрдэнэбат. Moнголчуудын “шувуулахуй” агнуурын уламжлалын асуудалд. // Studia Historica. Tom. XXXII, Fasc.13, Улаанбаатар, 2000, 149-16).
Тэгэхээр бид шувуугаар ан хийдэг анчиддаа ямар оноосон нэр өгөх нь зүйтэй вэ? Ерөнхийдөө тэд маань анчид. Энэ бол маш ойлгожтой. Гэхдээ тэд бүгдээрээ бүргэдчид биш, бас бүгдээрээ шонхорчид биш. Харин бүгдээрээ махчин шувуугаар ан аваа хийдэг.
Монгол хэлэнд хүний ажил мэргэжилд нь таарсан оноосон нэрээр нэрлэдэг. Жишээ нь монгол хэлэнд адуу малладаг хүнийг адуучин хэмээн тултал нь оноож нэрлэсэн байна. Гэх мэтчилэн хоньчин, үхэрчин, тэмээчин, гахайчин, барилгачин, дуучин гээд үндсэн үг дээр нь “-чин” залгаад оноосон нэр үүсгээд байдаг. Тэгэхээр “махчин шувуучин” гэхүү, ёстой шал сонин сонсогдож байна. Уул нь “анчин” гэдэг нэр зөв л дөө, гэхдээ шувуу заавал оролцдог онцлогийг нь бодоод “шувуутай анчин” хэмээн тодотголтой хэрэглэх үү? Эсвэл адуучин, тэмээчин гэдэг шигээ, бүргэдтэй ан хийдэг анчдаа бүргэдчин, шонхор шувуутайг нь шонхорчин, харцагтайг нь харцагчин гэх нь зөв ч юм шиг. Гэхдээ энэ олон тусдаа нэр байх шаардлага байна уу даа ч гэж бодогдох. За юу ч гэсэн цааш нь жаахан сайтар бодох хэрэгтэй байна.
Саяхан шувуугаар ан хийх эртний түүхт уламжлалыг ЮНЕСКО буюу НҮБ-ын Дэлхийн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгуулагад Дэлхийн биет бус соёлын өвөөр “Falconry” гэдэг нэрээр албан ёсоор бүртгүүлээд байна. Энэ ажилд манай бүргэдчид маш их идэвх санаачлагтай оролцсон болохыг тэмдэглэхэд таатай байна. Энэхүү дэлхийн өвд бүртгэх арга хэмжээтэй холбогдуулж Арабын Нэгдсэн Эмират улсад махчин шувуутай анчдын олон улсын фестиваль 2011 оны 12 сард болж өнгөрлөө. Энд манай улсаас төлөөлж Баян-Өлгийн бүргэдчид, мөн Монголын шувуулахуйн холбооны ерөнхийлөгч Д.Отгонсайхан нарын арваад төлөөлөгчид оролцоод ирсэн. Үүний өмнө Англид болсон фестивальд мөн манайхааас арав орчим хүн оролцсон юм.
Манай улсад жил бүр Бүргэдийн баярыг Баян-өлгий аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Гадаадын жуулчдад чиглэсэн энэ баяр үнэхээр сайхан болдог. Харин сүүлийн хэдэн жил энэ арга хэмжээг Улаабаатарт хийдэг болсон нь үнэхээр дэмжүүштэй юм. Цаашлаад зөвхөн үзүүлэн тоглолтод тулгуурласан сурталчилгааны хэлбэрээс хальж түүхэн талаас нь бүрэн хэмжээгээр нь судлах, Монголын бусад үндэстэн ястнууд махчин шувуугаар ан хийх уламжлалаа хэзээ, хэрхэн алдав, сэргээх боломж байна уу гэх мэтчилэн олон асуудалыг хөндөх хэрэгтэй мэт санагдана.
Нямбаа. Энэ бол үнэхээр чухал сэдэв. Оноосон нэр маш их чухал юмаа гэдгийг би танай материалуудыг уншиж суухдаа л ойлгож нилээд бодсон юм. Надад санал байна. Falconry гэдгийг "Шувуут ан" гэх. Falconer гэдгийг мэдээж шонхорч. Eagle hunter-ийг бүргэдчи гэх. Харин аль алины нь ерөнхий нэрийг зүгээр л "шувуут анч" гэх. Жишээ нь: Falcons and Falconry-Шонхор шувуу ба шувуут ан. International Festival of Falconry- Олон улсын шувуут ангийн фестиваль. Mongolian Association of Falconers- Монголын шувуут анчдын холбоо гэх мэт. Уншигдаж байгаа биз дээ?
ReplyDelete