Friday, February 24, 2012

Монгол орны шувууны фото зургийн уралдаан – 2011 эзэд шалгарлаа

Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клубын хамтран зохион байгуулсан 2011 оны Монголын шувууны фото зургийн уралдаан амжилттай өндөрлөж байна. Энэнхүү уралдаан маань Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтдыг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих, жигүүртэн амьтдын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
Энэ жилийн уралдаанд 4 орны (Монгол, Герман, АНУ, Финланд) 17 оролцогсод нийт 52 зүйлийн 67 фото зураг ирүүллээ. Оролцсон хүмүүсийн дунд аялал жуулчлалын хөтөч, дөнгөж эхэлж байгаа шувуу ажиглагчдаас эхлээд мэргэжлийн шувуу судлаачид, их дээд сургуулийн оюутнууд зэрэг төрөл бүрийн мэргэжилийн хүмүүс байлаа. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг зургийн чанар болон тухайн зүйлийн ховор нандин байдал зэргийг харгалзан байр эзлүүлэв.
2011 оны Монголын шувууны фото зургийн уралдааны тэргүүн байрыг шувуу ажиглагч Д.Гансүх Хэнтий аймгийн Биндэрт дарсан ховор зүйл Цагаан тогорууныхаа зургаар эзэллээ. Цагаан тогоруу нь нүүдлийнхээ үед Монголоор дайран өнгөрдөг ба цөөн тоотойгоор зусдаг зүйл юм. Хоёрдугаар байрыг Герман улсын шувуу судлаач Martin Grimm эзлэв. Тэрээр манай уралдаанд хэд хэдэн гайхалтай зургаа ирүүлсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Дорнод аймгийн Халх гол суманд аялаж явахдаа царцаа зуусан Амарын шонхорын нисэж буй зургийг тун сайхан авчээ. Гуравдугаар байрыг Залуу шувуу сонирхогч Э.Болормөнх эзлэв. Тэрээр Ховд аймгийн Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт энэхүү цасч дэглээн зургийг сайхан авсан байна.
Уралдааны тусгай шагналыг Бид энэ жил 2 тусгай байр шалгаруулсан ба тэдгээрийн нэг нь шавж руу гэтэж буй энэхүү шартүрүүт элсэгийн зураг юм. Германы шувуу сонирхогч Mathias Putze Дорнод аймгийн Буйр нуурт дарсан шартүрүүт элсэгийг шавж болон цэцэгтэй хослуулан тун сайхан дарсан байна. Уралдааны 2 дахь тусгай шагналыг дараах тусгай байрыг Н.Батсайхан авав. Батсайхан бол энэ жилийн уралдаанд Монголын өмнөд говиос олон сайхан зураг ирүүлсэн. Батсайханы дарсан хулан жорооны зураг говиос орж ирсэн шувуудын гайхалтай зүрагнуудын нэг болж тусгай байр эзлэв.

Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкнээс үзнэ үү.


http://www.wscc.org.mn/photocontest.html
http://mongolbirdwatchclub.blogspot.com

Friday, February 17, 2012

Улаанбаатар хот орчимд 2012 онд өвөлжиж буй усны болон бусад шувуудын тооллого

Бид Улаанбаатар хот орчмын нууранд өвөлжиж байгаа усны шувууны тооллого, бүртгэлийг хоёр дахь жилээ хийж байгаа бөгөөд энэ жил 2012 оны 2-р сарын 4-нд гүйцэтгэв.
Өнгөрсөн өвөл буюу 2011 оны өвөл нийт 26 зүйлийн 1000 гаруй толгой шувууг бүртгэсэн бол энэ өвөл 22 зүйлийн 1580 гаруй шувуудыг бүртгэлээ. Тэдгээрээс 300 гаруй нь 5 зүйлийн өвөлжиж буй нугаснууд байна.


Багуудын тооллогын замнал ба улаан зураасаар 1-р баг, шар зураасаар 2-р баг, ягаан зураасаар 3-р багийг тус тус харуулав.

Тооллого хийсэн өдрийн цаг агаарын мэдээ (by Кestrel-4000)

Өдөр 12:50-д салхины хурд, температур, чийгшил зэрэг цаг уурын мэдээлэлийг "Кestrel-4000" хэмээх багажаар авахад салхи зүүн өмнөөс 0,9 м/секунд буюу бараг салхигүй, тэнгэр цэлмэг, агаарын температур -16,20 -оос -17,80С, хүйтрэл буюу жихүүн байдал (Chill) -18,80C, чийгшил (Humidity) 74.4, (Hert indix) - -19.5, (Dew point) - -19.2, (Wet bulb) - -3.1, агаарын даралт (Baro) 866.7, өндөршил (altitut) 1294 , Dens altitut 365-330 гэсэн үзүүлэлтүүд гарч байлаа.

Хот орчимд өвөлжиж буй шувууд

Зэрлэг нугас Anas platyrhynchos – 63, Алаг шунгаач Bucephala clangula – 13, Хондон ангир Tadorna ferruginea – 223, Халзан түнжүү Fulica atra – 1, Хумхин бохио Mergus merganser – 7, Хөвчийн дуудууш Perisoreus infaustus – 6, Цэнхэр цанцаахай Cyanopica cyanus, Алаг шаазгай Pica pica – 69, Улаан хушуут жунгаа Pyrrhocorax pyrrhocorax – 4, Хар хэрээ Corvus corone – 17, Хон хэрээ Corvus corax – 76, Шивэр энхэтбялзуухай Bombycilla garrulous – 1000+, Улаангүеэ хөөндэй Turdus ruficollis – 3, Их хөхбух Parus major – 9, Номин хөхбух Parus cyaneus – 1, Өдөрч хөхбух Parus ater – 1, Науманны хөөндэй Turdus naumanni – 8, Харгүеэ хөөндэй Turdus atrogularis – 3, Буулгат бужирга Fringilla coelebs – 1, Шоорон эвэртболжмор Eremophila alpestris – 20, Хээрийн боршувуу Passer montanus – 40+, Дагуур ятуу Perdix dauurica - 9.

* цэнхэр цанцаахай – өнгөрсөн өвөл буюу 2011 оны тооллогоор нийт 22 тооны цанцаахай бүртгэсэн. Харин энэ жил бид олж харж чадаагүй хэдий ч Сонгины шугуйн голын урд хэсгээс дууг нь сонссон.


Хондон ангир Tadorna ferruginea Алаг шунгаач Bucephala clangula Халзан түнжүү Fulica atra


2011 оны өвөл 4 зүйлийн нугас бүртгэгдсэн бол энэ жил ганцаар буй халзан түнжүү нэмэгдэж 5 зүйл болсон хэдий ч ганцаар өвөлжиж буй энэ зүйл нугас нүүдлээсээ хоцорсон уу эсвэл үнэхээр Монголд цөөн тоотойгоор үлдэн өвөлждөг эсэхийг хараахан хэлж мэдэхгүй байна.
Зэрлэг нугас, хумхин бохио болон алаг шунгаач зэрэг зүйлийн нугаснууд 3 дугаар багийн замналд олноор буюу өнгөрсөн жилийн бүртгэгдсэн Хун нуур болон гарамын өргөссөн уст цэгүүд (замналын зургийг хар) дээр энэ жил дахин бүртгэгдэв.
Банхар булжуухай Coccothraustes coccothraustes, Дөлөн цэгцүүхэй Acanthis flammea, Шунхан цэгцүүхэй Acanthis hornemanni, Эгэл зана Pyrrhula pyrrhula зэрэг шувууд өнгөрсөн жилийн тооллогоор бүртгэгдсэн. Түүнээс гадна бусад ажиглалтуудаар ч мөн адил тогтмол бүртгэгдэж байсан байна. Гэтэл дээрх зүйлийн шувууд энэ жилийн тооллогоор бүртгэгдээгүйгээс гадна бусад ажиглалтаар ч энэ өвөл хот орчимд тэмдэглэгдээгүй байна. Ялангуяа дөлөн цэгцүүхэй бол манай хот орчимд хамгийн элбэг өвөлждөг шувуудын нэг, гэтэл энэ өвөл нэг ч дөлөн цэгцүүхэй хотод болон хотын эргэн тойронд ажиглагдаагүй байна.


Шивэр энхэтбялзуухай Bombycilla garrulous


Энэ жилийн тооллогыг Биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийн судлаач Н.Цэвээнмядаг, Б.Дашням, ЗАСХТ-ийн судлаач П.Ганхуяг, Г.Амархүү, МУИС-ийн магистр Түвшин, Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан Амарбаяр, УБ хотын 78 дугаар дунд сургуулийн Биологийн багш Д.Мөнхнаст нарын бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хот - 4-р цахилгаан станцын баруун Ногоон нуур - Хойд гол – Дунд гол – Урд далан - Сонгино хайрханы өмнөд Туул голын шугуй - Биокамбинат - Нисэх - Улаанбаатар гэсэн замналаар өглөө 10:00-18:30 хүртэл явж гүйцэтгэлээ.

Tuesday, February 7, 2012

Бүргэдчин уу, шонхорчин уу, аль эсвэл ....

Б.Нямбаяр, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв

Өнөөдөр нэг найз маань надруу Английн BBC компаний хийсэн манай Баян-Өлгий аймгийн бүргэдтэй казак анчдын тухай их сонихолтой видеог Youtube-ээс олсоноо явуулсныг би та бүхэнтэй хувуулцахыг хүслээ. Би өөрөө махчин шувуу судалдаг болоод тэрүү махчин шувуугаар ан хийдэг эртний уламжлалыг ихэд сонирхон судалдаг. Иймээс зүгээр нэг видео бичлаг тавихыг хүссэнгүй, махчин шувуугаар ан агнах талаар маш товч мэдээлэл өгөхөөр хүсэв.


BBC One хийсэн богино хэмжээний баримтад кино

Монголчууд эрт дээр үеэс эхлэн махчин шувуу барьж гаршуулан улмаар ан хийж ахуй амьдралдаа нэмэр болгодог байжээ. Монголын нууц товчооны “Тэмүүжиний уг гарал ба бага насны үе” буюу Нэгдүгээр бүлэгт Бодончарын харцагаар ан хийж буй ахуй үйлийн талаар ийн өгүүлсэн байхуй.

24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шинхул морио унаж үхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув.

25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орог морины хялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.

26. Бодончар, идэх юмгүй тул чонын гууд хорьсон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав.

27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж үл барах тул,

Мөчир бүрээс

Мөч гуя өлгөж

Хожуул бүрээс

Хоёр гурван

шувуу олгосон нь ялзрахад хүрчээ.

28. Битүү модот уулын хяраас нэгэн бүлэг иргэн, Түнхэлэг горхин уруу нүүж ирэв. Бодончар, харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ.

29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв.

Дэлхийн хүн төрөлхтөний түүхэн чухал баримт бичиг болох Монголын Нууц Товчоонд бичиж үлдээсэн энэхүү өгүүлэмж бол Монголд махчин шувуугаар ан хийх уламжлал үүссэнийг батлах баримт болох учиртай.

Харин тэдгээр махчин шувуугаар ав гөрөө хийдэг анчдад тохирсон оноосон нэрийг би олсонгүй. Гадаадын улсуудад шонхор шувууг их хэрэглэдэг тул шонхорчид (falconer, сокольник), Төв Азийн цармын бүргэдээр ан хийдэг хүмүүсийг бүргэдчид (berkutchi) гэх нь бий. Манайд бүргэдтэй казак анчдаа бүргэдчид хэмээдэг.

Судлаач доктор профессор Л.Дашням махчин шувуугаар ан хийх зан үйлийг “шувуулах эрдэм” хэмээн сайхан нэрлэсэн байдаг. Мөн шувуугаар ан хийхийг түүх уламжлалыг сонирхон судалсан эрдэмтэн У.Эрдэнэбат махчин шувуугаар ан хийх энэ эртний аргыг “шувуулахуй” хэмээн нэрлэсэн байгаа (У.Эрдэнэбат. Moнголчуудын “шувуулахуй” агнуурын уламжлалын асуудалд. // Studia Historica. Tom. XXXII, Fasc.13, Улаанбаатар, 2000, 149-16). Энэ нь бас зөв нэр биш шиг байгаа юм. Учир нь агнуур явуулах арга хэлбэрийг дотор нь агнагдаж байгаа амьтнаас нь хамаараад гөрөөлөхүй, загасчилахуй, шувуулахуй гэж ангилдаг байна. Тэгэхээр бүргэд, шонхороор ан агнахаас биш тэднийг өөрсдийг нь агнаж байгаа асуудал биш болохоор шувуулахуй гэдэг нэр арай буруу мэт санагдах. Өөрөөр хэлбэл шувууг агнахаар явбал шувуулахуй болох ажээ.

Тэгэхээр бид шувуугаар ан хийдэг анчиддаа ямар оноосон нэр өгөх нь зүйтэй вэ? Ерөнхийдөө тэд маань анчид. Энэ бол маш ойлгожтой. Гэхдээ тэд бүгдээрээ бүргэдчид биш, бас бүгдээрээ шонхорчид биш. Харин бүгдээрээ махчин шувуугаар ан аваа хийдэг.

Монгол хэлэнд хүний ажил мэргэжилд нь таарсан оноосон нэрээр нэрлэдэг. Жишээ нь монгол хэлэнд адуу малладаг хүнийг адуучин хэмээн тултал нь оноож нэрлэсэн байна. Гэх мэтчилэн хоньчин, үхэрчин, тэмээчин, гахайчин, барилгачин, дуучин гээд үндсэн үг дээр нь “-чин” залгаад оноосон нэр үүсгээд байдаг. Тэгэхээр “махчин шувуучин” гэхүү, ёстой шал сонин сонсогдож байна. Уул нь “анчин” гэдэг нэр зөв л дөө, гэхдээ шувуу заавал оролцдог онцлогийг нь бодоод “шувуутай анчин” хэмээн тодотголтой хэрэглэх үү? Эсвэл адуучин, тэмээчин гэдэг шигээ, бүргэдтэй ан хийдэг анчдаа бүргэдчин, шонхор шувуутайг нь шонхорчин, харцагтайг нь харцагчин гэх нь зөв ч юм шиг. Гэхдээ энэ олон тусдаа нэр байх шаардлага байна уу даа ч гэж бодогдох. За юу ч гэсэн цааш нь жаахан сайтар бодох хэрэгтэй байна.

Саяхан шувуугаар ан хийх эртний түүхт уламжлалыг ЮНЕСКО буюу НҮБ-ын Дэлхийн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байгуулагад Дэлхийн биет бус соёлын өвөөр “Falconry” гэдэг нэрээр албан ёсоор бүртгүүлээд байна. Энэ ажилд манай бүргэдчид маш их идэвх санаачлагтай оролцсон болохыг тэмдэглэхэд таатай байна. Энэхүү дэлхийн өвд бүртгэх арга хэмжээтэй холбогдуулж Арабын Нэгдсэн Эмират улсад махчин шувуутай анчдын олон улсын фестиваль 2011 оны 12 сард болж өнгөрлөө. Энд манай улсаас төлөөлж Баян-Өлгийн бүргэдчид, мөн Монголын шувуулахуйн холбооны ерөнхийлөгч Д.Отгонсайхан нарын арваад төлөөлөгчид оролцоод ирсэн. Үүний өмнө Англид болсон фестивальд мөн манайхааас арав орчим хүн оролцсон юм.


Манай улсад жил бүр Бүргэдийн баярыг Баян-өлгий аймагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Гадаадын жуулчдад чиглэсэн энэ баяр үнэхээр сайхан болдог. Харин сүүлийн хэдэн жил энэ арга хэмжээг Улаабаатарт хийдэг болсон нь үнэхээр дэмжүүштэй юм. Цаашлаад зөвхөн үзүүлэн тоглолтод тулгуурласан сурталчилгааны хэлбэрээс хальж түүхэн талаас нь бүрэн хэмжээгээр нь судлах, Монголын бусад үндэстэн ястнууд махчин шувуугаар ан хийх уламжлалаа хэзээ, хэрхэн алдав, сэргээх боломж байна уу гэх мэтчилэн олон асуудалыг хөндөх хэрэгтэй мэт санагдана.