Monday, March 16, 2009

Шувуудын тухай

Манай оронд 470 гаруй зүйлийн шувуу бий. Амьдрах євєрмєц зохилдлогоороо шувуу бүр ялгагдах онцлогтой. Хэнтий, Хєвсгєлийн тайгад ойн жимсгэнэ, ургамлын үр, самар иддэг сойр, хєтүү, ханамал хєхєє, буслаг бүгээхэй, угалзан бэгбаатар, хар тоншуул, самарч шаазгай, ятга шаазгай, дуудууш, гацуурын загалмай бялзуухай, нарсны бужирга, зана, танан бялзуухай мэт єнгє зүсээрээ модны мєчир, навч шилмүүсэн дотроос тєдий л тєдий л ялгагдамгүй, харьцангуй цєєн зүйл шувуу бий. Гүн их тайгыг бодвол ойт хээрийн бүсийн холимог ойд хур, дагуурын ятуу, гургуул, хар єрєвтас, элээ, үлэг ба морин харцгай, явлаг сар, хєхєє, хүүрзгэнэ, хув бэгбаатар, харсуун ууль, алаг тоншуул, турлиах, шаазгай, тодол, шар элэгт, цагаан шанаат хємрєг, шийхнүүхэй, цэгцгий, хєх бух, уран шувуу, намнаахай, зэржигэнэ, дууч шувуу, гургалдай, галт сүүлт, хєєндэй зэрэг олон зүйл шувуудаас гадна нуга, намаг, нуур, ус, зэгс даган хиазат, тогоруу, галуу,нугас, түнжүүр олноороо єндєглєн зусна.
Элдэв амьтнаар баян энэ орчинд бүргэд, харцага, шонхор, цагаан элэгт мэтийн махчин шувууд бас олонтоо тааралдана. Хээр талд тоодог, євєгт тогоруу, тарважи бүргэд, шилийн сар мэт том шувуудаас гадна талын болжмор, монгол болжмор, шийхнүүхэй, адууч чогчоохой зэрэг элдэв жижиг шувууд элбэг.
Говь цєлийн бүсэд євс ихтэй хээр талд амьдардаг тоодгоос биеэр арай бага, бор саарал зүстэй жороо тоодог бий. Говийн элсний адил єнгєтэй, тагтаанаас томгүй биетэй ногтруу сүрэг сүргээрээ тааралдана. Цулхир мэтийн ургамлын үрээр хооллодог учир ногтруу тэжээл, ундаалах задгай ус хайж хол газар нисдэг. Мєн үүнээс гадна говийн шувуудад цєлийн чогчоохой, загийн бор шувуу, цєлийн зэржигэнэ, хулан жороо орно.
Мєнх цас, уулын тагаас бараг буудаггүй тундрын цагаан ятуу, цэвдгийн цагаан ятуу, єгєєлэй шулганаа, улаан бужирга, цахир бужиргатай зэрэгцэн алтайн хойлог, хахилаг, хадны тагтаа, тагийн харуулдай, гималайн харуулдай, цохионы хєєндэй, хэрэмний бялзуухай, харагчин хараацай, урианхайн сүвээ цагаан, ёл, тас, бүргэд зэрэг шувууд манай орны уулсаар оршино. Уул, тайга, хээр тал, говийн нуур, голуудаар дулаан улиралд ус намгийн шувууд олноор ирдгийн дотор загасан тэжээлтэй гогой, ахууна, хумхин нугас, цахлай, мєн усны хорхой шавьж, ургамлаар хооллодог хун, галуу, нугас, түнжүүр мэт нь хүн, мал хүрч чадахааргүй орчинг сонгож зэгс, єндєр євсєн дунд үүрээ засна. Ус намгийн шувуудаас манай оронд галууны 33 зүйл, сэлүүр хєлтний 2, ахууны 1, сооногийн 3 єрєвлигийн 7, халзан түнжүүрийн 2, халуугийн 1, хиазатын 48, цахлайн 16, тогорууны 6 зүйл єргєн тархжээ.
Манай орны хот суурин газарт тагтаа, начин шонхор, хараацай, ураацай, болжмор, алагтуу, жунгаа, хєх цэцгий зэрэг шувууд үүрээ засдаг.
Манай орны 280 гаруй зүйл шувууд дулаан оронд нүүдэлллэн явна. Монгол улсын "Улаан ном"-д дэлхий дахинаа ховор болсон цагаан тогоруу, хар тогоруу, хургач бор, мєн тархсан нутгийнхаа ихэнх хэсгээр цєєрч байгаа хар єрєвтас, тоодог, жороо тоодог, реликт цахлай, цагаан сүүлт бүргэд, цасны хажир, явлаг сар, цэн тогоруу, хошуу галуу, хээрийн галуу, гангар хун, хуруут хун, халбаган хошуут, гургуул зэрэг 20-иод зүйл шувуудыг оруулжээ.
Үй олноор үржин ой, бэлчээр, тариалан, хүнсний ногооны ургацыг сүйтгэдэг хортон шавьжийг хороож асар их ая тус хүргэдэг шувуудад манай оронд дархан цаазтай 7 зүйл тоншуулаас гадна хєх бух, тоншголжин, намнаахай, хєхєє, дагуурын ятуу орно. Бэлчээр сүйтгэдэг үлийн цагаан оготно зэрэг мэрэгчдийг єдрийн цагаар шилийн сар, зээрд шонхор, хайргууна шонхор, идлэг шонхор, турамтай шонхор, тарважи бүргэд барьдаг бол харанхуй болмогц хотны бүгээхэй, бэгбаатар, орволго, шар шувуу мэтийн шєнийн махчин шувууд бас олноор хєнєєлт амьтдыг хэт олшрохоос сэргийлдэг юм. Амьтдын сэгээр хооллодог тас, ёл болон бусад шувууд элдэв євчин тарахыг хязгаарлах, байгалийг эрүүл, цэвэр байлгахад ихээхэн үүрэгтэй.
Шувуудын сангас фосфор, азотлог нэгдлээр баян учир чанарлаг бордоо болдог. Шувууны сангасаар тариалан, хүнсний ногооны талбай бордох ч бий. Идсэн ургамлынхаа үрийг тараах, газар булж нєєцлєх үйл ажиллагааны ачааршувууд урамлын тархацын хүрээг тэлэх, ургамлын нєхєн ургалтад бас чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хүмүүс тахиа, галуу, нугас, євєгт, хяруул, гургуул зэрэг шувууг гэршүүлэн тэжээж, шувууны єндєр ашигтай аж ахуй, шувуу үржүүлэх фабрик байгуулан бүтээгдэхүүнийг хүнс, ахуйн хэрэгцээнд єргєн ашиглаж байна. Бас хур, сойр, хєтүү, ятуу, хахилаг, ногтруу мэт 8 зүйл суурин шувууг тус оронд хєлдүү түүхий эдийн бэлтгэлд агнан ашиглаж байгаагийн зэрэгцээ галуу, нугасны тєрлийн усны шувууг спорт-агнуурын чиглэлээр агнах ажлыг зохиодог.
Хүүхэд, залуучуудын нэвтэрхий толь

4 comments:

  1. цахлайг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ

    ReplyDelete
  2. hamgiin oroi undugludug shuwuug helj uguuj

    ReplyDelete
  3. Я vsgeer ehelsen ymar shuwuud bdiin bol

    ReplyDelete