Tuesday, January 5, 2016

"Монгол орны жигүүртэн" гэрэл зургийн уралдаан

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны жигүүртэн” фото зургийн уралдаанаа зургаа дахь жилдээ зарлаж байна.
Энэхүү уралдаан нь ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зарлагддаг билээ
Энэ жилийн уралдаан 2016 оны 1 сарын 5–ний өдөрөөс 2016 оны 1 сарын 25 –нийг хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа хугацаанаас өмнө mongolbirdclub@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна. Уралдааны дүнг 2016 оны 1 сарын 29-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 4 дүгээр уулзалтын үеэр олон нийтэд зарлана. 
Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж болно. Харин шувууны өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж болно.
Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-5 бүтээлээ явуулах ёстой. Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал сайн. Нягтшил хэт муутай зургийг оролцуулах боломжгүй. Зурганд засвар хийхийг хориглохгүй бөгөөд гэхдээ эвлүүлэг хийхийг хориглоно.
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас гадна, зурагчин өөрийн овог нэр, нас, мэргэжил, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой. Зурган дээр тамга байж болохгүй. Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчын эрх бүтээлээ ирүүлсэн зурагчинд хадгалагдах болно. 
Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн албан ёсны facebook хуудас дээр байрлуулах юм https://www.facebook.com/Wildlife-Science-and-Conservation-Center-of-Mongolia-173406369372024/?pnref=about.overview
Шилдэг 3 зургийг нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлэхээс гадна, ховор шувуудын болон ховорхон агшины номинаци тус бүрт нэг зургийг шалгаруулна. Байр эзэлсэн эздэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2016 оны 1 сарын 29-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 4 дүгээр уулзалтын үеэр зохион байгуулна.

Зохион байгуулагчид:
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Монголын шувуу ажиглагчдын клуб

No comments:

Post a Comment