Monday, April 14, 2014

Шувууд ирээд сайхан байна даа, Ногоон нуур ба Сонгино орчмын ажиглалт

Тэмдэглэл болон зургийг: Б.Отгонбаяр (Оогий)

Ногоон нуур, Сонгиноор 2014-оны 4 сарын 13-нд Хүрээлэн төслийн багийн хамт мөн Нямбаяр ах, Лхагвасүрэн ах, оюутан Отгонбаяр, миний бие нар хаврын нүүдлийг ажиглалаа. Цаг агаар, нар гэх мэт бүх л зүйл шувуу ажиглахад тун таатай байсан.  
Хошуу галуу, Ногоон нуур
Эхлээд Ногоон нуур орлоо тэнд бид: Хар тодол 4, Бор тодол 2 цуг байж байхыг нь харсан. Хаврын нүүдлээр бор тодол нь хар тодлоосоо илүү түгээмэл нүүдэг. Энэ удаа 2 тодлыг хамтдаа шонгийн оройд сууж байхтай таарч зургийг нь дарлаа.
Хар ба бор тодолууд хамтдаа (цагаан шанаатай нь бор тодол)
Мөн энэ орчимд Алаг шунгаач, Зэрлэг нугас, Хондон ангир, Алаг шаазгай нилээд олноороо байсан, харин Хошуу галуу 6, Гангар хун 2, Зээрд нугас, Усны бух шувуу 1, Согсоот божирго 4, Сохор элээ 8, Хар хэрээ, Үүрэн сүүлт зана, Хөх цэгцгий, Тураг гогой 1, Ногоохон нугас, Хонин тоодог 1, Хар өрөвтас 1, Хөх дэглий, Харзны шийхнүүхэй 3,  Хүрэн толгойт цахлай  9, Оронгийн  бор шувуу, Улаан хошуут жунгаа, Начин  шонхор 1 тус бүрийг харлаа.
Эм хонин тоодог, Ногоон нуур
Усны бухшувуу, Ногоон нуур

Ногоохон нугаснууд  Ногоон нууранд
Ногоон нуураас Сонгино орох замдаа Бүжимч чогчиго,  Шоорон эвэрт болжмор, халбага нугас 3 хос, зээрд нугас,  ногоохон нугас нилээд хэдэн хос, гангар хун 2, гэзэгт шумбуур, зэрлэг нугас зэргийг харсан. 
Нутгийн Хон хэрээ ах, Ногоон нуур атаманаа хийж байгаа нь
Эр Зээрд нугас, Ногоон нуур

Нүүдэл эхлэсэн болохоор Ногоон нууранд маань ч үнэхээр шувуудын дуу цангинаад сайхан байна лээ шүү.
Зээрд нугас, халбага нугаснууд (том хошуутай нь халбага нугас)
Сонгинд  Хар тогшуурга 2, Цэнхэр цанцаахай, Алаг бужирга, Банхар булжуухай, Номин хөх бух, Их хөх бух, Үүрэн сүүлт зана зэрэг 36 зүйлийн шувууд ажиглав. Ийнхүү бид энэ удаа Ногоон нуур, Сонгино орчимдоо олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордсон нэлээд хэдэн зүйлийн шувуудыг олж харлаа. Дараа дараагийн амралтын өдрүүдийг алдалгүйгээр нуурандаа очих хэрэгтэй шүү манайхаан.

Харзны шийхнүүхэй, Сонгино

Thursday, April 10, 2014

Цэвдгийн цагаан ууль харахаар зорьсон 2 дахь аяллын тэмдэглэл

Тэмдэглэл бичсэн: Хуягаа, Амархүү, Пүүжээ, Абу

Монголын шувуу ажиглагчдын клубынхэн 2013 оны өвөл цэвдгийн цагаан ууль харах аяллыг Хэнтийн нутгаар 6 хоног зохион байгуулсан боловч харж чадалгүй ирсэн. Хэдий тийм боловч тэр аяллаар нийтдээ 41 зүйл шувуу бүртгэсэн. Тэдгээрээс  салбар зүйлийн хувьд шинэ зүйлийг  Дадал сумын төвөөс олсон http://birdsmongolia.blogspot.de/2013_02_01_archive.html. Харин энэ жил буюу 2014 оны 2 сарын 6-12 ны өдрүүдэд цэвдгийн цагаан ууль харах 2 дахь аяллаа Орхоны хөндий рүү зохион байгуулсан. Эхний өдөр: Бид Улаанбаатар хотоос 2 сарын 6 ны өдрийн өглөө 6 цагт хөдлөж, Эрдэнэсант сум хүртэл замдаа 5-6 удаа зогсож, замд таарах суурин, жижиг шувууд болон махчин шувуудыг ажиглав. 
Шилийн сар, зургийг Г.Амархүү
Үдийн алдад Эрдэнэсант суманд ирсэн. Өдрийн цайгаа жолооч Цэрэнноров ахынд ууцгаасан. Сумын төвөөр сүрэглэн нисэх Монгол газрын бор шувууны зургийг дарцгаав. 
Монгол газрын боршувуу, зургийг П.Ганхуяг
Энэ их сүрэгт 100 гаруй Монгол газрын боршувуу байсан ба энэ сүрэгт цөөн хэдэн монгол болжмор ганц ширхэг шунхан цэгцүүхэй бусдаас содон байсан. Сумын төвийн хойд хэсэгт байх улаан буудай хураасан талбайд, хөхвөр тагтаа ойролцоогоор 400 орчмоор сүрэглэн өвөлжиж байв. 
Хөхвөр тагтаан сүрэгт буй алаг сүүл бүхий ганц хадны тагтаа, зургийг Абу
Энэ сүрэгт мөн ганц ширхэг хадны тагтаа бусдаасаа содон ялгарч байсан. Бид Улаанбаатараас гарч Эрдэнэсант хүртэл 20 орчим тооны махчин шувууд харснаас дийлэнх нь шилийн сар байсан бол цөөн тооны идлэг шонхор, мөн нөмрөг тасууд замын дагуу ажиглагдсан. Хар хорин хүртэл Монгол болжморын хэд хэдэн сүрэг таарснаас хамгийн том нь Хар хорины хөгшин Орхоны орчим таарсан ба ойролцоогоор 12000 болжмор байсан. 
Монгол болжморын сүрэг, зургийг Г.Амархүү
Бид Эрдэнэсантаас хөдлөж Орхоны хөндийг чиглэн аяллаа үргэлжлүүлсэн. Рашаант сумаас Элсэн тасархай хооронд мөн хэд хэдэн шилийн сар үзэгдсэн. Бид ийнхүү Хархорин оров. Хар хоринд сүлжээтэй болмогц Хүрээлэн төслийн багийнхантай холбогдож хаана уулзахаа тохиролцсон. Хүрээлэн төслийн багийнхан Хужирт орчимд явж байгаа гэв.
Монгол болжмор (том нь), Монгол газрын боршувуу (жижиг нь), зургийг Абу
Бид тэднийг хүлээх зуураа Хар хорингийн сумын төвийн хойд хэсэгт байх цэцэрлэгт шувуу ажиглаж, нийтдээ 11 зүйлийн шувуудыг бүртгэсэн. Их хөхбух, өрнийн тоншголжин, их алаг тоншуул, буулгат хүүрзгэнэ, алаг шаазгай, сибирийн хайруулдай зэрэг шувууд байсан. Нар доошилж хэдийнэ бүрэнхий болсон тул бид хоноглох газраа олохоор хөдлөсөн. Бид Түргийн замаар хойш 20км орчим явж айлын эзэнгүй хаваржаанд ирж, машинаа хашаа руу оруулан хучиж, хоноглоход бэлдсэн. Энэ үед Хүрээлэн төслийн багийнхан ч ирж, бид уулзацгааж, тэд Хар хорин орж хоноглохоор ярилцаад явав. Тохиролцсон ёсоор 7 ны өдрийн өглөө 9 цагт уулзацгааж, Орхоны хөндийг өгсөн хойшлов. 
Хүрээлэн төслийнхөнтэй хамт, зургийг Абу
Энэ өдрийн хамгийн чухал газруудын нэг бол Өгий нуураар дайрах байв. Биднийг Өгий нуур руу ойртох бүрд шилийн сарын тоо нэмэгдэж байсан. Өгийн нуур орчимд ирхэд цасаар хучигдсан байсан хэдий ч энэ орчимд шилийн сар маш олон тоогоор өвөлжиж байсан. Бид өдрийн цайгаа уух зуураа яндан дурангаараа эргэн тойронд байх шувуудыг тоолов. Зөвхөн нэг цэг дээрээс нийтдээ 61 ширхэг шилийн сарыг тоолсон. Харин идлэг шонхор бидний бодсоноос бага байв. 
амарч буй Идлэг шонхор, зургийг Абу
Энэ орчимд шар үнэг, хярс зэрэг жижиг махчид мөн элбэг байсан.  Бид Өгий нуурын баруугаар тойрон хойд хэсэгт нь очиж, тэндээс хэд хэдэн удаа ажиглалт хийсэн. Учир нь аяллын гол зорилго болсон цэвдгийн цагаан уулийг олж харахын тулд тодорхой хугацаанд зогсож яндан дурангаар эргэн тойрноо сайтар нягтлан дурандах явдал юм. Үндсэндээ замд таарах махчин шувууд ялангуяа шилийн саруудыг тоолсон. Дийлэнх шилийн сарууд Өгий нуур орчимд тоологдсон, учир нь энэ орчимд чичүүл олон тоогоор идэвхитэй өвөлжиж байсан юм. Орхоны хөндийгөө өгсөн Өлзийт сумыг чиглэн явах зуур 5 идлэг шонхор таарсаны 2 нь хосоор байсан. Мөн энэ хугацаанд маш бараан бараг л хар өнгөтэй шилийн сартай 3 удаа таарсан. Ёл ч мөн гайхалтай сүрлэг байсан. 
Ооч ёл, зургийг Г.Амархүү
Зам дагуу эвэрт болжморуудтай таарсан боловч хээрийн бүстэй харьцуулхад тийм ч том сүрэгтэй таарахгүй байсан юм. Өлзийт сум орохын наана гүүрний орчимд нэлээдгүй хугацаагаар саатсан. Учир нь энэ хэсэгт бага зэрэг хадтай бөгөөд залуу шилийн сарууд (17 орчим тооны) тай таарсан. Тэдний зургийг дарж, мөн Өгий нууранд үлдсэн Хүрээлэн төслийн багийнхныг араас гүйцэж ирэхийг хүлээж зогсов. Бид хотоос гараад энд иртэл нийтдээ 21 зүйлийн шувуу болон 240 гаруй шилийн сарыг тоолсон байсан.  Энэ өдөр бол бидний хувьд ШИЛИЙН САР-ын өдөр байлаа. Залуу цармын бүргэдийн дуу сонсоход үнэхээр сайхан байсан шүү, маш өвөрмөц. Үнэхээр тэнгэрийн эзэн дээ.
Залуу Цармын бүргэд, зургийг Г.Амархүү
2 дахь өдрийн орой бид Архангайн Өлзийт суманд ирж Хүрээлэн төслийн багийн хамт ойролцоох буудлуудад хоноглож, маргааш нь эртлэн босч Батцэнгэл сумыг чиглэн хөдлөсөн. Батцэнгэл явах замд нийт 4 идлэг шонхортой таарсны 2 нь хосоор байсан ба шилийн саруудын хамт том хөндийд ан хийж байсан. Энэ өдөр бид ганц ганцаар идэвхитэй ан хийх нийт 4 хайргуун шонхортой таарсан ба бүгд эм шонхорууд байсан. 
эм Хайргуун шонхор, зургийг Г.Амархүү
Энэ өдөр бидний хувьд хайргуун шонхорын өдөр гэмээр байсан даа. Батцэнгэл явах зуур ооч ёл, цармын бүргэд зэрэг шувуудыг бүртгэсэн. Бид Батцэнгэл сумаас бензинээ аваад цааш шууд Цэцэрлэг хот руу хөдлөсөн.
3 дахь өдрийн өглөө нь Цэнхэрийн халуун рашаан орох төлөвлөгөөтөй байсан боловч манай багийн 2 гишүүн Улаанбаатарлуу буцах яаралтай ажилтай болсон учир бидний аялал цааш 3 гишүүнтэйгээр үргэлжилсэн. Энэ өдөр жинхэн “BIG DAY” байсан бөгөөд нэмээд 20 орчим зүйлийн шувууд харсан. Урд тамирын голын гүүрний ойролцоох харзалсан хэсэгт хос гялааномруут харзлай, цээжмэг галсүүлт, үүрэнсүүлт зана, дагуур ятуу, ихалаг тоншуул, бага алаг тоншуул, их хөх бух, хар толгойт хөх бух, хумихан бохио, алаг шунгаач зэрэг шувууд бүртэгсэн. 
Гялаан омруут харзлай, усан доогуур гүйх нь үнэхээр гайхамшиглтай, зургийг Абу
Мөн бидний хайж буй шувуудын нэг болох Өнчин хараалж урд тамирын голын харзалсан хэсэгт байсан бөгөөд зургийг нь муухан дарж амьжсан. Энэ шувуу маш эмзэг, үргэмтгий шувуу бөгөөд өвлийн улиралд ганц ганцаараа гол мөрний харзалсан хэсэгт идээшилж өвөлждөг.
Өнчин хараалж, зургийг Г.Амархүү
Дараа өдөр нь буюу 2 сарын10 нд Цэцэрлэг хотоос хөдөлж буцаад Өгий нуурыг зорьсон. Орхоны хөндийг хэрэн 5 км болгонд зогсож, цагаан ууль хайж байлаа. Орхоны хөндийд цас багатай, мэрэгчид идэвхитэй байсан ба бид зогсох бүрдээ арав хориор нь шилийн сар мөн хярс харж байсан. Үдээс хойш Хархорин сумаас 20км орчимд туркийн замд 1 тарлан сар харсан боловч зургийг нь сайн буулгаж чадаагүй. 
Сибирээс ирж өвөлжиж буй Тарлан сар, зургийг Абу
Энэ оройноо бид шууд Эрдэнэсант суманд очиж хоноод маргааш өглөө нь Сантын уулсын өвөрт байх бяцханы аманд шувуу дурандахаар очсон. Бяцханы аманд, улаангүеэ хөөндий, шарга хайруулдай болон нилээн олноор сүрэглэсэн шивэр энхэт бялзуухай харсан. 
Шивэр энхэт бялзуухай, зургийг Абу
Үдээс хойш Сахалт шагшуурга бялзуухайны зураг дарахаар Дашинчилэнгийн Баян нуур руу явсан. Баян нуурын зэгс гайхалтай өндөр, өтгөн ургасан байсан боловч зорьсон шувуугаа хайгаад олоогүй. Иинхүү бидний өвлийн аялал өндөрлөж хотын зүг хүлгийн жолоо залсан. Энэ өвлийн аяллаар нийт 48 зүйлийн шувуу бүртэгсэн. Бид энэ удаагийнхаа аяллаар хэдий аяллын гол зүйл байсан Цэвдгийн цагаан уулиа харж чадаагүй ч өнчин хараалж, тарлан сар, гялааномруут харзлай зэрэг ховор таарах үувуудыг харсан сайхан аялал болсон гэж дүгнэж байгаа. Энэ удаагийн аяллаар өнчин хараалж бидний хувьд өмнө нь харж байгаагүй шинэ зүйл байсан тул өөрийн мэддэг шувуудынхаа жагсаалтыг нэгээр нэмсэндээ бид туйлын баяртай байгаа. 
Орхоны хөндий, зургийг П.Ганхуяг
Ирэх жилийн өвлийнхөө аяллаар цэвдгийн уулиа харна гэж найдах үлдлээ дээ. Бид ирэх жил Дорнодын Чулуунхороот, Монгол дагуурын дархан цаазат газар руу явахаар төлөвлөж байгаа шүү.                        


Tuesday, April 8, 2014

Эрдэнэсант болон Лүнгийн ойролцоох нүүдлийн шувуудын мэдээ

Тэмдэглэл бичсэн Г.Амархүү

Та бүхэнд клубын блог дээр нүүдлийн шувуудын анхны мэдээ хүргэжбайгаад туйлын их баяртай байна. 4 сарын 5-нд Жагаа ах, Жаргалбат ах нартай хамт Төв аймгийн Эрдэнэсант болон Лүнгийн ойролцоо нүүдлийн шувуудын зураг авахаар үүрийн таван жингээр хөдлөсөн. Замдаа Хээрийн бүргэд Aquila nipalensis , Бор бүргэд Aquila clanga харсан боловч зургийг нь авч чадсангүй. Биднийг Эрдэнэсантад ирэхэд аль хэдийн нар хөөрч, зуны нэг сайхан өглөө шиг, энд тэнд Бүжимч чогчиго Oenanthe isabellina  дуугарч, Эвэрт болжмор Eremophila alpestris, Монгол болжмор Melanicorypha mongolica  хос хосоороо хөөцөлдөн бужигнаж байлаа.
Ёлын зураг дарахаар хадтай уул руу өгсөх  замдаа Мяраан чогчиго Oenanthe pleschanka , Годлевскийн хөмрөг Emberiza godlewskii  нилээн хэдийг харсан.



Годлевскийн хөмрөг Emberiza godlewskii


 Уулын оройд гарч, эргэлдэн халих Тас Aegypius monachus , Ёлын Gypaetus barbatus  зургийг буулгаж суух зуур 1 Үлэг харцага Accipiter gentilis  уулын ам өгсөн нисэж байгаа харагдав. Энэ аманд Шилийн сар Buteo hemilasius  үүрлэж байсан болохоор эр шувуу нь урилгагүй зочинг дор нь хөөгөөд уул даван одов. 



Ооч ёл Gypaetus barbatus 

 Үд дундын үед бид уулнаас бууж нүүдлийн шувуудын амрах дуртай Бяцханы аманд орсон боловч жижиг шувуудын нүүдэл хангалттай  эхлээгүй байсан болохоор намгүн байсан. Энэ аманд Сохор элээ -1 Milvus migrans, Улаангүеэ хөөндий~20 Turdus ruficollis , Шархөмсөгт хөмрөг-2 Emberiza cioides, Шарга хайруулдай-1 Prunella montanella  тус тус харсан.


Сохор элээ Milvus migrans 




Шархөмсөгт хөмрөг Emberiza cioides

Лүнгийн гүүрний ойролцоох  тогтоол  усанд нилээн олон Хошуу галуу Anser cygnoides, 1 Хээрийн галуу Anser indica , 1 Буурал галуу Anser fabalis болон хондон ангир харагдаж айв. Мөн Хөх дэглий Ardea cinerea, Хөх цэгцгий Motacilla alba байсанбөгөөд сумын төвийн урд байх тогтоол болон жижиг нууруудад Зэрлэг нугас Anas platyrhynchos , Алагшунгаач, Шовтгоралаг нугас Anas acuta , Умардын хавтгаалж Vanellus vanellus, Монгол цахлай Larus argentatus , 1 Саарал сахиа Circus cyaneus зэрэг шувууд таарч байсан. 


Хошуу галуу Anser cygnoides


Хошуу галуу Anser cygnoides

Цагаан дэрэстийн хөндийд 2 цэн тогоруу Grus vipio өндийх завгүй идээшилж эргэн тойронд нь хэдэн зуугаараа Алагтуу хэрээ Corvus dauuricus  , болжморууд эргэлдэж байв. Ийнхүү бид энэ өдөр нийтдээ 42 зүйлийн шувууд харсан бөгөөд 20 орчим нь нүүдлийн шувууд байв.