Эх сурвалж: http://news.gogo.mn/r/147606
Үндэсний портал GoGo.mn сайт гэрэл зураг болон шувуу сонирхогч, Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн Л.Жаргалсайхантай хамтран ажиллаж, түүний хийсэн сонирхолтой фото тэмдэглэлүүдийг уншигчиддаа сонирхуулж байгаа билээ. Тэрээр шувуудын зургийг авахын тулд хэдэн цаг, өдөр, сарын хугацааг зарцуулдаг төдийгүй тэдний талаарх мэдээллийг цуглуулж, уншиж судална. Зургийг нь дарахаар хэдэн цаг ажиглан суухдаа юу эсийг мэдэж авах билээ. Тиймээс Л.Жаргалсайханы фото зургийн аяллаа хийх явцдаа тэрлэсэн тэмдэглэлүүд та бүхэнд сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байна.
Л.Жаргалсайхан: Хунгийн өнөр бүлийн нэгэн өдөр /2014.9.27/
Өнгөрөгч Бямба гаригт үүрээр Гүнгалуутайн нуурыг зорьлоо. Нууран дээр намрын өглөө нар мандах үест их л сэрүүхэн. Ийнхүү эртлэн нуурын эрэгт ирсэн маань өнгөрсөн жилийн өдийд харсан хунгийн сүргийн нэгэн сонирхолтой үзэгдлийн зургийг авчих санаатай.
Хун бол төгс үзэсгэлэн, ихэмсэг сүр, үнэнч хайрын билэгдэл болсон шувуу. Энэ гайхалтай шувууг ажиглан суухад нэн ухаалаг, сүргийн өндөр зохион байгуулалт, дохио харилцаатай болох нь мэдэгдэнэ.
Хунгийн жижиг сүрэг хэдийн сэрээд нүүрээ угааж, далавчаа дэвж, өд сөдөө цэвэрлэнэ.
Гангар хун ихэнх цагаа усны мандал дээр амгалан тайван хөвөж, идээшлэн өнгөрөөнө. Хүн амьтан ойртвол жаахан дөлөөд, нуурын нөгөө эрэг руу алгуурхан холдоод явчихна. Энэ шувуу 8-20 кг жинтэй, бие нь 140-160 см, далавчаа дэлгэхэд 205-275 см урт ажээ. Том шувууд ер нь хүнээс үргэж цочих нь бага. Тэр бүрт уулга алдаад нисч буугаад байх нь өөрт нь тээртэй ч байдаг биз.
Нуурын зүүн хэсэгт миний сонирхсон таван дэгдээхэйтэй өнөр бүлээс гадна гурван дэгдээхэйтэй нэг хос, бас нэг гоонь бодгаль хөвж, идээшлэнэ.
Зарим дэгдээхэй нь хоорондоо их ойр дотно харагдана.
Энэ хоёр найз хамтдаа төрсөн бууцаа нэг эргээд үнэрлэж харагдсан.
Таатай мөчийг хүлээн хоёр цаг гаруй суулаа, нар ч хөөрлөө.
Эргээр гүйх ганц нэг жижиг эргийн шувууны зураг дараад суутал, гэнэт пид пад хийх их чимээ гарахад нь харвал, эцэг нь бололтой нэг том хун дэгдээхэйгээ дагуулаад усны мандал дээгүүр гүйж байлаа. Жин ихтэй, том шувуу болохоор нилээд урт зайд гүйж, далавчаараа ус алгадан байж эрч аваад хөөрнө.
Том нь дэгдээхийнийхээ агаарт хөөрөхийг харан хурдаа хасан үлдлээ. Гэтэл дэгдээхий агаарт хөөрөөд удсангүй, ганц нэг тойроод буучихав. Ингээд хэрэг ч мандлаа даа.
Өнөөх дэгдээхийг эцэг нь залхуурлаа гэж дургуйцэв бололтой, тойруулж хөөгөөд, ар нуруунаас нь хазаж чимхээд байгаа нь харагдана.
Дэгдээхий ч орилж ганганаад, далавчаараа ус алгадаад сүйд боллоо.
Ингэж байтал эх нь бололтой нас бие гүйцсэн нөгөө хун юу юугүй нөгөө хоёрын дээрээс шуугиад бууж, дундуур нь дайрч орон салгах нь тэр. Өнөөх залхуу “нөхөр” ч цээрлэлээс нэг юм салаад цаашлав.
Гэвч эцгийн уцаар тийм ч амархан арилсангүй. Ингээд гэр бүлийн хоёр ам мурийж, аль аль нь санасан бодсоноо илэн далангүй хэлж авав бололтой. Чанга чанга дуугаран ганганалдан, ус алгадах нь сүртэй.
Энэ хэрэг үүгээр ч дууссангүй, дараа нь эцэг эх хоёул хүүхдүүдээ цуглуулж баахан юм үглээд л байлаа. Залуус бас чиг дуугүй байсангүй, лав хоёр нь тайлбар тавиад байгаа бололтой, өөдөөс нь ганганана.
Удалгүй танил болсон өнөр бүлийнхэн маань ч тайвширлаа, би ч дуран камераа хураалаа. Бүтэн жил энэ л үйл явдлын зургийг дарахаар санаж явсан би гэж хүн зургаа авч чадсан эсэхээ шалгахаар яаран буцсан юм.
Хунгийн өнөр бүлийн ийм нэгэн үзэгдэл надад маш сонирхолтой, хүмүүн бидний амьдралын аяг ааштай ижилхэн бодогдсон билээ. Гэр бүлийн энэ нэгэн явдал их удаан, эхлэл, өрнөлтэй болсон мэт санагдсан ч камерын цагаа эргээд харвал ердөө 38 секунд л үргэлжилсэн байлаа.
Хун шувууд тун удахгүй хүнд хэцүү холын нүүдэлд гарна. Энэ хүнд давааны өмнө нисч сурах урлагт суралцахад хойргошоод буй зарим залуустаа эцэг эх нь нь ийнхүү ташуур өгдөг байж болох юм. Хун шувууны намар цагийн энэ ааш араншингийн тайлбарыг цахим сүлжээгээр хайгаад олсонгүй. Харин нүүдлийн өмнө нас бие гүйцсэн хун бусад шувуундаа ганганаа болон толгой болон далавчийн хөдөлгөөнөөр олон дохио зангаа өгч, цуваагаа нисгэж чиглүүлж явдаг тухай судалгаа байдаг ажээ. Энэ бяцхан түүх нислэгийн өмнөх бэлтгэлтэй холбоотой байж болох талтай ч судлаач бус учир мэдэмхийрэн тайлбар өгөхөөс зайлсхийв. Учир иймд шувуу сонирхогчийн өөрийн сэтгэгдлийг л тэрлэлээ.