Шувуудын нүүдлийн замууд: Нүүдлийн шувууд ба аялал жуулчлал
Дэлхий нүүдлийн шувуудын өдөр (ДНШӨ)-ийг 2006 оноос эхлэн жил бүрийн 5-р
сарын 2 дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн
бөгөөд энэ өдөр нь нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад
олон нийтийн мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг шувуудаар
дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалахад татан оролцуулах зорилготой юм.
ДНШӨ нь жил бүр тодорхой уриан дор дэлхийн олон улс оронд зохион
байгуулагддаг бөгөөд энэ жил “Шувуудын нүүдлийн замууд: Нүүдлийн шувууд ба
аялал жуулчлал” гэсэн уриатайгаар зохион байгуулагдлаа. Монгол орны
нутаг дэвсгэрээр шувуудын нүүдлийн гурван гол зам дайрдаг ба жил бүр гадаадын
шувуу ажиглах, тэдгээрийн гэрэл зургийг авах сонирхолтой олон жуулчид Монгол
оронд зөвхөн ажиглаж боломжтой шувуудыг харахаар ирдэг.
Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тэмдэглэсэн газруудын байршил |
Оюу Толгой ХХК, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб зэрэг байгууллагууд жил бүр ДНШӨ-ийг зохион байгуулан тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн өдөрлөгийг 5-р сарын 17-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ерөнхий боловсролын
сургуулийн сурагчид, иргэдтэй хамт тэмдэглэж өнгөрүүллээ. Өдөрлөгийг Оюу толгой ХХК, Монголын
зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Өмнөговь
аймгийн “Гайхамшиг говь” аялал жуулчлалын холбоо, Өмнөгоь аймгийн Байгаль орчны
алба, Байгальд эвсэг багачуудын холбоо байгууллагууд хамтран зохион байгуулж
оролцсон.
ДНШӨ-ийн үйл ажиллагаа нүүдлийн шувууд болон шувуудыг хэрхэн ажиглах, таниж
мэдэх талаарх танхимын сургалт, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт суурин
амьдардаг, зундаа нүүдэллэн ирж өндөглөн зусдаг болон нүүдлийн үедээ дамжин
өнгөрдөг зарим ховор шувуудын гэрэл зургийн үзэсгэлэн, нүүдлийн шувуудыг
ажиглах гэсэн хэсгүүдээс бүрдсэн. Өдөрлөгт Даланзадгад хотын ерөнхий
боловсролын I, II, III, IV сургуулийн байгаль хамгаалах клубын сурагчид, багш
нар, сонирхсон иргэд оролцсон юм.
ДНШӨ-ийн үйл ажиллаагааны эхний хэсэг Өмнөговь аймгийн Галакси кино театрын
танхимд болсон ба “Гайхамшигт Говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн, шувуу
сонирхогч, гэрэл зурагчин Х. Түмэндэлгэр үг хэлэн өдөрлөгийг эхлүүлээд “Шувууд
ба эко амьдрал” сэдвээр илтгэл танилцуулсан.
Үүний дараа Монголын зэрлэг амьтан
судлах хамгалах төвийн шувуу судлаач П. Ганхуяг “Шувуу ажиглах хобби ба байгаль
хамгаалал” гэсэн сэдвээр оролцогчдод мөн илтгэл танилцуулсан.
Танхимын сургалтын дараа “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны
тэргүүн Х. Түмэндэлгэр, Оюу толгой ХХК-ний байгаль орчны хэлтэсийн зэрлэг
амьтны судалгааны ахлах ажилтан Ц. Пүрэвсүрэн нарын Өмнөговийн шувууд гэрэл
зургийн үзэсгэлэн болж өнгөрсөн.
Үзэсгэлэнгийн үеэр Ц. Пүрэвсүрэнгийн
“Ханбогдын шувууд” номыг нийт оролцогчдод дурсгаж, мөн хүүхдүүдийн дунд “хэн
олон шувуу мэдэх вэ?” тэмцээн зохион явуулж ялагчаар III сургуулийн 10А ангийн
сурагч Г. Цэнгүн, 7А ангийн сурагч Түмэнцогт нар шалгарч шувуу сонирхогч, гэрэл
зурагчин Л. Жаргалсайханы “Миний шувууны гэрэл зургийн цомог 2012-2013” фото
альбом, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс гаргасан “Монгол дахь
шувуудад чухал газруудын лавлах”, “Миний нутаг” зэрлэг амьтдын зурмал зурагтай
номуудаар шагнагдсан.
Өдөрлөгийн үеэр Монголын шувуу ажиглагчдын клубын Өмнөговь аймаг дахь салбар клуб байгуулагдаж, багш сурагчидын бүрэлдэхүүнтэй байгаль хамгааллын шинэхэн клуб бий боллоо. Өмнөговь аймгийн Шувуу ажиглагчдын клубын хамт олонд амжилт хүсье!
Өдөрлөгийн сүүлийн хэсэг Даланзадгад хотын өмнө байрлах Далангийн цөөрөмд энэ нутгаар дайран өнгөрч буй нүүллийн шувуудыг ажиглах байлаа. Ажиглалт эхлэхийн өмнө шувуудыг хоёр нүдний болон яндан дуран хэрхэн ашиглаж ажиглах талаар заавар, зөвлөмжийг оролцогчдод танилцуулсан.
Өдөрлөгийн сүүлийн хэсэг Даланзадгад хотын өмнө байрлах Далангийн цөөрөмд энэ нутгаар дайран өнгөрч буй нүүллийн шувуудыг ажиглах байлаа. Ажиглалт эхлэхийн өмнө шувуудыг хоёр нүдний болон яндан дуран хэрхэн ашиглаж ажиглах талаар заавар, зөвлөмжийг оролцогчдод танилцуулсан.
Ингээд хүүхдүүд цөөрөм
дээрх нүүдлийн шувуудыг ажигласан ба энэ үеэр Халбаган хушуут, хондон ангир,
улаанхөлт хөгчүү, шартүрүүр цэгцгий, өвөгт тогоруу зэрэг олон нүүдлийн шувуудыг
ажиглагдав.