Monday, December 19, 2011

Нэг дор 4 зүйлийн хөөндэйнүүд ба Сонгины шувууд

Бид 12 сарын 17 ны өдрийн өглөө 10 цаг орчимд хамгийн түрүүнд Ногоон нуур буюу 4 дүгээр цахилгаан станцын баруун талд байх цэвэршүүлэх байгууламжын орчимд шувуу ажиглалтаа эхэлсэн. Ногоон нуур бүхэлдээ уур савссан байсан тул нууранд шувууд байгаа эсэхийг харж чадахгүй байсан. Хэдий тийм боловч биднийг ойртох үед нуураас цөөн цөөн тоогоор нийт 12 хондон ангир Tadorna ferruginia баруун тийш ниссэн. Нуурын усны уур дэндүү их байсан тул бид нуурыг энэ удаа орхин Сонгины амралт руу хөдөлсөн.

Модны ёроолд унасан хөлдүү жимсээр хооллож буй улаангүеэт хөөндэй Turdus ruficolis


Сонгины амралтын орчимд ирэхэд шивэр энхэтбялзуухай Bombycilla garrulus нэлээдгүй олон байсан хэдий ч өнгөрсөн өвөл харагдаж байснаас харьцангуй цөөхөн байв. Сонгины амралтын орчим цас ихтэй байсан. Бид 10.30 мин орчимд энд ирхэд маш хүйтэн байсан. Ийм хүйтэнд аппарат ажиллахгүй гацаж, дуран амархан цанатаж байсан учир алсад байгаа зарим зүйл шувуудыг дурандахад хүндрэлдтэй байв. Гэхдээ бид жимс ихтэй модтой хэсэгт нь ирсэн байсан учир шувуудыг ойрхноос сайтар ажигласан. Бид өмнө нь энэ орчимд хөөндэйнүүдийг цөөхөн хардаг байсан ба улаангүеэт болон науманны хөөндэйнүүд ганц нэгээрээ их ховор харагддаг байсан.



Газар унасан хөлдүү жимсээр хооллож буй хөөндэйнүүд


Гэтэл энэ удаад шивэр энхэтбялзуухайгаас гадна хөөндэйнүүд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олноор байсан. Тэр тусмаа 4 зүйлийн хөөндэй (Улаангүеэт хөөндэй Turdus ruficolis, харгүеэт хөөндэй Turdus atrogularis, науманны хөөндэй Turdus naumanni, дуулгат хөөндэй Turdus pilaris) нэг дор зэрэгцэн модны дор хөлдөөд унасан жимснүүдээр хооллож байв. Өмнөх аялалын ажиглалтуудтай харьцуулахад хөхбух болон цэгцүүхэйнүүд маш цөөхөн харагдаж байв.



Модны ёроолд унасан хөлдүү жимснүүдийн харагдах байдал



Науманны хөөндэй Turdus naumanni


Бид нийт 11 цэнхэр цанцаахай Cyanopica cyanus тоолсон ба 8 болон 3 тоотойгоор тус тусдаа ажиглагдсан. Харин өнгөрсөн жил энэ орчимд бид 2 тусдаа нийт 22 цэнхэр цанцаахай тоолж байсан. Энд ажигласан өөр нэг сонирхолтой зүйл шувуу бол эм цээжмэг галсүүлт Phoenicurus erythrogaster байсан.

Эм цээжмэг галсүүлт Phoenicurus erythrogaster



Хөөндэйнүүдэд хөөгдөн ийш тийш нисэж байгаа ганц цээжмэг галсүүлт бусад зүйл шувуудаас ялгаран хялбархан танигдаж байсан. Энэ зүйл галсүүлтийг бид өмнө нь энэ орчимд харж байгаагүй тиймээс бидний хувьд энэ зүйл галсүүлт энд харсан шинэ зүйл байсан. Цээжмэг галсүүлтийг манай орны уулархаг газрууд ялангуяа Төв аймгийн Эрдэнэсант сумын урд хэсгийн болон Хөгнө хан уулын орчмоор өвөлждөг тухай мэдээ байдаг байна.



Шувуун фабрик орчмын туул голын хэсэг


Бид сонгины амралтаас хөдлөн баруун тийш шувуун фабрик явлаа. Үндсэн зорилго маань шувуун фабрик орчмын шувуудыг ажиглах, сонгины амралтын орчмын шувуудтай харьцуулах зэрэг байв. Учир нь гэвэл шувуун фабрикт хүмүүс эртнээс жижиг аж ахуй эрхлэн, тахиа гахай тэжээж, бордоо, яс зэргийг бэлдэж аж ахуйдаа ашигладаг байсан, тиймээс ч энэ орчимд зуны улиралд сэгээр хооллодог шувууд ч их цугладаг байв. Бид шувуун фабрикын айлуудын орчмоор шувуу дурандав.

Оронгийн болон хээрийн бор шувуудтай хамт байшингийн дээвэрт буй буулгат хүүрзгэнэ


Энд хуучин тахиан ферм байсан газрын орчимд нийт 12 буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta оронгийн болон хээрийн бор шувуудын хамт айлын хашаан доторх байшингийн дээврийн орчимд өвөлжиж байсан.



Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta


Бид айлын хүнээс энэ зүйл хүүрзгэнийг хэдийнээс харагдах болсонг асууж тодруулахад өнгөрсөн өвлөөс эхлэн харагдаж эхэлсэн гэв. Энэ зүйл хүүрзгэнг Монгол орны өмнөд болон зүүн бүсээр хүмүүс зуны улиралд ажигласан байдаг.




Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta



Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta


Гэтэл энэ зүйл хүүрзгэнийг хот орчимд ялангуяа өвөлжиж байгаа талаарх мэдээлэл манайд байдаггүй, түүнээс гадна манайд буй одоогийн статус нь нүүдлийн, өндөглөдөг зүйл гэжээ. Тиймээс бид нилээдгүй хэдэн зураг дарж чадав. Бид мөн шувуун фабрикын орчмын туул голын хэсэгт шувуу дурандсан.


Хар тогшуурга Driocopus martius



Хар тогшуурга Driocopus martius


Энэ орчимд бид ердөө 30 мин хэртээ байсан ба хар тогшуурга Driocopus martius болон хондлой цагаан тоншуур Dendrocopos leicotos нэг нэгийг мөн 6 дагуур ятуу Perdix dauurica олж харсан. Ийнхүү оройхон ч болж хотын замууд хальтаргаа иртэй байгаа болохоор бид энэ өдрийн шувууны аялалаа дуусгаж хотын зүг хөдөлсөн юм.

Sunday, November 13, 2011

Монгол орны жигүүртэн 2011 фото зургийн уралдааны зар

Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Монголын шувуу ажиглагчдын клуб хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа Монгол орны жигүүртэн болон тэдгээрийн амьдрах орчны тухай фото зургийн уралдаанаа зарлаж байна.

Бид бүхэн энэхүү уралданаа энэ жил дахин зохион байгуулж байгаа даа туйлын баяртай байна. Та бүхэн энэүү хавсралтанд байгаа зарлалыг өөрсдийнхөө байгууллага, сургууль болон хүрээлэнгүүдийн зарлалын самбарууд дээр байрлуулж өгч бид бүхний ажилд тус хүргэвэл бид бүхэн их баярлах болно.

Энэхүү уралдаан 2010 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай анхны уралдаанд 8 орны (Монгол, Орос, Герман, АНУ, Англи, Франц, Өмнөд Солонгос, Унгар) 26 оролцогсод нийт 65 зүйлийн 90 фото зураг ирүүлсэн. 2010 оны уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг энд дарж сонирхоно уу http://www.wscc.org.mn/photo_contest/index.html

Монгол орны жигүүртэн амьтад фото зургийн уралдаан нь Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтадыг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих зорилгоор зохион байгуулагдаж байгаа болно.


Энэ зарлалыг хэвлэж тараана уу



Уралдааны журам:
Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж бас болно. Харин шувууны өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж болно.
Уралдаанд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа 2011 оны 12 дугаар сарын 15-ны дотор info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү.

Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-3 бүтээлээ явуулах ёстой. Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал сайн. Нягтшил хэт муутай зургийг оролцуулах боломжгүй.

Уралдаанд ирүүлж багаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас гадна, зурагчин өөрийн овог нэр, нас, мэргэжил, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой.

Уралдаанд шалгарсан оролцогсодтой и-майлээр холбоо барих бөгөөд ЗАСХТ, МШАК-ын вебсайт дээр зарлах болно. Мөн шалгарсан бүтээлийг нийтийн хүртээл болгох үүднээс дээрх вебсайт дээр байрлуулж, сурталчилах болно.

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс нэг зургийг шилдэгээр шалгаруулж тэргүүн байрны шагнал, гэрчилгээ олгох болно. Тэргүүн байр эзэлсэн оролцогчид гэрчилгээ, “Зүүн Азийн шувууд”, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” номыг бэлэглэх ба мөн удаах байранд орсон хоёр бүтээлийг шалгаруулж тусгай шагнал, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” номыг бэлэглэх болно.

Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчын эрх бүтээлээ ирүүлсэн зурагчинд хадгалагдах болно. Гэхдээ энэхүү уралдаанд зургаа ирүүлсэнээр оролцогсод өөрсдийн бүтээлээ ЗАСХТ болон МШАК-т үнэгүй, ашгийн бус зорилгоор ашиглах, мөн өөрийн нэр, бүтээлийг уг уралдаантай холбоотой аливаа төрлийн сурталчилгаанд ашиглах эрх олгож байгаагаа хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

Та бүхнийг Монгол орны жигүүртэн 2011 уралдаандаа амжилттай оролцоно гэдэгт бид найдаж байна.


Та бүхэнд амжилт хүсье
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Монголын шувуу ажиглагчдын клуб

Sunday, February 27, 2011

Монгол ногтруу Syrrhaptes paradoxus-ны их сүрэг

Энэ удаагийн булангаараа Та бүхэндээ Монгол ногтрууны талаар товчхон..

Монгол ногтруу, Өмнөговь аймаг, Цогтцэций сум,
2010 оны 12 дугаар сар (зургийг Н.Батсайхан)

Ногтрууныханы овгийн 2 төрлийн нийт 16 зүйл байдагаас Африкийн говь цөлийн гаралтай 14, Төв Азийн гаралтай 2 зүйл байдаг гэнэ. Syrrhaptes төрлийн 1 зүйл нь Төв Азийн хойд хэсгийн говиор, нөгөө нь Түвдийн тэгш өндөрлөгийн говиор тархан амьдардаг.

Монгол ногтруу, Өмнөговь аймаг, Цогтцэций сум,
2010 оны 12 дүгээр сар (зургийг Н.Батсайхан)

Энэ 2 зүйл хуурай газрын эрс тэс уур амьсгалтай, тухай бүрийн орчиндоо гарамгай зохицон амьдардаг гэнэ. Манай оронд тархан амьдардаг зүйлийг нь Монгол ногтруу (Syrrhaptes paradoxus) гэж нэрлэдэг. Энэ зүйл шувууны гайхалтай нүүдэлүүд болон сүрэглэлтийн талаар хүмүүс олонтой ярьдаг байна.

Монгол ногтруу, Өмнөговь аймаг, Цогтцэций сум,
2010 оны 12 дугаар сар (зургийг Н.Батсайхан)

Ногтруу шувууны нүүдэл өглөөнөөс үдшийн 16 цаг хүртэл тасралтгүй нүүж байсан, мөн Алтайн өвөр говийн баруун Тооройн булагт 10-14 цагийн хооронд 30000 ногтруу ундаалаад гарав гэх мэт олон сайхан ажиглалтууд байдаг байна.
Харин дээрх нотруун сүрэг цасгүй, бараан хэсэгт таарсан мөн тэдний араас идлэг шонхорууд ангуучлан дагаж байсан байна. Нийтдээ 4 идлэг шонхор ойр орчимд нь ажиглагдсан байна. Ногтрууны иимэрхүү хуйларсан сүрэгүүд нэлээдгүй хэд тааралдсан ба ингэж хэдэн зуу мянгаараа сүрэглэх нь ховор гэж ажигласан хүмүүс ярьлаа. Paradoxus гэдэг нь ер бусын, гайхалтай гэсэн латин үгнээс гаралтай ба энэ нь ногтрууны ингэж гайхмаар сүргэлдэгттэй ч холбоотой байж болох юм.
Манай оронд энэ зүйл шувууны талаар бичсэн өгүүллэг ховор байдаг ба харин 2005 онд А.Болд, Р.Тулгат нарын бичсэн том хэмжээний өгүүллэг ШУА, Биологийн хүрээлэн, Монголын шувуу судлалын сангаас хэвлэн гаргасан Монгол орны шувуу, хоёр нутагтан, мөлхөгчид-2 бүтээл дээр хэвлэгдсэн байдаг.

Tuesday, February 15, 2011

Өмхий нуур болон Сонгины орчимд өвөлжиж буй шувуудын бүртгэл

Бид энэ удаагийнхаа шувуу ажиглах аялалаар бидний нэрлэдэгээр Өмхий нуур буюу 4-р цахилгааны станцын баруун талын цэвэршүүлэх байгууламжын усан сан болон Сонгино хайрхан уул, түүний орчмын Туул голын хэсэгт өвөлжиж буй шувуудыг харахаар зорилоо.

Аялалын замнал: Цагаан зураасаар замналыг, шар бөмбөлөгөөр хондон ангир болон зэрлэг нугас олноор байршсан газруудыг тэмдэглэв

Бид өглөө Улаанбаатар хотоос 9:30-ийн үед хөдлөж 4-р цахилгаан станцын баруун Өмхий нууранд 10:30-ийн үед ирлээ.
Энд ирээд нуурыг дурандахад нууранд нийт 50 орчим хондон ангир (Tadorna ferruginea), 4 зэрлэг нугас (Anas platyrhynchos), 10 гаруй хон хэрээ (Corvus corax), 3 улаанхушуу жунгаа (Pyrrhocorax pyrrhocorax) л харагдлаа. Нуур мана ихтэй учир бас холын юм харагдахгүй байна. Усан дотор сууж байгаа хондон ангирын нуруу цантаад цас мөс болсон харагдана. Төмөр замаас баруун тийшээ урсаж гарч байгаа гол дагууд эндээс 4 хондон ангир, 5-6 хон хэрээнээс өөр шувуу харагдахгүй байна. Бид эндээсээ 3 хэсэг болон салж Сонгины хайрхан уулын өвөр хүрэхээр болж Амархүү, Мөнгөнбагана 2 машинаа аваад хойт замаараа явав, Болормөнх, Түвдэндорж, Цэвээнмядаг ах гурав баруун тийшээ голынхоо хойт хөвөөг дагав, харин Ганхуяг, Амартүвшин, Төвшин нар Төмөр замын далангийнхаа урд талаар Туулын шугуйдаа ойрхоноор баруун тийш явж Сонгины гүүрийн орчимд уузалдахаар боллоо.

Зэрлэг нугас Anas platyrhynchos (Зургийг Н.Цэвээнмядаг)

Эгэл зана Pyrrhula pyrrhula (Зургийг Н.Цэвээнмядаг )

Хээрийн боршувуу (Passer montanus) – 60, Шоорон эвэртболжмор (Eremophila alpestris) 40, Шивэр энхэтбялзуухай (Bombycilla garrulus) – 400+, Банхар булжуухай (Coccothraustes coccothraustes) – 30, Эгэл зана (Pyrrhula pyrrhula) – 9, Ягаан бужмар (Carpodacus roseus) - 2, Алаг шаазгай (Pica pica) – 14, Цэнхэр цанцаахай (Cyanapica cyana) – 22, Улаанхушуут жунгаа - 51, Хар хэрээ (Corvus corone) – 9, Хон хэрээ – (Corvus corax) - 46, Алаг тоншуур (Dendrocopos major) – 3, Сибирийн хайруулдай (Prunella montanella) 1, Хондон ангир (Tadorna ferruginea)- 163, Зэрлэг нугас (Anas platyrhynchos) - 157, Их хөхбух (Parus major) - 8, Номин хөхбух (Parus cyanus) - 13, Бага алаг тоншуул (Dendrocopos minor)- 1, Өрнийн тоншголжин (Sitta europae)- 2, Нөмрөг тас (Aegypus monahus)- 12, Улаангүет хөөндэй (Turdus ruficolis)- 2, Дөлөн цэгцүүхэй (Acanthis flammea) – 26, Шунхан цэгцүүхэй (Acanthis hornemanni) - 3, Алаг шунгаач (Bucephala clangula)- 3, Хондлой цагаантоншуур (Dendrocopus leucotus)- 1, Бор тодол (Sturnus cineraceus) - 1 зэргийг бүртгэв. Бид нийтдээ 26 зүйлийн 1000 гаруй шувуу тоолсон.

Хондон ангир, зэрлэг нугас болон алаг шунгаач зэрэг нугаснууд үндсэндээ нуур болон Сонгины уулын хоорондох жижиг тогтоол устай хэсэгт олноор бүртгэгдсэн. Шувуудын нуруун дээр цана бууж, нуруун хэсэг бүхэлдээ мөстсөн харагдаж байсан.

Голын харзалсан хэсгээс ундаалж буй нь
Шивэр энхэтбялзуухай
Bombycilla garrulus (Зургийг Н.Цэвээнмядаг )

Хөлдүү жимс идэж буй Шивэр энхэтбялзуухай
Bombycilla garrulus
(Зургийг Г.Амархүү)

Сонгино хайрхан уулын урд бэл жимсний мод олонтой учир жижиг шувууд маш олноор ялангуяа шивэр энхэтбялзуухай бусдаас тоогоор давамгай байсан. Энэ зүйл бялзуухай тэр орчимд хаа сайгүй тааралдаж, голын усны харзалсан хэсэгт ч мөн бөөн бөөнөөр цуглан ус ууцгаах нь олонтой. Бид Сонгины амралтын газрын орчимд ажиглалт хийсэн ба энэ орчимд тоншуулынхан тааралдаагүй, тэднийг бид өмхий нуураас Сонгины зүг ажиглалт хийж явах үедээ гоын сийрэгхэн бургасанд олж харж байсан. Харин сонгины амралтын газрын орчимд 20 гаруй тооны цэнхэр цанцаахай харагдсан ба тэд бөөнөөр нэг газраас нөгөө газар руу үе үе нисгээж байв. Өмнөх ажиглалтуудаар бид бор тодол шувууг энэ орчимд харж байгаагүй ба энэ удаа Амархүү өөрийнхөө аппаратанд голын эрэгт ус уухаар ирсэн тодолын зүргийг буулгаж амжсан байна.

Голын эрэгт ус уухаар ирсэн Бор тодол Sturnus cineraceus (Зургийг Г.Амархүү)

Бор тодол Sturnus cineraceus (Зургийг Г.Амархүү)

Энэ удаагийн шувууны ажиглалтанд: Биологийн хүрээлэнгийн судлаач Н.Цэвээнмядаг болон Г.Амархүү, П.Ганхуяг, П.Амартүвшин, Н.Төвшин, С.Мөнгөнбагана, Э.Болормөнх, Түдэвваанчил нар явлаа.

Monday, January 17, 2011

Улаанбаатар хотын орчимд өвөлжиж буй шувууд

Сонгины амралтын ойролцоох Туул голын хэсэг (зургийг Г.Амархүү)

Бид 2011 оны анхныхаа шувуу ажиглалтыг Улаанбаатар хотын баруун хэсэгт, 4 дүгээр цахилгааны Станцын ойролцоо байх цэвэршүүлэх байгууламжын нууранд буй өвөлжиж байгаа шувуудыг ажиглахаас эхэллээ. Энэ өдөр -25 градусын хүйтэн байв. Монголын шувуу ажиглагчдын клубынхэн жил бүрийн нэгдүгээр сард энэхүү нууранд өвөлжиж буй шувууд, тэдгээриййн зүйлийг бүртгэдэг.

Нууранд өвөлжиж буй Хондон ангир (зургийг Г.Амархүү)

Энэ жил биднийг очиход нууранд буй шувуудыг олж харахад ихээхэн хэцүү болсон байлаа. Учир нь цэвэршүүлэх байгууламжаас нуур руу ирдэг усны хоолой хуучин цутгадаг байсан талбай руугаа бус нуурын хойд хэсэг рүү шууд орсон байв. Тиймээс нуур хойноосоо бүхэлдээ халуун ууранд хучигдсан байв.

Нууранд өвөлжиж буй Хондон ангир (зургийг П.Амартүвшин)

Бид нууранд нэлээд олон тооны Хондон ангир Tadorna ferruginea мөн 60 орчим тооны Зэрлэг нугас Anas platyrhynchos бүртгэв. Нуурын зүүн урд хэсэгт байх бургасанд ажиглалт хийж тэнд Үүрэн сүүлтзана Uragus sibiricus 6 ширхэг харав.

Бид нуурнаас гарсан голыг даган Сонгино хайрхан уулын зүг явцгаасан. Өмхий нуурнаас Сонгины зүгт бараг 2км орчимд байх жижиг нууранд 20 орчим Алаг шунгаач Bucephala clangula мөн 1 ширхэг Хумхин бохио Mergus merganser, 40 гаруй Хондон ангирTadorna ferruginea байв. Тэр орчимд бид 20 орчим тооны Эвэрт болжимор Eremophila alpestris харав.

Эгэл зана (зургийг Andreas Buchheim)

Шивэр энхэтбялзуухай (зургийг П.Амартүвшин)

Бид голынхоо хойд хэсгийг дагасаар Сонгины амралтын баруун хэсэг, Туул голынхоо эрэг хавьд ирж шувуу ажиглав. Энэ орчимд мойл, үрэл, болон улаалзгана зэрэг жимсний мод олонтой хэсэг. Тиймээс энэ орчимд Шивэрэнхэт бялзуухай Bombycilla garrulus маш олон тоотой, хаа сайгүй харагдаж байв. Тоог нь барагцаалах боломжгүй байсан. Түүнчлэн Эгэл зана Pyrrula pyrrula -3, Улаавар бужмар Carpodacus roseus- 4, нэлээд олон тооны Банхар булжуухай Coccothraustes coccothraustes, Дөлөн цэгцүүхэй Acanthis flammea, Шунхан цэгцүүхэй Acanthis hornemanni, мөн цөөн хэдэн Их хөхбух Parus major, Номин хөхбух Parus cyanus, Улаангүеэт хөөндэй Turdus ruficollis зэргийг харав. Голын эрэг орчимд нэг Цагаансүүлт нөмрөгбүргэд Haliaeetus albicilla байв. Сонгины уулын орой хэсгээр Нөмрөг тас Aegypus monahus нэлээд байна. Биднийг Сонгино хайрхан уулын урд бэлээр өнгөрдөг төмөр замын ойролцоо явж байхад 300 орчим тооны жижиг шувуу нэлээд өндөрт баруун зүгийг чиглэн дуу чимээ ихтэй нисэн өнгөрөсөн боловч харамсалтай нь бид чухам ямар зүйл шувуу байсанг тодорхойлж чадаагүй.

Шунхан цэгцүүхэй (зургийг Andreas Buchheim)

Улаавар бужмар (зургийг Andreas Buchheim)

Энэ удаагийн шувууны ажиглалтанд: Түвшин, Амархүү, Абу (Andreas Buchheim), Амартүвшин, Ганхуяг нар байв.