Tuesday, December 8, 2009

Шинэ номуудын танилцуулга

Байгаль орчны чиглэлээр хэвлэгдэн гарсан дараах номуудыг та бүхэнд толилуулж байна.
Эдгээрээс 3 нь Монгол орны шувуудын тухай...
Үүнд:
1. МОНГОЛ ОРНЫ СЭЭРТЭН АМЬТДЫН НЭРСИЙН ТОЛЬ
2. МОНГОЛ ОРНЫ ШУВУУДЫГ ТОДОРХОЙЛОХ ГЭРЭЛ ЗУРАГТ ГАРЫН АВЛАГА
3. МАРАЛЫН АДАЛ ЯВДЛУУД
4. МОНГОЛ ОРНЫ ХӨХТӨН АМЬТАД ТАНИХ ГАРЫН АВЛАГА
5. МОНГОЛ ОРНЫ ШУВУУДЫГ ТОДОРХОЙЛОХ ГАРЫН АВЛАГА

Номыг МУИС-ийн хичээлийн 2-р байр, Биологийн Факультет, Шувуу судлалын лаборатори, 4 давхарт 485 тоотоос хямдралтай үнээр худалдан авна уу.
Холбоо барих утас: 9309-9934; 9100-0148; 9917-1902; 9820-3992;
Дэлгэрэнгүй мэдээллийг READ MORE дээр дарж үзнэ үү..

МОНГОЛ ОРНЫ СЭЭРТЭН АМЬТДЫН НЭРСИЙН ТОЛЬ

Сүндэв ГОМБОБААТАР
Энэхүү бүтээл нь манай оронд одоогоор бүртгэгдээд буй нийт 64 зүйл загас, 6 зүйл хоёрнутагтан, 21 зүйл мөлхөгч, 487 зүйл шувуу, 128 зүйл хөхтөн амьтадын нэрсийг олон хэл дээр нэгтгэсэн анхны гарын авлага юм. Сээртэн амьтдын зүйлийн нэрсийг олон хэл дээр нэгтгэн цогц бүтээл болгох нь дотоод, гадаадын эрдэмтэн судлаач, оюутан сурагчид, хөтөч, аялагч жуулчдын хувьд монгол орны сээртэн амьтдын зүйлийн бүрэлдэхүүн, ангилалзүйн талаар үнэн мэдээллийг бусдад түгээх, зүйлийг зөв тодорхойлох, сээртэн амьтдын талаархи мэдээ, баримтыг цуглуулж, мэдээллийн сан байгуулахад ач холбогдолтой юм. Энэ номд буй сээртэн амьтдын анги бүрийн ард буй гэрэл зургууд нь хээрийн нөхцөлд зарим зүйлүүдийг ялган таних, тодорхойлоход танд туслах болно.
• Зөөлөн хавтас бүхий 318 хуудастай
• Хэвлэлийн компани: Адмон, 2009
• Хэл: Англи, Монгол, Орос, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад
• ISBN: 978-99929-0-747-9
• Номын хэмжээ: 21х13х1.5см
• Жин: 330 гр
• Үнэ: 10000 төгрөг

МОНГОЛ ОРНЫ ШУВУУДЫГ ТОДОРХОЙЛОХ
ГЭРЭЛ ЗУРАГТ ГАРЫН АВЛАГА

Сүндэв ГОМБОБААТАР
Монгол орны шувуудыг тодорхойлох гэрэл зурагт гарын авлага (Photographic guide to the Birds of Mongolia) нь англи хэл дээр хэвлэгдэн гарч буй анхны бүтээл юм. Байгалын ялгаатай бүс бүслүүрт тохиолдох 160 зүйлийн шувууг тодорхойлоход энэ ном танд туслах болно. Уг бүтээлд шувуудын зүйлийн есөн хэл дээрх нэрс, орших хэлбэрийн тайлбар, биеийн хэмжээ, нас, хүйс, олон улсын ба бүс нутгын статус болон гэрэл зурагчны нэр багтсан. Монгол орны байгалын бүс бүслүүр, ялгаатай амьдрах орчинд тохиолдох шувуудын гэрэл зурагууд болон ховор агшин бүхий гэрэл зурагуудыг энэ номд харуулснаараа онцлог бөгөөд энэ нь зүйлийн онцгой зан төрхийн тухай мэдлэгийг шувуу сонирхогч, судлагч нарт өгөөд зогсохгүй хээрийн нөхцөлд шувуу тодорхойлох чадварыг нэмэгдүүлнэ.
• Зөөлөн хавтас бүхий 210 хуудастай
• Хэвлэлийн компани: Адмон, 2009
• Хэл: Англи
• ISBN: 978-99929-0-747-9
• Номын хэмжээ: 21х14х1.5см
• Жин: 400 гр
• Үнэ: 16000 төгрөг

МАРАЛЫН АДАЛ ЯВДЛУУД
Кате Оддие
Энэхүү ном нь Монгол орны амьтан, ургамлын аймаг болон тэдгээрийн амьдрах орчны талаар дунд сургуулийн сурагчдад зааж сургах зорилготой юм. Мөн энэ ном нь хүүхдийн хүрээлэн буй орчноо таньж мэдэх сонирхолыг өдөөж өгөх олон янзын үгийн сүлжээ, асуулт хариулт гэх мэт дасгал тоглоомууд багтаасан.
Номын эхний хагас нь тухайн бүс нутагт байдаг амьтдын тухай ойлголтыг агуулсан хэд хэдэн амьтдын дүрүүдтэй хүүхдийн зохиол юм. Номын хоёрдугаар хагас нь дасгалуудаас бүрдэнэ. Тухайлбал зохиол доторхи амьтдын дүрүүдтэй холбоотойгоор дөрвөлжин доторх үсгүүдийг нийлүүлж амьтны нэр бүтээх, цэгүүдийг холбох, амьтад тэдгээрийн хоол тэжээлийн эх үүсвэр болон амьдрах орчинг зөв харгалзуулах гэх мэт. Уг номын багахан хэсэг нь Монголын тухай зарим мэдээллийг агуулдаг. Жишээ нь Өмнөт говийг хялбархан олоход туслах аймгуудын нэртэй газрын зураг гэх мэт.
• Хатуу хавтас бүхий 443 хуудастай
• Хэвлэлийн компани: Адмон, 2009
• Хэл: Англи-Монгол
• ISBN-13: 978-99929-0-901-3
• Номын хэмжээ: 30х22х2.5 см
• Жин: 1600 гр
• Үнэ: 18 000 төгрөг

МОНГОЛ ОРНЫ ХӨХТӨН АМЬТАД ТАНИХ ГАРЫН АВЛАГА

Н.Батсайхан, Р.Самьяа, С.Шар, С.Р.Б.Кинг

Энэ ном хөхтөн амьтны ангилал зүйн янз бүрийн бүлгийн болон зүйл тус бүрийг таних шинжээр нь тодорхойлоход зориулагдсан юм. Амьтан бүрд холбогдох шинжүүдийг монгол болон англи хэл дээр бичсэн болно. Хойно өгүүлэх хөхтөн амьтан бүрийн зураг, мөр, баас, толгойн яс зэргийн зургийг дэлгэн үзүүллээ (жижиг хөхтөн амьтдын овгийг төлөөлүүлж нэг мөр, баасны зургийг жишээлэв). Амьтныг биетээр харах боломж хомс тул эдгээр гурван ул мөр, шинж тэмдэг тухайн амьтныг тухайн газарт байгаа эсэхийг илэрхийлэх боломжтой. Мөрийг дурын гадаргаас илрүүлэх боломжтой бол, харин баас нь тухайн амьтны зан төрх, экологиос хамааран илүү элбэг эсвэл бүр олдохгүй ч байж болно. Монгол орны хуурай гандуу цаг уурын нөхцөлөөс хамааран зарим газар амьтны яс сайтар хадгалагдан үлдэх боловч, зарим газар, тухайлбал, хээр говь цөл нутагт өгөршил хурдацтай тул амар хялбар олдохгүй байх боломжтой. Жижиг хөхтөн амьтдын толгойн яс нь мах идэшт том амьтдын баас болон мах идэшт шувуудын гулигдасаас олддог. Жижиг хөхтөн амьтдын толгойн яс болон шүд нь тэдгээр амьтдыг тодорхойлох хамгийн чухал бодит эд мөрийн баримт болно. Номын сүүлийн хэсэгт нүх, идэшлэсэн ул мөр зэрэг өөр нэмэлт хэлбэрийн шинж тэмдэгийг дэлгэрэнгүй оруулсан болно.
• Хэвлэлийн компани: Адмон, 2009
• Хэл: Англи-Монгол

Монгол орны шувуудыг тодорхойлох гарын авлага

Энэхүү шувуудыг таних гарын авлага нь Монгол оронд тохиолдох шувуудын зүйл бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан анхны гарын авлага (Birds of Mongolia field guide book) юм. Зүйлүүдийн зургууд оруулснаар гарын авлагын хэвшмэл загвартай нийцүүлсэн бөгөөд зургуудыг тархалтын зураг болон бичвэр тексттэй харалдуулан байрлуусан болно. Уг номонд Шувуудын ангилалзүй болон нэршил, зүйл бүрийн ялгарах шинж тэмдэгийн тодорхойлолт, тархалт болон статус, өдний нэр томъёо, газарзүй, уур амьсгал, үндсэн амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн, шувуу ажиглах газрууд, Монгол орны шувуу судлал болон хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын талаар тусгасан. Уг номын зохиогчид Монгол орны нийт 487 зүйл шувуудын статус ба тохиолдоц, ерөнхий тархалт, нас хүйсийг тогтоох зэрэг шувуудийн зүйл бүрийн өвөрмөц, онцлог шинжүүдийг нарийвчлан тодорхойлж бичсэн байна. Энэхүү номонд агуулагдсан бүх зүйл шувуудын 420 нь өндөглөдөг, зусдаг ба дайрч өнгөрдөг зүйлүүд, харин тохиолдлын 67 зүйлийн шувууд байна.
• Зөөлөн хавтастай
• Хэвлэлийн компани: Christopher Helm Publishers Ltd (2010)
• Хэл: Англи
• ISBN-10: 0713687045
• ISBN-13: 978-0713687040

No comments:

Post a Comment