Monday, December 15, 2008

Хотын шувуудын ирээдvй бvрхэг болсоор..

Монголын шувуу ажиглагчдын клуб байгуулагдснаас хойш 1 жил гаруй болж байна. Бид энэ хугацаанд чамгүй хэдэн аялалуудыг зохион байгуулж хот орчмын болон хотоос зайдуу гарч аялцгаав. Хамгийн сүүлд бид Хотын шувуудыг ажиглахаар аялсан. Ер нь бид хотын шувуудаа харахаар ердөө л 3-4 газар руу л очдог. Учир нь манай хотод эрүүл үлдсэн цэцэрлэг байхгүй гэж хэлж болно. Шувууд байж болох цэцэрлэг гэвэл Засгийн газрын ордны арын мод мөн МУИС-ийн Экологийн Боловсролын төвийн хашаа түүнчлэн зарим нэг Элчингүүдийн хашаан дахь модтой хэсгүүд юм. Гэвч Элчингүүдийн хашаан дахь шувуудыг ойртож харна гэдэг боломжгүй зүйл. Гэтэл шувуу ажигладаг 2 цэцэрлэг маань газрын маргаантай байгаа гэсэн. Экологийн Боловсролын төвийн газрыг өөр байгууллага авах гээд хөөцөлдөж байна. Харин Засгийн газрын арын модтой хэсгийг нурааж бас нэг байгууламж барина гэв. Тийм ч утгаараа биднийг сүүлд очиход ордны арын хашаан дахь нэлээд хэсэг модыг огтлон сийрэгжүүлсэн байв. Өнгөрсөн өвөл бид энэ цэцэрлэгт 5-6 зүйл өвөлжиж буй жижиг шувуудыг харсан. Тэдгээрээс Энхэт бялзуухай (Bombycilla garrulus) хамгийн олон тоотой байсан. Гэтэл бид энэ удаа тус цэцэрлэгт ердөө долоог харав. Үүнээс өөр олон зүйл шувууд устаж алга болж байгаа гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ гэдэгт бид итгэж байна. Ордны цэцэрлэгээс гараад Зайсангийн гүүр чиглэн явахдаа ч бид дахин энэ зүйл шувууг харсангүй. Энэ бялзуухай бусад зүйлээсээ харьцангүй оройтож хот руу орж ирдэг ба цөөн тооны гоёмсог шувуудын нэг. Дашрамд хэлэхэд та бүхэн энэ шувууг харахыг хүсвэл Засгийн газрын ордны арын модонд очоорой. Харамсалтай нь хотод одоогоор орж ирээд байгаа шувуудын маань өнгө зүс гэж ойд байсан тэр үеийнхтэй нь харьцуулахад тун өрөвдөлтөй. Та бүхэн байнга тааралддаг Оронгийн бор шувуу Passer domesticus буюу бидний нэрлэдгээр болжмор гэдэг шувууг сайн хараарай. Өнгө зүс нь жигтэйхэн хар бараан байгаа. Яг л нэг Шинэсний хуурамч боргоцой шиг болсон байгаа. Миний нэг таньдаг гадны шувуу судлаач тэдгээрийг хараад энэ чинь одоо юу вэ? өөр нэг зүйлийн бор шувуу юу даа гэж үнэнээсээ асууж байсан. Хүмүүс бид үзэсгэлэнт шувуудаа өдрөөс өдөрт устгасаар байна. Шувуудын амьдрах орчин болсон хотын цэцэрлэгүүдийн өнгө үзэмж, моддынх нь зүйлийн олон янз байдал дээр бид бүхэн анхааран амьдрахгүй бол тэдний ирээдүй бүрхэг байна. Хотын агаар, экологийн байдал улам бүр доройтсоор байгаа ба энэ тал дээр Хот тохьжуулах газар дорвитой ажиллахгүй бол болохгүй болоод байна. Жилээс жилд зүйлийн болон бодгалийн тоо нь цөөр ч байгаа хотын үзэсгэлэнтэй шувууд маань амьдрах орчны хомсдолд орж байгаа нь тун харамсалтай. Бид өнгөрсөн хугацаанд нэг удаа Сонгино хайрхан уул орчмын Туул голын бохирдол болон түүнд амьдрах усны шувуудын амьдрах орчны талаар бичиж байсан. Цаашид ч бид аялалаараа харсан шувууд, тэдгээрийн амьдрах орчны тухай бичих болно.
Саявтархан ойгоосоо ирсэн Шивэр энхэтбялзуухай (Bombycilla garrulus)

Хотод өвөлжиж буй Хээрийн бор шувуу (Passer montanus)

Байгаль эхийн чимэг болсон үзэсгэлэнт шувуудаа хайрлан хамгаалцгаая!!! Монголын Шувуу Ажиглагчдын Клуб

1 comment:

  1. Can we protect'em while globe is warming? When it warms up, all the animals including birds etc. will move on to places where they can live, right? Whether you watch'em and protect'em, they are gonna be dissapeared someday in near future, i suppose. But...it's better than do nothing, then...good luck to you guys!

    ReplyDelete