Friday, December 26, 2008

Байгаль орчин, амьдрал сэтгvvлийн 12 дахь дугаарт шувуудын тухай ярилцлага гарна

Та бүхэн Байгаль орчин, амьдрал сэтгүүлийг мэдэх бизээ. Энэ сэтгүүлийн 11-р дугаарт Манай шувуу ажиглагчдын Клубын тухай 25-р нүүрэн дээр нь гарсан байгаа. Үүнд Клубын зорилго, үйл ажиллагааны талаар хэвлэгдсэн. Мөн энэ дугаарын яг өмнөх дугаарт Монголын улаан номонд орсон шувууд болон 2008 онд экспортоор гарсан амьтдын тоо толгойн тухай бичсэн байсан. Харин 12-р дугаар нь удахгүй хэвлэгдэх гэж байгаа ба энэ дугаарт манай Клубын гишүүн Говийн Гурван Тэмээ жуулчны баазын менежер Түмээ ахын ярилцлага хэвлэгдэж байгаа гэнэ. Үүнд Алтайн хойлог шувуу болон байгаль хамгааллын талаар хийгдэж байгаа ажлынх нь тухай гарах гэнэ. Та бүхэн энэ сэтгүүлийг үзэж сонирхож байгаарай, Монгол орны шувууд болон байгальтай холбоотой сүүлийн үеийн шинэ шинэ мэдээллүүдээр дүүрэн байдаг юм байна лээ. Мөн байгаль орчинтой холбоотой танин мэдэхүйн болон өөрсдийн хийж буй ажилуудаа бусдад хүргэхийг хүсвэл энэ сэтгүүлийн редакцид хандаж болно гэсэн шүү. Холбоо барихыг хүсвэл: Оюундарь- 99082993, и-майл: ojuhai@yahoo.com;

Monday, December 15, 2008

Хотын шувуудын ирээдvй бvрхэг болсоор..

Монголын шувуу ажиглагчдын клуб байгуулагдснаас хойш 1 жил гаруй болж байна. Бид энэ хугацаанд чамгүй хэдэн аялалуудыг зохион байгуулж хот орчмын болон хотоос зайдуу гарч аялцгаав. Хамгийн сүүлд бид Хотын шувуудыг ажиглахаар аялсан. Ер нь бид хотын шувуудаа харахаар ердөө л 3-4 газар руу л очдог. Учир нь манай хотод эрүүл үлдсэн цэцэрлэг байхгүй гэж хэлж болно. Шувууд байж болох цэцэрлэг гэвэл Засгийн газрын ордны арын мод мөн МУИС-ийн Экологийн Боловсролын төвийн хашаа түүнчлэн зарим нэг Элчингүүдийн хашаан дахь модтой хэсгүүд юм. Гэвч Элчингүүдийн хашаан дахь шувуудыг ойртож харна гэдэг боломжгүй зүйл. Гэтэл шувуу ажигладаг 2 цэцэрлэг маань газрын маргаантай байгаа гэсэн. Экологийн Боловсролын төвийн газрыг өөр байгууллага авах гээд хөөцөлдөж байна. Харин Засгийн газрын арын модтой хэсгийг нурааж бас нэг байгууламж барина гэв. Тийм ч утгаараа биднийг сүүлд очиход ордны арын хашаан дахь нэлээд хэсэг модыг огтлон сийрэгжүүлсэн байв. Өнгөрсөн өвөл бид энэ цэцэрлэгт 5-6 зүйл өвөлжиж буй жижиг шувуудыг харсан. Тэдгээрээс Энхэт бялзуухай (Bombycilla garrulus) хамгийн олон тоотой байсан. Гэтэл бид энэ удаа тус цэцэрлэгт ердөө долоог харав. Үүнээс өөр олон зүйл шувууд устаж алга болж байгаа гэдэгтэй олон хүн санал нэгдэнэ гэдэгт бид итгэж байна. Ордны цэцэрлэгээс гараад Зайсангийн гүүр чиглэн явахдаа ч бид дахин энэ зүйл шувууг харсангүй. Энэ бялзуухай бусад зүйлээсээ харьцангүй оройтож хот руу орж ирдэг ба цөөн тооны гоёмсог шувуудын нэг. Дашрамд хэлэхэд та бүхэн энэ шувууг харахыг хүсвэл Засгийн газрын ордны арын модонд очоорой. Харамсалтай нь хотод одоогоор орж ирээд байгаа шувуудын маань өнгө зүс гэж ойд байсан тэр үеийнхтэй нь харьцуулахад тун өрөвдөлтөй. Та бүхэн байнга тааралддаг Оронгийн бор шувуу Passer domesticus буюу бидний нэрлэдгээр болжмор гэдэг шувууг сайн хараарай. Өнгө зүс нь жигтэйхэн хар бараан байгаа. Яг л нэг Шинэсний хуурамч боргоцой шиг болсон байгаа. Миний нэг таньдаг гадны шувуу судлаач тэдгээрийг хараад энэ чинь одоо юу вэ? өөр нэг зүйлийн бор шувуу юу даа гэж үнэнээсээ асууж байсан. Хүмүүс бид үзэсгэлэнт шувуудаа өдрөөс өдөрт устгасаар байна. Шувуудын амьдрах орчин болсон хотын цэцэрлэгүүдийн өнгө үзэмж, моддынх нь зүйлийн олон янз байдал дээр бид бүхэн анхааран амьдрахгүй бол тэдний ирээдүй бүрхэг байна. Хотын агаар, экологийн байдал улам бүр доройтсоор байгаа ба энэ тал дээр Хот тохьжуулах газар дорвитой ажиллахгүй бол болохгүй болоод байна. Жилээс жилд зүйлийн болон бодгалийн тоо нь цөөр ч байгаа хотын үзэсгэлэнтэй шувууд маань амьдрах орчны хомсдолд орж байгаа нь тун харамсалтай. Бид өнгөрсөн хугацаанд нэг удаа Сонгино хайрхан уул орчмын Туул голын бохирдол болон түүнд амьдрах усны шувуудын амьдрах орчны талаар бичиж байсан. Цаашид ч бид аялалаараа харсан шувууд, тэдгээрийн амьдрах орчны тухай бичих болно.
Саявтархан ойгоосоо ирсэн Шивэр энхэтбялзуухай (Bombycilla garrulus)

Хотод өвөлжиж буй Хээрийн бор шувуу (Passer montanus)

Байгаль эхийн чимэг болсон үзэсгэлэнт шувуудаа хайрлан хамгаалцгаая!!! Монголын Шувуу Ажиглагчдын Клуб

Хотын шувууд

Хотын шувуу ажиглалт Экологийн Боловсролын төвийн гаднах цэцэрлэгийн шувуудаас эхэллээ. Энэ төв дээр шувуу ажиглагч сурагчдын клуб байгуулагдсан ба тэдний анхны аялал нь хотын шувууд байв. Тус клубын гишүүд байгалийн ухааны чиглэлээр сурдаг болохоор хотын экологи болон шувуудын талаар ам булаалдан сонирхолтой зүйлүүдийг асууцгааж байв. Бид Экологийн Боловсролын төвийн хашаан дахь цэцэрлэгт 3 зүйл хөхбух харав. Бидний энэ удаагийн аялал маань Экологийн Боловсролын төв- Хүүхдийн хөгжим бүжгийн колледж- Засгийн газрын ордны арын цэцэрлэг- Хүүхдийн паркын арын гудамж- Их тэнгэрийн амны хойд Туул голын хэсэг гэсэн маршрутаар явж нийт 15 зүйл шувуу харцгаав. Хамгийн сонирхолтой нь бид энэ удаагийн аялалаар өмнө нь бидний аялалуудад бүртгэгдэж байгаагүй нэг зүйл шинэ шувуу харав. Энэ бол маш сайхан улаавар өнгөтэй, хар толгойтой Эгэл зана гэдэг шувуу. Туул голын жалганд байх хэсэгхэн бургасанд энэ зүйл шувуу өөр бусад 3 зүйл шувууны хамт байв. Бид Их тэнгэрийн амнаас уруудан Зайсангийн чигт автобусны буудал руу явж шувуу харав.

Засгийн газрын ордны арын цэцэрлэг "Шувуу ажиглалт"

Харсан шувуудаа номноос нарийвчлан судлах нь маш чухал


Хотод зөвхөн Хэрээ, тагтаа, болжмор, шаазгай амьдардаггүй. Бидний хажуугаар ниссэн жижиг шувуу бүр болжмор биш. Та зогс тэгээд анхааралтай тэднийг ажиглаад үзээрэй!

Бидний харсан шувууд:
Шивэр энхэтбялзуухай- Bombycilla garrulus- Bohemian Waxwing- 9+
Эгэл зана- Pyrrhula pyrrhula- Northern Bullfinch- 4
Дөлөн цэгцүүхэй- Acanthis flammea- Common Redpoll- 7+
Номин хөхбух- Parus cyanus- Azure Tit- 4+
Сүүлт хөхбухандай- Aegythalos caudatus- Long-tailed Tit- 6
Их хөхбух- Parus major- Great Tit- 20+
Хээрийн бор шувуу- Passer montanus- Tree Sparrow- 50+
Оронгийн бор шувуу- Passer domesticus- House Sparrow- 20+
Өрнийн тоншголжин- Sitta europaea asiatica- Wood Nuthutch- 2
Алаг шаазгай- Pica pica- Black billed Magpie- 20+
Хон хэрээ- Corvus corax- Common Raven- 15+
Хар хэрээ- Corvus corone- Carrion Crow- 15+
Хөхвөр тагтаа- Columba livia- Rock pigeon- 20+
Улаанхушуут жунгаа- Pyrrhocorax pyrrhocorax – Red billed Chough- 20+
Начин шонхор- Falco tinnunculus- Common Kestrel- 1
Шувуу ажиглахаар:
Монголын шувуу ажиглагчдын клуб, Экологийн Боловсролын төвийн сурагчдын шувуу ажиглагч "Соно бялзуухай" клуб болон Эрдэм төгс сургуулийн "Төгс эко" клубын гишүүд оролцов.

Monday, December 8, 2008

Шувуу ажиглагч сурагчдын Клуб байгуулагдлаа

МУИС-ийн харъяа Экологийн Боловсролын төв дээр сурагчид шувуу ажиглагчдын "Соно бялзуухай" клуб байгуулав. Клубт олон сурагчид хамрагдсан ба тэд олон сайхан ажил, аялалуудыг санаачилаад байгаа гэнэ. Клубынхан анхныхаа vйл ажиллагаагаа эхэлж хамгийн тvрvvнд Биологийн хүрээлэнгийн шувуу судлалын лабораторын эрдэм шинжилгээний ажилтан, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр ахыг урьж Клуб байгуулснаа мэдэгдэн World bird watching -ийн тухай семинар хийлгэж, өөрсдийн Клубын цаашдын vйл ажиллагааны талаар олон сайхан vнэтэй зөвлөгөө авч амжиллтай хуралдлаа.

Судлаач Б.Нямбаяр

Семинарт олон сурагчид хамрагдлаа

Шинээр байгуулагдсан Клубын гишүүдэд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

Монголын Шувуу Ажиглагчдын Клубынхан сурагчдад семинар хийлээ

Монголын Шувуу Ажиглагчдын Клубынхэн Экологи Боловсролын төвийн мэргэжилтэн Д. Түвшинжаргалын хүсэлтээр МУИС-ийн харъяа Байгаль–Эх лицей сургуулийн сурагчдад семинар хийв. Семинарын үеэр сурагчдад Клубын зорилго, чиглэл, түүнчлэн Шувуу ажиглах гэж юу вэ? Яагаад шувуу ажигладаг вэ? Шувуудын ангилалын талаар ярив. Мөн дэлхийн хэмжээнд Шувуу ажиглагчдын клубуудын үйл ажиллагааны хөгжил, практик ач холбогдлын талаар болон өөрсдийн клубын блог сайтын тухай танилцуулав. Семинарын төгсгөлд Байгаль-Эх лицейн сурагчид МШАК-ийн гишүүнээр элсэж, түүнчлэн сургууль дээрээ шувуу ажиглагчдын дугуйлан байгуулахаар боллоо.

Семинарт олон сурагчид оролцож амжилттай болов

Мөн Экологи Боловсролын Төвийн Музейг сонирхсон ба тэндээс маш олон зүйлийн сонирхолтой шувуудыг олж харав. Дашрамд хэлэхэд та бүхэн зарим зүйл болон ялангуяа өвлийн улиралд Улаанбаатар хотод өвөлждөг шувуудыг харахыг, таньж мэдэхийг хүсвэл энэ музейд хүрэлцэн очоорой.