2008 оны 02 сарын 24 нд бид Улаанбаатар хотод байдаг шувуудыг үзэж танилцахаар Экологийн боловсролын төвийн цэцэрлэг (A), Засгийн газрын ордны арын цэцэцрлэг (В), Хүүхдийн соёл амралтын үндэсний парк (С) гэсэн маршрутаар шувуу ажиглах аялал хийлээ.
Энэ удаагийн аялалд Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал шувуу судлаач Б.Нямбаяр ах оролцож клубын гишүүд залуучуудад шувуу ажиглах буюу bird watching гэж юу болох дэлхийн бусад оронд энэ хобби хэрхэн хөгжиж байна, манайд яах хэрэгтэй байна гэх мэтчилэн олон сонирхолтой зүйлсийг хэлж өглөө. Мөн шувуу ажиглагчдын анхаарч явах зүйлүүдийг бидэнд сануулж өгөв. Жишээ нь шувуу ажиглагчид нь сэтгэлийн хөдлөлдөө хэт автсанаас шувуудыг айлгах үргээх явдал гардаг тул аль болох шувууддаа сөрөг нөлөө үзүүлэхгүй байхын чухлыг дурдаж байлаа.
Энэ өдөр бид олон сонирхолтой шувуудыг үзлээ. Бид өмнө нь манай хотод ийм олон янзын шувууд байдаг гэж мэдээгүй байсан тул энэ өдрийг азтай өдөр гэж нэрлэв.
Шивэр энхэтбялзуухай
Банхар булжуухай
Дөлөн цэгцүүхэй
Үүрэн сүүлтзана
Улаангүеэ хөөндий (энэ зүйл нь нүүдлийн шувуу
боловч цөөн тоогоор өвөлжсөн бололтой)
Их хөхбух
Харамсалтай нь биднийг Төрийн ордны арын цэцэрлэгт явж байхад хамгаалалтын цэргүүд нь зураг дарж болохгүй, ордон руу дурандаж болохгүй хэмээн омогдож байсан нь бидэнд таалагдаагүйгээр барахгүй, иргэн бид яахаараа төрийнхөө ордны зургийг авч болохгүй, хотынхоо нэг сайхан цэцэрлэгээр шувуу харан чөлөөт цагаа өнгөрөөж болохгүй байна аа гэх бодол төрж байсан. Бас Нямбаяр ахын хэлж байгаагаар бол Улаанбаатар хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд асар их доройтсоноос энд байдаг шувуудын тоо цөөрч, мөн шувуудын өнгө зүс хотын утаанаас болж муудаж байгаа юм байна. Үнэндээ Төрийн ордны арын цэцэрлэг бол Улаанбаатар хотод эрүүл үлдээд байгаа ганц цэцэрлэг ажээ. Дараа очиход Ордны хамгаалалтынхан энэ цэцэрлэгийн хашааг битүүмжилчихгүй л байгаасай. Энд бид Ордны арын цэцэрлэгт болон Паркад авсан фото зургуудаасаа тавилаа.
Энэ өдөр Улаанбаатар хотын цэцэрлэгт харсан шувууд:
Шивэр энхэтбялзуухай (Bombycilla garrulus) - 12
Банхар булжуухай (Coccothraustes coccothraustes) - 1
Дөлөн цэгцүүхэй (Acanthis flammea) - 6
Үүрэн сүүлтзана (Uragus sibiricus) - 8
Улаангүеэ хөөндий (Turdus ruficollis) - 4
Алаг шаазгай (Pica pica)
Хөхвөр тагтаа (Columba livia)
Хадны тагтаа (Columba rupestris)
Хон хэрээ (Corvus corax)
Хар хэрээ (Corvus corone)
Хээрийн бор шувуу (Passer montanus)
Оронгийн бор шувуу (Passer domesticus)
Их хөхбух (Parus major) - 8
Номин хөхбух (Parus cyanus) - 4
Алаг тоншуул (Dendrocopos minor) -1
Ажиглагчид- Б.Нямбаяр (ЗАСХТ), П.Ганхуяг (ЗАСХТ), А.Бүрэнзэвсэг (Улаанбаатар Эрдэм-Оюу дээд сургууль), А.Сарангэрэл (ХААИС оюутан), Батцэцэг (МУБИС магистрант), Мягмаржав (МУИС оюутан), Өгөөмөр (МУИС оюутан), Гэрэлтуяа (МУИС оюутан), Мөнхдорж (ХУИС оюутан), Том (England), Sophie (England), Lieke (Holland).