Бид 12 сарын 17 ны өдрийн өглөө 10 цаг орчимд хамгийн түрүүнд Ногоон нуур буюу 4 дүгээр цахилгаан станцын баруун талд байх цэвэршүүлэх байгууламжын орчимд шувуу ажиглалтаа эхэлсэн. Ногоон нуур бүхэлдээ уур савссан байсан тул нууранд шувууд байгаа эсэхийг харж чадахгүй байсан. Хэдий тийм боловч биднийг ойртох үед нуураас цөөн цөөн тоогоор нийт 12 хондон ангир Tadorna ferruginia баруун тийш ниссэн. Нуурын усны уур дэндүү их байсан тул бид нуурыг энэ удаа орхин Сонгины амралт руу хөдөлсөн.
Модны ёроолд унасан хөлдүү жимсээр хооллож буй улаангүеэт хөөндэй Turdus ruficolis
Сонгины амралтын орчимд ирэхэд шивэр энхэтбялзуухай Bombycilla garrulus нэлээдгүй олон байсан хэдий ч өнгөрсөн өвөл харагдаж байснаас харьцангуй цөөхөн байв. Сонгины амралтын орчим цас ихтэй байсан. Бид 10.30 мин орчимд энд ирхэд маш хүйтэн байсан. Ийм хүйтэнд аппарат ажиллахгүй гацаж, дуран амархан цанатаж байсан учир алсад байгаа зарим зүйл шувуудыг дурандахад хүндрэлдтэй байв. Гэхдээ бид жимс ихтэй модтой хэсэгт нь ирсэн байсан учир шувуудыг ойрхноос сайтар ажигласан. Бид өмнө нь энэ орчимд хөөндэйнүүдийг цөөхөн хардаг байсан ба улаангүеэт болон науманны хөөндэйнүүд ганц нэгээрээ их ховор харагддаг байсан.
Газар унасан хөлдүү жимсээр хооллож буй хөөндэйнүүд
Гэтэл энэ удаад шивэр энхэтбялзуухайгаас гадна хөөндэйнүүд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олноор байсан. Тэр тусмаа 4 зүйлийн хөөндэй (Улаангүеэт хөөндэй Turdus ruficolis, харгүеэт хөөндэй Turdus atrogularis, науманны хөөндэй Turdus naumanni, дуулгат хөөндэй Turdus pilaris) нэг дор зэрэгцэн модны дор хөлдөөд унасан жимснүүдээр хооллож байв. Өмнөх аялалын ажиглалтуудтай харьцуулахад хөхбух болон цэгцүүхэйнүүд маш цөөхөн харагдаж байв.
Модны ёроолд унасан хөлдүү жимснүүдийн харагдах байдал
Науманны хөөндэй Turdus naumanni
Бид нийт 11 цэнхэр цанцаахай Cyanopica cyanus тоолсон ба 8 болон 3 тоотойгоор тус тусдаа ажиглагдсан. Харин өнгөрсөн жил энэ орчимд бид 2 тусдаа нийт 22 цэнхэр цанцаахай тоолж байсан. Энд ажигласан өөр нэг сонирхолтой зүйл шувуу бол эм цээжмэг галсүүлт Phoenicurus erythrogaster байсан.
Эм цээжмэг галсүүлт Phoenicurus erythrogaster
Хөөндэйнүүдэд хөөгдөн ийш тийш нисэж байгаа ганц цээжмэг галсүүлт бусад зүйл шувуудаас ялгаран хялбархан танигдаж байсан. Энэ зүйл галсүүлтийг бид өмнө нь энэ орчимд харж байгаагүй тиймээс бидний хувьд энэ зүйл галсүүлт энд харсан шинэ зүйл байсан. Цээжмэг галсүүлтийг манай орны уулархаг газрууд ялангуяа Төв аймгийн Эрдэнэсант сумын урд хэсгийн болон Хөгнө хан уулын орчмоор өвөлждөг тухай мэдээ байдаг байна.
Шувуун фабрик орчмын туул голын хэсэг
Бид сонгины амралтаас хөдлөн баруун тийш шувуун фабрик явлаа. Үндсэн зорилго маань шувуун фабрик орчмын шувуудыг ажиглах, сонгины амралтын орчмын шувуудтай харьцуулах зэрэг байв. Учир нь гэвэл шувуун фабрикт хүмүүс эртнээс жижиг аж ахуй эрхлэн, тахиа гахай тэжээж, бордоо, яс зэргийг бэлдэж аж ахуйдаа ашигладаг байсан, тиймээс ч энэ орчимд зуны улиралд сэгээр хооллодог шувууд ч их цугладаг байв. Бид шувуун фабрикын айлуудын орчмоор шувуу дурандав.
Оронгийн болон хээрийн бор шувуудтай хамт байшингийн дээвэрт буй буулгат хүүрзгэнэ
Энд хуучин тахиан ферм байсан газрын орчимд нийт 12 буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta оронгийн болон хээрийн бор шувуудын хамт айлын хашаан доторх байшингийн дээврийн орчимд өвөлжиж байсан.
Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta
Бид айлын хүнээс энэ зүйл хүүрзгэнийг хэдийнээс харагдах болсонг асууж тодруулахад өнгөрсөн өвлөөс эхлэн харагдаж эхэлсэн гэв. Энэ зүйл хүүрзгэнг Монгол орны өмнөд болон зүүн бүсээр хүмүүс зуны улиралд ажигласан байдаг.
Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta
Буулгат хүүрзгэнэ Streptopelia decaocta
Гэтэл энэ зүйл хүүрзгэнийг хот орчимд ялангуяа өвөлжиж байгаа талаарх мэдээлэл манайд байдаггүй, түүнээс гадна манайд буй одоогийн статус нь нүүдлийн, өндөглөдөг зүйл гэжээ. Тиймээс бид нилээдгүй хэдэн зураг дарж чадав. Бид мөн шувуун фабрикын орчмын туул голын хэсэгт шувуу дурандсан.
Хар тогшуурга Driocopus martius
Хар тогшуурга Driocopus martius
Энэ орчимд бид ердөө 30 мин хэртээ байсан ба хар тогшуурга Driocopus martius болон хондлой цагаан тоншуур Dendrocopos leicotos нэг нэгийг мөн 6 дагуур ятуу Perdix dauurica олж харсан. Ийнхүү оройхон ч болж хотын замууд хальтаргаа иртэй байгаа болохоор бид энэ өдрийн шувууны аялалаа дуусгаж хотын зүг хөдөлсөн юм.