Нууранд өвөлжиж буй Хондон ангир (зургийг Г.Амархүү)
Энэ жил биднийг очиход нууранд буй шувуудыг олж харахад ихээхэн хэцүү болсон байлаа. Учир нь цэвэршүүлэх байгууламжаас нуур руу ирдэг усны хоолой хуучин цутгадаг байсан талбай руугаа бус нуурын хойд хэсэг рүү шууд орсон байв. Тиймээс нуур хойноосоо бүхэлдээ халуун ууранд хучигдсан байв.
Нууранд өвөлжиж буй Хондон ангир (зургийг П.Амартүвшин)
Бид нууранд нэлээд олон тооны Хондон ангир Tadorna ferruginea мөн 60 орчим тооны Зэрлэг нугас Anas platyrhynchos бүртгэв. Нуурын зүүн урд хэсэгт байх бургасанд ажиглалт хийж тэнд Үүрэн сүүлтзана Uragus sibiricus 6 ширхэг харав.
Эгэл зана (зургийг Andreas Buchheim)
Шивэр энхэтбялзуухай (зургийг П.Амартүвшин)
Бид голынхоо хойд хэсгийг дагасаар Сонгины амралтын баруун хэсэг, Туул голынхоо эрэг хавьд ирж шувуу ажиглав. Энэ орчимд мойл, үрэл, болон улаалзгана зэрэг жимсний мод олонтой хэсэг. Тиймээс энэ орчимд Шивэрэнхэт бялзуухай Bombycilla garrulus маш олон тоотой, хаа сайгүй харагдаж байв. Тоог нь барагцаалах боломжгүй байсан. Түүнчлэн Эгэл зана Pyrrula pyrrula -3, Улаавар бужмар Carpodacus roseus- 4, нэлээд олон тооны Банхар булжуухай Coccothraustes coccothraustes, Дөлөн цэгцүүхэй Acanthis flammea, Шунхан цэгцүүхэй Acanthis hornemanni, мөн цөөн хэдэн Их хөхбух Parus major, Номин хөхбух Parus cyanus, Улаангүеэт хөөндэй Turdus ruficollis зэргийг харав. Голын эрэг орчимд нэг Цагаансүүлт нөмрөгбүргэд Haliaeetus albicilla байв. Сонгины уулын орой хэсгээр Нөмрөг тас Aegypus monahus нэлээд байна. Биднийг Сонгино хайрхан уулын урд бэлээр өнгөрдөг төмөр замын ойролцоо явж байхад 300 орчим тооны жижиг шувуу нэлээд өндөрт баруун зүгийг чиглэн дуу чимээ ихтэй нисэн өнгөрөсөн боловч харамсалтай нь бид чухам ямар зүйл шувуу байсанг тодорхойлж чадаагүй.
Шунхан цэгцүүхэй (зургийг Andreas Buchheim)
Улаавар бужмар (зургийг Andreas Buchheim)
Энэ удаагийн шувууны ажиглалтанд: Түвшин, Амархүү, Абу (Andreas Buchheim), Амартүвшин, Ганхуяг нар байв.