Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс “Монгол орны түгээмэл шувуудыг таних ном”-ыг хэвлэн уншигчдын гар дээр хүргэлээ. Манай орны иргэдийг жигүүртэн амьтдыг хамгаалах үйлст өргөнөөр татан оролцуулах, тэдний шувуудын тухай мэдлэгийг дээшлүүлэх, улмаар шувуу ажиглах хоббиг хөгжүүлэхэд зориулагдсан уг номонд байгаль хамгааллын үүднээс авч үзэхэд ховор, ховордсон болон Монгол оронд хамгийн элбэг, хаа сайгүй тааралддаг нийт 160 зүйл шувууд багтсан байна.
Номны эхний хэсэгт шувууг хэрхэн ажиглаж сурах талаар дэлгэрэнгүй зөвлөлгөөг танилцуулжээ. Мөн шувуудыг олж үзэж болох үндсэн амьдрах орчнуудын танилцуулгыг фото зургийн хамт дэлгэрэнгүй бичиж, шувуудад чухал газруудын тухай товч мэдээлэлийг газрын зургийн хамтаар оруулж өгчээ.
Энэ номыг ШУА-ын Биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийн эрхлэгч, шувуу судлаач доктор Н.Цэвээнмядаг, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич, докторант Б.Нямбаяр, магистр Ц.Мөнхзул нар бичиж, Японы алдарт зураач Такаши Танигучи өөрийн уран бүтээлээрээ сэтгэл харамгүй тусалжээ.
Түүнчлэн уг зураачийн уран бүтээлүүд Зүүн Азийн олон орны шувуу таних номонд хэрэглэгддэг байна. Энэ номыг бүтээхэд BirdLife International олон улсын байгууллагын Азийн салбар, Японы зэрлэг шувууны нийгэмлэг тусалж, байгаль хамгаалах Кейданрен сан ивээн тэтгэж санхүүжүүлсэн байна.
Номыг тун удахгүй гадуур номын дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх ба үнэ нь 15000-18000 хавьцаа байх бөгөөд олсон орлогоор манай орны ховор шувуудыг судлах, олон нийтийн дунд шувуу хамгаалах сурталчилгааны ажил явуулах, мөн Монголын шувуу ажиглагчдын клубыг санхүүжүүлэх ажилд тус тус зарцуулах юм.