Friday, October 1, 2010

Шарэлэгт хөмрөг Emberiza aureola

Таны шувууны мэдээллийн санд: Yellow Breasted Bunting

Шарэлэгт хөмрөг бол гоёмсог хөмрөгүүдийн нэг юм. Энэ зүйл хөмрөг нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийн 1
дүгээр хавсралтанд орсон чухал зүйл шувуудын нэг билээ. Шарэлэгт хөмрөг нь Палеарктикт өргөн тархалттай зүйл хэдий ч сүүлийн жилүүдэд тархац болон үржлийн нутаг нь хумигдаж байгаа талаар судлаачид дурдах болжээ. Европын баруун хэсгийн зарим орон болох Беларус, Финланд болон Украйнд мөн Азийн орноос Орос, Монгол, Хятад, Япон болон Солонгос зэрэг оронд үрждэг бол намрын сүүлээр Хятадын шар мөрний орчимд бөөнөөр цугладаг байна. Харин өмнөд болон зүүн өмнөд Азийн зарим орон болох Непал, зүүн хойд Энэтхэг, Хятадын өмнөд хэсэг, Камбожи болон Мянмар зэрэг улсад өвөлждөг.

Эр шарэлэгт хөмрөг Emberiza aureola (зургийг Ганхуяг)

Зураг дээрх эр, эм хоёр хөмрөгийг 2009 оны зун 6 дугаар сард Хэрлэн голын эргийн дагуух бургасны ёроолд үүрлэсэн байхтай нь таарч азаар хэдэн зураг дарж амжсан юм. Үүрээ бургасны ёроолд өвсөөр зассан байсан ба үүрэнд 5 ангаахай байв. Эр шувуу намайг анх харах үед үүрний орчимд ямар нэгэн идэш тэжээл амандаа зуугаагүй байсан бол хэдхэн секундын дараа харахад амаараа дүүрэн хорхой зуучихсан хажууд хэдийн их ойртсон байв. Би тэр үед түүний үүрний дэргэд ойрхон байгаагаа мэдээгүй байсан.

Эр шарэлэгт хөмрөг Emberiza aureola (зургийг Ганхуяг)

Эр шувуу надаас холдолгүй эргэн тойрон ойр ойрхон нисэж буугаад сониучирхан харж байв. Тиймээс түүний үүрэнд би их ойрхон байгаа гэдгээ гадарлаж эргэн тойрныхоо бут, бургаснуудыг самнаж, эр шувууг хэсэг минут сайтар ажиглав.

Харин эм шувуу нь намайг үүр орчимд байх хугацаанд цөөн харагдсан ба магадгүй холоос ажиглаж байсан байх.

Эм шарэлэгт хөмрөг Emberiza aureola (зургийг Ганхуяг)

Гэтэл би үүрнээс ердөө 1м зайд зогсож байсан байна. Тэдний үүр бургасны ёроолд олж харахад тийм ч амаргүй хэсэгт нь байрласан байв.

Шарэлэгт хөмрөгийн үүрлэсэн амьдрах орчин, Хэрлэн гол (зургийг Ганхуяг)

Шарэлэгт хөмрөгийн дэлхийн тархалт (from Birdlife website)

Та бүхэн энэ зүйл хөмрөгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл доорх линк руу орж дэлхийн хэмжээнд энэ зүйл жижиг шувууны мэдээллийг харж болно.

http://www.birdlife.org/datazone/species/index.html?action=SpcHTMDetails.asp&sid=8954&m=0

Монголын шувуу ажиглагчдын клуб