Thursday, October 23, 2008

2008 оны 10-р сарын 19

Энэ өдөр өглөө эрт их хүйтэн байсан бид Сүхбаатарын талбай дээр 09:00 цагт уулзацгааж эхлээд морингийн даваа түүнчлэн Сонгинын амралт орчмын Туул голын дагуух модтой хэсэгт шувуу дурандав. Энэ үе бол шувуудын нүүдлийг ажиглахад дэндүү оройтсон байсан ч бид зарим нэг оройтож нүүдэг зүйлүүдийг олж харахыг хичээж байв. Харин бидний ирсэн газарт өвөлждөг болон нүүдэг зарим зүйл жижиг шувууд сансныг бодвол нэлээд харагдсан юм. Тэдний өнгө зүс маш сайхан яагаад гэвэл тэд саяхан ойгоосоо ирцгээсэн. Жишээлбэл Их хөхбух Parus major гэхэд л маш сайхан тод ногоон өнгө болон түүний шанааны цагаан өнгө зэрэг нь гайхалтай байсан. Мөн Өрнийн тоншголжин Sitta europae asiatica гэх жижигхэн хөх өнгийн шувууд болон Банхар булжуухай Coccothraustes coccothraustes тэр орчимд нэлээд элбэг харагдаж байсан. Бид энэ газар өмнө нь нэлээд хэдэн удаа ирж байсан бидний шувуу харах дуртай газруудын маань нэг. Сүүлд энэ газар бид өнгөрсөн 9-р сарын дундуур ирж байсан тэр үе ч нүүдлийн шувуудыг харахад ёстой сайхан байсан. Бид тэгэхэд олон махчин шувуудыг харсан ялангуяа Сохор элээ, харин энэ удаад бид нэг ч Элээ харсангүй тэд бүгд буцсан байна. Махчин шувуудаас Нөмрөг тас, Начин шонхор зэргийг л харсан. Бидний дараагийн газар бол Өмхий нуур гэж нэрлэгддэг 4-р станцын баруун талд байх цэвэршүүлэх байгууламжын нуур энэ газрыг дахин нэг харах хэрэгтэй байна гэж Брайн, Гончиг хоёр санал тавьсан учир бид тийшээ явцгаасан юм. Энд Хөх дэглий Ardea cinerea болон зарим зүйд нугаснууд цөөнгүй байсан.

Харсан шувууд:

Их хөхбух Parus major

Өрнийн тоншголжин Sitta europae asiatica

Эвэрт болжимор Eremomphila alpestris

Шивэр энхтбялзуухай Bombycilla garrulus

Банхар булжуухай Coccothraustes coccothraustes

Науманы хөөндэй Turdus naumanni

Усны шийхнүүхэй Antus spinoletta

Бага алаг тоншуул Dendrocopus minor

Их алаг тоншуул Dendrocopus major

Асрын алтанхараацай Hirunda rustica

Гэзэгт шумбуур Aythya fuligula

Алаг шунгаач Bucephala clangula

Хумхин нугас Mergus merganser

Халбага нугас Anas clypeata

Зээрд нугас Anas penelope

Мөнгөлөг цахлай Larus argentatus (mongolus)

Larus sp

Хондон ангир Tadorna ferruginea

Энэ удаад шувуу харахаар Брайн, Гончиг, Амартүвшин, Ганхуяг нар явсан. Дашрамд танилцуулахад Брайн бол Аялал жуулчлалын компанид зөвлөх хийдэг ба манай клубын хуучин гишүүдийн нэг. Харин Гончиг бол Америкаас ирсэн лам тэрээр Монголд ирээд 4 жил болж байна. Тэрээр манай улсад буддын шашны чиглэлээрээ ажилладаг ба чөлөөт цаг, амралтаараа шувуу харахаар аялах сонирхолтой.

Wednesday, October 15, 2008

Хээрийн зарим зvйл шувууд сvрэглээд эхэлсэн байлаа…

Бид Төв аймгийн Баян суманд ажилаар очоод байсан. Хээрээр явж байхад тэнд таарах Монгол болжмор Melanacoripha mongolica, Эвэрт болжмор Eremophila alpestris, Давид бужирга Prigilauda davidiana зэрэг жижиг шувууд маш олон тоогоор том сүргийг үүсгэсэн байлаа. Монгол болжмор давамгайлсан сүрэг дотор Эвэрт болжмор болон Давид бужирга хүртэл холилдон нисэж байв. Ялангуяа дэрс ихтэй газраар Монгол болжмор ихээр таарсан. Мөн энд жижиг шувуудын том сүргүүдээс илүү олон тоотойгоор сүрэглэн байсан шувуу бол Монгол ногтруу Syrrhaptes paradoxus. Энэ зүйл шувуу Европ тивд ховордож байгаа юм билээ. Нутгийн хүмүүс энэ шувууг жил бүр өвөлждөг гэж ярьж байсан. Биднийг тэнд 14 хоногийн турш байхад өглөө бүр 8-10 цаг харин орой 17 цагаас 19 цагийн хооронд янз бүрийн тоотойгоор сүрэглэсэн ногтрууны сүргүүд усруугаа ирцгээж байв. Бидний очсон газар Төв аймгийн Баян сумын Цант гэдэг газар. Энэ газрын орчим бол Дэрс, Харгана зонхилсон мөн жижиг нуур олонтой чийгтэй газар юм. Тэд шөнөдөө Харгана зонхилсон хээрт газарыг 2-3 см орчим хонхойлж өөр хоорондоо 1-3 метрийн зайд хоноглодог юм билээ. Тэдний хоноглосон газартай бид өглөө бүр таардаг байсан ба тэдний хонхойлсон жижиг хонхорт Хөхвөр тагтааны Columba rupestris сангастай төстэй цөөхөн тооны сангаснууд байсан. Бид тэнд цайвар зүсмийн 3 Балч гоорбис Pernis ptilorhynchus, 1 Бахим бүргэдэй Hieraaetus pennatus, 5 Эгэл сар Buteo buteo, 1 залуу Намгийн сахиа Circus spilonotus, 5 хээрийн бүргэд Aquila nipalensis, 6 нөмрөг тас Aegypius monachus, 1 залуу Цармын бүргэд Aquila chrysaetos болон 4 Идлэг шонхор Falco cherrug, Шилийн сар Buteo hemilasius, Начин шонхор Falco tinnunculus зэрэг махчин шувуудыг харсан. Мөн Цантын булгийн ойролцоо Өвөгт тогирууны Anthropoides virgo нийт 120 орчим бодгальтай 2 том сүрэг болон Дагуур галсүүлт Phoenicurus auroreus, Өрнийн тоншголжон Sitta europae asiatica зэрэг шувууд нүүж байсан.
Монгол ногтруу Syrrhaptes paradoxus

Өрнийн тоншголжон Sitta europae asiatica


Дагуур галсүүлт Phoenicurus auroreus