Wednesday, October 15, 2008

Хээрийн зарим зvйл шувууд сvрэглээд эхэлсэн байлаа…

Бид Төв аймгийн Баян суманд ажилаар очоод байсан. Хээрээр явж байхад тэнд таарах Монгол болжмор Melanacoripha mongolica, Эвэрт болжмор Eremophila alpestris, Давид бужирга Prigilauda davidiana зэрэг жижиг шувууд маш олон тоогоор том сүргийг үүсгэсэн байлаа. Монгол болжмор давамгайлсан сүрэг дотор Эвэрт болжмор болон Давид бужирга хүртэл холилдон нисэж байв. Ялангуяа дэрс ихтэй газраар Монгол болжмор ихээр таарсан. Мөн энд жижиг шувуудын том сүргүүдээс илүү олон тоотойгоор сүрэглэн байсан шувуу бол Монгол ногтруу Syrrhaptes paradoxus. Энэ зүйл шувуу Европ тивд ховордож байгаа юм билээ. Нутгийн хүмүүс энэ шувууг жил бүр өвөлждөг гэж ярьж байсан. Биднийг тэнд 14 хоногийн турш байхад өглөө бүр 8-10 цаг харин орой 17 цагаас 19 цагийн хооронд янз бүрийн тоотойгоор сүрэглэсэн ногтрууны сүргүүд усруугаа ирцгээж байв. Бидний очсон газар Төв аймгийн Баян сумын Цант гэдэг газар. Энэ газрын орчим бол Дэрс, Харгана зонхилсон мөн жижиг нуур олонтой чийгтэй газар юм. Тэд шөнөдөө Харгана зонхилсон хээрт газарыг 2-3 см орчим хонхойлж өөр хоорондоо 1-3 метрийн зайд хоноглодог юм билээ. Тэдний хоноглосон газартай бид өглөө бүр таардаг байсан ба тэдний хонхойлсон жижиг хонхорт Хөхвөр тагтааны Columba rupestris сангастай төстэй цөөхөн тооны сангаснууд байсан. Бид тэнд цайвар зүсмийн 3 Балч гоорбис Pernis ptilorhynchus, 1 Бахим бүргэдэй Hieraaetus pennatus, 5 Эгэл сар Buteo buteo, 1 залуу Намгийн сахиа Circus spilonotus, 5 хээрийн бүргэд Aquila nipalensis, 6 нөмрөг тас Aegypius monachus, 1 залуу Цармын бүргэд Aquila chrysaetos болон 4 Идлэг шонхор Falco cherrug, Шилийн сар Buteo hemilasius, Начин шонхор Falco tinnunculus зэрэг махчин шувуудыг харсан. Мөн Цантын булгийн ойролцоо Өвөгт тогирууны Anthropoides virgo нийт 120 орчим бодгальтай 2 том сүрэг болон Дагуур галсүүлт Phoenicurus auroreus, Өрнийн тоншголжон Sitta europae asiatica зэрэг шувууд нүүж байсан.
Монгол ногтруу Syrrhaptes paradoxus

Өрнийн тоншголжон Sitta europae asiatica


Дагуур галсүүлт Phoenicurus auroreus