Monday, January 17, 2011

Улаанбаатар хотын орчимд өвөлжиж буй шувууд

Сонгины амралтын ойролцоох Туул голын хэсэг (зургийг Г.Амархүү)

Бид 2011 оны анхныхаа шувуу ажиглалтыг Улаанбаатар хотын баруун хэсэгт, 4 дүгээр цахилгааны Станцын ойролцоо байх цэвэршүүлэх байгууламжын нууранд буй өвөлжиж байгаа шувуудыг ажиглахаас эхэллээ. Энэ өдөр -25 градусын хүйтэн байв. Монголын шувуу ажиглагчдын клубынхэн жил бүрийн нэгдүгээр сард энэхүү нууранд өвөлжиж буй шувууд, тэдгээриййн зүйлийг бүртгэдэг.

Нууранд өвөлжиж буй Хондон ангир (зургийг Г.Амархүү)

Энэ жил биднийг очиход нууранд буй шувуудыг олж харахад ихээхэн хэцүү болсон байлаа. Учир нь цэвэршүүлэх байгууламжаас нуур руу ирдэг усны хоолой хуучин цутгадаг байсан талбай руугаа бус нуурын хойд хэсэг рүү шууд орсон байв. Тиймээс нуур хойноосоо бүхэлдээ халуун ууранд хучигдсан байв.

Нууранд өвөлжиж буй Хондон ангир (зургийг П.Амартүвшин)

Бид нууранд нэлээд олон тооны Хондон ангир Tadorna ferruginea мөн 60 орчим тооны Зэрлэг нугас Anas platyrhynchos бүртгэв. Нуурын зүүн урд хэсэгт байх бургасанд ажиглалт хийж тэнд Үүрэн сүүлтзана Uragus sibiricus 6 ширхэг харав.

Бид нуурнаас гарсан голыг даган Сонгино хайрхан уулын зүг явцгаасан. Өмхий нуурнаас Сонгины зүгт бараг 2км орчимд байх жижиг нууранд 20 орчим Алаг шунгаач Bucephala clangula мөн 1 ширхэг Хумхин бохио Mergus merganser, 40 гаруй Хондон ангирTadorna ferruginea байв. Тэр орчимд бид 20 орчим тооны Эвэрт болжимор Eremophila alpestris харав.

Эгэл зана (зургийг Andreas Buchheim)

Шивэр энхэтбялзуухай (зургийг П.Амартүвшин)

Бид голынхоо хойд хэсгийг дагасаар Сонгины амралтын баруун хэсэг, Туул голынхоо эрэг хавьд ирж шувуу ажиглав. Энэ орчимд мойл, үрэл, болон улаалзгана зэрэг жимсний мод олонтой хэсэг. Тиймээс энэ орчимд Шивэрэнхэт бялзуухай Bombycilla garrulus маш олон тоотой, хаа сайгүй харагдаж байв. Тоог нь барагцаалах боломжгүй байсан. Түүнчлэн Эгэл зана Pyrrula pyrrula -3, Улаавар бужмар Carpodacus roseus- 4, нэлээд олон тооны Банхар булжуухай Coccothraustes coccothraustes, Дөлөн цэгцүүхэй Acanthis flammea, Шунхан цэгцүүхэй Acanthis hornemanni, мөн цөөн хэдэн Их хөхбух Parus major, Номин хөхбух Parus cyanus, Улаангүеэт хөөндэй Turdus ruficollis зэргийг харав. Голын эрэг орчимд нэг Цагаансүүлт нөмрөгбүргэд Haliaeetus albicilla байв. Сонгины уулын орой хэсгээр Нөмрөг тас Aegypus monahus нэлээд байна. Биднийг Сонгино хайрхан уулын урд бэлээр өнгөрдөг төмөр замын ойролцоо явж байхад 300 орчим тооны жижиг шувуу нэлээд өндөрт баруун зүгийг чиглэн дуу чимээ ихтэй нисэн өнгөрөсөн боловч харамсалтай нь бид чухам ямар зүйл шувуу байсанг тодорхойлж чадаагүй.

Шунхан цэгцүүхэй (зургийг Andreas Buchheim)

Улаавар бужмар (зургийг Andreas Buchheim)

Энэ удаагийн шувууны ажиглалтанд: Түвшин, Амархүү, Абу (Andreas Buchheim), Амартүвшин, Ганхуяг нар байв.

Tuesday, November 16, 2010

“Монгол орны түгээмэл шувуудыг таних ном" танилцуулга

Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс Монгол орны түгээмэл шувуудыг таних ном”-ыг хэвлэн уншигчдын гар дээр хүргэлээ. Манай орны иргэдийг жигүүртэн амьтдыг хамгаалах үйлст өргөнөөр татан оролцуулах, тэдний шувуудын тухай мэдлэгийг дээшлүүлэх, улмаар шувуу ажиглах хоббиг хөгжүүлэхэд зориулагдсан уг номонд байгаль хамгааллын үүднээс авч үзэхэд ховор, ховордсон болон Монгол оронд хамгийн элбэг, хаа сайгүй тааралддаг нийт 160 зүйл шувууд багтсан байна.

Номны эхний хэсэгт шувууг хэрхэн ажиглаж сурах талаар дэлгэрэнгүй зөвлөлгөөг танилцуулжээ. Мөн шувуудыг олж үзэж болох үндсэн амьдрах орчнуудын танилцуулгыг фото зургийн хамт дэлгэрэнгүй бичиж, шувуудад чухал газруудын тухай товч мэдээлэлийг газрын зургийн хамтаар оруулж өгчээ.

Энэ номыг ШУА-ын Биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийн эрхлэгч, шувуу судлаач доктор Н.Цэвээнмядаг, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич, докторант Б.Нямбаяр, магистр Ц.Мөнхзул нар бичиж, Японы алдарт зураач Такаши Танигучи өөрийн уран бүтээлээрээ сэтгэл харамгүй тусалжээ.

Түүнчлэн уг зураачийн уран бүтээлүүд Зүүн Азийн олон орны шувуу таних номонд хэрэглэгддэг байна. Энэ номыг бүтээхэд BirdLife International олон улсын байгууллагын Азийн салбар, Японы зэрлэг шувууны нийгэмлэг тусалж, байгаль хамгаалах Кейданрен сан ивээн тэтгэж санхүүжүүлсэн байна.

Номыг тун удахгүй гадуур номын дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх ба үнэ нь 15000-18000 хавьцаа байх бөгөөд олсон орлогоор манай орны ховор шувуудыг судлах, олон нийтийн дунд шувуу хамгаалах сурталчилгааны ажил явуулах, мөн Монголын шувуу ажиглагчдын клубыг санхүүжүүлэх ажилд тус тус зарцуулах юм.

Monday, November 1, 2010

Сурагчдад шувуу ажиглах тухай семинар хийв

Монголын шувуу ажиглагчдын клубын хамт олон Улаанбаатар хотын "Эрдэм төгс" дунд сургуулийн ахлах ангийн сурагчидад "Шувуу ажиглах гэж юу вэ?" сэдвээр семинар хийж, шувуудын талаар сонирхолтой зүйлсийг ярилцав. Хүүхдүүд маань семинарт маш идэвхитэй оролцсон. Бид энэхүү сургууль дээр цаашид олон сэдвээр семинар зохион байгуулж, түүнчлэн хотын болон хот орчмын шувуудаа ажиглах аялалд явцгааж, сургуулийнхаа захиргаатай хамтран сурагчдын байгаль хамгаалах болон шувуудын мэдлэгийг нь хөгжүүлэх тал дээр ажиллахаар боллоо.

Шувуудын тухай семинарт сурагчид идэвхитэй оролцов

Бидний энэ удаагийн семинар маань "Шувуу ажиглах гэж юу вэ?" гэсэн ерөнхий сэдвийн дор хийгдсэн ба үүн дотроо шувуудыг хэрхэн ангилж ялгах, тоолох, шувуудын нас, хүйсийн тухай гэх зэрэг олон дэд сэдвүүд байсан юм.
Бид семинар хийсэн өдрийнхөө маргааш өглөө нь буюу бямба гарагт Зайсангийн гүүрний ойролцоох Туулын бургасанд буй шувуудыг ажиглаж, дурандахаар шийдсэнээр бидний энэ удаагийн ээлжит семинар өндөрлөсөн юм.
Бид товлосон ёсоороо бямба гарагийнхаа өглөө 9:00 цагт сургуулийнхаа гадаа талбайд цуглацгааж Зайсангийн автобусанд сууцгаан хөдлөв. Ийнхүү бид Зайсангийн гүүрний ойролцоох Туул голын хөндийд ирэв. Шувуудаа ажиглахаасаа өмнө хүүхэд бүр шувуу ажиглахаар явахын өмнө юуг сайтар мэдэж байх ёстой тухай ярилцав.

Сурагчидтай хоёр нүдний дуран болон телескоптой хэрхэн
зөв ажиллах талаар ярилцаж буй нь

Тиймээс бид аялалынхаа өмнө эхлээд хүүхэд бүр хоёр нүдний дуран болон телескоптой хэрхэн зөв ажиллах, сууж болон нисэж буй шувуудыг хэрхэн олж харах зэрэг дурантайгаа ажиллаж сурах талаар бяцхан дадлага хийсэн. Мөн аялалын явцад шувуудаа олж харахын тулд хүүхэд бүр чимээ багатай байх мөн шувуу олж харсан тохиолдолд шувуу тодорхолох номоо хэрхэн ашиглах вэ зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг хэлэлцэв.
Бид Зайсангийн гүүрнээс зүүн зүйгт ойролцоогоор 2 км орчим аялаж, аялалын өмнө ярилцсан зүйлсээ баталгаажуулж байв.

Хөвгүүд хон хэрээ, хар хэрээ хоёрыг ялгах гэж сайтар дурандаж байгаа нь

Бид нийтдээ 12 зүйлийн шувуудыг ажиглаж, бүртгэв. Үүнд:
Улаангүеэт хөөндэй-1,
Их хөхбух- 46,
Номин хөхбух-24,
Хумхин бохио -1,
Хөхвөр тагтаа-,
Оронгийн боршувуу
Хээрийн боршувуу
Начин шонхор-1,
Хон хэрээ-15,
Хар хэрээ-6,
Улаан хушуут-2,
Алаг шаазгай-14, зэргийг дурандав.

Дээрх таарсан шувууд бол бидний эргэн тойронд байнга байдаг түгээмэл шувууд юм. Шинээр шувуу ажиглаж байгаа сонирхогчдын хувьд элбэг таардаг түгээмэл шувуудаа сайтар ажиглаж, дараа дахин таархад алдаагүй сайтар таньдаг болох нь юу юунаас илүү чухал зүйл юм. Ингэснээр бид өөрсдийнхөө дэргэдүүр өнгөрөх нүүдлийн эсвэл ховор зүйл шувуудыг дээрх шувуудаас хялбархан ялгаж, таних чадвартай болж эхэлдэг.

Энэ удаагийн шувуудын тухай семинар болон аялалд:
Мөнхзаяа багштай шилжилтийн 8-р ангийн сурагчид оролцов.
Даланбаяр, Данзанпунцаг, Дөлгөөн, Дэмүүн, Жигжидсүрэн, Мөнхтөмөр, Саранцогт, Содгэрэл

Биднйи семинарыг дэмжин сурагчидтай ажиллах цаг гарган өгсөн "Эрдэм төгс" дунд сургуулийн захиргаанд талархсанаа илэрхийлье.

Монголын шувуу ажиглагчдын клуб

Friday, October 1, 2010

Шарэлэгт хөмрөг Emberiza aureola

Таны шувууны мэдээллийн санд: Yellow Breasted Bunting

Шарэлэгт хөмрөг бол гоёмсог хөмрөгүүдийн нэг юм. Энэ зүйл хөмрөг нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцийн 1
дүгээр хавсралтанд орсон чухал зүйл шувуудын нэг билээ. Шарэлэгт хөмрөг нь Палеарктикт өргөн тархалттай зүйл хэдий ч сүүлийн жилүүдэд тархац болон үржлийн нутаг нь хумигдаж байгаа талаар судлаачид дурдах болжээ. Европын баруун хэсгийн зарим орон болох Беларус, Финланд болон Украйнд мөн Азийн орноос Орос, Монгол, Хятад, Япон болон Солонгос зэрэг оронд үрждэг бол намрын сүүлээр Хятадын шар мөрний орчимд бөөнөөр цугладаг байна. Харин өмнөд болон зүүн өмнөд Азийн зарим орон болох Непал, зүүн хойд Энэтхэг, Хятадын өмнөд хэсэг, Камбожи болон Мянмар зэрэг улсад өвөлждөг.

Эр шарэлэгт хөмрөг Emberiza aureola (зургийг Ганхуяг)

Зураг дээрх эр, эм хоёр хөмрөгийг 2009 оны зун 6 дугаар сард Хэрлэн голын эргийн дагуух бургасны ёроолд үүрлэсэн байхтай нь таарч азаар хэдэн зураг дарж амжсан юм. Үүрээ бургасны ёроолд өвсөөр зассан байсан ба үүрэнд 5 ангаахай байв. Эр шувуу намайг анх харах үед үүрний орчимд ямар нэгэн идэш тэжээл амандаа зуугаагүй байсан бол хэдхэн секундын дараа харахад амаараа дүүрэн хорхой зуучихсан хажууд хэдийн их ойртсон байв. Би тэр үед түүний үүрний дэргэд ойрхон байгаагаа мэдээгүй байсан.

Эр шарэлэгт хөмрөг Emberiza aureola (зургийг Ганхуяг)

Эр шувуу надаас холдолгүй эргэн тойрон ойр ойрхон нисэж буугаад сониучирхан харж байв. Тиймээс түүний үүрэнд би их ойрхон байгаа гэдгээ гадарлаж эргэн тойрныхоо бут, бургаснуудыг самнаж, эр шувууг хэсэг минут сайтар ажиглав.

Харин эм шувуу нь намайг үүр орчимд байх хугацаанд цөөн харагдсан ба магадгүй холоос ажиглаж байсан байх.

Эм шарэлэгт хөмрөг Emberiza aureola (зургийг Ганхуяг)

Гэтэл би үүрнээс ердөө 1м зайд зогсож байсан байна. Тэдний үүр бургасны ёроолд олж харахад тийм ч амаргүй хэсэгт нь байрласан байв.

Шарэлэгт хөмрөгийн үүрлэсэн амьдрах орчин, Хэрлэн гол (зургийг Ганхуяг)

Шарэлэгт хөмрөгийн дэлхийн тархалт (from Birdlife website)

Та бүхэн энэ зүйл хөмрөгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэхийг хүсвэл доорх линк руу орж дэлхийн хэмжээнд энэ зүйл жижиг шувууны мэдээллийг харж болно.

http://www.birdlife.org/datazone/species/index.html?action=SpcHTMDetails.asp&sid=8954&m=0

Монголын шувуу ажиглагчдын клуб

Tuesday, September 21, 2010

Merlin Falco columbarius

Merlin Falco columbarius (Хайргууна шонхор):

07.06.2010: (coordination: E 48.17004 N 108.64007)

Merlin was breeding on Carrion crow's Corvus corone nest which was on the tree near to the Kherlen river in Mungunmorit soum in Tuv aimag (province) in June, 2010. The female was perching on the old branch in about 150m from the nest. That time, the male was incubating on the nest and we also checked the nest and there were 4 eggs.

Female Merlin is perching on old branch (photo by Amarkhuu)

Second Merlin pair was nested on another tree about 3km from the first nest point (coordination E 48.09814 N 106.63361)

When we came there female was attacking to Black kites close to the nest and male was incubating in the nest. They were nested in magpie's nest. But we did not the check the nest because it was already getting cold. We did not want to disturb the falcon when they incubating in the cold weather condition.

Male Merlin is perching on the branch (photo by Gankhuyag)

This falcon is already breeding in Mongolia but we do not have enough evidences on breeding record for this falcon in Mongolia and this was good record for us.

Monday, September 20, 2010

Шувууны фото зургийн уралдааны мэдээ

Сайн байна уу шувуу ажиглагчидаа,

Бид та бүхэнд М
онголын жигүүртэн шувуудын гэрэл зургийн уралдааны явцын талаар товч мэдээлэл хүргэхийг хүслээ. Юуны өмнө манай уралдаанд олон сайхан зураг ирээд байгааг хэлэхэд таатай байна. Та бүхнийг уг уралдаанд зориулсан вебсайтруу орж зураг бүхнийг тухтай үзэхийг урьж байна.

Манай зургийн уралдаанд одоогийн байдлаар нийт 20 гаруй хүмүүс нийт 54 зүйлийн 75 зураг ирүүлээд байна. Зураг ирүүлсэн хүмүүсийн дотор гадаад, дотоодын шувуу ажиглагчид, шувуу судлаачид, Монгол аялахаар ирсэн жуулчид, оюутан гээд олон төрлийн хүмүүс байна.

Бид уралдааны вебсайтыг долоо хоног бүр шинэчилж байгаа бөгөөд удахгүй шалгаруулана. Бид шилдэг зургийг 10 сарын сүүлээр шалгаруулах бөгөөд 11 сарын эхээр нийтэд зарлах болно.

Та бү
хэнд дахин сануулахад энэхүү уралдаан нь НҮБ-ээс 2010 оныг Биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын жил болгосонтой уялдуудан Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтадыг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих зорилгоор зохион байгуулагдаж байна.


Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шилдэг зургыг шалгаруулж тэргүүн байрны шагнал, гэрчилгээ олгох болно. Тэргүүн байранд орсон оролцогсодод гэрчилгээ, шувуу судлаач Марк Бразилын бичсэн “Зүүн Азийн шувууд”, мөн манай судлаачдын бичсэн “Монгол дахь шувуудад чухал нутгууд” номыг бэлэглэх ба мөн удаах байранд орсон хоёр бүтээлийг шалгаруулж тусгай шагнал, “Монгол дахь шувуудад чухал нутгууд” номыг бэлэглэх болно.

Та бүхэн уралдааны ветсайтруу орж оролцогсодын ирүүлсэн олон сайхан шувуудын зурагтай танилцана уу. http://www.wscc.org.mn/photo_contest/index.html

Та бүхнийг өргөнөөр оролцохыг дахин уриалж байна.

Хүндэтгэсэн

Зохион байгуулах комисс

Monday, September 6, 2010

Шувуу ажиглах аялалд оролцсон тэмдэглэл

Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн Э.Болормөнхийн аялалын тэмдэглэл:

Борцгор хотон Pelecanus crispus


2010.8.09 - 25
хооронд Бельги улсын 4 жуулчинтай хамт 8 аймгийн нутгийг хамарсан шувуу ажиглах аялалд оролцсон юм. Ажиглалт хийсэн гол цэгүүд маань:

1. Туулын шугуй

2. Зоргол хайрханы урд орших Харийн нуур

3. Бага газарын чулуу-Сүм хөх бүрд

4. Баянзаг

5. Зүүнсайхан уул-Ёлын ам

6. Хонгорын элс-Хонгорын гол

7. Бага Богд, Арц Богд уулын урдах хоолойн заган шугуй

8. Орог нуур

9. Бөөнцагаан нуур

10. Орхон голын хөндий-Хангайн нуруу-Улаанцутгалан

11.Өгий нуур

12. Баяннуур (Булган аймаг Дашинчилэн сум)

13. Хустайн нуруу байлаа.

Бид аялалын туршид нийт 150 орчим зүйлийн шувууд харсан. Говь гурван сайхан ууланд бид Төв Азийн хамгийн том 4-н махчин шувуу болох Aegypius monachus, Gyps fulvus, Gyps hymalayensis, Gypaetus barbatus-ыг нэгэн дор харсан юм. Баян нуур, Харийн нуур дээр эргийн шувууд маш олноороо цугласан байхтай таарсан. Ажиглалт хийсэн гол цэгүүд маань говь, хээрийн бүсэд байрласан учраас энэ амьдрах орчинд өргөн тархсөн түгээмэл зүйлүүд дээр голчлон ажиглалт хийлээ.

8-р сарын дунд үе бол Монгол орны хувьд шувуудын нүүдэл эхлэж буй чухал үе тул Евроазийн хойд хэсэг, Сибирээс өмнөд, зүүн Азийг зорьж буй шувуудыг нүүдлийн үед нь ажиглах боломжтой байсан юм. Мөн энэ үед шувуудын нүүдлийн өмнөх цугларалт, бөөгнөрөлтийн үе давхцаж байлаа. Жишээ нь Баян нуур дээр бид Hirundo rustica - Асрын алтан хараацайн 20000-30000 орчим тооны асар том сүрэгтэй таарсан билээ.

Аялалын үед таарсан зарим ховор шувуудын нэрийг доор дурьдлаа:


Хэрмийн бялзуухай Tichodroma muraria

Улаан цэгцүүхэй Acanthis flavirostris - Бага газарын чулуу

Усны нөмрөг бүргэд Haliaeetus leucoryphus - Өгий нуур

Цагаансүүл нөмрөг бүргэд Haliaeetus albicilla - Өгий нуур

Хэрмийн бялзуухай Tichodroma muraria - Ёлын ам

Монгол хулан жороо Podoces hendersoni - Заган шугуй

Борцгор хотон Pelecanus crispus - Бөөн цагаан нуур

Цэн тогоруу Grus vipio - Харийн нуур

Зосонгүеэт шийхнүүхэй Anthus cervinus - Ёлын ам

Шунхан цэгцүүхэй Acanthis hornemanni - Ёлын ам

Бүлхэрээ бужмар Carpodacus pulcherrimus - Зүүн сайхан уул

Сибирийн хайруулдай Prunella montanella - Зүүн сайхан уул

Козловын хайруулдай Prunella kozlowii - Зүүн сайхан уул

Загийн боршувуу Passer ammodendri - Баян заг


Хэрмийн бялзуухай Tichodroma muraria

Та бүхэн бидний аялалын хугацаанд бүртгэсэн бусад шувуудын жагсаалтыг сонирхвол доорх хаягаар холбоо барьж болно. Та бүхэнтэй аялалынхаа сониноос хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.

Холбоо барих хаяг: e.bolormunkh@yahoo.com; 88786851;