Friday, April 9, 2010

Шувуудын нүүдлээс хоцорвоо...

Сайн байцгаана уу шувуу сонирхогчид оо?

Бид бүхэн дурангаа бэлдэн амралтын өдрүүдээрээ шувуудынхаа нүүдлийг ажиглацгаая. Энэ жил цас ихтэй болохоор дулаарах үед хаа сайгүй цас хайлан уст цэгүүд ихсэх нь ойлгомжтой юм. Энэ нь нүүдэллэн ирж буй шувуудад маань олноороо амарч буух таатай цэгүүд болох учиртай. Тиймээс бидэнд өнгөрсөн жилийн нүүдлээр харж чадаагүй шувуугаа харах сайхан боломж олдож магадгүй юм. Бүгдээрээ дурангаа аван шувуудаа ажиглацгаая.

Өмнө зүгээс шувуудын нүүдэл ойртсоор...

Бичсэн: Дорждэрэм (Оюутолгой, Ханбогд сум)

Оюу толгойд өчигдөр 18 Хошуу галуу Anser cygnoides, 6 Хар өрөвтас Ciconia nigra, 2 Ardeola bachus, 4 Цагаан дэглий Egretta alba байрлаж байлаа. Жижиг нугас болон цахлайнуудыг таньж чадсангүй. Цагаан дэглий нь Хар өрөвтасаас биеэр арай жижиг боловч өнгөний хувьд маш тод цагаан байсан.

Бичсэн: Түмэн (Өмнөговь аймаг)

Эртнээс нааш говийн 5 нуур гэж алдаршсан Улаан нуур, Таац, Бөөн цагаан нуур, Орог нуур болон Адгийн цагаан нууруудаас зөвхөн Бөөн цагаан нуур л үлдсэн боловч жил ирэх тусам түүний ус багасан хатаж байна.
Өчигдөрийн байдлаар манай аймгийн Баяндалай суманд байрлах Төхөмийн нууранд 250 орчим Гангар хун Cygnus cygnus, 100 орчим Бор галуу Anser anser ирсэн байна. Харин жижиг шувууд цөөн байна.

Tuesday, March 16, 2010

Монгол дахь Шувуудад Чухал Газрууд

БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ТҮШИЦ НУТГУУД: Монгол дахь Шувуудад Чухал Газрууд ном хэвлэгдлээд нэг жил боллоо.

Шувуудад чухал газар /ШЧГ/ гэж юу вэ? ШЧГ гэж тусгай хамгаалалттай газрууд уу? Шувуудад чухал газруудыг хэрхэн сонгодог вэ? Монголд хэдэн ШЧГ, хаана байдаг юм бэ? ШЧГ-д аялал жуулчлал хөгжүүлж болох уу? ШЧГ-ын ач холбогдол? Манай дэлхийд ховордож буй шувууд хэд байдаг юм бэ? Дэлхийд ховорож байгаа реликт цахлайг би хаана харж болох вэ? мэт асуултуудад уг лавлах хариулах болно.


2007 онд Байгаль орчны яам болон Дэлхийн банк хамтран Шувуудад чухал газруудын тухай зөвлөлгөөнийг Улаабаатар хотод зохион байгуулсан юм. Энэ зөвлөлгөөнд их дээд сургуулиуд, ШУА-ийн хүрээлэнгүүд, ДБХС, ЗАХН, ГТХАН-ийг төлөөлсөн 40 гаруй мэргэжилтнүүд оролцсон. Оролцогсод Монгол дахь ШЧГ-ын жагсаалтыг хэлэлцэн тогтсон бөгөөд номыг эцэёлэх ажил нь олон тооны байгууллага, судлаачид, хувь хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүн болсон юм.

ШЧГ-ууд нь BirdLife International байгууллагын боловсруулсан доорх шалгууруудад тэнцэж байгаа газар нутгууд ордог. Шалгууруудыг дэлгэрүүлж үзвэл:

A1. Дэлхийн хэмжээнд устах аюулд орж байгаа зүйлүүд: Тухайн нутагт дэлхийн хэмжээнд ховордсон зүйлүүд тогтмол, тоо толгойн хувьд дэлхийн эсвэл бүс нутгийн популяцид чухал нөлөөтэй байхаар тоотой байдаг эсвэл байгаа гэж үздэг газар
A2. Тархац нутаг хязгаарлагдмал зүйлүүд: Үржлийн тархац нутгийнх нь дийлэнх хэсэг Эндемик шувууны нутаг дэвсгэр (ЭШН) эсвэл Хоёрдогч нутаг дэвсгэр (ХН) болдог зүйлүүд уг нутагт тогтмол, тоо толгойн хувьд дэлхийн эсвэл бүс нутгийн популяцид чухал нөлөөтэй байхаар тоотой үзэгддэг эсвэл байгаа гэж үздэг газар
A3. Биом хязгаарлагдмал зүйлүүд: Энд популяцийн тархцын дийлэнх хэсэг эсвэл бүхлээрээ нэг биомд багтах зүйлүүд байгаа нь тогтоогдсон эсвэл байгаа гэж үздэг газар
A4. Цугларалт: Олноор цуглардаг усны шувууны зүйлийн газарзүйн популяцийн 1% болон түүнээс дээш хувь, эсвэл нэг ба хэд хэдэн зүйл шувууны 20,000-аас дээш тооны бодгаль тогтмол цуглардаг эсвэл байгаа гэж үздэг газар

Одоогоор манай улсад нийт нутаг дэвсгэрийн 5%-тай тэнцэх хэмжээний буюу 8.4 га талбайг хамарсан нийт 70 ШЧГ олж тогтоогдоод байна.

Нийт 105 хуудастай, 145 зурагтай энэхүү лавлахыг байгаль орчныг хамгаалах салбарын бүх байгууллагууд, Дэлхийн Банк, бусад олон улсын банк санхүүгийн байгууллага, корпорациуд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, дотоодын болон олон улсын байгаль орчны салбарын байгууллагууд, судлаачид, аянчин жуулчид, ард иргэдэд зориулагдав.

Дэлгэрэнгүйг www.wscc.org.mn/iba.html сайтаас үзнэ үү. Мөн хотын төвийн нромын сангуудаар зарагдаж буй тул сонирхосон хүн худалдан авах боломжтой.

Б.Нямбаяр
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв

Friday, March 5, 2010

Шувуудад хиймэл үүр хийж өгье

Урин дулаан хаврын улирал айсуй. Усны шувууд нүүдэллэн ирж асуй.

Нээрээ дулааны улирал ойртож нүүдлийн шувуудын түрүүч хаяанд ирлээ. Тун удахгүй анхны нүүдлийн шувууд үзэгдэж эхлэх тул дурангаа бэлдэж байгаарай гэж зөвлөе.

Монголчууд бидний хувьд өнгөрсөн хэдэн арван жил эдийн засагийн хувьд маш хүнд үе байлаа. Хэдийгээр одоо нийгмийн хөгжил, эдийн засгийн хувьд бүрэн сэхээгүй байгаа боловч хүмүүсийн амьдрал нэг үеээ бодвол харьцангуй дээрдэж байна. Өнгөрсөн хугацаанд бид хүрээлэн буй орчиндоо даанч дээ гэмээр их хэмжээний сүйтгэл учрууллаа. Гэхдээ хүмүүсийн сэтгэхүйд эх орныхоо байгаль орчноо хамгаалах гэсэн сэтгэл урьдын адил байсаар байгаа бөгөөд энэ нандин чанараа хараахан бүрэн алдчихаагүй байгаа нь сайн хэрэг боловч үлдсэн энэ сайхан чанараа хөгжүүлэхийн төлөө хийх зүйл их байна. Үүнтэй холбогдуулаад бид та бүхэнд суурийн газрын шувууддаа хиймэл үүр хийж өгөөч хэмээн уриалах гэсэн юм. Учир нь суурин газар амьдарч сурсан олон зүйл шувууд үүрлэх орчиноор хомс болж байгаа тул тэдэнд туслах хэрэгтэй байна.

Жил бүрийн хавар аймаг, сум, хот, дүүргийн захиргаа мод тарих компанит ажил өрнүүлж олон мянган мод тарьдаг боловч модны ургалт, бие гүйцэлт шаардлага огт хангахгүй байна. Мөн байшин барилга барих зорилгоор хуучин тарьсан мод бүхий талбайнуудыг ихээр сүйтгэдэг. Үүнээс болж хот суурин газрын ногоон цэцэрлэгийн эзлэх талбай жилээс жилд хэмжээ хумигдсаар байна. Ялангуяа шувуу үүрлэхэд шаардлагтай бие гүйцсэн эрүүл мод асар цөөн болж суурин газрын шувууд үүрлэх нь эрс багаслаа.

Шувуудад хиймэл үүр хийж өгөх ажил манайд нилээн дээр үеэс хийгдэж байсан. Жил бүрийн хавар улсын хэмжээнд арван жилийн сургуулиудын дунд шувууны үүр хийж хотын цэцэрлэг гудамж, уулын модонд аваачиж тавьдаг уламжлал саяханыг хүртэл байлаа. Энэ заншилийг сэргээх хэрэгтэй байна.


Хавар амьтдын үржил эхлэх үед өндөгөө гаргах тохиромжтой газрын эрэлд шувуу бүхэн гардаг. Энэ үед хиймэл үүр хийж өгөх нь зүйтэй. Та бүхний барьсан үүр шувуудад үр төлөө асрах, өвлийн хүйтэн шөнө, эсвэл зуны халуун нар, хүйтэн бороонд шувуудад орогнох байр болно. Хиймэл үүр хийх нь амархан бөгөөд зугаатай ажил. Та бүхнийг доор тавьсан Англи, Америкийн шувуу хамгаалах байгууллагуудын веб хуудсуудыг анхааралтай судлахыг уриалая. Эдгээр хуудсуудад шувууны үүр барих загвар, анхаарах чухал зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий.

The Royal Society for the Protection of Birds
http://www.rspb.org.uk/advice/helpingbirds/nestboxes/smallbirds/index.asp

Hawk and Owl Trust
http://www.hawkandowl.org/SculthorpeHome/Nestboxes4Sale/

The Bat Conservation Trust
http://www.bats.org.uk/publications_detail.php/285/bat_box_design_the_kent_bat_box

The Audubon Society
http://audubonmagazine.org/backyard/backyard0201.html


Манайд шувуудад хиймэл үүр хэрхэн барьж өгөх талаар Монгол хэл дээр бичигдсэн гарын авлага хомс байна. Энэ тал дээр сайн дураар хамтран ажиллах хүмүүс байвал бидэнтэй санал солилцож холбоо барина уу.

Б.Нямбаяр
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв
nyambayar@wscc.org.mn

П.Ганхуяг
Монголын шувуу ажиглагчдын клуб
mongolbirdclub@yahoo.com

Monday, February 8, 2010

Монгол улсын анхны шувуу судлаач таалал төгслөө


Академич, профессор Осорын Шагдарсүрэн
(1929-2010)

Монгол улсын гавъяат багш, академич, профессор, биологийн шинжлэх ухааны доктор Осорын Шагдарсүрэн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөр таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Академич, профессор О.Шагдарсүрэн 1929 онд Дорнод аймгийн Матад сумын нутагт малчин ард Осорын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр бага насаа эцэг эхийн хамт өнгөрөөж, 1948 онд тус сумын дунд сургуулийн 7-р ангийг төгсгөж улмаар МУИС-ийн бэлтгэл анги, хими-биологийн ангид суралцаж, 1955 онд хими-биологийн багшийн мэргэжил эзэмшин, төрөлх сургуульдаа багшаар томилогджээ.

Энэ үеэс Монгол орны амьтны аймгийг судлан шинжлэх ажлаа эхэлж, 1961-1964 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн аспирантурт суралцаж, нэрт эрдэмтэн проф. Г.П.Дементьевийн удирдлагаар “Монгол орны төв ба өмнөд нутгийн махчин шувууд, тэдгээрийн практик ач холбогдол” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалжээ. Ийнхүү манай улсын анхны шувуу судлаач эрдэмтэн болж, цаашид өөрийн судалгаагаа хөхтөн амьтад болон бэлчээрийн малын биологи, экологи, эволюцийн чиглэлээр өргөжүүлэн гүнзгийрүүлжээ.
Тэрбээр 1972 оноос Москвагийн их сургуулийн докторантурт суралцаж, 1975 онд “Монгол орны агнуурын амьтад, агнуурын аж ахуйн өнөөгийн байдал, түүний хэтийн төлөв” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг амжилттай хамгаалсан юм.

Академич, профессор О.Шагдарсүрэн 1964-1982 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэн, Биологийн хүрээлэнгийн захирлаар, 1982-1983 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар, 1983-1989 онд МУИС-ийн захирлаар ажиллаж байсан ба өнөөг хүртэл тус сургуулийн Амьтан судлалын тэнхимд багшилж байв. 1990-ээд оныг хүртэл Монгол-Зөвлөлт, Монгол-Германы хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Монголын талын удирдагч, эрдэм шинжилгээний цуврал бүтээлийн ерөнхий редактороор ажиллаж байсан ба биологийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар олон жил хариуцлагатай ажилласан юм.

Академич, профессор О.Шагдарсүрэн өөрийн судалгааны үр дүнгээр “БНМАУ-ын ховор хөхтөн амьтад”, “Хангайн нурууны хөхтөн амьтдын судалгаанд”, “Монгол орны ан амьтныг хамгаалах, үржүүлэх асуудал”, “Агнуурын амьтад ба ан хамгаалал”, “Байгалийн шалгарал ба бэлчээрийн мал аж ахуй”, “Бэлчээрийн мал аж ахуй ба онолын биологийн зарим асуудал”, “Монголын бэлчээрийн мал аж ахуй” зэрэг 20 гаруй нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэл туурвисан, Монгол орноос шинжлэх ухаанд шинээр нээгдсэн хэд хэдэн зүйлийн амьтан түүний нэрээр нэрлэгдсэн нэрт эрдэмтэн хүмүүн байлаа. Тэрээр судалгааны ажлын дүнгээ хэрэглээнд нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч, Хар-Ус нууранд заарт харх, Хомын талд цагаан зээр нутагшуулах ажлыг удирдан гүйцэтгэсэн билээ.

Академич, профессор О.Шагдарсүрэн багшлах хугацаандаа олон арван оюутан, магистрын судалгааны ажил, 20 гаруй докторын зэрэг горилсон диссертаци удирдсан нэрт сурган хүмүүжүүлэгч байв. Их, дээд сургуулийн оюутанд зориулан “Амьтан судлал” I ба II, “Бэлчээрийн мал аж ахуйн биологийн үндэс”, “Экологийн танин мэдэхүйн үндэс” зэрэг сурах бичиг зохиож, биологи, экологи, эволюци, бэлчээрийн малын биологи, мал аж ахуйн үйлдвэрлэл зэрэг чиглэлээр олон арван нийтлэл, сурталчилгааны өгүүлэл бичиж төвийн сонин сэтгүүлд хэвлүүлсэн нэртэй нийтлэлч байлаа.

Академич, профессор О.Шагдарсүрэн манай улсын шинжлэх ухаан, дээд боловсролын гол байгууллагуудын удирдлагад он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, шинжлэх ухааны чадавхийг олон улсын түвшинд хүргэх, Монгол улсад биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, авъяаслаг зохион байгуулагч, бусдыг үлгэрлэгч эрдэмтэн байлаа.

Академич, профессор О.Шагдарсүрэн нь АИХ-ын депутатаар удаа дараа сонгогдож, ЭЗХТЗ-ийн Биофизикийн төвийн Монголын бүрэн эрхт төлөөлөгч, МЭТНБХолбооны тэргүүлэгч гишүүн, Монгол-Энэтхэгийн найрамдлын нийгэмлэгийн дарга зэрэг сонгуулт ажлуудыг гүйцэтгэж байсан нийгмийн нэрт зүтгэлтэн байв. О.Шагдарсүрэн 1982 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд жинхэн гишүүн (академич)-ээр сонгогдон 1984 онд профессор цол хүртсэн ба төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлэн Монгол Улсын гавьяат багш цол олгож, Алтан Гадас одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Засгийн Газрын хүндэт өргөмжлөл, Боловсрол, Шинжлэх ухаан, Байгаль орчин, ХАА-н тэргүүний ажилтан цолоор шагнажээ.

Академич, профессор О.Шагдарсүрэнгийн хөдөлмөрч хичээнгүй, төлөв даруу, эрдэмлэг шударга зан чанар, шинжлэх ухааны гүн гүнзгий мэдлэг, сэтгэлгээний өргөн чадвар, сурган хүмүүжүүлэх авъяас билэг, үлгэр дууриалал нь хамт олон, номын садан анд нөхөд, мянга мянган шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам
Монгол Улсын Их Сургууль
Монгол Улсын Шинжлэх ухааны Академи

Friday, December 18, 2009

Шинэ жилийн мэндчилгээ

Та бүхэндээ ирж буй оноо сайхан угтахыг хүсэн ёрөөе!

Энэ клип таалагдах байх гэж найдаж байна.


BBC Learning - Breathing Places: Cute Animal Christmas Song
Uploaded by hourigan. - Explore other animal videos.

Saturday, December 12, 2009

Гэр буюу Home баримтат кино

Эрхэм гишүүдээ,

Та бүхэнд Францын баримтат киноны уран бүтээлч Яан Артус Бертрандын (Yann Arthus-Bertrand) бүтээл Гэр баримттат киног үзэхийг санал болгож байна. Энэхүү кино нь НҮБ-ын Байгаль орчны хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр хийгдсэн бөгөөд дэлхийн олон оронд үнэгүй үзүүлэгдэж байгаа кино юм. Энэ кинонд хүн төрлөхтөн түүхэн хөгжлийнхөө явцад хэрхэн болсон байгаль орчиндоо нөлөөлж ирсэнийг харуулж, байгаль орчноо хамгаалах ажилд улс орон, иргэн, байгууллага бүр нэгдэхийг уриалсан утгатай. Өөрөөр хэлбэл өөрсдийн амьдардаг гэр орноо битгий сүйтгээч ээ гэсэн утга агуулагдаж байгаа болно. Киноны баг уг киноны зураг авалтаа дэлхийн 54 оронд очиж хийсэн ба агаараас зураг авалтын үед гардаг чичиргээнийг дарагч технолои бүхий хамгийн сүүлийн үеийн камер хэрэгсэлээр урьд өмнө хэн ч авч байгаагүй гайхалтай зурагнуудийг өндөрөөс авсан байна. Зураг авалтын өнгө, ялгарал, өгүүлэмж, өрнөл нь үнэхээр гайхалтай энэ кино та бүхний сонирхолыг татна гэдэгт бид итгэлтэй байна.








Киногоо энд дарж үзнэ үү. Байгаль орчноо хамгаалах үйлсэд чинь бодол сэтгэл нэмэх болтугай.

http://www.youtube.com/watch?v=jqxENMKaeCU



Монголын Шувуу Ажиглагчдын Клуб