Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб
хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны жигүүртэн” фото зургийн
уралдаанаа зарлаж байна. Энэхүү уралдаан нь ард иргэдийг байгаль хамгаалах, түүний
дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах,
иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөгжүүлэх, дэмжих зорилгоор зарлагддаг билээ.
Энэ жилийн уралдаан 2017 оны 4 сарын 10 хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид
фото зураг, материалаа хугацаанаас өмнө info@wscc.org.mn хаягаар ирүүлнэ үү.
Зургийн
шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна.
Уралдааныг дүнг 4 дүгээр сарын 15-нд зохион байгуулагдах Дэлхийн нүүдлийн шувууны өдөрт
зориулсан нэгдсэн арга хэмжээний үеэр олон нийтэд зарлаж шагнал гардуулах болно.
Зурганд тавигдах шаардлага:
Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах
орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж болно. Харин шувууны
өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж
болно.
Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-5 бүтээлээ явуулах ёстой.
Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал
сайн. Нягтшил хэт муутай болон гар утсаар авсан зургийг оролцуулах боломжгүй. Зурганд
засвар хийхийг хориглохгүй бөгөөд тэгэхдээ эвлүүлэг хийхийг хориглоно.
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас
гадна, зурагчин өөрийн овог нэр, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх
ёстой. Зурган дээр тамга байж болохгүй. Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчийн эрх
тухайн зурагчинд хадгалагдах болно.
Уралдаанд ирж буй зургуудыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Монголын зэрлэг
амьтан судлах хамгаалах төвийн албан ёсны facebook дээр байрлуулах юм
https://www.facebook.com/pages/Wildlife-Science-and-Conservation-Center-of-
Мongolia/173406369372024.
Энэ жилийн уралдааны бай шагналыг ITZONE Mongolia, QNAP Mongolia компаниуд
болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төв ивээн тэтгэж байгаа бөгөөд шилдэг 3 зургийг
тэргүүн байр эзлүүлэхээс гадна, ховор шувуудын болон ховорхон агшины номинаци тус бүрт
нэг зургийг шалгаруулна.
Байр эзэлсэн эздэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2017 оны 4
дүгээр сарын 15-ны өдөр болох Монголын шувуу сонирхогч залуусын уулзалтын үеэр зохион
байгуулна.
Уралдаанд шалгарсан оролцогсодтой и-майлээр холбоо барих бөгөөд ЗАСХТ, МШАК-ын
facebook болон вебсайт дээр зарлах болно. Мөн шалгарсан бүтээлийг нийтийн хүртээл болгох
үүднээс дээрх вебсайт дээр байрлуулж, сурталчилах болно.
Танд амжилт хүсье!
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Монголын шувуу хамгаалах төв
Монголын шувуу ажиглагчдын клуб
Monday, March 13, 2017
Wednesday, February 24, 2016
Шувуу ажиглах өвлийн аялал - 2016
Монголын шувуу
ажиглагчдын клубын гишүүд 2016 оны өвлийн ээлжит аялалаа хийлээ. Өмнөх жилүүдийн
өвөл бид Цэвдгийн уулийг хайж тал хээр, томоохон голуудыг даган явдаг байсан.
Харин энэ жил Угалзан ууль, Хув бэгбаатар, Буслаг сүлэг зэрэг ойн уульнуудыг
харж, зургийг нь буулгахаар ярилцан Батсүмбэрийг зорилоо. Батсүмбэрийн ахмадын асрамжийн
газраас эхлэн Баян голын амыг өгсөж Шургуутын даваа, Заан тэрэлжийн эх орчимоор
шувуу ажигласан. Бидний аялал 2 сарын 15 – 18 хооронд үргэлжилсэн бөгөөд багийн
бүрэлдэхүүнд Абу, Амархүү, Батмөнх, Түвшинтөгс болон жолооч Цэрэнноров нар
байсан.
Бидний шувуу
ажигласан газруудаар цас их унаж ууландаа 40-60 см орчим цастай байсан. Баянгол
орчимын уулс 3 жилийн өмнө шатаж, ойн цэвэрлэгээ хийх нэрээр шатсан болон амьд
бараг бүх модыг хөрөөдөснөөр одоо цөөн хэдэн модод харагдах болсон байна. Харин
Шургуутын даваа орчим амьдрал шал өөр байсан. Даваан дээр гарахад хуш, шинэс,
хус ихтэй өтгөн сайхан холимог ой байв. Энэ орчим шувуудын тоо харцангуй их
байсан боловч өнөөх л самарчид, анчдын хог хаа сайгүй харагдана.
Зургийг Г.Амархүү Шургуутын даваа
Энэ өвөл
Улаанбаатар хот орчим өвөлжиж байгаа шувуудын зүйлийн баялаг болон тоо толгой
өмнөх өвлүүдтэй харьцуулахад цөөхөн байсан. Ойн шувууд түүн дотроо өвлийн
улиралд манай оронд орж ирдэг шувууд ховорхон харагдаж байсан бөгөөд голдуу
суурин шувууд ажиглагдаж байв.
Зургийг Г.Амархүү. Цагчаа Ятгашаазгай Garrulus glandarius
Зургийг Г.Амархүү. Самарч шаазгай Nucifraga caryocatactes.
Батсүмбэрээс гараад
Баянголын амаа өгсөж явах замд Үлэг харцага Accipiter gentilis хэрээ идэж байгаад, биднийг харан голын
бургас руу нисэв. Бид зургийг нь авахаар хойноос нь алхсан боловч ахин олж
харсангүй. Голоо даган ургасан бургасанд үлэг харцагаас гадна цэнхэр цанцаахай Cyanopica cyanus, Хүрэнтогойт хөхбух Parus montanus, их алаг тоншуул Dendrocopos major харагдав.
Зургийг Г.Амархүү. Хүрэнтогойт хөхбух Parus montanus
Ойд их цасан
дунд шувуу хайж алхахад маш хүндрэлтэй,
хөлөн доор юу байгаа нь мэдэгдэхгүй заримдаа хадны завсар гишгэж унаж, бүдчин
явсаар хэд хэдэн зүйл шувуу өөрсдийн бүртгэлдээ бүртгэлд шинээр нэмэж чадсан. Цагчаа ятгашаазгай Garrulus glandarius, Самарч шаазгай Nucifraga caryocatactes, Нарсны шүршүү Pinicola enucleator, Шивэр хөхбух Parus cinctus болон Гурванхумст тоншуул Picoides tridactylus зэрэг шувуудыг нэмсэн.
Зургийг С.Түвшинтөгс. Гурванхумст тоншуул Picoides tridactylus
Бид 2 хоногийг
ойд өнгөрүүлсэн боловч гол зорилго болох уулийн овгийн шувуудыг олж хараагүй
байв. Шуусын голын эх баруун өндөр ууланд Хув бэгбаатар Strix uralensis харсан нь бидний
сэтгэлийг бага ч болов сэргээж байв. Гэвч зургийг нь авч чадаагүй доох зургийг 2015 оны өвөл Гачууртад дарсан болно.
Зургийг Г.Амархүү. Хув бэгбаатар Strix uralensis. 2015 оны өвөл.
Бидний харахыг
хүсэж, зорисон бас нэг зүйл шувуу бол Буслаг сүлиг Glaucidium passerinim юм. Энэ шувуу нь уулийн овгийхон
дотроо биеэр хамгийн жижиг, зөвхөн жижиг шувуугаар хооллодог ойн жижиг шувуудын
гол ангууч юм. Жижиг биетэй учир олж харахад маш хэцүү, өдрийн цагаар барагтай
бол нисдэггүй шувуу. Харин Буслаг сүлэгийн дууг сонссон жижиг шувууд бужигнаад
л ирцгээнэ. Бид аялалын хугацаанд бүслиг сүлэг хараагүй хэдий ч хэмжээ хэлбэрийн
хувьд уг шувууных байх магдлалтай цасан дээр үлдсэн далавчны олон мөрийг олж
харсан.
Зургийг Г.Амархүү. Цасан дээрх далавчны мөр.
Уг газарт бид Буслаг сүлигийн дууг тавихад хүрэнтогойт хөх бух, өрнийн
тоншголжин, хартолгойт хөхбухнууд маш олноор цугларан энд тэндгүй аюулын дохио
өгч байв.
Зургийг Г.Амархүү. Өрнийн тоншголжин Sitta europaea.
Аялалын сүүлийн
өдөр уулнаас бууж сумын төвөөс урагш Баянголын хөндийгөөр махчин шувууд харахаар
уруудсан. Замын хажууд шонгийн модон дээр тухлан суух Хайргуун шонхор Falco columbarius, Шилийн
сар Buteo hemilasius хоёр энэ өдөр харсан махчин шувуудын эхнийх нь байлаа.
Зургийг Г.Амархүү. Хайргуун шонхор Falco columbarius.
Хөндийгөө даган
шилийн сар Buteo hemilasius цөөнгүй харагдаж байсан боловч Идлэг шонхор, Цармын бүргэд зэрэг өвлийн улиралд харагдах боломжтой махчин шувуудыг харагдсангүй.
Зургийг Г.Амархүү. Шилийн сар Buteo hemilasius.
Хөндий даган олон
чацарганы талбай байсан ба үдлэгт байх талбай хамгийн том нь бөгөөд янз бүрийн
шувууд харагддаг талаар нутгийн хүнээс сонсон, бид очлоо. Үнэхээр том ургасан олон
чацарганы модтой байсан боловч нэг ч чацаргана модон дээр үлдээгүй байв.
Зургийг Г.Амархүү. Үдлэгт байх чацарганы талбай.
Талбайд ороод
удаагүй байтал бие гүйцсэн эр Үлэг харцага Accipiter gentilis харуулын амбаар дээр цадсан бололтой
гүеэ нь томорсон, нарлан сууж харагдав. Бид зургийг нь буулгахаар түүнрүү
дөхөхөд үргэн нисэж өтгөн модон дунд орж алга болов.
Зургийг Г.Амархүү. Үлэг харцага Accipiter gentilis.
Үдлэгийн талбайд Цээжмэг галсүүлт Phoenicurus erythrogastrus , Дагуур ятуу Perdix dauurica, Улаангүеэт хөөндий Turdus ruficollis, Номин хөхбух Parus cyanus, Шарга хайруулдай
Prunella mountanella зэрэг шувуудыг жагсаалтандаа нэмсэн.
Зургийг Г.Амархүү. Цээжмэг галсүүлт Phoenicurus erythrogastrus.
Үдээс хойш тэнгэр
бүүдийж цас будран шувуу байтугай замаа олоход хэцүүхэн болсон. Ингээд бид
буцах замдаа Улаанбаатар хотын Хун
нуурийн баруун талд байх задгай усанд очиж өвөлжиж усны шувуудыг ажигласан. Энд
хумхин бохио, Зэрлэг нугас, Алаг шунгаач, Хондон ангир зэрэг усны шувууд байсан
бөгөөд жижиг шувууд харагдахгүй байсан.
Зургийг Г.Амархүү. Хондон ангир Tadorna ferruginea.
Харин сонгино хайрхан уулын орчимоор 150
гаруй Шивэр энхэтбялзуухай Bombycilla garrulus, Банхар болжуухай Coccothraustes coccothraustes зэргийг харсан.
Зургийг Г.Амархүү. Шивэр энхэтбялзуухай Bombycilla garrulus.
Үүгээр бидний
аялал өндөрлөж нийт аялалын хугцаанд 48 зүйлийн шувууд харж бүртгэсэн байв. Бид
энэ өвлийн аялалд хүсэн хүлээж байсан шувуудаа олж харж чадаагүй ч гэсэн дараа
дараагийн аялалд харна гэдэгт итгэл дүүрэн байна.Мөн Батсүмбэр орчим өөрийн харсан шувуудын талаар мэдээлэл орч байсан Г.Мөнх-Одод баярласанаа илэрхийлье!
Бидний бүртгэсэн шувууд:
№ Монгол нэр-Латин
нэр-Англи нэр-Нийт тоо
1 Шивэр хөтүү-Tetrastes
bonasia-Hazel Grouse-3
2 Дагуур Ятуу-Perdix
dauurica-Daurian Partridge-30
3 Зэрлэг нугас-Anas
platyrhynchos-Mallard-27
4 Хондон Ангир-Tadorna
ferruginea-Ruddy Shelduck-22
5 Хумхин бохио-Mergus
merganser-Common Merganser-2
6 Алаг шунгаач-Bucephala
clangula-Common Goldeneye-11
7 Нөмрөг Тас-Aegypius
monachus-Cinereous Vulture-15
8 Начин Шонхор-Falco
tinnunculus-Common Kestrel-5
9 Хайргуун Шонхор-Falco
columbarius-Merlin-2
10 Үлэг Харцага-Accipiter
gentilis-Northern Goshawk-2
11 Шилийн Сар-Buteo
hemilasius-Upland Buzzard-8
12 Хувь Ууль-Strix
uralensis-Ural Owl-1
13 Хон Хэрээ-Corvus
corax-Common Raven-55
14 Хар Хэрээ-Corvus
corone-Carrion Crow-14
15 Улаанхошуут
Жунгаа-Pyrrhocorax pyrrhocorax-Red-billed Chough-60
16 Алагтуу Хэрээ-Corvus
dauuricus-Daurian Jackdaw-3
17 Самарч Шаазгай-Nucifraga
caryocatactes-Spotted Nutcracker-40
18 Алаг шаазгай-Pica
pica-Black-billed Magpie-152
19 Цагчаа
Ятгашаазгай-Garrulus glandarius-Eurasian Jay-17
20 Цэнхэр Шаазгай-Cyanopica
cyanus-Azure-winged Magpie-5
21 Хөхвөр Тагтаа-Columbia
livia-Rock Pigeon- ~150
22 Хадны Тагтаа-Columbia
rupestris -Hill pigeon-2
23 Хар Тоншуул-Dryocopus
martius-Black Woodpecker-6
24 Хондлойцагаан
Тоншуул-Dendrocopos leucotos-White-backed Woodpecker-3
25 Их-алаг
Тоншуул-Dendrocopos major-Great Spotted Woodpecker-2
26 Бага-алаг
Тоншуул-Dendrocopos minor-Lesser Spotted Woodpecker-1
27 Гурванхумст
Тоншуул-Picoides tridactylus-Eurasian Tree-toed Woodpecker-2
28 Өрнийн
Тоншголжин-Sitta europaea-Wood Nuthatch-30
29 Улаангүеэт
Хөөндэй-Turdus ruficollis-Red-throated Thrush-1
30 Харгүеэ
хөөндий-Turdus atrocularis-Black-throuted thrush-1
31 Нарсны шүршүү-Pinicola
enucleator-Pine Grosbeak-14
32 Үүрэн сүүлтзана-Uragus
sibiricus-Long-tailed Rosefinch-2
33 Эгэл зана-Pyrrhula
pyrrhula cineracea-Baikal bullfinch-2
34 Шивэр
Энхэтбялзуухай-Bombycilla garrulus-Bohemian Waxwing-150
35 Цээжмэг
Галсүүлт-Phoenicurus erythrogastrus-White-winged Redstart-9
36 Цармын бялзуухай-Certhia
familiaris-Eurasian Treecreeper-1
37 Сибирийн
Хайруулдай-Prunella mountainlla-Siberian Accentor-1
38 Банхар
Бялзуухай-Coccothraustes coccothraustes-Hawfinch-2
39 Оронгийн
Боршувуу-Passer domesticus-House Sparrow-5
40 Хээрийн
Боршувуу-Passer montanus-Eurasian Tree Sparrow-252
41 Шооронэвэрт Болжмор-Eremophila
alpestris-Horned Lark-1
42 Номин хөхбух-Parus
cyanus-Azure Tit-7
43 Хүрэнтолгойт
хөхбух-Parus montanus-Willow Tit-124
44 Их хөхбух-Parus
major-Great Tit-12
45 Шивэр Хөхбух-Parus
cinctus-Siberian Tit-3
46 Хартолгойт
Хөхбух-Parus palustris-Marsh Tit-25
47 Өдөрч Хөхбух-Parus
ater-Coal Tit-15
48 Шархөмсөгт
хөмрөг-Emberiza cioides-Meadow Bunting-1
Tuesday, February 2, 2016
Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 4-р уулзалт амжилттай болж өнгөрлөө.
Монголын шувуу ажиглагч,
сонирхогчдын 4-р уулзалт 1 сарын 29-д Sweet кафе-д амжилттай болж өнгөрлөө. Уулзалтанд нийт 46 оролцогч ирж, 17:00 – 21:00 цагуудын
хооронд үргэлжилсэн. Уулзалтын эхэнд зохион
байгуулагчид уулзалтын гол зорилгыг танилцуулж, анх удаа оролцож буй хүмүүс “Монголын Шувуу Ажиглагчдын Клуб (МШАК)”-ын гишүүнээр бүртгүүлж,
клубын тэмдэгээ хүлээн авлаа.
Хөтөлбөр ёсоор “Зэрлэг амьтан судлах хамгаалах төв”-ийн захирал
Б.Нямбаяр шувуудын нүүдлийн тухай сонирхолтой зүйлсийг ярисан ба Хималайн
нурууг даван нүүж байгаа шувууд болон нүүдлийн замд тохиолдох аюул, бэрхшээлүүдийн
талаар сонсох нь маш сонирхолтой байсан.
Үүний дараа Шувуу ажиглагчдын клубын
гишүүн Д.Батмөнх Бүгд Найрамдах Солонгос улсад гурван сарын хугацаанд туршлага
солилцсон тухайгаа болон өөрийн бүртгэсэн шувуудын талаар, олон сайхан
зургуудаасаа сонирхуулсан бөгөөд энэ дундаа 60000 Байгалийн нугас бөөгнөрөн
нисэж буй (murmuration) бичлэг нь үнэхээр сэтгэл сэргээсэн мөч байлаа.
Жил
бүрийн уулзалтын үеэр уламжлан зохиодог хөгжөөнт тэмцээнийг МШАК-ын гишүүн, шувуу
судлаач Abu
(Andreas Buchheim) “Энэ хэн бэ?” сэдэвт тэмцээнийг удирдан
явуулсан бөгөөд тэмцээний дүрэм ёсоор нийт 25 зүйл
шувуудын зургийг оролцогчдод харуулан зүйлийн түвшинд хэн хамгийн олон шувуудыг
зөв нэрлэж бичсэн нь тэмцээний ялагч болохоор байв.
Тэмцээнд Ц.Пүрэвсүрэн нийт 19 зүйл шувууны нэрийг
зөв бичсэнээр ялагч болсон юм. Хөтөлбөрийн дараагийн
арга хэмжээ “Хүрээлэн төсөл”-ийг санаачлагч, гэрэл зурагчин У.Ганбаяр
БНХАУ-ын Поянг нууранд өвөлжиж буй тогоруу болон бусад шувуудын талаар хийсэн сонирхолтой
баримтат кино үзүүлж, хэрхэн хийгдсэн талаар бидэнд хуваалцав. Мөн шувуудын
зургийг буулгах, бичлэг хийхэд тохиолдож байсан бэрхшээлүүд болон Поянг нуурын
талаар сонирхолтой зүйлсийг ярилаа.
Хөтөлбөрийн
дараагийн илтгэлээр МШАК-ын гишүүн Ц.Пүрэвсүрэн Монгол оронд тохиолдох зарим
зүйл эргийн шувуудыг хэрхэн тодорхойлох, мөн тэдгээрийн амьдрах орчин,
үржил, зан төрхийн талаар сонирхолтой, мэдээлэлтэй сургалт хийсэн.
Дараагийн
нэг чухал, нэр хүндтэй хөтөлбөр бол 2015 оны “Монгол орны жигүүртэн
амьтад” гэрэл зургийн уралдааны эздэд шагнал гардуулах үйл ажиллагаа байв. Энэ
жилийн зургийн уралдаанд 40 оролцогчдын нийт 153 зураг ирсэн. Шилдэг зургуудыг 1 сарын 26-нд шалгаруулсан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Шувууны гэрэл зурагчин
Л.Жаргалсайхан, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны УЗ-ийн дарга Л.Ганзориг,
тус холбооны нарийн бичгийн дарга Ц.Батбаатар, шувуу судлаач Абу болон Гэрэл
зурагчин Н.Гансүх нар ажилласан.
Шагнал гардуулах ажиллагааны өмнө шүүгчдийн бүрэлдэхүүнийг
төлөөлж Л.Жаргалсайхан ах энэ жилийн зургийн
уралдааны шалгаруулалтын талаар товч мэдээллийг өгсөн ба олон
сайхан бүтээлүүд ирсэн тул шүүхэд тун хүндрэлтэй байсан тухайгаа
хэлж, сэтгэгдэлээсээ хуваалцав.
Уралдааны цомыг “Монголын Шувуулахуйн Холбоо” –ны зүгээс ивээн тэтгэн Идлэг шонхор болон Бүргэдийн баримал, мөн ‘’Жинхэнэ гишүүний эрхийн гэрчилгээ”-г "Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо"-ноос ивээн тэтгэж, байр эзэлсэн оролцогчиддоо гардууллаа.
Энэ жилийн уралдааны “Шилдэг
зураг” тэргүүн байрыг Б.Отгонбаярын нууранд хөвж буй Гэзэгт
нугасны
зураг эзэлсэн бөгөөд шагналд Цом,
Гэрчилгээ, өөрийн буулгасан Гэзэгт нугасны зураг, болон Монголын Гэрэл
Зурагчдын Нэгдсэн Холбоо (МГЗНХ)-ны ‘’Жинхэнэ
гишүүний эрхийн гэрчилгээ” зэргээр шагнуулав.
Хоёрдугаар байрыг Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн шувуу
судлаач Д.Батмөнхийн Начин шонхорын зураг эзэлжээ. Мөн Д.Батмөнхийн Өөдсөн хүүрзгэний зураг Ховор шувуу
ангилалд түрүүлж энэ жил тэрээр 2 номинацын эзэн болж, Цом, Гэрчилгээ, Өөрийн
буулгасан Өөдсөн хүүрзгэний зураг мөн Монгол орны түээмэл шувууд ном зэргээр
шагнуулав.
Гуравдугаар байрыг С.Түвшинтөгсийн Халзан түнжүүрийн зураг эзэлж, Гэрчилгээ, Өөрийн буулгасан Халзан түнжүүрийн зураг, Азийн усны
шувууд ном
зэргээр урамшууллаа.
Энэ жилийн “Ховор агшин”
номинацийн тэргүүн байрыг Б.Нямбаярын
Гурван зүйл тогорууг (Цагаан тогоруу, Цэн тогоруу, Өвөгт тогоруу) нэг
кадарт буулгасан зураг эзэлж, Гэрчилгээ,
Өөрийн буулгасан гурван зүйл тогорууны зураг, Зүүн азийн шувууд ном зэргээр
шагнуулав.
Ийнхүү 2015 оны “Монгол орны
жигүүртэн амьтад” гэрэл зургийн уралдаан олон оролцогчидтой, олон сайхан
зурагтай маш өрсөлдөөнтэй болж, 4-р
уулзалтын эхний өдрийн буюу илтгэл, чөлөөт уулзалт өндөрлөсөн.
Энэ жилийн зургийн
уралдааныг ивээн тэтгэсэн Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын
Шувуулахуйн холбоо болон тус холбооны ерөнхийлөгч Д.Отгонсайхан, Sweet кафе-ны хамт олон, мөн уралдаанд түрүүлсэн эзэд, зургаа
ирүүлсэн бүх оролцогчид, уралдааны шалгаруулалтыг шүүн явуулсан шүүгчиддээ нийт
зохион байгуулагчид, Монголын шувуу ажиглагчдынхаа
өмнөөс талархсанаа илэрхийлье!
Шувуу ажиглах аялал
Жил болгон
уулзалтын дараагийн өдөр нь шувуу ажиглах аялалтай байдаг бөгөөд энэ жилийн хувьд
1 сарын 30-нд Богд уулын Зайсангийн ам өгсөж шувуу ажигласан.
Уг аялалд
27 хүн оролцсон бөгөөд өглөө 10 цагт Чингисийн өргөө амралтын газар цуглаж
аялал эхэлсэн. Шувуу судлаач П.Ганхуяг шувуу ажиглагчиддаа зориулж шувуу ажиглах хобби, түүний байгаль хамгааллын болон шинжлэх ухааны ач холбогдлын талаар ярилаа.
Өглөөгүүр бага зэрэг жавартай байсан хэдий ч
үдийн алдад нар ээсэн дулаахан сайхан
өдөр байлаа.
Зайсангийн
ам өгсөөд удаагүй байтал хоёр зүйл солибон хошууттай нэг дор тааралдаж энд
тэндгүй жижиг шувууны дуу сонсогдож эхлэв. Модны орой хэсэгт нарлан суух Ногоовор
ногоолзой болон солибон хошуут шинэхэн гишүүдийн сонирхолыг ихээр татаж байсан. Мөн төдийлөн элбэг таараад байдаггүй Хөвчийн бялзуумар нилээн олон таарч байсан.
Зайсангийн аманд байх шувуу хооллодог цэгүүд нь Их хөхбух, Хүрэнтолгойт хөхбух,
Хартолгойт хөхбух, Өрнийн тоншголжин, Ятга шаазгай нарын очих дуртай газар
хэдийнээ болжээ. Улаанбаатар хотын ойролцоо байдаг шувуу хооллох цэгүүдын нэг нь энэ юм.
Аялаж, цэвэр агаарт алхаж яваа хүмүүс эдгээр шувуу хооллох
цэгүүдэд боорцог талхны үүрмэг, будаа зэргийг тавьсан байна.
Уулын өөд
өгсөх тусам илүү олон тооны Гацуурын солибонхошууттай таарж байсан бөгөөд солибон
хошуугаараа шинэсний боргоцойг төвөггүй задлан үрээр нь хооллож байв.
Ингээд бид
2 цагийн алдад уулнаас бууж явах замдаа 3 эр Үүрэнсүүлт зана шувуу харсанаар энэ
удаагийн шувуу ажиглах аялал өндөрлөсөн.
Энэ өдөр нийт 18 зүйлийн шувууд
харсан. Шувуу
ажиглах аялалд оролцсон МШАК-ын гишүүд болон МУБИС-ийн биологийн ангийн багш,
оюутнуудад талархсанаа илэрхийлье!
Монголын шувуу ажиглагчид, сонирхогчид бүр олон болох болтугай!
Tuesday, January 19, 2016
Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын дөрөвдүгээр уулзалт
Сайн байцгаана уу,
Монголын шувуу
ажиглагчдын клуб, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв хамтран Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын уулзалтыг 4 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтын зорилго нь Монголынхоо ард, иргэд, хүүхэд залуусыг шувуу таних хоббид татан оруулах, шувуудын талаарх мэдлэг мэдээллийг олгох,
шувуудын байгаль дахь ач холбогдлыг ойлгуулах, шувуу ажиглагч, сонирхогчдын
тоог нэмэгдүүлэх юм. Шувуудыг таньж мэдсэнээр шувуудаа хамгаалах, амьдрах орчныг хайрлах сэтгэлгээ хөгжих учиртай билээ. Иймд бид эннэхүү уулзалтыг 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирлээ. Энэ жилийн уулзалтаа 2016 оны 1 сарын 29 ны өдрийн 17 цагт Sweet кафе-д (Admon хэвлэлийн газрын хажууд) зохион байгуулахаар боллоо. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй хөтөлбөрийг доорх зараас үзнэ үү.
Мөн Монгол орны жигүүртэн фото зургийн уралдаанд ирсэн зурагуудыг доорх хаягаар орж үзэнэ үү!
https://www.facebook.com/media/set/?set=a.1038957949483524.1073741835.173406369372024&type=3
Уулзалт маань ТАХ-гүй, харин идэх, уух зүйлсээ ороцогчид өөрсдөө худалдан авна.
Монголын маань шувуу
ажиглагч, сонирхогчид маш олон болох болтугай!
Tuesday, January 5, 2016
"Монгол орны жигүүртэн" гэрэл зургийн уралдаан
Монголын зэрлэг амьтан
судлах хамгаалах төв, Монголын
шувуу ажиглагчдын клуб жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны жигүүртэн” фото зургийн уралдаанаа зургаа дахь жилдээ зарлаж байна.
Энэхүү уралдаан нь ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтад, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор зарлагддаг билээ.
Энэ жилийн уралдаан 2016
оны 1 сарын 5–ний өдөрөөс 2016 оны 1 сарын 25 –нийг хүртэл явагдах бөгөөд оролцохыг хүсэгчид фото зураг, материалаа хугацаанаас өмнө mongolbirdclub@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Зургийн шалгаруулалтыг тусгай шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж шилдэг зургуудыг шалгаруулна. Уралдааны дүнг 2016 оны 1 сарын 29-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 4 дүгээр уулзалтын үеэр олон нийтэд зарлана.
Уралдаанд ирүүлэх бүтээл нь байгаль дээр авсан зэрлэг шувууны болон тэдний амьдрах орчны тухай байх ёстой. Хашаанд, зуслангийн эдлэнд авсан зураг байж болно. Харин шувууны өндөг, ангаахайн зургийг хүлээн авахгүй. Зурган дээр хүн, мал шувуудын хамт гарсан байж болно.
Оролцогч бүр өөрийн зурагнуудаасаа шилж сонгосон 1-5 бүтээлээ явуулах ёстой. Зургийн файлын хэмжээ 10MB-аас хэтрэхгүй байна. Мөн хамгийн өндөр нягтшилаараа байвал сайн. Нягтшил хэт муутай зургийг оролцуулах боломжгүй. Зурганд засвар хийхийг хориглохгүй бөгөөд гэхдээ эвлүүлэг хийхийг хориглоно.
Уралдаанд ирүүлж байгаа бүтээл нь нэр, зураг авсан он сар өдөр, газрын нэртэй байхаас гадна, зурагчин өөрийн овог нэр, нас, мэргэжил, холбоо барих и-майл хаяг, утасны дугаараа ирүүлсэн байх ёстой. Зурган дээр
тамга байж болохгүй. Уралдаанд ирсэн фото зургуудын зохиогчын эрх бүтээлээ ирүүлсэн зурагчинд хадгалагдах болно.
Уралдаанд ирж буй
зургуудыг олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн албан ёсны facebook хуудас дээр байрлуулах юм https://www.facebook.com/Wildlife-Science-and-Conservation-Center-of-Mongolia-173406369372024/?pnref=about.overview
Шилдэг 3 зургийг нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлэхээс гадна, ховор шувуудын болон ховорхон агшины номинаци тус бүрт нэг зургийг шалгаруулна. Байр эзэлсэн эздэд шагнал гардуулах үйл ажиллагааг 2016 оны 1 сарын 29-ны өдөр болох Монголын шувуу ажиглагч, сонирхогчдын 4 дүгээр уулзалтын үеэр зохион байгуулна.
Зохион
байгуулагчид:
Монголын
зэрлэг амьтан судлах хамгаалах төв
Монголын
шувуу ажиглагчдын клуб
Subscribe to:
Posts (Atom)