Friday, January 16, 2009

Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан тэмдэглэлээс...

Шинэ оны эхээр бид Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Баянхонгорын Эрдэнэцогт сумдад орчны бүсийн хуралд оролцохоор явсан. Энэхүү хурлыг Хүн төвтэй байгаль хамгаалал ТТБ, Шинэ Зеландын байгалийн хүрээлэнгийнхэн хамтран зохион байгуулсан. Бид 1-р сарын 05 ны өглөө 09:00 цагт Дипломатчдын байранд уулзаж Улаанбаатараас 11:35 минутад хөдлөв. Оройн 22:15 цагийн үед Өвөрхангайн Бат-Өлзийт суманд ирцгээв. Ийнхүү Сумын Клубын зааланд 2 өдөр хуралдаад 08-ны өдөр Баянхонгорын Эрдэнэцогт сумруу хөдөллөө.
Улаан цутгалангийн хөлдсөн байдал
Бид замдаа Орхоны Улаан цутгалангийн наахна байх Нарийн жалгын оруулга гэдэг газар түр саатав. Энд жалгын амыг уруудан нэг бие гүйцсэн Ёл идэш эрэн нисэж байхтай тааралдсан бөгөөд 2007 онд энэ орчимд судлаачид ганц бие гүйцсэн Ёл бүртгэсэн гэж сонссон. Бид эндээс хөдлөн Улаан цутгалангийн хавьд түр зогсож зураг дарав. Өмнөх жилтэй харьцуулвал харьцангуй их устай хөлдөж гэж нутгийн хүмүүс ярьцгааж байлаа. Бид Бугатын аманд байх Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Дүгэрдоржийнд түр саатав. Энэ айлын өвөлжөөний орчимд 16 ширхэг хар хэрээ, таван алаг шаазгай, хоёр улаан хушуут савтай зүйл рүү толгойгоо шургуулчих шахам бөөгнөрцгөөж харин хээрийн бор шувууд хашаан дээр сууцгааж байв. Хааяа дээгүүр ганц хоёр хон хэрээ нисэж байв. Хээрийн бор шувуудтай зэрэгцэн хоёр их хөх бух байлаа. Энд бид дахин нэг Ёл харсан бөгөөд тэр их л яарсан бололтой баруун хойш нисэж байв. Дүгэрдорж гуайн хэлснээр эхний Ёл харагдсан газар энэ өвөлжөөнөөс найм км орчим зайтай гэнэ. Энэ шувуу бидний анх харсан шувуу мөн байх гэж ярилцлаа. Эндээс хөдөлж Бугатыг дөнгөж ороогоод өндөр хадны энгэрт нөгөө Ёл маань нэг сууж буй шувуу руу дайрах шинжтэй нисэж байна. Зогсож харвал хадны энгэрт хоёр нөмрөг тас сууж байна. Нэг нь нисэж нөгөөхийг нь сайтар ажиглавал баруун далавчин дээр нь цагаан өнгийн тэмдэг байсан боловч, харамсалтай нь нар хурц тусаж байсан тул далавчин дээр байсан тэмдэглэгээг харж чадсангүй.
Орхоны хөндий
Эрдэнэцогт орох зуураа хууль бусаар загас барьж буй 2 машин, хулгайгаар мод ачсан 4 машинтай таарлаа. Бидэнтэй хамт Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан явж байсан учир хулгайчдыг шалган, зохих арга хэмжээг авсан. Оройн 23 цаг болж байхад Эрдэнцогт суманд ирлээ. Бид энэ суманд өмнөх сумтай адил хуралаа хийцгээн амжилттай өндөрлөв. 10-ны оройдоо Баянхонгорын төв орж хонолоо. Өглөө эртлэн босоцгоож 8:35 минутад хөдлөв. Баянхонгор аймагт махчин шувууд нэлээд байдаг хэмээн сонсож байсан тул бид Баянхонгороос Өвөрхангайн Арвайхээр орох хооронд зам дагуух шувуудыг тоолно гэж тохиролцоод хөдөллөө. Ийнхүү замын хоёр хажуугийн дагуу суусан шувуудыг барагцаагаар 200-500м өргөнтэйгээр тоолсон. Бид Авайхээр хотод ирэхэд нийт 13 идлэг шонхор, 62 шилийн сар, 2 нөмрөг тас бүртгэв. Бид Өвөрхангайн Нарийн тээл сумаас урагш замын хажуугийн довцог дээр нэлээд бараан зүстэй бие гүйцсэн идлэг шонхортой таарлаа. Үнэхээр гайхалтай бараан өнгөтэй шувуу байсан. Бид сонирхогчын жижиг камертай байсан учир зураг дарж чадсангүйээ. Арвайхээр хотод өдрийн цайгаа ууцгаан 14:22 минутад хотруу хөдлөж эндээс Шартын даваа хүртэл дахин тооллогоо шинээр эхлүүлж 4 идлэг шонхор, 151 шилийн сар, 4 нөмрөг тас, 1 цармын бүргэд, 1 начин шонхор, 1 хотны бүгээхэй гээд Баянхонгороос элсэн тасархайн цаахна байх Шартын даваа хүртэл нийт 6 зүйлийн 239 махчин шувууд бүртгэлээ. Шартын даваанаас нааш ургамлын нөмрөг харьцангуй сайн харгана, дэрстэй хөндий, үетэн ургамал нэлээн сайн ургасан байсан бөгөөд эндээс Эрдэнэсант хүртэл ердөө 4 ширхэг шилийн сар тоолов. Ийнхүү нар ч жаргаж бид Улаанбаатарт оройн 21:16 минутанд ирцгээв.